Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0508

 

  2025        07 07                                    128/ШШ2025/0508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Жамбал

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Отгонбат

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цолмон

Гуравдагч этгээд Г.Цэцэнсанаа

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Онон

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.Жамц

Маргааны төрөл: авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Жамц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Намуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Жамбалаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу 1/2 дугаар байр 31 тоот хаяг байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цэцэнсанаагийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Иргэн Г.Цэцэнсанаа нь Анд интернэшнл ХХК-иас 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ-г байгуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг худалдаж авч бүртгүүлэхээр гаргасан 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гэрчилгээ хүсэх тухай хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн газар 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ү-2203017457 дугаарт бүртгэн 000051941 дугаартай гэрчилгээ олгожээ.

3.Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1/1 дүгээр байрны 30 тоот хаягт байрлах, 18 м.кв  талбайтай гараашийн зориулалттай, 000033972 дугаар гэрчилгээтэй, Ү-2203013219 дугаар улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Долгорсүрэнгээс Д.Ганбаатарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч тус өдрөөр үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг олгосон байна. 

4.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр Д.Ганбаатараас Анд интернэшнл ХХК-д холбогдуулан өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох, 160000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг ...Анд интернэшнл ХХК 46 автомашины зогсоолтой барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ 46 зогсоолд 31 тоот зогсоол багтаж буй нь барилгыг хүлээлгэн өгсөн акт, зураг, фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Анд интернэшнл ХХК автомашины зогсоолоо худалдан борлуулсан нь буруу биш бөгөөд 31 тоот зогсоол руу орох автомашин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтай зогсоолыг мэдсээр байж нэхэмжлэгч 30 тоот зогсоолыг худалдан авсан байдал тогтоогдож байна. Анд интернэшнл ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Ганбаатарыг 30 тоот автомашины зогсоол өмчлөх эрхээ эдлэхэд нь саад болсон байдал үгүй байна. Автомашинд учирсан хохирлын хувьд ямар гэмтэл учирсан нь тодорхойгүйн гадна нэхэмжлэгч Д.Ганбаатарын автомашинд гэмтэл учраагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдлоо... гэж дүгнэн ...авто машины зогсоол өмчлөхөд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, Ц.Ононгоос гэм хорын хохиролд 160000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

5.Үүний дараа нэхэмжлэгч Б.Жамбал нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Ганбаатартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах хуралдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1/1 дүгээр байрны 30 тоот хаягт байрлах, 18 м.кв  талбайтай гараашийн зориулалттай, 000033972 дугаар гэрчилгээтэй, Ү-2203013219 дугаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байна.

6.Улмаар нэхэмжлэгч Б.Жамбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт ...тус зогсоолын 31 тоот эзэмшигч Г.Цэцэнсанаагийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй авто зогсоол нь мухрын зогсоол бөгөөд урдаа өргөн баганатай машин орох боломжгүй газарт олгосон байна. Мөн Анд интернэшнл ХХК-ийн 21 дүгээр байрны 1/1, 1/2, 1.2 байрны доод талын зогсоолын анхны барилгын зургийг өөрчлөн 2008 оноос хууль бусаар орц гарц таглан зогсоолын зөвшөөрлийг албан хүчээр олгосон нь миний эрх ашгийг зөрчиж олгосон байгаа тул 3 тоот зогсоолыг хүчингүй болгож өгнө үү гэх өргөдөлд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/2143 дугаар албан бичгээр ...зэрэг баримтуудыг үндэслэн иргэн Г.Цэцэнсанаагийн өмчлөлд 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаартай бүртгэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/02828 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна гэх хариуг өгчээ.

7.Дээрх хариуг авч нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

8.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Өмчлөх эрхийн гэрчилгээг авсан цаг үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн авто зогсоолыг зориулалтын дагуу ашигласаар байгаа ба миний эзэмшлийн 30 тоот авто зогсоолын баруун талд 29 тоот хаягт байрлах авто зогсоол байх ба зүүн талд нь барилгын багана байрладаг. Өөрөөр хэлбэл намайг 30 тоот авто зогсоолыг өмчилсөн үеэс 31 тоот гэх авто зогсоолд огт авто машин зогсож байгаагүй, зогсох ч боломжгүй. Гэтэл 2024 оны 11 сараас эхлэн тус баганын ард Г.Цэцэнсанаа гэх иргэн машинаа байрлуулах болсон ба энэхүү баганын ард машин байрлуулахад зөвхөн миний өмчлөлийн авто зогсоолыг суллаж байж тэрхүү баганын ард машинаа байрлуулах боломжтой юм. Г.Цэцэнсанаа нь 31 тоот авто зогсоолд машинаа байрлуулахаар өдөр, шөнө, өглөө, орой хэдэн цагт ч хамаагүй залгаж миний амгалан тайван байдлыг алдагдуулж, машинаа гарга гэх шаардлагыг тавьдаг ба гарч машинаа гаргахгүй бол элдвээр хэлж, хараан зүхэж, дарамталдаг. Урьд өмнө нь 31 тоот гэх авто зогсоолд хэн ч машин байрлуулж байгаагүй тул миний бие 31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээтэй эсэхийг 2024 оны 11 сараас машинаа байрлуулах болсон Г.Цэцэнсанаагаас лавлахад өмчлөх эрхийн гэрчилгээтэй тухай хэлсэн Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт Г. Цэцэнсанаагийн энэхүү үйлдэл нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа болон тус авто зогсоолыг хууль зөрчин барилгын зураг төсөлд анхнаасаа байгаагүй, авто зогсоолын хэмжээ нь 18 м.кв хүрдэггүй, орох, гарах хэсэггүй, хууль бусаар тус авто зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул тус 31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/2143 тоот албан бичгээр ирүүлсэн ба албан бичигт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/Ш32025/02828 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэх хариуг өгсөн. Асуудлыг судлан үзвэл 31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн Ү-2203017457 дугаартай гэрчилгээг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин Г.Цэцэнсанаад хууль бусаар олгосон байна. Өмчлөх эрхийн Ү-2203017457 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ нь Хууль бус болох нь:

-Г.Цэцэнсанаагийн эзэмшлийн 31 тоот авто зогсоол нь барилгын зураг төсөлд анхнаасаа байгаагүй, сүүлд баганын ард сул зай бий болоход нь орох гарах, хэсэггүй талбайг зогсоол болгосон,

-Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн гэх 31 тоот авто зогсоолын хэмжээ нь 000051341 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 18м.кв талбайд хүрдэггүй,

- Авто зогсоолын стандарт бүтэц, хэлбэрийг зөрчсөн, урдаасаа бус, зөвхөн баруун талаасаа 30 тоот авто зогсоолыг суллаж байж 31 тоот авто зогсоолд машинаа байрлуулах боломжтой, үүнээс өөрөөр машинаа байрлуулах боломжгүй буюу орох, гарах хэсэг байхгүй болно. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бусаар Г.Цэцэнсанаад олгосон Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их Тойруу 1/2 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цэцэнсанаагийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаарт бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Г.Цэцэнсанаа нь 2008 оны 03 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст дээрх хаягт бүртгэлтэй авто зогсоолын гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байна. Мэдүүлэгт хавсаргасан баримт

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл/Нотариатч Б.Нарантуяа 197/

-Өргөдөл

-Хорооны засаг даргын тодорхойлолт

-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Монгол Хятадын хамтарсан Анд интернэшнл ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт

-Монгол Хятадын хамтарсан Анд интернэшнл ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулах тухай хүсэлт

-Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ

 -Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын нотариатаар батлуулсан хуулбар /2005.01.13 10/2005/

-Авто зогсоолын фото зураr

-Авто зогсоолын план зураг

-Анд интернэшнл ХХК-ийн хүсэлт зэргийг хавсаргаж өгсөн. Энэ нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангаж байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд хөтлөх журмын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу хувийн хэрэг хөтөлж, 18 дугаар зүйлд заасны дагуу гэрчилгээ олгосон байгаа нь тухай үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна. Анд интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр бүрдүүлэн өгсөн жагсаалтыг шалган үзэхэд 2005 он 5 дугаар сарын 2-ны өдрийн 113 дугаартай үйлчилгээ орон сууцны барилгыг зарж борлуулах эрх олгосон тухай албан бичигт уг барилга 46 авто зогсоолтой болохыг тодорхойлсон байна. Мөн хавсралт жагсаалтад 46 ширхэг авто зогсоолыг дугаарлан ирүүлсэн байх ба 31 дугаар зогсоолыг Анд интернешнл ХХК- ийн нэрийг бичсэн байна. Мөн жагсаалт дахь Улсын комиссын актад уг орон сууцны барилга нь 46 авто зогсоолтой талаар дурдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Анд интернэшл ХХК дороо 46 автомашины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зураг төсвөөр барьж 2005 онд улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд уг барилгын доорх авто зогсоол нь хууль ёсны дагуу баригдаж өмчлөл нь шилжсэн. Нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заагаагүй аргаар бусдын өмчийг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд 31 тоот авто зогсоолыг өмчилж байгаа нь 30 тоот авто зогсоолын өмчлөгчийн өмчлөх эрхээ эдлэхэд саад болсон зүйлгүй, давхцалгүй, хууль бусаар аваагүй, хэнд ч гэм болоогүй, холбогдох үл хөдлөхийн татвар, СӨХ, конторын төлбөрөө цаг тухайд нь төлдөг. Харин эсрэгээр нэхэмжлэгч Б.Жамбал 2018 оноос хойш өөрийн автомашинаа удаан 31 тоот зогсоолд байршуулж, миний өмчийн эрхэд халдаж байгаа. Б.Жамбал өнөөдөр ч миний зогсоолыг хууль бусаар эзэмшиж хоёр машинаа тавьж байгааг нотолж гэрэл зураг хавсаргав. Авто зогсоолыг худалдаж авснаас хойш 20 жилийн дараа маргаан үүсгэх нь хууль зүйн хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Худалдан авагч Б.Жамбал эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1 ба 255.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч "тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч 254.1-д заасан Шаардлагын аль нэгийг гаргаагүй", гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул шаардах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Жамбал 31 тоот зогсоол руу орох автомашин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтай зогсоолыг мэдсээр байж 30 тоот зогсоолыг худалдаж авсан учир өмчлөлийн маргаан байхгүй бөгөөд харин нэхэмжлэгч өөрөө миний зогсоолыг эзэмшиж өөрийн 2 автомашиныг ээлжлэн тавьж өмчийн эрхийг минь зөрчиж байгаа. Цэцэнсанаагийн 29 ба Жамбалын 30 тоот зогсоолыг арилжиж байршлыг нь солих санал миний зүгээс гаргасан ч хүлээж аваагүй татгалзсан. 2009 оны 5 дугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 711 тоот шийдвэрээр 31 тоот зогсоолын өмчлөл нь шүүхийн шийдвэрээр тогтоосныг шүүх үнэлж өгнө үү. 31 тоот авто зогсоол нь 30 тоот зогсоолын өмчлөгчид ашиглалтын саад учруулаагүйг 2009 оны энэхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон. 2009 оны шүүхийн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтууд Г.Цэцэнсанаагийн өмчлөлийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн үйлдэл хууль зөрчиж байна. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг булаах нь хууль бус үйлдэл болно. Нэхэмжлэгч зогсоолыг барилгын зураг төсөлд анхнаасаа байгаагүй гэж маргадаг. Гэтэл Улсын комиссын актад 46 зогсоолтой болохыг (хх 23- р тал), хавсралт төсөл зурагт 31 тоот зогсоол Анд интернэшнл ХХК-д хамаарах (хх 19-р тал) ба байршлыг (хх 16-р тал) заасан байна. 2005 онд ашиглалтад орсны дараа 2008 онд Анд интернэшнл ХХК энэ зогсоолыг гараашийн жижүүрийн байр болгож зориулалтыг нь өөрчлөх гэж оролдсон боловч энд хүн ажиллаж амьдрах агаар боломжгүй тул Нийслэлийн эрүүл мэндийн газар зөвшөөрөөгүй буцааж зогсоолын зориулалтыг хэвээр үлдээсэн байдаг... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бяруузана овогтой Жамбал нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол дугаар байрны зоорины давхрын 30 тоот хаягт байршилтай 18м2 талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Тус 30 дугаар зогсоолын баруун талд нь 29 тоот зогсоол, зүүн талд нь даацын хана байрладаг буюу авто машин зогсох нөхцөл бүрдээгүй хэсэг байдаг. Гэтэл 2024 оны 11 дүгээр сараас Г.Цэцэнсанаа тухайн үл хөдлөхөд өмчлөлийн гэрчилгээтэй, энэ бол миний авто зогсоол гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт Г.Цэцэнсанаагийн энэхүү үйлдэл нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэсэн. Яагаад гэхээр тус 31 тоот авто зогсоолд машинаа байршуулахын тулд заавал 30 тоот авто зогсоолоор дамжин өнгөрдөг. Ингэж дамжин өнгөрөхийн тулд өглөө, орой хэдийд ч байнга залгаж машинаа байршуулъя, машинаа гаргая гэдэг. Эрх ашигт нь сөргөөр нөлөөлдөг талаар хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн хариуг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1/2143 албан бичгээр ирүүлсэн. Ингэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/2025/02828 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн. Асуудлыг судлан үзвэл 31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ болох Ү-2203017457 дугаартай гэрчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин гуравдагч этгээд буюу Г.Цэцэнсанаад хууль бусаар олгосон байна. Дараах үндэслэлүүдийг гаргасан. Нэгдүгээрт Г.Цэцэнсанаагийн 31 тоот авто зогсоол нь барилгын зураг төсөлд анхнаасаа байгаагүй. Сүүлд баганын ард сул орон зай бий болоход орох, гарах хэсэггүй талбайг зогсоол болгосон. Хоёрдугаарт Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн 31 тоот авто зогсоолын хэмжээ нь 51341 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 18м2 талбайд хүрдэггүй. Гуравдугаарт авто зогсоолын стандарт бүтэц хэлбэрийг зөрчсөн. Урдаасаа бус зөвхөн баруун талаасаа 30 тоот авто зогсоолыг суллаж байж 31 тоот авто зогсоолд машинаа байршуулах боломжтой. Үүнээс өөрөөр машинаа байршуулах боломжгүй буюу орох, гарах хэсэггүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бусаар Г.Цэцэнсанаад олгосон Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу дугаар байрны 31 тоот хаягт байршилтай 18м2 бүхий авто зогсоолын зориулалттай авто зогсоолыг Г.Цэцэнсанаагийн нэр дээр бүртгэсэн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2008 онд анх Г.Цэцэнсанаа улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад бүх материалуудаа бүрдүүлээд өгсөн. Ингэснээр материалын бүрдүүлбэрийг тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу шалгаж үзэхэд бүрэн байсан. Мөн Анд интернэшнл ХХК-иас ирүүлсэн барилгын зураг төсөлд анхнаасаа 46 зогсоолтойгоор улсын комисс хүлээж авсан батлагдсан байсан. Анхны Анд интернэшнл ХХК-иас ирүүлсэн жагсаалтад буюу хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст 46 зогсоол байдаг. 31 дүгээр зогсоолыг Анд интернэшнл ХХК-ийн нэр дээр авна гэсэн буюу 20 орчим зогсоолын худалдан авагч нь тодорхойгүй гэсэн байдлаар улсын бүртгэлийн байгууллагад жагсаалтаа ирүүлсэн байдаг. Дараа нь жагсаалтдаа өөрчлөлт оруулаад 31 дүгээр зогсоолыг харуулын байрны зориулалтаар ашиглахаар болсон гэдэг утгатайгаар жагсаалтаа ирүүлсэн байдаг. 2008 онд Г.Цэцэнсанаагийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр ирүүлсэн материалд Анд интернэшнл ХХК-ийн зүгээс уг 31 дүгээр зогсоолыг манайх харуулын зориулалтаар ашиглах гэж байсан боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэдэг үүднээс буцаад зогсоолын зориулалтаар ашиглахаар болсон тул үүнийг бүртгэж өгнө үү гэсэн утгатай албан бичгийг хавсаргасан тул улсын бүртгэлийн байгууллага албан ёсоор бүртгэсэн. Анхнаасаа улсын комиссын баталсан зурагт 46 зогсоолтой байсан. Баганын ард байрлах зогсоол анхнаасаа байдаг. Орон сууцны доор байдаг зогсоолуудын орц, гарц нь заавал орж гардгаар байдаггүй. Өөр хоорондоо хараат байдлаар зохицуулагдсан зогсоолууд зөндөө байдаг. Анхнаасаа ийм байдлаар зохицуулсан зогсоол байж болно. Үүнээс үүдэн улсын бүртгэлийн байгууллага 2008 онд гэрчилгээ олгосон байдаг. Нэхэмжлэгч Б.Жамбал сүүлд 2017 онд 30 дугаар зогсоолыг худалдаж авсан. Тэр цагаас хойш өөрөө 31 дүгээр зогсоолыг ашиглаж байсан гэж гуравдагч этгээдийн тайлбарт байдаг. Өөрийнх зогсоолыг суллаж өгөөч гэж шаардлага тавьсны хариуд энэ зогсоол чинь байх ёсгүй зогсоол гэдэг үүднээс нэхэмжлэл гаргаад гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандаж байна гэж харж байна. Энэ зогсоолын талаар 2009 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээр ороод өмчлөлийн талаар маргаад хэрэгсэхгүй болж байсан шийдвэрийг гуравдагч этгээд хавсаргаж өгсөн байсан. Газар дээр нь очиж үзлэг хийхэд тухайн талбайг зогсоолын зориулалттай ашиглаж болох хэмжээний байгаа нь хэмжилтээр харагдаж байсан. 18м2-д хүрэхээр харагдаж байсан. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн үйл баримтын хувьд 2005 онд Анд интернэшнл ХХК батлагдсан зураг төслийн дагуу 46 авто машины зогсоол бүхий барилга барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. 29, 31 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээгээр нотариатаар батлуулан Анд интернэшнл ХХК-иас худалдаж авсан. 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж мэдүүлэг бөглөж, хураамж тушааж, улсын комиссын акт, төлбөр тооцоогүй гэх тодорхойлолт, барилгын ажлын гүйцэтгэлийн зураг, фото зургийг өгснөөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн. 2009 онд 30 ба 31 дүгээр тоот зогсоолын эзэд 31 дүгээр тоот зогсоолын өмчлөлийн талаар маргаж 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 711 тоот шийдвэрээр Г.Цэцэнсанаагийн өмчлөл буюу 31 тоот авто зогсоолын өмчлөлийг тогтоосон. Шүүхийн шийдвэрт Анд интернэшнл ХХК 46 авто машины зогсоолтой барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ зогсоолд 31 тоот зогсоол багтаж байна. Уг барилгыг хүлээлгэж өгсөн акт, ажлын зураг, фото зургаар нотлогдоно. Анд интернэшнл ХХК зогсоолоо худалдан борлуулсан нь буруу биш бөгөөд 31 тоот зогсоол руу орох авто машин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтай болохыг мэдсээр байж 30 тоот зогсоолыг худалдаж авсан нь тогтоогдож байна гэсэн. Анд интернэшнл ХХК-ийн зүгээс Г.Цэцэнсанаа 31 тоот авто машины зогсоолыг өмчлөх эрхээ эдлэхэд саад учруулсан зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч Б.Жамбал нь Г.Цэцэнсанаагийн өмчлөлийн 31 тоот авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж өөрийн авто машиныг байрлуулсан тул 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 191/ШЗ2025/02825 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгүүлсэн. Үүндээ миний өмчлөлийн Ү-2203017457 дугаартай 31 тоот зогсоолд иргэн Б.Жамбал өөрийн машинаа тавьж зогсоол чөлөөлж өгөхгүй 2019 оноос хойш эзэмшиж байна. Энэ хугацаанд чөлөөлж өг гэж удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу өмчөө хууль бус эзэмшлээс хамгаалах эрхтэй тул тус шүүхээр дамжуулан эрхээ хамгаалсан. Гэтэл Б.Жамбал үүний дараа саад болохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж улмаар хэрэг үүсгэсэн. Иргэний хэргийн шүүх захиргааны шүүхийн шийдвэрийг харъя гэж түдгэлзсэн байдалтай байгаа. 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зогсоол өмчлөх эрхийг бүртгэсэн тухай Б.Жамбалын гомдол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/2143 дугаартай албан бичгээр өмчлөлийн бүртгэл хууль зөрчөөгүй гэж ирүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзах үндэслэл байна. Анд интернэшнл ХХК доороо 46 авто машины зогсоолтой орон сууцны барилгыг батлагдсан зураг төслөөр барьж 2005 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг барилгын доод талын авто зогсоол нь хууль ёсны дагуу иргэдийн өмчлөлд шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заагаагүй аргаар бусдын өмчийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд 31 тоот авто зогсоолыг өмчилж байгаа нь 30 тоот авто зогсоолын өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зүйлгүй, давхцалгүй, хууль бусаар аваагүй, хэнд ч гэм болоогүй холбогдох үл хөдлөхийн татвар, СӨХ, конторын төлбөрийг цаг тухайд нь төлдөг. Харин эсрэгээрээ Б.Жамбал 2018 оноос хойш өөрийн авто машинаа удаах 31 тоот авто зогсоолд байршуулж Г.Цэцэнсанаагийн өмчлөх эрхэд халдаж байгаа. Б.Жамбал өнөөдөр ч гэсэн Г.Цэцэнсанаагийн зогсоолыг хууль бусаар эзэмшиж өөрийн 2 машинаа тавьсан байгааг нотолж гэрэл зургаар хэрэгт хавсаргасан. Авто зогсоолыг худалдаж авснаас хойш 20 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь хууль зүйн хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн. Авто зогсоолыг шилжүүлснээс хойш 6 сар өнгөрсөн тул өмчлөх эрх өмчлөх эрхийн доголдлыг хэлэлцэх хугацаа дууссаныг шүүх анхаарна уу. Худалдан авагч Б.Жамбал эд хөрөнгийг шилжүүлэх үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлэн худалдан авагч 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргаагүй. Доголдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.Жамбал 31 тоот зогсоол руу орох авто машин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтайг мэдсээр байж 30 тоот зогсоолыг худалдаж авсан учир өмчлөлийн маргаан байх бөгөөд харин нэхэмжлэгч өөрөө миний авто зогсоолыг эзэмшиж өөрийн 2 авто машиныг ээлжлэн тавьж өмчлөх эрхийг минь зөрчиж байна. Г.Цэцэнсанаагийн 29 тоот, Б.Жамбалын 30 тоот зогсоолыг арилжиж байршлыг нь солих саналыг миний зүгээс олон удаа гаргасан боловч хүлээж аваагүй татгалздаг. 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 711 тоот шийдвэрээр 31 тоот авто зогсоолын өмчлөлийг шүүхийн шийдвэрээр тогтоосныг шүүх үнэлж өгнө үү. 31 тоот зогсоолыг 30 тоот зогсоолын өмчлөгчид ашиглалтын саад учруулаагүйг 2009 оны энэ шүүхийн шийдвэр тогтоосон. 2009 оны шүүхийн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтууд Г.Цэцэнсанаагийн өмчлөлийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн үйлдэл хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийн үйлдэл нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг булаах гэсэн хууль бус үйлдэл болно. Нэхэмжлэгч зогсоолыг барилгын төсөлд байгаагүй гэж маргадаг. Гэтэл уг зогсоол нь анхнаасаа авто зогсоолын зориулалттай баригдсан. Барилгын зураг төслийг Апом ХХК-ийн Анд интернэшнл ХХК-ийн орон сууцын барилгын цогцолбор гэдэг 2004 оны А15/01 тоот ажлын зураг хавтаст хэргийн 60 дугаар талд байгаа зоорины давхрын байгуулалтын зураг, 61 дүгээр тал, 9 дүгээр тал, 77 дугаар тал, 200 дугаар талд байгаа зоорины давхрын технологийн байгуулалтын зургаас 31 тоот зогсоолыг баганын ард зогсоолын төлөвлөлттэй байсныг үзнэ. Энэ зүгт харин 30 дугаар зогсоол байдаггүй. Улсын комиссын актад 46 тоот зогсоолтой болохыг нь хавтаст хэргийн 23 дугаар талд хавсралт төсөл зурагт Анд интернэшнл ХХК-д хамаарах 31 тоот зогсоолд байгаа болохыг мөн 19 дүгээр талд харуулсан. Мөн байршлыг нь хавтаст хэргийн 16 дугаар талд заасан байгаа. 2005 онд ашиглалтад орсны дараа 2008 онд Анд интернэшнл ХХК энэ зогсоол гараашны жижүүрийн байр болгон зориулалтыг өөрчлөх гэж оролдсон боловч гараашинд хүн ажиллах агаарлах боломжгүй тул Нийслэлийн эрүүл мэндийн газар зөвшөөрөөгүй буцааж зогсоолын зориулалтыг хэвээр нь үлдээж худалдсан байдаг. Б.Жамбалын нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нотлох баримтыг буруу тайлбарласан. 2009 онд шүүхийн шийдвэрээр тогтоосон өмчлөлийн маргаан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээд миний эрх ашгийг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэгч 3 үндэслэл хэлдэг. Энэ үндэслэлдээ барилгын зураг төсөлд байгаагүй гэдэг. Энэ нь 2004 оны анхны зураг төсөлд нь байсан. Улсын комисст энэ чигээр нь хүлээлгэж өгсөн. Хэмжээний хувьд 3 зогсоолын талбай нийлээд 8х7.5м2 нийтдээ 60м2 талбайтай байдаг. 1 зогсоолд 20м2 оногддог. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй байна. Дамжин өнгөрдгийн хувьд бид нэхэмжлэгчид саналаа хэлсэн. Үнэхээр дамжиж өнгөрөөд хэцүү байгаа бол 29, 30 тоот зогсоолуудыг хооронд сольё гэхэд татгалздаг. Өмчлөгчийн хувьд 30 дугаар зогсоол 2006 онд н.Долгорсүрэн гэдэг хүний нэр дээр байсан. Энэ хүнтэй эв зүйгээ олоод зүгээр байдаг байсан. 2007 онд н.Ганбаатар гэдэг хүний нэр лүү шилжсэн. Н.Ганбаатартай бид нар 1 удаа шүүхэд хандсан. Гэхдээ хоорондоо зохицоод болоод л байсан. 2017 онд Б.Жамбал авсан. Тэгээд хоорондоо зохицоод болоод л байсан. 2019 онд манайх тэр байрнаас нүүгээд явсны дараа зогсоолын өмчлөл манай нэр дээр хэвээрээ байсан. гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.Жамбалын тухайд:

2.1.Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1/1 дүгээр байрны 30 тоот хаягт байрлах, 18 м.кв  талбайтай гараашийн зориулалттай, 000033972 дугаар гэрчилгээтэй, Ү-2203013219 дугаар улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Ганбаатар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ.

2.2.Улмаар иргэн Д.Ганбаатар Анд интернэшнл ХХК-д холбогдуулан өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох, 160000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.3. Үүний дараа нэхэмжлэгч Б.Жамбал нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Ганбаатартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах хуралдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1/1 дүгээр байрны 30 тоот хаягт байрлах, 18 м.кв  талбайтай гараашийн зориулалттай, 000033972 дугаар гэрчилгээтэй, Ү-2203013219 дугаар улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байна.

3.Гуравдагч этгээд Г.Цэцэнсанаагийн хувьд:

3.1. Г.Цэцэнсанаа нь Анд интернэшнл ХХК-иас 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг худалдаж авч, улсын бүртгэлийг газарт 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гэрчилгээ хүсэх тухай хүсэлт гарган 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 000051941 гэрчилгээний дугаартай, Ү-2203017457 дугаартай гэрчилгээг маргаан бүхий гараашийг өмчилжээ.

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Анд интернэшнл ХХК-ийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар албан бичиг, 2 Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10/2005 дугаар актад тус барилгын зоорийн давхарт байрлах 46 авто машины зогсоолтойгоор хүлээн авсан байх бөгөөд дээр дурдсанчлан хуулийн хүчин төгөлдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 711 дүгээр шийдвэрт ...Анд интернэшнл ХХК 46 автомашины зогсоолтой барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ 46 зогсоолд 31 тоот зогсоол багтаж буй нь барилгыг хүлээлгэн өгсөн акт, зураг, фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. гэж дүгнэсэн нь талууд 30, 31 тоот гараашууд анхнаасаа байсан болох нь нотлогдож байна. 

5.Мөн  дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрт ... Анд интернэшнл ХХК автомашины зогсоолоо худалдан борлуулсан нь буруу биш бөгөөд 31 тоот зогсоол руу орох автомашин өөрийнх нь зогсоолын талбайгаар өнгөрдөг байрлалтай зогсоолыг мэдсээр байж нэхэмжлэгч 30 тоот зогсоолыг худалдан авсан байдал тогтоогдож байна. Анд интернэшнл ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Ганбаатарыг 30 тоот автомашины зогсоол өмчлөх эрхээ эдлэхэд нь саад болсон байдал үгүй байна. ... гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч Б.Жамбалыг 30 тоот зогсоолыг худалдан авахаас өмнө 31 тоот зогсоолын өмчлөх эрх гуравдагч этгээдэд үүсэж бүртгүүлсэн байх ба дээрх улсын бүртгэл нь 30 тоот зогсоолын өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй юм.

6.Улсын бүртгэлийн байгууллага иргэн Г.Цэцэнсанаагийн Анд интернэшнл ХХК-иас 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар Захиалгат орон сууц худалдах ба худалдан авах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг бүртгэсэн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 000051941 гэрчилгээний дугаартай, Ү-2203017457 дугаар бүртгэлийг бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ: 5.1.2.бүртгэл үнэн зөв байх;, 13 дугаар зүйлийн 13.5.Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: , 15 дугаар зүйлийн 15.2.Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна., Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; гэж заасанд нийцжээ. 

7.Дээрхээс дүгнэвэл Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр хороололд орон сууцны зориулалтаар баригдаж буй 18 м.кв талбайтай 31 тоотын гараашийг бүртгүүлэхээр гуравдагч этгээдээс гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт хуульд нийцсэн, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байх бөгөөд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу 1/2 дугаар байр 31 тоот хаяг байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цэцэнсанаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаар бүртгэлтэй гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

8.Харин нэхэмжлэгч Б.Жамбал нь Д.Ганбаатартай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд өргөдөл гомдол нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан иргэн Б.Жамбалаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу 1/2 дугаар байр 31 тоот хаяг байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Цэцэнсанаагийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017457 дугаар бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН