Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/320

 

 

 

 

 

 

  2024            03            14                                       2024/ДШМ/320

 

 

         Х.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Э.Н-ын өмгөөлөгч Р.П,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Р.П нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.М-д холбогдох ................................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө .......дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй караокед хохирогч Э.Н-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М-д 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-оос 775.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Н-д олгож, хохирогч Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Х.М-оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Р.П нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Р.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор К.Ч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Р.П нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ...........дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” нэртэй караокед хохирогч Э.Н-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-ын “…2023 оны 10 дугаар сарын 25-ны 01 цагийн үед ажлын найзууд болох Б, Н бид 3 ............... дүүргийн ..... дугаар хороо ................. талд байрлалтай нийтийн караокед орсон. Тухайн караокед хүний 3 шил шар айраг уугаад дуулаад байж байсан. Тухайн нийтийн караокены ширээнүүд дүүрэн нэг ширээ гурван дуу дуулаад хоёр дахь ээлжээ нэлээн удаан хүлээж байтал Б очиж номоо авна гээд зөөгч залуутай уулзахаар явсан. Б зөөгч залуутай нэлээн юм ярьж байгаад хоорондоо заамдалцаж салаад дууны номоо аваад ирсэн. Удалгүй Б-тэй маргалдаж байсан зөөгч залуу манай ширээн дээр хүрч ирээд одоо тооцоогоо хийгээд манайхаас зайл гэж хэлэхээр нь би учир зүйгээ олох гэж очиж уулзах гэж ширээнээсээ боссон. Ширээнээс босоод тухайн зөөгч дээр очих үед би гутлынхаа үдээсэндээ гишгэж хөл алдаж унахдаа тухайн зөөгчийн хацарт нь гараараа хүрсэн. Тэгсэн тухайн зөөгч намайг цохисон гэж ойлгоод миний хоолойноос татаж урагшаагаа унагасан. Хойноос миний нуруу хэсэг рүү өшиглөөд л байсан. Би цохиулж байгаад ухаан алдсан байна лээ. Нэг сэргэтэл миний зүүн талын гар даагдахгүй өвчин орсон байсан. Би өөрийгөө гэмтчихлээ гэдгийг мэдээд шууд босож түргэн дуудаарай гэж хэлээд сандал дээр суусан. ...” /хх 6/,

яллагдагч Х.М-ын “...Тогтоолтой холбоотой санал хүсэлтгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

“...Э.Н-ын биед зүүн эгэм ясны далд хугарал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13685 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 17-18/,

“...Х.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14840 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Х.М-ыг хохирогч Э.Н-ыг татаж унаган цээжин тус газарт өшиглөж зүүн эгэм ясны далд хугарал, хүзүүний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Р.П нар “...шүүгдэгчийн оршин суух хаягийг тодруулах боломжгүй үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нэгэнт хаяг тодорхойгүй этгээдээс хохирогч Н өөрт учирсан хохирлоо хэрхэн нөхөн төлүүлж гаргуулах нь бүрхэг, хаанаас олж тогтоох нь ч бүрхэг, нэгэнт насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, ажил хөдөлмөр эрхэлдэг этгээд байсаар байхад хохирол хор уршгийг тооцоолон гаргалгүй ял оногдуулсан нь ялыг хөнгөдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх, хохирогч Э.Н-ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн нотлох баримтуудыг үнэлж 775.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин бусад хохирлын баримтын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид энэ гэмт хэргийн улмаас үүссэн буюу хагалгаанд орох зардал, сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 заалтад “...гэм хорын хохиролтой...” гэснийг “...хор уршигтай...” гэж өөрчилж,  давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 775.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх 155/-ыг гаргаж өгсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Хохирогч Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Х.М-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Р.П нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Х.М нь хохирогч Э.Н-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ