| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0198/З |
| Дугаар | 128/ШШ2025/0461 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0461
2025 06 16 128/ШШ2025/0461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х*******, О.А
Маргааны төрөл: Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, У С ШТС зүүн талд байрлах нэгж талбарын 13******* дугаартай, 12 м.кв газрыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зориулалтаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон ба мөн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/5 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунган, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 00******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх №01******* дугаар гэрээ байгуулсан байна.
3.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас Э******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1851 дүгээр албан бичгээр ...газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан нөхцөл бүрдсэн байх тул танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хариу тайлбараа тус албанд ирүүлнэ үү гэх мэдэгдлийг хүргүүлсэнтэй холбогдуулан Э******* ХХК-иас А/22-29 дүгээр албан бичгээр ...2014 онд газар авах дуудлага худалдааны төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд 2014 оноос хойш жил бүрийн газар эзэмшсэний татвараа тогтмол төлж явсан. 2020 оноос дээрх эзэмшлийн газартаа Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар төлөвлөгөөт ажлаа хуваарийн дагуу хийж гүйцэтгэхээр болсон боловч дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал 2022 оны гартал үргэлжилсэнтэй холбогдуулан бид бүхий ажилд шууд нөлөөлөл үзүүлсэн бөгөөд бидний ажил дулааны улиралд хийгдэх улирлын чанартай учир ирэх он буюу 2023 оны хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн газар шорооны ажлаа эхлэх тул дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, манай компаний газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна гэж тайлбарыг хүргүүлжээ.
4.Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 06 дугаар сарын 06/995 дугаар албан бичгээр ...Тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт (Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно)-ын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу үүгээр мэдэгдье гэжээ.
5.Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэн (захирамжийн хавсралтын 4-т) Э******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг мэдээгүй, эзэмших эрхтэй газрын мэдээлэл egazar.gov.mn цахим сайтад ороогүй учраас тодруулахаар газрын албанд очтол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан гомдол гаргахад 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 07-14/303 дугаар албан бичгээр ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/403 дүгээр захирамжаар тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн... гэх хариуг өгчээ.
7.Дээрх хариу нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
8.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч "Э*******" ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/5 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, У С ШТС зүүн талд байрлах нэгж талбарын 13******* дугаартай, 12 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 00******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч мөн өдөр 01110-2020/00617 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан билээ.
Уг газраа зориулалтын дагуу эзэмшиж газар дээрээ Худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөн ажиллаж байсан боловч дэлхий нийтийг хамарсан корона вирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байж байгаад 2022 оноос уг газар дээрээ барилгын зураг хийлгэж, хөрөнгө оруулалт татаж, барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж байсан билээ.
Манай компанийн эзэмших эрхтэй газрын мэдээлэл газрын цахим мэдээллийн egazar.gov.mn цахим сайтад ороогүй байсан учир уг асуудлыг лавлахаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд очиж асуухад манай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болсон тухай хэлж, уг захирамжийн хувийг архивын хуулбар үнэн тэмдэг дарж гардуулан өгсөн билээ.
Дээрх захирамжаар миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07-14/302 тоот албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг дурдсан нь үндэслэлгүй юм.
Учир нь захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй нь хууль бус болсон бөгөөд манай компани уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж, газар дээрээ барилга барихаар холбогдох зураг төсөл, судалгаа хийх, хөрөнгө оруулалт татах, зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байхад ийнхүү шууд цуцалж байгаа хуульд нийцээгүй, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хууль зөрчсөн, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн "Э*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А/403 дугаартай захирамж гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Тус захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захирамж юм.
Нэхэмжлэгч нэгж талбарын 13******* дугаартай газар эзэмших эрхтэй болсон гэж нэхэмжлэлдээ тусгасан байгаа боловч тус нэгж талбарын дугаараар хайлт хийж үзэхэд өөр газар эзэмших эрхтэй хуулийн этгээдийн дугаар байсан буюу нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн нэрээр хайж үзэхэд нэгж талбарын 13******* дугаартай байна. Мөн нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт дурдсан нь үндэслэлгүй гэсэн боловч тус захирамжид тухайн заалтыг үндэслээгүй байгаа болно.
Э******* ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1283 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдож, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/5 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилээр сунгуулсан байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 09 сарын 02-ны өдрийн А/434 дугаартай Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай" захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/5 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах хүртэл 5 жил, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл нийт 9 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй байсан гэж Нэхэмжлэлдээ дурдсан байх боловч нэхэмжлэлд дурдсан шалтгаан нь Газрын тухай хууль тогтоомж болон Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдэгт хамаарахгүй байна. Мөн дээр дурдсанчлан анх газар эзэмших эрхтэй болсноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй ба үүнийг дэлхий нийтийг хамарсан корона вирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг дурдсан нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч тус хуулийн 60 дугаар зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж Аймгийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх болж өөрчлөгдсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж гарах тухайн үед тус зүйлийн гарчиг нь "Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх гэж байсан бөгөөд тус захирамж нь хуулийн дагуу байна.
Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааг явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1851 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд "Э*******" ХХК нь Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хариу ирүүлсэн байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлсөн гэж нэхэмжлэлдээ тусгасан боловч газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 251,895 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхийг үүрэг болгосон байна.
Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь заалтын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх", 4.6-д "Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх" заалтуудыг тус тус зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэсэн. Өөр үндэслэсэн зүйлгүй. Нэхэмжлэлд дурдчихсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслээгүй. Нэхэмжлэгч нь нэгж талбарын дугаараа нэхэмжлэлдээ буруу бичсэн, шүүх олоход хүндрэлтэй байсан учир нэрээр нь хайж олсон. Тэгээд газар эзэмшигч нь газраа анх эзэмшсэн цагаасаа эхлээд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хээрийн болон суурийн судалгаа, он оны агаар сансрын зургаас харагдаж байгаа. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Э******* ХХК нь сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн. Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас явуулаад Э******* ХХК үүнд хариулсан хариу тайлбарыг ирүүлсэн нь хавтаст хэрэгт мөн авагдсан байсан. Хариуг нь хангалттай хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзээд газар эзэмших эрхийг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь хуулийн дагуу гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.2.Нэхэмжлэгч компаний захирал Д.Н******* 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Э******* ХХК-ийн захирал Д.Н*******эс өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хурлыг товлолгүй хэлэлцүүлгийг хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны 2025/02 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Б.М*******ийг томилжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцон шүүх хуралдааныг товлуулсан боловч 06 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг түүний хүсэлтээр хойшлуулсан байна.
1.4.Улмаар тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзан өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилох, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрын зэргийн диплом гардуулах арга хэмжээтэй тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байх боловч хүсэлтийн үндэслэл болсон баримтаас үзвэл нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй байна.
1.5.Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхийг шүүхээс хангаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч оролцуулсан боловч тодорхойгүй шалтгаанаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан байх бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрын зэргийн диплом гардуулах арга хэмжээнд ямар байдлаар оролцож байгаа нь (суралцан төгсөж байгаа эсэх, сургуульд ажиллаж байгаа зохион байгуулж байгаа эсэх) баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.5, 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.
3.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
4.Тодорхойлох хэсэгт дурдсан газрын дуудлага худалдааны үнэ төлүүлэх талаарах Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06/995 дугаар албан бичиг нь маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа гарсан байх бөгөөд дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжид дээрх үндэслэлийг дурдаагүй байна.
5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан.
6.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байх бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар анх газар эзэмших эрх авсан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/5 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгажээ.
7.Нэхэмжлэгчээс 2022 онд маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан үйл баримт байхгүй байх бөгөөд үүнийгээ дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбон мөн хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй гэж тайлбарлан маргаж байна.
8.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07-14/638 дугаар албан бичиг, хээрийн болон суурин судалгаа, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1072 дугаар албан бичгээр ирүүлсэн 2014, 2017-2018, 2019 онуудын агаар сансрын зургуудаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байна.
9.Гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлүүлсэн /барилга, байгууламж, зам талбай барьсан/ байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь уг газрыг 10 жил эзэмшихдээ дээрх байдлаар гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
10.Нэхэмжлэгч газар дээрээ барилга барихаар холбогдох зураг төсөл судалгаа хийж хөрөнгө оруулалт татах зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байсан гэх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ талаарх баримтыг гаргаж өгөхөөр тайлбарласан боловч ирүүлээгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй ба гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
11.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН