Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01273

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01273

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01222 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК, С ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 25 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 46 270 952 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баасансүрэн, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Т ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 32.24х106.72м хэмжээтэй сэндвичэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын төлбөрт 104 640 000 төгрөг төлөх, уг төлбөрийн 50 000 000 төгрөгт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, үйлчилгээний УБ виста (UB vista) орон сууцны барилгын A блокын 19 тоот хаягт байрлах 21,44 м.кв орон сууцийг өгөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн Г ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дугаар SS-2017-BAR-004 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу төлбөрийг тооцох талаар заасан байдаг. Тус барилгын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон боловч зарим ажлыг гүйцэтгэж байсан Төгстөмөр ХХК, Э ХХК нар (захиалагчай гэрээ байгуулж зарим ажлыг гүйцэтгэсэн компаниуд юм) суурийн ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйн улмаас төмөр карказны ажил удааширсан. Сэндвичэн дээврийн угсралтад гологдол гаргаж норм дүрмийн дагуу угсраагүй, гэрээнд заасан ажиллах хүчээр хангаагүй хугацаа хоцорсноос болж ажлын гүйцэтгэл хойшилж улмаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгч гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл захиалагч нь гэрээгээр тохирсон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, үйлчилгээний УБ виста (UB vista) орон сууцны барилгын А блокын 19 тоот хаягт байрлах 21,44 м.кв орон сууцыг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй байна. Гэрээний 11.2-т Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зөрчил гаргаагүй байх үед захиалагч энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих мөнгөн дүнг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлбөрийг төлөх хүртэл хугацаанд тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Т ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 1039 хоног үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн байсан. Үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй хоног тутам 250 000 төгрөг тооцсон бөгөөд үүрэг гүйцэтгээгүй нийт хоногт 259 750 000 төгрөг болсон боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Ажлын явц 80 хувьтай байхад ажлыг зогсоосон. Ажлыг хүлээлгэн өгсөн болно. Ажлаа хаяж явсан гэдэг үндэслэлгүй. Мөн албан бичиг хүргүүлж байгаагүй болно. Бодитоор захиалагч талаас өөрсдөөс хамаарч хойшилсон юм. Тухайн үед гэрээг дүгнээд дуусгавар болгосон болно. Ажлыг 80 хувь гүйцэтгэсэн байсан ч тэр хэмжээний хөлсийг төлөх ёстой. Иймд Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 25 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Г ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр SS-2017-BAR-004 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд захиалагчийн хэрэгжүүлж буй Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, UB Vista хотхоны А блок, 6 дугаар давхрын 1 өрөө буюу нийт 21.34 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, энэхүү орон сууцны үнэ буюу 50 000 000 төгрөгийг Т ХХК болон Г ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-тэй хамт хэрэгжиж, дүгнэхээр тохиролцсон бөгөөд уг орон сууцыг харилцан тохиролцож Г ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн болно. Гэвч Г ХХК нь Т ХХК-тай байгулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.12-т ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил дууссан тухай акт үйлдэнэ. Ажил дууссан тухай актыг үндэслэн захиалагч гэрээний дагуу төлбөрийг барагдуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Алдангийн гэрээг манайхтай бичгээр хийгээгүй тул шаардах эрхгүй болно гэжээ.

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, УБ Виста /UB Vista/ орон сууцны барилгын А блокын 19 тоот хаягт байрлах, 21.34 м.кв орон сууц, алданги 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг С ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх барилгын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу сэндвичэн барилгыг барьж үр дүнг хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажлын төлбөрийг акт үйлдсэнээс хойш шилжүүлнэ. Гэтэл ажлыг хүлээлгэн өгөлгүй орхиж явсан. Сүүлд манайх өөрсдөө ажлыг гүйцээж нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй гэж тогтоосон гэжээ.

Хариуцагч С ХХК, Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баасансүрэн, Б.Мандуул нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК болон Т ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээнд Г ХХК нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32.24х106.74 метр хэмжээтэй сендвичэн барилгын угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, нөгөө талаас Т ХХК нь 104 640 000 (48 048 000 төгрөг бэлнээр 50 000 000 төгрөгийн үнэ бүхий байр оролцуулах) төгрөгийг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон. Т ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэн 48 048 000 төгрөгийг бэлнээр төлж, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр SS-2017-BAR-004 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан Г ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл Г ХХК нь гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, Т ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй алга болсон бөгөөд үүнээс үүдэн нийт 46 270 952 төгрөгийн үнэ бүхий дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд Т ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр Г ХХК-д нийт 98 048 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Г ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 80 хувийн ажлын хөлс болох 83 712 000 төгрөгийн зөрүү төлбөр болох 14 336 000 төгрөгийг, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 5 655 000 төгрөгийг, Г ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг Э-аар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 15 799 600 төгрөгийг, Г ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг иргэн Т.Хаар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 2 000 000 төгрөгийг, Г ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8 480 352 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан ТВ-2017-015 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул Г ХХК-аас 46 270 952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 46 270 952 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийг 5 төрлийн төлбөрт задалж бичсэн байх боловч уг мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч ямар шалтгаан нөхцөл, ямар хууль зүйн үндэслэлийн улмаас хариуцах ёстой талаар тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэлд үндсэн нэхэмжлэлтэй адил бүрдүүлбэртэй байх хууль зүйн шаардлагыг тавьдаг. Мөн хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэл нь үндэслэл болон шаардлага хэсэгтэй байхаар заасан. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхээс хүсч буй эрх зүйн үр дагавар байдаг. Харин нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль зүйн шалтгаан нөхцөл байдаг. Гэтэл хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд шаардлага болон үндэслэл хэсгийг тусгайлан тодорхойлоогүй байна. Мөн бодит нөхцөл байдлын хувьд ч нэхэмжлэгч нь 46 270 952 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч өөрөө үүргээ биелүүлээгүй хэрнээ алданги шаардсан нь ойлгомжгүй. Доголдол илэрсэн баримтгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс доголдол илэрсэн арилгуулж өгөөч гэж манайд хандсан зүйл байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар С ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 576 байрны 19 тоот хаягт байрлах, 21.34 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Г ХХК-ийг тогтоож, Г ХХК-иас 16 336 000 /арван зургаан сая гурван зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулж, Т ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 25 000 000 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 934 952 төгрөгийг, С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 690 900 төгрөг, Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389 305 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 239 630 төгрөг гаргуулж, хариуцагч Т ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баасансүрэн, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Т ХХК нь Г ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх ТВ-2017-015 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооны нутаг дэвсгэрт 32.24x106.74 метр хэмжээтэй сендвичэн барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, харин ажлын хөлсөнд 104 640 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, энэхүү ажлын хөлснөөс 50 000 000 төгрөгт тооцон Саруул сайхан ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 21.44 м.кв нэг өрөө орон сууцыг шилжүүлэх, үлдэх төлбөрийг бэлнээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Ийнхүү 50 000 000 төгрөгийн ажлын хөлсөнд орон сууц тооцож шилжүүлэх орон сууц захиалгын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 55-2017-ВАР-004 тоот гэрээг Саруул сайхан ХХК болон Г" ХХК-ийн хооронд тус тус байгуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний хугацаанд Т ХХК, Саруул сайхан ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Г ХХК-нд 48 048 000 төгрөгийг бэлнээр төлсөн, мөн 50 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гэрээ байгуулагдах үед түүний эзэмшилд шилжүүлсэн боловч Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих биелүүлэлгүй, гэрээт ажлыг чанаргүй, дутуу гүйцэтгэн, ажлын үр дүнг Т ХХК-нд хүлээлгэн өгөлгүй орхин явсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Саруул сайхан ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21.44 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Г ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь, Г ХХК нь энэхүү Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлаа чанаргүй буюу дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байх тул ажлын хөлсөнд 50 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхээс барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг цуцалсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 655 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажил болон ажлын доголдлыг засварлахад Э-аар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 15 799 600 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8 480 352 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас С" ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21.44 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Г ХХК-ийг тогтоож шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 655 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажил болон ажлын доголдлыг засварлахад Э-аар хийж гүйцэтгүүлсэн төлбөр 15 799 600 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8 480 352 төгрөг нийт 29 934 952 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т ХХК, С ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 46 270 952 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ТВ-2017-015 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32.24x106.74 метр хэмжээтэй сендвичэн барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандартын дагуу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, хариуцагч Т ХХК нь ажлын хөлс 104 640 000 төгрөг төлөхөөс 50 000 000 төгрөгт тооцон С ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 21,44 м.кв нэг өрөө орон сууцыг шилжүүлэхээр, үлдэх төлбөрийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх.44-54/ Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч С ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу хариуцагч С ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, УБ виста (UB vista) орон сууцны барилгын А блок 6 давхарт 1 өрөө 21,34 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагч буюу нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь нэг м.кв талбайг 2 343 018 төгрөгөөр тооцон нийт үнэ 50 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний 3.1-т Тус гэрээний 2.1-д заасан орон сууцны 1 м.кв талбайн захиалгын үнэ нь 2 343 018 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөг байна гэж, 3.2-т Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр буюу орон сууцны нийт үнийг ТВ-2017-015 тоот гэрээний дагуу төлсөн бөгөөд энэхүү гэрээ нь ТВ-2017-015 тоот гэрээтэй хамт хэрэгжиж, дүгнэгдэнэ гэж тус тус заажээ. /хх.58-62/

 

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Т ХХК-ууд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, ажлын гүйцэтгэлийг 80%-иар тооцсон, гэрээний төлбөрийн нөхцөл болон санхүүжилт гэсэн хэсэгт 48 048 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгийг бартераар төлсөн талаар дурдаж гарын үсэг зурж баталгаажуулжээ. Зохигчид гэрээ дүгнэсэн актын талаар маргаагүй. /хх.55/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх ТВ-2017-015 тоот гэрээ-г дүгнэсэн актанд хийж гүйцэтгэсэн ажлын хувь /80%-ийн/, хариуцагч талаас ажлын хөлсөнд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын SS-2017-BAR-004 тоот гэрээ-ний дагуу орон сууц болон бэлэн мөнгө өгсөн талаар тохиролцсон үйл баримтаас дүгнэхэд анхан шатны шүүх С ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 576 байрны 19 тоот хаягт байрлах, 21.34 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Г ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч Г ХХК-аас хийж гүйцэтгэсэн 80 хувийн ажлын хөлс болох 83 712 000 төгрөгийн зөрүү 14 336 000 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн алдангид 5 655 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг Э-аар хийж гүйцэтгүүлсэн төлбөрт 15 799 600 төгрөг, засварын ажлыг иргэн Т.Хаар хийж гүйцэтгүүлсэн төлбөрт 2 000 000 төгрөг, материалын үнэ 8 480 352 төгрөг нийт 46 270 952 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас гүйцэтгээгүй ажлын хөлсний зөрүү 14 336 000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч Т ХХК сөрөг нэхэмжлэлээр шаардсан Э ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөрийн 15 799 600 төгрөг болон материалын үнэ 8 480 352 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г ХХК-ийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлын үнэ гэж тайлбарлаж, зохигчид уг үндэслэлээр мэтгэлцсэн байна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш юм.

 

Хэрэгт дээврийн хавтангийн хөөсийг Э ХХК-аар дахин хийлгэсэн хариуцагч талаас Э ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний дагуу тус байгууллагад 17 714 840 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг ирүүлсэн байна. Дээрх Э ХХК, Т ХХК нарын хоорондох гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 1000 хонины фирмийн барилгын сэндвичэн дээврийн ажлыг бүрэн гүйцэтгэх, зуухны барилгын дээврийн ажлыг гүйцэтгэх, зуухны барилга сэндвичэн барилгын дотор засал, гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ.

 

Хариуцагч Т ХХК нь 80%-ийн гүйцэтгэлтэй ажлыг хүлээж авснаас хойш буюу хуульд заасан хугацааны дотор ажил гүйцэтгэгчид хандан ажлын доголдлын талаар шаардлага гаргаж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх Т ХХК иргэн Т.Хтай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ТВ-2018-050 тоот гэрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн сэндвичэн дээврийг засварлах, усны дусаалгыг бүрэн зогсоох, усны хаялга шинээр хийхээр тохиролцсон, уг гэрээний 2 дугаар хавсралт дахь үнийн саналд сэндвичэн дээврийг засварлах ажлын хөлс 2 000 000 төгрөг гэж тусгагдсан, дээрх ажлыг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан баримтын дүгнэн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ-г хугацаанаас өмнө цуцласан тул хэн алин нь нөгөө талаас алданги шаардах үндэслэлгүй гэж дүгнэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 625 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО