Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 115/ШШ2025/0019

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, мөн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: иргэн Б.Х

Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.А/, нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр /шийтгэх хуудас/-ийг хүчингүй болгуулахтай холбоотой гомдлоор үүсгэсэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэн Б.Х, хариуцагч эрх бүхий албан тушаалтан буюу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч иргэн Б.Х нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 3988000 /гурван сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан эрх  бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл /гомдол/-ийг  Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.А/-д холбогдуулж гарган, маргаж байна.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /гомдол/-дээ: Дорноговь аймгийн Байгаль орчин хамгаалах газрын улсын байцаагч Э.Аын 2025.06.10-ны өдрийн ... дугаартай, "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар надад шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрөн, уг хууль бус шийтгэлийг хүчингүй болгуулах тухай Хууль зүйн үндэслэл: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу уг хуулийн 6.37-д заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Б.Х би тус аймгийн У сумын нутаг дэвсгэрт Франц улсын хөрөнгө оруулалттай "Б" ХХК уран олборлож байгаа үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг судлах, болон төр засгийн байгууллагуудад таниулах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2025 оны 4-р сард тус сумын нутаг дэвсгэрт хувийн ажлаар явж байхдаа олон тооны зээр явж чадахаа болиод, газар унан хөрвөөж, тонгочиж байх үзэгдэлтэй таараад зургийг авч, бичлэг хийж, өөрийн нүүр номын хуудсанд тавьж улмаар явж чадахаа больсон, бахардаад амьсгаадаад муухай дуугараад босохоороо буцаж хамраараа газар хатгаж унаад байгаа амьтдыг хараад харуусах сэтгэл төрж, уран олборлож буй компанийн буруутай үйл ажиллагаанаас болж учирч буй аюул гамшгийн нэгээхэн хэсэг гэж үзэж тэднийд энэ байдлыг нь харуулахаар зорьж, хэдэн зээрийг ачааны машины тэвшин дээр өргөж тавьж компанийн хашааны гадна авчран лайв хийж харуулсан юм. Ингээд лайв хийж дуусаагүй байхад тэр амьтад газар дээр амьсгал хураасан. Энэ бүхэн лайв бичлэгтэй, олон нийтийн нүдэн дээр болсон явдал юм. Гэтэл намайг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн " агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн" хэмээн буруутгаж уг зүйл заалтаар 3.988 000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх, 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон нь үндэслэлгүй боллоо гэж үзэж байна. Учир нь: Нэгт: Зөрчлийн тухай хуулийн уг заалтад: "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хорионы хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол...." хэмээн заажээ. Гэтэл би бээр уг амьтныг огт "агнаагүй" болно. Тэр амьтан олон түмний нүдэн дээр өөрөө нүд аньсан.

Хоёрт: Уг заалтад буй "агнуурын бүс нутгаас бусад газарт", " эсхүл агнах хориотой үед". "эсхүл хорионы хугацаанд", " эсхүл хориглосон арга хэрэгслээр" гэдэг ойлголтуудын чухам аль аргаар агнуур хийсэн гээд байгааг улсын байцаагч тодорхойлсонгүй.

Тэрээр шийтгэлийн хуудсандаа намайг "агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн" гэж бичсэн. Тэгвэл уг хуулийн заалтад нь" зөвшөөрөлгүй агнах" гэсэн тодорхойлолт байхгүй байна.

Гуравт: Би нэгэнт агнуур хийгээгүй тул, мөн улсын байцаагч намайг хуульд заасан яг ямар хориотой үйлдэл хийснийг тодорхойлоогүй тул миний зүгээс цагаан зээрийг "барьсан", "тээвэрлэсэн" үйлдэл хийсэн маань зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Иймд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн бөгөөд,

            Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр яг зээр ч гэж яваагүй юм. Тэр бүс нутагт мал амьтан, зээр, үнэг, хярс, чоно, хүн бүхий л байдлаар эрүүл аюулгүй байдал нь алдагдсаныг судалж, судалгаа хийж баримт цуглуулж явдаг үйл ажиллагаагаа хийж явсан. Тэр явцад цуглуулсан баримт судалгаагаа хууль, шүүхийн болон холбогдох газруудад гаргаж өгдөг. Тэгж яваад үхэж байгаа зээртэй тааралдсан.

             Тухайн нөхцөл байдлыг газар дээрээс нь лайв хийж харуулан баримтжуулж байсан. Яг тэр 4 зээрийг агнасан, ачсан, тээвэрлэсэн гэдэг ойлголтоор намайг буруутгаж байгаа. Тэр зээрүүд өмнө судлагдаж байсан нөхцөл байдалтай ижил байсан тул мөн л судлах, баримт цуглуулах ажиллагаандаа орсон. Бидэнд бензин шатахууны боломж муу учраас нутгийн малчны 1 том машин, 1 жижиг машинтай явсан. Том машин нь орчин тойрныг ажиглаад ирье, баримтжуулах зээр амьтан байна уу, байвал ачаад ирье гээд явсан.

            Ингээд ойролцоогоор 20-30 минутын дотор ачаад ирсэн. Энэ ажиллагааг лайваар дамжуулж байсан. Ингээд тэдгээр 4 зээрийг “Б” ХХК-ийн “Хил хязгааргүй мал эмнэлэг”-т хүргэж өгч амийг нь аваръя гэж очсон. Ингээд очиход харуул хамгаалалтын хүмүүс цааш нь дамжуулсан ч мал эмнэлгээс хүн гарч ирээгүй энэ хугацаанд нэлээд цаг алдсан. Үйл явдлыг баримтжуулах үүднээс лайвыг тасралтгүй үргэлжлүүлж байсан. Энэ үед 2 зээр нь амьсгал хураасан.

            Нэгэнт амьсгал хураасан 2 зээрийг задалж олон нийтэд үзүүлсэн. Үүнээс харахад ямар нэг буруу зорилготойгоор хууль зөрчиж ан агнасан гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, хэлмэгдэлд ороод байна. Агнасан гэдэг зүйлчлэлээр намайг хэлмэгдүүлэх вий гэж болгоомжилж шүүхэд хандсан. Нөгөө талаар тэр ачсан, тээвэрлэсэн асуудал бол зээрийг үхлээс аврах л ажиллагаа хийж мал эмнэлэгт хүргэсэн гэв.

 

3. Хариуцагч улсын байцаагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 43Б байр, 22 тоот-д оршин суух Б.Х-ийн "Агнуурын амьтныг зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 300 нэгжээр торгож, 3988000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулах шийдвэрийг ... дугаартай шийтгэлийн хуудсаар гаргасан. Уг шийтгэлийг иргэн Б.Х нь эс зөвшөөрөн 2025.06.10-ны өдрийн ... дугаартай, "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Б.Х нь тухай амьтдын "Эд эрхтнээс дээж авсан. Гол нь тухай амьтны эд эрхтнийг идээ бээр болсныг нь иргэдэд шууд үзүүлэх гэж лайв хийсэн. Мөн тэнд цочоод унахдаа үхэж байгаа зээрүүдийг ураны компанийн "Хил хязгааргүй мал эмнэлэг" гэж байдаг гэж сонссон тэнд эмчлүүлэхээр 4 тооны зээрийг тээвэрлэж авч очсон. 4 зээр тэнд очих доо амьд байсан. Тухай компанийн гадна очоод 30-40 минут хүлээх явцад 2 зээр нь цуваад үхсэн. Нэгэнт үхсэн бол задлаад үзчих гэсэн. Дээрх зээрүүдээс авсан дээжээс би нэг зээрийн гэдэс дотрыг авч хадгалсан тэрийг би төрийн байгууллагуудад өгөхгүй. Тэрийг би нуусан учраас хэнд ч хэлэхгүй олон улсын хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад өгнө. Ирэх жил би дахиад энэ ажлаа хийнэ тэхдээ мөн зөвшөөрөл авахгүй хэдэн зуугаар нь нотлох баримт цуглуулна" гэж мэдүүлсэн.

Б.Хгийн өгсөн дээрх мэдүүлгээр тухайн амьтдын эд эрхтнээс дээж авсан мөн хадгалсан болох нь нотлогдож байна. Харин Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна" гэж заасан байна.

Иймд Б.Х-ийн тухайн амьтдаас дээж авч хадгалсан үйлдлийг тухайн амьтныг агнасантай адилтган үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно шийтгэлийг оногдуулсан болно. гэсэн бөгөөд,

            Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа амьтныг агнах, судалгаа шинжилгээний хүрээнд ашиглах байсан ч Байгаль  орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ нь  Амьтны тухай хуулийн 5.3 дахь заалтад байна. Нэхэмжлэгч бол би агнаагүй гээд байгаа, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл дээр аливаа амьтныг зөвшөөрөл авалгүйгээр тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг цуглуулсан, худалдан авсан гадаад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж заасан байдаг. Зөрчлийн холбогдогч Б.Хгийн хувьд судалгаа шинжилгээний зориулалтаар гэж байгаа боловч тухайн амьтны эд эрхтнийг цуглуулсан буюу судалгааны зориулалтаар авсан,  дээр нь барьж ачиж тээвэрлэсэн байгаа. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан, гэв.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээрх хэргийн оролцогчдоос гаргаж буй тайлбарууд, мөн тухайн зөрчлийн хэрэг дэх баримтууд буюу түүнийг шүүхээс шаардан гаргуулснаар тус захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, үнэлж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл /гомдол/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас шүүхэд тайлбарлаж буй нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлага болон үндэслэл, түүнийг эс зөвшөөрч буй үндэслэл зэргийг дараахь агуулгаар тодорхойлбол:

          2.1 Нэхэмжлэгч талаас: Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн ...” зөрчилд уг хуулийн тус заалтын дагуу хариуцлага хүлээлгэхээр байтал, надад шийтгэл оногдуулсан “Шийтгэлийн хуудас”-даа “агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн бөгөөд,

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “зөвшөөрөлгүй” гэх тодорхойлолт байхгүй тул эрх бүхий албан тушаалтан нь “агнуурын бүс нутгаас бусад газарт”, “эсхүл агнах хориотой үед”, “эсхүл хорионы хугацаанд”, “эсхүл хориглосон арга хэрэгслээр” гэж заасан үндэслэлүүдийн алинд нь холбогдуулж тухайн зөрчлийг гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаагаар шийдвэр нь хууль бус гэсэн агуулгаар,

2.2. Хариуцагч талаас: зөрчлийн холбогдогч Б.Хгийн тухайн амьтад /зээр/-ын эд эрхтнээс дээж авсан, хадгалсан үйлдэл нь нотлогдсон тул Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 -т "Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна" гэж заасныг үндэслэн түүний дээрх үйлдлийг тухайн амьтан /зээр/-ыг агнасантай адилтган үзэж,

Иргэн Б.Хд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл буюу  “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй, гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

 

3. Тус зөрчлийн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

3.1 Хавтаст хэрэгт авагдсан байгаа, тухайн үед зөрчлийг хянан шалгасан баримтуудаас үзвэл, уг зөрчилд холбогдох үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 91 тоот Прокурорын тогтоолоор “... Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт  тогтоогдсонгүй...” гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж /х.х-ийн 026-027-р тал/,

3.2 Тус зөрчилд холбогдох материалыг дээрх тогтоолын хамт тухайн зөрчлийг харьяалан шалгаж шийдвэрлэх байгууллагад буюу Дорноговь аймгийн Байгаль орчны газарт шилжүүлсэн байна /х.х-ийн 025-027-р тал/.

3.3  Энэ дагуу түүнийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.А/ -ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”-оор тухайн зөрчилд 2520000309 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж /х.х-ийн 021-023-р тал/,

3.4 Улмаар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр /х.х-ийн 104-р тал/-ээр иргэн Б.Хг  Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг /Амьтны тухай хууль зөрчих/-т заасан зөрчилд холбогдуулан, “Агнуурын амьтан /цагаан зээр/ зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 3988000 /гурван сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд,

3.5 Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг шийтгэл оногдуулахдаа хуулийн тухайн зүйл, заалтад “зөвшөөрөлгүй агнах” гэж заасан үндэслэл байхгүй, түүнчлэн тухайн заалт дахь үндэслэлүүдийн алинд нь холбогдуулж байгаагаа тодорхойлолгүй шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж байгаа нь тус маргааны үндэслэл болж байна.      

4. Энэ дагуу тус маргааны үндэслэл болж буй нэхэмжлэгчийг торгож шийтгэсэн ... дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр нь холбогдох хуулийг зөрчсөн эсэх, мөн тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд;

  4.1 Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас зөрчил үйлдсэн гэх иргэн /нэхэмжлэгчид/-д оногдуулсан шийтгэлийн арга хэмжээг зохицуулсан хууль болох Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл /Амьтны тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            4.2  Хуулийн дээрх зохицуулалтын агуулгыг авч үзвэл иргэн, хуулийн этгээдийн хувьд Амьтны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Агнуурын амьтныг дараах зориулалтаар агнаж, барина” гэж зааснаар тус зүйлийн 24.3.1-д  “үйлдвэрлэлийн”, 24.3.2-т  “ахуйн”, 24.3.3-т “тусгай”  гэж тус тус заасан зориулалтын аль нэгд хамаарах агнуурын амьтныг  агнах, барих “хууль ёсны зөвшөөрөл” -тэй хэдий ч тухайн этгээд нь “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” бол уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарч, тус зүйлд заасан хариуцлагыг хүлээхээр байгаа ба, өөрөөр хэлбэл тус хуулийн тухайн зүйлд заасан зөрчилд холбогдогч нь Амьтны тухай хуульд заасан дээр дурдсан зориулалтад хамаарах “хууль ёсны зөвшөөрөл”-тэй этгээд байх бөгөөд, харин тэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон үндэслэлүүдэд хамаарах үйлдлийг хийсэн тохиолдолд тухайн зөрчлийн холбогдогч болохоор байна.

            4.3  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөрчлийн холбогдогч болох нэхэмжлэгч иргэн Б. Х нь тухайн үйлдэл, үйл ажиллагаагаа хэдийгээр “судалгаа” хийх болон “судалгааны баримт” бүрдүүлэх зорилготой гэж байх боловч тэрээр Амьтны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.3-т заасан “тусгай”  зориулалтын дагуу буюу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д заасан “эрдэм шинжилгээ”-ний зориулалтаар амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөлгүй болох нь түүний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан мэдүүлэг, мөн тус захиргааны хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Хгөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн тодруулга тайлбар /х.х-ийн 114-116-р тал/-т дурдаж байгаагаар болон “ямар нэг зөвшөөрөл байхгүй, тухайн үйл ажиллагааг өөрөө хувь хүнийхээ зүгээс явуулсан” талаар шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээр тогтоогдож байхын хамт,

            4.4 Мөн тухайн зөрчилтэй холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардсанаар гаргуулж авсан нэхэмжлэгч Б.Хгийн үүсгэн байгуулсан гэж буй, Улсын бүртгэлийн 0671001054 дугаартай хуулийн этгээд болох “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын  гэрчилгээ болон тус байгууллагын дүрэм зэрэгт зааснаар тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго нь “Орон нутгийнхаа хөгжил, ард иргэдийн төлөө тав тухтай аюулгүй орчныг бүрдүүлэх, соёл спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л шатны төрийн ба төрийн бус байгууллагууд, компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэд, хувь хүмүүстэй /гадаад, дотоод/ харилцан дэмжиж, хамтран ажиллах, дээрх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах” зорилго бүхий  байгаагаар,

            4.5 Нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан дээрх төрийн бус байгууллага нь мөн  дээр дурдсан Амьтны тухай хуульд зааснаар “эрдэм шинжилгээ”-ний тусгай зөвшөөрлийн дагуу холбогдох үйл ажиллагаа эрхэлдэг талаарх асуудал тус байгууллагын гэрчилгээ болон дүрмийн зорилгод тусгагдаагүй, энэ талын хууль ёсны зөвшөөрөл байхгүй зэргийг /х.х-ийн 116-119-р тал/  дурдах нь зүйтэй байна.

            4.6 Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогч Б.Х нь  хууль ёсны ямар нэг “зөвшөөрөлгүй” байхад, хариуцагч эрх бүхий албан тушаалтны зүгээс түүнд “хууль ёсны зөвшөөрөл”-тэй этгээдэд оногдуулах шийтгэлийг буюу Амьтны тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлийг эзэмшдэг иргэн, хуулийн этгээдийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон үйлдлүүдийг зөрчсөн  тохиолдолд тухайн этгээдэд оногдуулах ёстой шийтгэлийг хүлээлгэсэн нь  тус хуулийн тухайн заалтыг буруу хэрэгжүүлж, шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд, улмаар энэ нь Зөрчлийн тухай хуулийн  1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, … нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, … д тохирсон байна.” гэж заасан зарчимд нийцэхгүй байна.

            4.7 Түүнчлэн тус эрх бүхий албан тушаалтны зүгээс дээрх шийтгэлийг оногдуулсан үндэслэлээ, “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна" гэж заасны дагуу тухайн амьтан /зээр/-ыг агнасантай адилтган үзэж, тус шийтгэлийг оногдуулсан” гэж тайлбарлаж байгаа ба,

            4.8 Гэтэл дээрх тайлбарт дурдагдаж буй асуудал нь нэхэмжлэгч Б.Хгийн  тухайн үед гаргасан гэх зөрчилд хамааралгүй ба өөрөөр хэлбэл Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтын хувьд ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг “худалдан борлуулах” үйл ажиллагаатай холбоотой буюу тухайн үйл ажиллагааг явуулах тохиолдолд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс “тодорхойлолт” олгох, хэрэв уг “тодорхойлолтыг аваагүй” тохиолдолд “нөхөн төлбөр” ногдуулахтай холбоотой зохицуулалт болохын хувьд нэхэмжлэгч буюу зөрчлийн холбогдогч Б.Хгөөс тухайн үед тус амьтны /зээр/ “эд эрхтнээс холбогдох шинжилгээний байгууллагад шинжлүүлэх” зорилгоор авсан гэх байдал нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.

            4.9 Харин нэхэмжлэгч  Б.Х нь тухайн үед  агнуурын амьтныг /зээрийг/ шууд агнаагүй боловч хууль ёсны зохих зөвшөөрөлгүйгээр тус агнуурын амьтан болох  зээр /4 тооны/-ийг  “барьсан, тээвэрлэсэн” үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан түүний өөрийнх нь мэдүүлэг /х.х-ийн 036-038, 072-075-р тал/-үүд, мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган өгсөн “CD” дэх бичлэгт шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл /х.х-ийн 135-137-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            4.10 Гэтэл түүний энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл /Амьтны тухай хууль зөрчих/-д агуулагдаж буй зөрчлийн шинжид хамаарч байгаагийн  хувьд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн гаргасан үйлдлийг “зөрчил” гэж үзэхээр байна.

 

            5. Дээр тогтоогдож буй байдлуудаас үндэслэн дүгнэхэд хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед зөрчлийн холбогдогч Б.Хд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасныг буруу хэрэгжүүлж, хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч энэ нь тус эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх ба,

            5.1 Учир нь нэхэмжлэгч болох зөрчлийн холбогдогч Б.Хгийн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан “зөрчил”-д хамаарч, тус үйлдэл нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдож байгаа тул эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч иргэн Б.Хгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд, харин түүнд шийтгэл оногдуулсан байдал нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.” гэж заасан зарчимд нийцэж байна.

            5.2 Иймд нэхэмжлэгч Б.Хгийн Дорноговь аймгийн Байгаль орчны газрын, байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.А/-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл /гомдол/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Хгийн Дорноговь аймгийн Байгаль орчны газрын, байгаль орчны хяналтын улсын байцаагч /Э.А/-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл /гомдол/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ЦЭНД