Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0598

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй Нийслэлийн ******* газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Я.Б*******д холбогдох захиргааны хэргийн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газраас эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заан торгосон шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзсэн. Учир нь Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 31ийн 31.1.1-т заасан заалт нь "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгоно, 6 дугаар зүйлийн 6.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.; 7 дугаар зүйлийн 7.2-т Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ. гэж хуульчилсан байна. Монгол Улсын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаартай тогтоолын хавсралтаар Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолын хавсралтаар Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт шалгалтыг үлгэрчилсэн журмыг тус тус баталж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэхүү журамд нийцүүлэн дотоод хяналтын журмыг баталж, дотоод хяналтын төлөвлөгөө удирдамжийн дагуу тасралтгүй тогтмол хийж хэвшүүлэх талаар тусгаж зохицуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь төрийн хяналт шалгалтад хамаарах үүрэг бүхий этгээд дотоод хяналтын журмыг тогтоож мөрдүүлээгүй бол торгох шийтгэл оногдуулахаар байна. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн холбогдогчийн мэдүүлгээр 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр кето хоолны захиалга бол ирсэн. 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт авахаар захиалагчийн хоолыг хүргүүлсэн. Ингээд хоол захиалсан эмэгтэйн хоолноос өт гарлаа гэдэг гомдол дуудлага, мэдээлэл ирсэн. Дотоод хяналт шалгалтын журам байхгүй гэх мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох журмыг мөрдөөгүй, үйл ажиллагаандаа дээрх хуульд заасан эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохих дадлыг нэвтрүүлээгүй болох нь тогтоогдож байхад Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсэг заалтыг төсөөтэй хэрэглэсэн байна гэж үзсэн болно. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдох шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд нь зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцсэн байх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүхээс Нийслэлийн ******* газрын хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандарт хяналтын улсын байцаагч Я.Б*******гаас дахин шийтгэлийн хуудас гарах хүртэл шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх дүгнэлтийг бичсэн болно гэв.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Нийслэлийн ******* газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Я.Б*******д холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 06-ний өдөр ******* дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс Нийслэлийн ******* газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Я.Б*******д холбогдуулан гаргасан 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 0905*******4 дүгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.