Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 115/ШШ2025/0018

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Л нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч А.Баттуяа, хариуцагч Л.Л, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах”-аар маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн 4 дүгээр тушаалаар тус Тамгын газрын “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд томилогдож, 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанаас халагджээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий акт болох хариуцагчийн гаргасан 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг 2025 оны ... дугаар сарын ...-ний өдөр гардан авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсгийг үндэслэсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна" гэж зохицуулсан ба энэхүү урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа холбогдох заалтад заасан хариуцлагыг ногдуулах хууль зүйн үндэслэл бүрдэх юм.

Мөн маргаан бүхий актад "Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн .... дүгээр сарын ...-ны өдрийн 5 дугаар албан бичгээр намайг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг дүгнэн баталгаажуулсан гэдэг. Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албан зөвлөлийн 2013 оны ... дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг ба шууд ёс зүйн зөрчилд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Харин тус журмын 2.1.5 дахь хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангах" гэх чиг үүргийг л хэрэгжүүлэх эрхтэй байна.

Төрийн албаны салбар зөвлөл нь тухайн салбарын төрийн албан хаагчдын асуудлыг зохицуулах, хянах үүрэгтэй байгууллага боловч, ёс зүйн асуудал болон ёс зүйн зөрчилтэй холбогдох дүгнэлт гаргах нь ёс зүйн хороо эсвэл дэд хорооны эрх хэмжээний асуудал юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх зарчим болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын агуулга нь хүний эрхийг хязгаарласан төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, зохистой байх, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль эрх зүйн актад тулгуурлан, шийдвэрээ гаргах, үндэслэл нь зөвхөн хууль, эрх зүйн акт, журам болон тухайн асуудлын нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргах шаардлагатай гэх агуулгаар илэрдэг. Захиргааны шийдвэр нь тодорхой үр дагавартай байдаг тул шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бол, тухайн шийдвэрийн үр дагавар нь буруу, хүний эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарлах юм. Иймд хуульд үндэслэж чадаагүй, бодит байдалд нийцээгүй энэхүү маргаан бүхий акт нь иргэн миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 50 дугаартай дүгнэлтийн тухайд: Миний бие 2024 оны 05 дугаар сард ажлын байр нь дээрээ ажлын шаардлага тавьсны улмаас бусадтай /харьяа байгууллагын удирдах албан тушаалтан/ зөрчил үүсэж, улмаар Дорноговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд өөрийн зөрчигдсөн эрх ашгийн талаар гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлын мөрөөр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан, Замын-Үүд суманд ирж ажиллаад маргасан 2 төрийн албан хаагчийг хоёул төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Энэхүү дүгнэлтийг Салбар зөвлөлөөс Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн албан тоотод С.О намайг ажлаас нь халж, хариуг ирүүлэх талаар дурдаагүй.

Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй тухайд: Маргаан бүхий 1 дугаар актыг гаргахын өмнө 2025 оны ... сарын ...-ны өдрийн .... тоот албан бичгээр Тамгын газрын дарга мэдэгдэл тайлбараа 2025 оны 02 дугаар сарын 26-ны дотор ирүүлэх албан тоот өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтад "Сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж" тусгагдсан бөгөөд надад өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд тайлбарыг гаргаж өгч чадаагүй. Учир нь сар шинийн баяр болохтой холбогдуулан маш их ачаалалтай байсан. Тамгын газрын дарга Л.Л богинохон хугацаа зааж, оролцогчийн санал тайлбар гаргах эрхийг хязгаарласан.

Томилох эрх бүхий албан тушаалтан тухайн асуудалд өөрийн үзэл бодлоор хандан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, асуудалд дүн шинжилгээ хийж, бодит үр дагаврыг тооцолгүй Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зорилгыг үл анхаарсан. Иймд дээрх нөхцөл байдлыг зохих журмын дагуу дүгнэн үзэж, хууль тогтоомжид заасан үндэслэлээр ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 1 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллаж байсан 2009-2017 онд тусгай шалгалт гэж байдаггүй байсан. Ингээд 2021 онд буцаж ажилдаа ороход тамгын дарга “чиний хувьд тусгай шалгалт өгдөггүй байсан, нөөцөд хадгалаатай байгаа, тусгай шалгалт өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Төсвийн шууд захирагчаас төрийн албан хаагчийн тусгай шалгалт зарлаж байгаагүй тул шалгалт өгөөгүй. Би сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Удирдлагын академийн сургалтад 2 жил сууж байсан.

Тухайн үед ажиллаж байсан тамгын дарга надад арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан. Тамгын дарга зөрчлийн тухай хуулиараа шийдэгдсэн учраас, мөн чи өөрөө хохирогч болоод үлдсэн гэдгээр нэмж хариуцлага яриагүй. Гэтэл гэв гэнэт 6 сарын хугацаа өнгөрсний дараа, шинээр томилогдсон тамгын дарга ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, хугацаа ч өгөхгүй шууд халсан.

2025 оны 02 дугаар сарын 20-нд тамгын дарга өрөөндөө дуудсан. Тухайн үед ахмадын байгууллагын үйл ажиллагаа, нийтийн сар шинийн золголтын үйл ажиллагааг зохион байгуулах гээд ажил ихтэй байсан. Ажил ихтэй байсан учраас тайлбар өгч амжаагүй. Засаг дарга гадагшаа явчихсан байсан. Засаг даргатай зөвшилцөөд энэ хугацаанд надтай сонсох ажиллагаа хийгээд хариу авч болохгүй юу гэж өөрт нь хэлсэн. Өдөр бүр өрөөнд орж ирээд нэг ажил үүрэг даалгавар өгөөд, араас нь дандаа бичгийн хариу хаа байна, хурдан хариу өг гэдэг байсан. Тиймээс би хугацаа өгөөгүй гэж үзэж байгаа. 26-аас хойш хугацаа сунгаж өгөх талаарх хүсэлтийг амаараа хэлж байсан гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий захиргааны актыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэж, хариуцлага ногдуулж, ажлаас халсан байдаг. Хуулийн 16.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан ёс зүйн хороо, ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг оногдуулна гэсэн байдаг. Энэ нь урьдач нөхцөл бүрдсэн байхыг ойлгож байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь 2023 оны 05 дугаар сараас хэрэгжиж төрийн байгууллагууд ажилчдынхаа тоотой уялдуулан ёс зүйн дэд хороог байгуулах, зөвлөмж чиглэл, хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг бий болгосон.

 Гэтэл 16.1.4 дэх зүйл заалтыг үндэслэхдээ Дорноговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 50 дугаартай албан бичиг болон 01 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Хэрвээ захиргааны байгууллагын хувьд тухайн 01 дугаартай дүгнэлт нь ёс зүйн дэд хорооны дүгнэлттэй адилтгаж болохуйц дүгнэлт байсан юм бол энэхүү ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.18-д тухайн дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтан хүлээж аваад 5 хоногийн дотор шийдвэр гаргана гэж заасан байхад тухайн үед хэрэгжүүлээгүй, өнөөдрийг хүртэл явж байгаад ... дугаар сарын ...-ний өдөр халсан тушаалыг гаргасан нь өөрөө бодит байдалд нь нийцэхгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Цаашлаад гомдлын дагуу төрийн албаны салбар зөвлөл хуралдаад ажлын хэсэг байгуулсан. Гэтэл төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Баттуяа гэх хүн хурлын тэмдэглэлд би гомдолд холбогдогч Саранцэцэг гэдэг хүнтэй нэг нутаг усны хүмүүс, бид бага ангийн найз нөхөд байсан гээд өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг илэрхийлчихсэн байдаг. Тэгтэл үүнийг үл тоогоод ажлын хэсэгт оруулаад, шалгалтын гишүүн болгоод шалгалт хийлгээд ерөнхийдөө дүгнэлт гаргуулчихсан  процесс  байгаа. Дээрээс нь энэхүү ажлын хэсэг байгуулах тухай 33 дугаар тогтоол болон удирдамжийн хууль зүйн заалтууд нь маш ерөнхий, эрх хэмжээ олгоод байгаа заалтыг бүрэн дүүрэн тусгаж чадаагүй, нотолж чадаагүй ийм нөхцөл байдлууд байгаа.

Ажлын хэсэг гэж байгуулагдсан таван гишүүн бүхий этгээдүүд архив, албан хэрэг хөтлөлт, бодлогын баримт бичгийг хяналтдаа авсан эсэх, тухайн  ажилтны төрийн албан хаагчийнхаа хувьд хэрэгжүүлсэн бүхий л чиг үүрэгтэй холбоотой үйл ажиллагааг нийтэд нь хянан үзсэн нөхцөл байдал хангалттай тогтоогддог.  Ажлын хэсгийн хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай холбоотой хариуцлага ногдуулах тухай ярьдаг бол зарим нь Төрийн албаны тухай хуулийн 48 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой асуудлыг ярьсан байдаг. Тэгэхээр энэ хурал, ажлын хэсэг гээд байгаа зүйл нь өөрөө маш их хэмжээ хязгааргүй хуульд заасан үндэслэл журмаас давсан нөхцөл байдалтайгаар хэрэгжсэн, үйл ажиллагаа, бүрэлдэхүүн нь ч өөрөө хууль бус юм.

Дүгнэлтэд холбогдуулаад тухайн үедээ гомдол гаргаагүй гэдэг асуудлыг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нөхцөлд Монгол улсын хэмжээнд бүрэн дүүрэн хэрэгжих л ёстой. Энэ хүрээндээ нэхэмжлэгч тухайн үедээ дүгнэлт гээд 01 дугаартай албан бичгийг хүлээж аваад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан дүгнэлт гэж үзэх ямар ч боломжгүй. Ийм учраас холбогдох гомдлыг тухайн үедээ гаргаагүй, гаргах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт дүгнэлт гэж үзэхгүй, хоёрдугаарт нь тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүний хувьд тэмдэглэлээс нь аваад үзэхэд төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Баттуяа өөрөө татгалзаж байна гэдэг ийм нөхцөл байдлыг илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч шүүхэд захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнээд үзэхэд илт хууль бус захиргааны акт гэдэг нь харагддаг. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн 30 дугаар тогтоолд  нэхэмжлэгчийн анх гаргасан хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус гэж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн хязгаараас давж байгаа асуудлыг үүсгэхгүй гэж тайлбарласан учраас энэ дээр шүүх өөрийнхөө дүгнэлтийг хийх байх. Нэгдүгээрт огт хууль дээр байхгүй зүйл заалтыг үндэслэсэн эсвэл огт дурдаагүй хуулиар, хоёрдугаарт захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд байгаа асуудал биш юм.

Оийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь тогтоогдоод батлагдаад, тангаргаа өргөчихсөн, процессын хуулийн заалтыг буцааж эргүүлж хэрэглэх гээд байгаа юм уу, яг ямар үндэслэлээр энэ төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх гээд байгаа үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  ажиллах журмыг үндэслэж яриад байна. Энэ нь  төрийн албаны зөвлөлийн 2019 оны  09 сарын 04-ний .... дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Энэ батлаад өгсөн журам дээр нь тэр ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах зүйл заалт байхгүй, зөвхөн зөвлөгөө мэдээллээр хангах гэдэг чиг үүрэг нь л үлдсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр хүчингүй болсон энэхүү журмыг үндэслэж хариуцагчид ашигтай нөхцөл байдал мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О нь төрийн албанд он удаан жил ажилласан, үнэнч шударгаар зүтгэж ирсэн төрийн жинхэнэ албан хаагч болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаар батлагддаг. Төрийн албан хаагч буюу төрийн захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой боловч холбогдох хуулийн зүйл заалтыг ноцтой зөрччихөөд байгаа учраас, түүнийг үндэслээд байгаа захиргааны акт өөрөө хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

 

5. Хариуцагч ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаартай "Сийн Оийг төрийн албанаас халах тухай" тушаалыг хуулиар эрх олгосон этгээд, холбогдох хуулийн дагуу гаргасан бөгөөд хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, тайлбар санал гаргах боломжийг олгосон болно.

Сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын Тасгийн даргаар ажиллаж байсан С.Оийг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн хяналт шалгалтаар илэрч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн учраас түүнийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн албанаас халсан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн салбар зөвлөлийн хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүй болно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар төрийн захиргааны алба, төрийн тусгай алба нь төрийн жинхэнэ алба гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан нийтлэг шаардлагыг хангасан иргэнээс Төрийн албаны ерөнхий шалгалтыг авах бөгөөд ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд төрийн албаны нөөцөд байх хугацаа тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д зааснаар 3 жил байхаар заасан. Улсын их хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохоор зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж тус тус зааснаар төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, мөн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75 дугаар зүйлийн 75.2-т тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй байна. Иймээс нэхэмжлэл гаргагч хууль, журамд заасны дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж, томилогдоогүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй бөгөөд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй этгээд биш, шүүхээр сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөрийн гаргаж байгаа хандлага, биеэ авч явах байдал зэргийг маш өндөр түвшинд авч явах ёстой. Нэхэмжлэгч нь Соёл спортын ордны даргатай найз нөхдийн харилцаатай байсан. Тухайн хүнтэй муудалцаж удирдах, удирдуулах зарчим алдагдуулж ажлын байрандаа, олон төрийн албан хаагчдын өмнө зодолдсон ноцтой зөрчил үүсгэсэн. Үүнийг шүүх ноцтой зөрчил гэж хүлээн авна байх гэж бодож байна.  Ёс зүйн хэм хэмжээг хэт давсан, цагдаагийн зөрчлийн шинжтэй үйлдэл болсон учраас үүнийг ноцтой үйлдэл гэж хүлээж авах байх гэж бодож байна.

Би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа хүлээж авсан. Тэгээд  02 дугаар сарын 20-нд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, тасгийн даргыг цуг байлцуулж уулзалт зохион байгуулсан. Тэр үед дүгнэлттэй холбоотой маргасан, мөн дээрээс нь тайлбар мэдээлэл өгч байсан нэг ч тохиолдол байхгүй. Энэ этгээдийг сонсох ажиллагааг нь зохион байгуулсаар байтал ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж тайлбар өгөхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.  Шүүхэд очихоос өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэг байгаа юм уу, бид нар ч гэсэн буруу шийдвэр гаргах гэж байгаа болбол тайлбар мэдээллийг нь сонсоод үнэлэлт дүгнэлт хийх ёстой.  Урьдчилан сэргийлэх ажлаа бид нар зөв хийчих юм бол хэн хэнийгээ хорлоод ажлаас нь халах ийм арга хэмжээ авахгүй ч байж болох бүрэн боломжтой байсан гэж бодож байгаа. Тэгээд хариу тайлбараа хугацаанд нь гаргаж өгөөгүй. Нэгэнт хугацаа болж  захиргааны байгууллага тушаал шийдвэрээ гаргасан ийм асуудал байгаа. О сонсох ажиллагаанд суух шаардлагагүй гэж татгалзсан учраас тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй. Тийм учраас би албан бичгээр бас давхар сонсох ажиллагааныхаа мэдэгдэлд хариу тайлбар өгөх хугацаагаа  бичиж өгсөн.

С.О 2017 онд урт хугацааны чөлөө авч Солонгос улсад эмчлүүлэх, суралцах зорилгоор албан хүсэлтээ өгсөн байдаг. 2017 оноос Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдсөн. Шинэ хуулиар төрийн албаны нөөцөд байх хугацаа 3 жил байдаг. Энэ хүн Төрийн албаны хууль шинэчлэгдсэнээс хойш нийгмийн бодлогын тасгийн даргын албан тушаалд томилогдсон. Төрийн албанд буцаж томилогдохдоо гурван жил хэтэрсний ар дээр томилогдсон. Энэ нь АТГ-ын албан бичиг дээр тодорхой дурдагдсан байдаг. 2021 онд буцаж томилогдохдоо тусгай шалгалт өгч томилогдох ёстой. Сонгон шалгаруулалтаар томилогддог жишиг 2017 оноос хойш тогтсон. Ийм байхад шалгалт өгөх ёсгүй байсан өмнөх албан тушаал дээрээ одоо томилогдсон гэдэг эрх зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Хууль бүх хүнд нэгэн адилаар үйлчлэх ёстой. Гэтэл  ямар нэгэн байдлаар ийм давуу байдал болоод байгаа юм шиг ийм нөхцөл байдал байх боломжгүй гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Оийг төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчсөн буюу төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү дүгнэлттэй нэхэмжлэгч аливаа нэгэн байдлаар маргаж гомдол гаргаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 651 дүгээр тогтоолоор тухайн дүгнэлт нь өөрөө эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж дүгнээгүй буюу зөвхөн захиргааны байгууллага дотоод зохион байгуулалттай холбоотой буюу хэвтээ чиглэсэн байна гэдгийг дүгнэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 128 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 2.3.3-т Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалтай холбоотой хаяглагдаж ирсэн гомдол мэдээллийг хянан шалгах үүрэг нь салбар зөвлөлд байгаа. Тиймээс энэхүү үүргийнхээ хүрээнд тухайн гомдлыг хянан шийдвэрлээд Оийг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоосон. Энэ хүрээнд тухайн байгууллага дотооддоо буюу дээд шатны албан тушаалтандаа ямар нэгэн байдлаар гомдол гаргаж эс зөвшөөрсөн байдлаар хандаагүй. Тухайн дүгнэлтийг үндэслээд маргаан бүхий акт гарсан нь өөрөө үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тухайн сумын ЗДТГ-ын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаал нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжтэй гэж тайлбарлаад байгаа нь мөн үндэслэлгүй. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д  өөрөө захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг ойлголт нь эрх зүйн онолынхоо хүрээнд шал өөрөөр ойлгогддог, өөрөөр хэлбэл тухайн актын хуулийн үндэслэлд дурдсан энэ зохицуулалт нь огт хуульд тусгагдаагүй ийм зохицуулалтыг ашигласан тохиолдолд илт хууль бусаар тооцдог. Хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн чиг үүрэгт хориглох зүйлийг зөрчсөн буюу хуульд нийцээгүй тушаал шийдвэр гаргасан гэж үзээд байгаа. Энэ тайлбар нь бас үндэслэлгүй, яагаад гэвэл тухайн хуульд нийцээгүй тушаал шийдвэрийг гаргасан гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр байхгүй.

Маргаан бүхий акт нь өөрөө  хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д урьдчилсан нөхцөл заасан. Тухайн хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгоно. Тэгэхээр одоо тухайн урьдчилсан нөхцөл хангагдахгүй буюу акт өөрөө хууль ёсных, хоёрдугаарт нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй,  өөрөөр хэлэх юм бол сэргээгдэх хууль ёсны эрх ашиг сонирхол байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй,

 Нэхэмжлэгч төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан. Салбар зөвлөлийн ажиллах журмын 2-т салбар зөвлөлийн эрхүүдийг тусгаж өгсөн, тодруулбал 2.1.10 ёс зүйн зөрчлийн болон өргөдөл гомдол маргааныг төрийн албаны зөвлөлдөө хүргүүлдэг, 2.2-т тухайн салбар зөвлөлийн эрхийг зааж өгсөн, 2.2.9-д төрийн албаны тухай хууль тогтоомж стандартын зөрчлийг арилгуулах талаар шат дараалсан арга хэмжээг авна, тухайн арга хэмжээний нэгд холбогдох албан тушаалтан зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх, тухайн хугацаанд үүргийг биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулах тухай саналаа дээд шатын байгууллага албан тушаалтанд хүргүүлэх эрхийг салбар зөвлөлийн ажиллах журамд тусгасан, тэгэхээр тухайн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлт нь өөрөө  зөрчил гаргагч нэхэмжлэгчид нэг удаагийн боломж олгосон, өөрөөр хэлэх юм бол тухайн зөрчлөө нэг удаа хүлээн зөвшөөрөө, тэгэх юм бол шатлан дэвших шийтгэл ногдуулахгүй байх боломжтой гэж үзнэ. Хэрвээ тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй бол төрийн албанаас халах саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх гэж байгаа юм. Тухайн саналыг хүргүүлсэн буюу хариуцагчид тухайн санал ирсэн, үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийгдсэн, тайлбар санал авах боломжит хугацаа олгосон, гэтэл ямар ч хариу ирээгүй бөгөөд тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд тухайн маргаан бүхий тушаал гарсан байдаг. Тийм учраас одоо ингээд маргаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй, тухайн үедээ салбар зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авснаасаа хойш  төрийн албаны  зөвлөлд  гомдол гаргасан зүйл байхгүй, өөрөө тухайн үедээ бас хүлээн зөвшөөрсөн, маргаан бүхий актын үндэслэл  байгаа, тухайн дүгнэлтийг үндэслээд гарсан дүгнэлтийг өөрөө хүлээн зөвшөөрсөн буюу маргаангүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан. Тийм учраас энэ маргаан бүхий акт өөрөө хууль зүйн үндэслэлтэй хууль ёсны дагуу гарсан, нөгөө талаараа нэхэмжлэгчид сэргээгдэх хууль ёсны эрх ашиг сонирхол байхгүй гэдэг нь тогтоогдож байна. Тийм болохоор 106.3.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл байхгүй, 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хянан шалгасан бүрэлдэхүүн өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдэг агуулгаар тайлбарласан. Тухайн асуудал нь таньдаг байсан гэдгээ илэрхийлэх нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль байгаа.  Яг хэдийд ийм зөрчил байгаа гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч  гүйцэд хэлсэнгүй.  Өөрөөр хэлбэл бага насандаа таньдаг байсан гэдэг нь тухайн тэр ажлын хэсэгт орохгүй байх үндэслэл болохгүй, харин энэ талаараа мэдэгдэнэ л гэж байдаг. Тухайн  агуулгаар  мэдэгдсэн байдаг. Хоёрдугаарт ёс зүйн тухай хуулиар заавал ёс зүйн дэд хороо шийдвэрлэнэ, төрийн албаны салбар зөвлөл шийдэхгүй гэдэг агуулгыг яриад байх шиг байна. Энхзаяа өмгөөлөгч хэлсэн, салбар зөвлөлийн ажиллах журмаар ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг шалгах ийм чиг үүрэг нь байна, тийм учраас энэ чиг үүргийн хүрээнд хэрэглэж байгааг илт хууль бус гэж үзэхгүй, хоёрдугаарт нь илт хууль бус гэж үзээд байгаа хууль зүйн үндэслэлүүд нь өөрөө хууль бус захиргааны актын үндэслэлүүдэд хамаарах агуулгуудыг ярьж байгааг шүүх анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Салбар зөвлөлийн дүгнэлтийг дүгнэлт гэж үзэх, үзэхгүй нь бусад асуудал. Нэхэмжлэгч нь дүгнэлтэд ямар нэгэн гомдол гаргаагүй, гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас дүгнэлт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар татгалзах үүрэгтэй гэж байна. Энэ чинь хувийн эрх зүй биш, захиргааны эрх зүй. Жишээ нь тэр шүүгчээс татгалзлаа гэхээр шүүгч өөрөө татгалзлаа гэж үзээд шүүгч тухайн татгалзлыг хүлээж авахгүй байх боломжтой.  Энэ нь өөрөө хууль бус гэсэн үг биш гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөд байна гэж байгаа, гэтэл нэхэмжлэгч төрийн тусгай албан хаагчийн шалгалт өгөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол өнөөдөр хөндөгдөөгүй байгаа, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл төрийн албанд Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулалтаар томилогддог. Төрийн тусгай шалгалт өгөөгүй томилогдсон ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдэлдэггүй. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгч сонгон шалгаруулалтад тэнцэн томилогдсон буюу хууль ёсоор томилогдсон этгээд биш.

Хавтаст хэрэгт авагдсан тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн хувьд хүний эмч, багш гэх мэт заасан мэргэжлийн хувьд энэ хүн хангахгүй юм байна, тусгай шаардлагыг мэргэжлийн хувьд мөн хангахгүй, хавтаст хэрэгт мэргэжлийн хувьд хангасан баримт материалууд байхгүй. Нэгдүгээрт нь энэ хүн ерөөсөө төрийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг огтоос хангаагүй гэдэг нь өөрийнх нь ирүүлсэн баримтаас харагдана. Авлигатай тэмцэх газраас энэ хүний нөөцөд бүртгэгдсэн хугацаа дуусчихсан байгаа учраас анхнаас нь томилогдоход нь энэ хүн ингэж томилогдвол  төрийн  жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтын өгөөгүй учраас зөрчихөөр байна гэдэг анхааруулга өгсөн.

Хоёрт яригдаж байгаа агуулга бол ёс зүйн дэд хорооноос гадна төрийн албаны салбар зөвлөл, төрийн албаны тухай хуульд заасны дагуу гомдол мэдээллийг хяналт шалгалт явуулах эрхтэй, энэ ажиллах журам нь захиргааны хэм хэмжээний акт, өөрөөр хэлбэл салбар зөвлөлийн ажиллах журам дээр маш тодорхой заагаад өгчихсөн байгаа, энэ журам хүчингүй болсон зүйл байхгүй, заалтыг нь хүчингүй болгосон зүйл огтоосоо байхгүй, энийг бас хэлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч салбар зөвлөлд гомдол гаргасан, мөн нөгөө талаасаа нэхэмжлэгч өөрөө ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж байсан зүйл байхгүй, ёс зүйн дэд хороонд хариуцагчаас гомдол гаргаж байсан зүйл байхгүй, харин салбар зөвлөлд гомдол гаргасан.

Нэгэнт зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулаад ажлын байран дээр арга хэмжээ авхуулсан, хууль тогтоомжийг зөрчсөн, хууль дээдлэх, хуулийг хэлбэрэлтгүй сахиж мөрдөх зарчмуудыг зөрчсөн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 39 зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан гэдэг нь бусад этгээдийн буюу цагдаагийн байгууллага зөрчлийн хуулиар тооцсон арга хэмжээ авагдсан. Энэ арга хэмжээн дээр нэхэмжлэгч өөрөө тухайн зөрчлийн тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой, зөрчлийн актыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргах боломжтой, нэхэмжлэл, гомдол гаргаагүй гэсэн тэгэхээр тэр торгуулсан зөрчлийг хүлээн зөвшөөрөөд байгаа гэсэн үг. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг хүлээж авсан юм байна,  долоодугаар сард хүлээж авсан бол түүнээс хойш гомдол гаргах ёстой, гэтэл гомдол гаргаагүй байна. Төрийн захиргааны албан тушаалтны дэс түшмэлийн тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан байх ёстой. Нэхэмжлэл гаргах эрхгүй, үүнийг заавал тэр ажлаас халсан захиргааны акттай холбож ойлгохгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс “... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Сийн Оийг төрийн албанаас халах тухай” 1 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах”-аар маргаж байна.

1.1. Нэхэмжлэгчийн “... ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Сийн Оийг төрийн албанаас халах тухай” 1 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1.2. Нэхэмжлэгч С.О нь 2024 оны 04 сард ажлын байран дээрээ харьяа байгууллагын удирдах албан тушаалтантай маргалдаж, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд “зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах”-аар гомдол гаргасан бөгөөд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс түүний гомдлын дагуу гомдлыг хянан шалгах ажлын хэсэг байгуулж, улмаар гомдлыг хянан шалгаж дүгнэлт гаргасан болох нь

- нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 35-38 дахь тал)

- Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 33 дугаар тогтоол, гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн удирдамж, хуралдааны тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 12-27 дахь тал)

- Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №01 “Дүгнэлт” (2 дахь хавтаст хэргийн 28-34 дэх тал)-ээр;

1.3. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс №01 “Дүгнэлт”-ийг .... дүгээр сарын ...-ны өдрийн 5 дугаар албан бичгээр хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргад хаяглан хүргүүлсэн болох нь (1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал) тус тус тогтоогдож байна.

1.4. Улмаар хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №01 “Дүгнэлт”-ийг үндэслэн маргаан бүхий акт болох 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг (1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал) гарган нэхэмжлэгч С.Оийг төрийн албанаас халсан байна.

 

2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2025 оны 1 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... маргаан бүхий актад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага ногдуулах зохицуулалтыг хуульчилсан, гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хууль зөрчиж Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт гараагүй байхад мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийхдээ богино хугацаа зааж тайлбар гаргах эрхийг хязгаарласан” гэх агуулгаар;

харин хариуцагчаас “ ... нэхэмжлэгч нь төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс түүний зөрчлийг илрүүлсэн хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүй, мөн төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж томилогдоогүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх агуулгаар татгалзлаа тайлбарлан маргасан.

2.1. Нэхэмжлэгчийн “... төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхдаа төрийн жинхэнэ албанд буцаж томилогдсон” гэх, хариуцагчийн “... төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж томилогдоогүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй, эрх нь зөрчигдөөгүй” гэх маргааны үндэслэлүүдэд холбогдуулан хэрэгт цуглуулсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

2.2. Нэхэмжлэгч С.О нь анх Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаал (1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал),

2.3. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны шалгалт өгч, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, улмаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн болох нь

- 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас” (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал)

- Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” 76 дугаар тогтоол /хавсралтын 26 дугаарт тэмдэглэгдсэн/ (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал)

- Дорноговь аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Тангараг өргүүлэх тухай” А/602 дугаар захирамж /хавсралтын 39 дүгээрт тэмдэглэгдсэн/, (1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал)

- 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудас” (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал)

2.4. Үүний дараа Нийгмийн хөгжлийн бодлогын тасгийн даргын албан тушаалд томилогдсон нь Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дүгээр тушаал (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал),

2.5. Улмаар нэхэмжлэгч нь Солонгос улсад суралцах зорилгоор урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасны дагуу төрийн албанаас түр чөлөөлсөн болох нь Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/81 дүгээр тушаал (1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал),

2.6. Нэхэмжлэгчээс “... 3 сарын чөлөөний хугацаа дуусаж байгаа тул үүрэгт ажилдаа орох” тухай хүсэлтээ илэрхийлж байсан болох нь түүний 2018 оны 02 сарын 13-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын даргад хандан бичгээр гаргасан хүсэлт, өргөдөл гомдол шийдвэрлэх хуудас (1 дэх хавтас хэргийн 165-166 дахь тал),

2.7. Нэхэмжлэгч С.Оийг сумын “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд томилсон болох нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын дарга 2021 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн 4 дүгээр тушаал (1 дэх хавтас хэргийн 76 дахь тал),

2.8. Үүний дараа хариуцагч нь маргаан бүхий акт болох 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Сийн Оийг төрийн албанаас халах тухай” 1 дугаар тушаалаар (1 дэх хавтас хэргийн 9 дэх тал) нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгчийн “... төрийн жинхэнэ албанд буцаж томилогдохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан” гэх үндэслэлийн тухайд:

3.1. Өмнөх хэсэгт дүгнэснээр С.О нь 2011 онд тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд 2017 онд Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын тасгийн даргын албан тушаалаар Солонгос улсад суралцах үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон.

 3.2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө”, 23.3.2. “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5. “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, … төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж;

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1.“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу ... гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, … зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”,  мөн журмын “Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа” гэх Дөрөвдүгээр бүлгийн 4.2. “Энэхүү журмын … 2.2.1, …-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж,

Цаашлаад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын[1] 2.1. “Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.1.4. “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц” гэж, мөн журмын “Нөөцөд байх хугацаа” гэх Дөрөвдүгээр бүлгийн 4.2.“Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч С.О нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн 4 дүгээр тушаалаар “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд буцаж томилогдохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан болох нь тогтоогдож байна.

3.3. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн “… нэхэмжлэгч С.О нь ажлын байрны шаардлага хангаагүй, албан тушаалын тодорхойлолт заасан мэргэжил эзэмшээгүй гэх татгалзлын тухайд

Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаар тушаал (1 дэх хавтас хэргийн 126-132 дахь тал)-аар маргаан бүхий “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага” хэсэгт заасан мэргэжил “багш, хүний их эмч, нийгмийн ажилтан, бусад” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч С.Оийн эзэмшсэн сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжил нь ажлын байрны тусгай шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч түүний өмгөөлөгч нарын “… нэхэмжлэгч нь ажлын байрны шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй төрийн жинхэнэ албан тушаалд буцаж томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх агуулга бүхий татгалзал үндэслэлгүй.

 

4. Хариуцагчийн “… нэхэмжлэгч С.О нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж томилогдоогүй” гэх татгалзлын талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч С.Оийн эрхэлж байсан ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь  заалтад зааснаар “төрийн захиргааны албан тушаалын ангилал”-д хамаарахаар байх ба мөн зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан тушаал” болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/02 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт, “Ажлын байрны тодорхойлолт”-/”Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалын ангилал, зэрэглэл нь “Дэс түшмэл, ТЗ-5”/-оор тус тус тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 176-177, 127-128 дахь тал)

 4.2. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3. “… тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, … заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч С.О нь 2021 оны 04 дүгээр сард Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд буцаж томилогдохдоо төрийн албаны “тусгай шалгалт”-ыг өгөхөөр байна.

4.3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хариуцагчаас хэрэгжүүлээгүй тодруулбал “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалын сул орон тооны талаар олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлээгүйгээр нэхэмжлэгч С.Оийг 2021 оны Б/29 дүгээр тушаалаар “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд томилсон болох нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 49 тоот албан бичигт “… Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын томилох эрх бүхий албан тушаалтан нь Нийгмийн бодлогын тасгийн даргын сул орон тоог нөхөх захиалгыг ирүүлээгүй …” гэж дурдсанаар тус тус тогтоогдсон байна.

Улмаар хариуцагчаас маргаан бүхий акт болох 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалаар (1 дэх хавтас хэргийн 9 дэх тал) нэхэмжлэгчийг төрийн албанаас халснаас 3 сарын дараа “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/536 дугаар албан бичгийг (2 дугаар хавтас хэргийн 60 дахь тал) Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн нь тогтоогдож байна.

Иймээс Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий Нийгмийн бодлогын тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 7.1.4. “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5.  “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасны дагуу маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.

Мөн Хариуцагчаас С.О нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, шаардлага хангахгүй гэж маргаж байгаа хэдий ч маргаан бүхий 2025 оны 1 дугаар ажлаас халсан тушаал нь энэ үндэслэлээр гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчид төрийн албаны тусгай шалгалт өгөх боломжийг олгоогүй хариуцагчийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

5. Маргаан бүхий акт болох 2025 оны 1 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас халсан, ингэхдээ Ёс зүйн хороо, дэд хорооны дүгнэлтэд үндэслэх, ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн нь хууль бус, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргах эрх хэмжээ хуулиар олгоогүй” гэх агуулгаар;

Харин хариуцагч түүний өмгөөлөгч нараас “... нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсан, ёс зүйн зөрчлийг шалган тогтоосон Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлттэй маргаагүй” гэх агуулгаар шаардлага, татгалзлаа тайлбарлан маргасан.

5.1. Хариуцагч нь 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалд (1 дэх хавтас хэргийн 9 дэх тал) нэхэмжлэгч С.Оийг төрийн албанаас халах буюу захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг “… Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн хяналт шалгалтаар илэрч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж тодорхойлон улмаар маргаан бүхий актад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон байдаг.

5.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.4. “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж заасныг хариуцагч нь “Ёс зүйн хорооны эсхүл Ёс зүйн дэд хорооны дүгнэлт”-ийг үндэслэн нэхэмжлэгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр ойлгож хэрэгжүүлэхээр байна.

5.3. Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс  С.Оийн гомдлыг хянан шалгаж 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №01 “Дүгнэлт”-ийг гаргахдаа “Гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн шалгалтын удирдамж”-ыг (2 дахь хавтас хэргийн 14-15 дахь тал) батлан нэхэмжлэгч С.Оийн болон гомдолд холбогдсон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг цаашлаад байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, бодлогын баримт бичгийн хэрэгжилт зэрэг асуудлаар хяналт шалгалтыг явуулсан байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5. ”Иргэний гомдол, мэдээлэл гаргахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулна.”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл “Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх”, 12.1.”Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ…”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3.1.1.“Төрийн албаны шинэтгэл, Төрийн албаны тухай хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, энэ талаар харьяалах байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх”, 3.1.3. “Төрийн албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлыг зохион байгуулах, энэ талаар үүрэг даалгавар, арга зүйн зөвлөгөө өгөх” гэж зааснаас үзэхэд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийг эрх хэмжээгээ хэтрүүлж 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №01 “Дүгнэлт”-ийг гаргасан гэж буруутгах боломжгүй.

 

6. Нэхэмжлэгчийн “… ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар өнгөрсөн байхад хариуцлага хүлээлгэж хууль зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

 Өмнөх 1.3 дахь хэсэгт дүгнэснээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс №01 “Дүгнэлт”-ийг хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргад .... дүгээр сарын ...-ны өдрийн 5 дугаар албан бичгээр хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ асуудлаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно”, 15.2.3.томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллага” гэж зааснаас үзвэл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн №01 “Дүгнэлт”-ийг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид мэдэгдсэнд тооцох нь зүйтэй байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, …-аас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан байхад хариуцагч нь нэхэмжлэгч С.От “ёс зүйн хариуцлага хүлээлгэх” талаарх аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн №01 “Дүгнэлт”-ийг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаас хойш 08 сар 11 хоногийн дараа нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан маргаан бүхий акт болох 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 1 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус, нэхэмжлэгч С.Оийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдана” гэж заасан төрийн жинхэнэ хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий акт болох хариуцагч ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Оийг урьд эрхэлж байсан ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан маргаан бүхий захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг “… төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж тодорхойлсон атлаа маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсгийг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд заасан “хуульд үндэслэх”, “… бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй болохыг;

Түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.3 дахь хэсгүүдэд заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан” зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл, нөхцөл байдал бий болоогүй, дээрх тохиолдлуудын аль нь ч үүсээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

7. Шүүхээс нэхэмжлэгч С.Оийг төрийн жинхэнэ албанаас хууль бусаар халсан хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн “... ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. “Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна”, 7.2.5. “хууль бусаар ажлаас халагдсан хүн”, 21 дүгээр зүйлийн 21.7. “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг маргаан бүхий ажлаас халагдсан 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч С.Оийг урьд эрхэлж байсан “Нийгмийн бодлогын тасгийн дарга”-ын ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаагаар тооцон олгохыг хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгчийн “... тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.10.“Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 2.8. “Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд: 1/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох” гэж заасныг нэхэмжлэгчийн тохиолдолд түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол ажил олгогч ээлжийн амралтын тооцоог хийхээр ойлгож хэрэгжүүлнэ.

Шүүх нэхэмжлэгч С.Оийг төрийн жинхэнэ албанаас халсан хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2025 оны 1 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн “...тухайн үед эдлэх байсан амралтын мөнгийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.10, 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Оийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 1 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Оийг урьд нь эрхэлж байсан Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлээс үлдсэн амралтын мөнгийг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж С.От олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.БОЛОРЦЭЦЭГ

 


[1] Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөний дараа уг журмыг шинэчлэн баталсан.