Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01314

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01314

 

 

Д Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С-ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 926 160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрам шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д Э- ХХК нь С-ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээг байгуулж DF-100 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг 1 тонныг 2 600 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний 4.2-т зааснаар нийт бүтээгдэхүүний 30 000 000 төгрөгийн үнийн дүнд 100 хувь бартерын нөхцөлөөр илүү гарсан төлбөрийг бэлнээр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний 4.3-д бартер солилцооны үнийн дүнд гаалийн баталгаат агуулах дээр буусан Тоёота приус-30 маркийн 2 ширхэг автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 15-22-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр барагдуулахыг шаардсан боловч төлөөгүй. С-ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Гэрээний хугацаанд DF-100 маркийн 1 тонны үнэ 2 600 000 төгрөгийн 14 тонн нийт үнэ 36 400 000 төгрөг бүхий бараа бүтээгдэхүүнийг 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийлүүлж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн. Мөн гэрээний 9.2-д захиалагч тал гэрээний төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс тооцсоноор нийт 347 хоногийн алданги буюу 2 526 160 төгрөг, нийт 38 926 160 төгрөгийг С-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Дулааны цахилгаан станцын 3-ын баруун талд байрлах Дүүрэн бетон зуурмагийн үйлдвэр С-ХХК, захирал Ж.Жүгдэрням гэж бичсэн. С-ХХК Сонгинохайрхан дүүрэгт байрладаг тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсэн. Талуудын харилцаж байсан албан бичигт гүйцэтгэх захирал Ж.Жүгдэрням гэсэн байна. Ж.Жүгдэрням нь компанийн гүйцэтгэх захирал эсхүл гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн өмнөөс тайлбар гаргах эрх бүхий этгээд биш юм. Зөвхөн энэ компанийн хувьцаа эзэмшигч болохоос биш компанийг төлөөлөх эрх олгогдоогүй. Компанийн гэрчилгээнд захирлаар Б.Бат-Амгаланг томилсон түүнээс хойш өөрчлөлт ороогүй. Улсын бүртгэлийн газраас авсан компанийн дүрэмд гүйцэтгэх захирлаар Ж.Жүгдэрнямыг томилсон гэх нэмэлт бичилт байхгүй. Тус компани нь нэхэмжлэлд дурдсан барааг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Ж.Жүгдэрням нь Дүүрэн зуурмагийн үйлдвэрт хэрэглэсэн юм шиг байна. С-ХХК энэ хэргийн хариуцагч биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-ХХК-аас 38 926 160 /гучин найман сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д Э- ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ХХК-аас 352 581 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д Э- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 38 926 160 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ, хооронд харилцаж байсан албан бичигт гүйцэтгэх захирал Ж.Жүгдэрням гэсэн байх бөгөөд тэрээр компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг төлөөлж гэрээ хийх, тайлбар гаргах эрх бүхий этгээд биш юм. Компанийн гэрчилгээнд захирлаар Б.Бат-Амгаланг томилсон нь бүртгэгдсэн. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн тул уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д Э- ХХК нь хариуцагч С-ХХК-д холбогдуулан DF-100 маркийн 14 тонн бетон зуурмагийн нэмэлт бодисийн үнэ 36 400 000 төгрөг, алданги 2 526 160 төгрөг, нийт 38 926 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг хүлээж аваагүй ... гэж маргажээ.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, худалдагч Д Э- ХХК нь DF-100 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг 1 тонныг 2 600 000 төгрөгөөр нийлүүлэх буюу нийт бүтээгдхүүний 30 000 000 төгрөгийн үнийн дүнд бартер солилцоогоор бараа нийлүүлэх, худалдан авагч С-ХХК нь Гаалийн баталгаат агуулах дээр буусан, Тоёота приус-30 маркийн 2 ширхэг автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 15-наас 22-ны өдрийн дотор өгөх, бартер солилцооны бараа, эд хөрөнгө гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх боломжгүй болсон буюу тохирох бараа бүтээгдхүүн санал болгох буюу бэлэн мөнгөөр тооцоо хийхээр тохиролцсон байна. /хх-9-12/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д Э- ХХК нь хариуцагч С-ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч Д Э- ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн нийт 36 400 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг С-ХХК хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн талаар хэргийн 13 дахь талд бүтээгдхүүн борлуулалтын тайлан гэсэн бичгийн баримт авагдсан.

Нэхэмжлэгч Д Э- ХХК 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлээр хариуцагчид барааны үнэ 36 400 000 төгрөгийг төлөх талаар мэдэгдэхэд хариуцагч С-ХХК нь төлбөр барагдуулахыг зөвшөөрсөн баримт үйлдсэн болон зохигчдын тайлбарыг үндэслэн Д Э- ХХК гэрээнд заасны дагуу 36 400 000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн буюу талуудын хооронд байгуулагдсан бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ бодитоор хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар хариуцагчаас маргаагүй, үгүйсгэсэн баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч Д Э- ХХК нь хариуцагч С-ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар бетон зуурмагийн нэмэлт бодисийн үнэ 36 400 000 төгрөгийг шаардах эрхтэй. /хх-14-15/

Талууд гэрээний 9.2-т захиалагч тал гэрээний төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,02 хувьтай хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн заалттай нийцсэн гэж дүгнэнэ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сүүлийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 36 400 000 төгрөгийг хоногийн 0.02 хувиар тооцвол /36 400 000 х 0,02= 7 280 төгрөг/ 7 280 төгрөг болох бөгөөд хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн 347 хоногийн алданги 2 526 160 төгрөг болж байна. Анхан шатны шүүх хариуцагч С-ХХК-аас бетон зуурмагийн нэмэлт бодисийн үнэ 36 400 000 төгрөг, алданги 2 526 160 төгрөг, нийт 38 926 160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Э- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч С-ХХК талуудын байгуулсан гэрээ, албан бичигт бичигдсэн гүйцэтгэх захирал Ж.Жүгдэрням нь компаний хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, компаний захирлаар Б.Бат-Амгалан томилогдсон тул төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан С-ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Бат-Амгаланг захирлаар бүртгэсэн боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ж.Жүгдэрням, Б.Бат-Амгалан нар гэр бүлийн гишүүд, тус компанийн хувьцааг тавь, тавин хувиар эзэмшдэг болох нь тогтоогдож байна. Иймээс Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд хамтран эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчийг энэ хуулийн 81-д заасан эрх бүхий албан тушаалтантай адилтгаж үзэх боломжтой. /хх-13, 19, 41-43/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 45 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА