Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 99

 

“Саяардриллинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр магадлалтай, “Саяардриллинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Саяардриллинг” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын тухай хуулийн Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохын хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулахаар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан хуульд заасан журам нөхцлийг ханган өргөдөл гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж болох хил хязгаарын хүрээнд өргөдлөө гаргасан.

Энэхүү өргөдлөө гаргахдаа Ашигт малтмалын газраас худалдсан VPN төхөөрөмжийг 280 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс буюу төрийн захиргааны байгууллагаас өргөдлийг маань хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаанд зориулагдсан үйлчилгээний хөлс болох 250 000 төгрөгийг 900018003 тоот дансанд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлсөн.

Тус кадастрын хэлтсээс өргөдлийг зөвшөөрсөн хугацаанд цахим хэлбэрээр бүртгүүлэн Х201504201294 тоот дугаар авсан боловч цаасан хэлбэрээр гаргасан өргөдлийг хүлээлгэн өгөхөөр ирэхэд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан.

Энэхүү үйлдлийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газрын даргад хандан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлоо гаргасан боловч өнөөг хүртэл маргааш гэсээр удаашруулаад байна.

Гэтэл Ашигт малтмалын газраас зохион байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өргөдөл авах талаар мэдээлсэн. Энэ дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст очиж уулзахад манай өргөдлийг дахин бүртгэхгүй болохыг танилцуулж байгаад гомдолтой байна.

Иймд Булган хангай аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засгийн газар өөрт хуулиар олгосон чиг үүрэгт хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсан бөгөөд харин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэн олгох асуудлыг мөн хуулийн 17-19 дүгээр зүйлээр зохицуулсан.

Дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлээр Уул уурхайн сайдад даалгасны дагуу мөн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 тоот албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.

Засгийн газраас өгсөн дээрх чиглэлийн дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох болон уртрагийн 104  дүгээр градусаас баруун талд өргөдлийг хүлээн авах болсон тухай олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, байгууллагын цахим хаяг дээр байршуулсан. Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 104 дүгээр уртрагийн баруун талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар буюу 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг авч, өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон.

Кадастрын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504201294 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэн Ш.Алтангэрэлд гардуулан өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын газрын энэхүү үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан 30 хоногын дотор нэхэмжлэгчийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгохгүй гэж ойлгож болохгүй ба харин Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд дурдсан 104 дүгээр уртрагийн зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг олгож, нутгийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр зохих хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн яаманд үүрэг болгосны дараа 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 104 дүгээр уртрагийн зүүн талд өргөдөл хүлээн авах үеэс өргөдөл гаргах эрх нь нэхэмжлэгч этгээдэд байгаа.

Гэтэл энэ эрхээ эдлээгүй байгаа атлаа хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 104 дүгээр уртрагийн зүүн талд нийтэд олгож эхлээгүй байхад тухайн газарт хандах хүсэлт сонирхолтой Ашигт малтмалын газраас гаргаж байгаа шийдвэрийг даган биелүүлж байгаа бусад 1700 гаруй аж ахуйн нэгжээс түрүүлж тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа нь бусдын эрх ашгийг хөндсөн, шударга бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саяардриллинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Саяардриллинг” ХХК-иас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх ажиллагааг явуулах бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан ямар шийдвэр гаргахыг зааж өгөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаас бусад ажиллагаанд хамааралгүй, мөн энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан огнооноос хойших хугацаанд нэхэмжлэгчийн өргөдлийн солбицолтой давхцуулан гаргасан бусад этгээдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн өргөдөлд заасан огнооноос хойш гаргасан бусад этгээдийн өргөдлөөс нэхэмжлэгчийг түрүүлж өргөдөл гаргасан гэх үр дагавар бий болгохгүй, мөн нэхэмжлэгч компанийг өргөдөл гаргасан солбицолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэж үзэх үр дагавар бий болгох шийдвэр биш гэдгийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саяардриллинг” ХХК-ийн “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 30 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Саяардриллинг” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д зааснаар "... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх", Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах", 7.1.6-д "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь дээрх нийтлэг үүргээ биелүүлээгүй нь хууль бус гэж үзэж байна. "Саяар дриллинг" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус гэж маргалдаагүй, зөвхөн хариуцагч Ашигт малтмалын газар нь манай гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, зохих журмын дагуу хариуг өгөхгүй байгаад гомдолтой байгаа билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруугаар ойлгон, тодруулалгүйгээр "... нэхэмжлэгч компаний хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр хариуцагч Ашигт малтмалын газар нь анхнаасаа тус компанийн гаргасан өргөдлийг цахимаар хүлээн авч, VPN төхөөрөмж буюу өргөдлийн дугаар олгох бүртгэлийн системд нэвтрэх эрхийг төлбөртэйгээр олгож, үйлчилгээний хөлс 250.000 төгрөг төлөхийг шаардан, улмаар бичгийн хэлбэрээр өргөдлөө гаргах хугацааг заасан. Хариуцагч өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах боломжийг бүрдүүлсэн атлаа өргөдлийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан ажиллагааг гүйцэтгээгүй эс үйлдэхүй нь хууль зөрчсөн.

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох" тухай 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх нээгдсэн, тус компаний хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн талбай нь дээрх тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицолд хамаарч байгаа.

Гэтэл давж заалдах шатны шүүх нутаг дэвсгэрийн баруун, зүүн хэсэгт өөр, өөр цаг хугацаанд өргөдөл хүлээн авах тухай эрх бүхий этгээдээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байхгүй байхад хавтаст хэрэгт авагдсан Уул уурхайн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажил"-ын танилцуулгад дурьдсан "... нутаг дэвсгэрийн баруун хагаст хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна" гэсэн ганц өгүүлбэрийг үндэслэн эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагас, дараа нь зүүн хагаст олгох ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор иргэн, хуулийн этгээдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг ямар ч төрийн байгууллага, албан тушаалтанд олгож хуульчилсан зохицуулалт байдаггүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай “Саяар дриллинг” ХХК-ийн нэхэмжлэлийг  хангаж  шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэн, маргааны үйл баримтад холбогдох Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасантай нийцжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгч “Саяар дриллинг” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь 30 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504201294 цахим дугаартай өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүйг тус компанид мэдэгдсэн нь өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт болгосон дээрх талбай нь нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагийн зүүн хэсэг буюу захиргааны байгууллагаас эхний ээлжинд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээс өөр хэсэгт хамаарч байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

Зөвхөн “... Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл хүсэх эрх нээгдсэн, ... хүсэлт болгосон талбай нь уг тогтоолоор батлагдсан солбицолд хамаарч байгаа, ... зүүн, баруун хэсэг гэж хуваан өөр, өөр цаг хугацаанд өргөдөл хүлээн авах тухай эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр байхгүй ...” гэж маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Үүний дагуу Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 16-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун тийших хэсэгт хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхийг олон нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллага нь дээрх байдлаар тусгай зөвшөөрөл олгох талбайг тодорхойлж, эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хагаст буюу 104 дүгээр уртрагийн баруун хэсэгт, дараа нь зүүн хэсэгт олгохоор зохион байгуулсан нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс хийгдсэн, захиргааны байгууллагын өөрийн чиг үүргийн хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэж заасны дагуу гаргасан шийдвэр байна.   

Иймд, захиргааны байгууллагын тодорхойлсноос өөр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч “Саяар дриллинг” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “... шаардлага хангасан ...” гэж үзэхээргүй болно.     

Мөн захиргааны байгууллагын “өргөдлийг хүлээн авахгүй буцаах” тухай шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “эс үйлдэхүй гэж ... үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсаныг хэлнэ” гэх ойлголтод хамааралгүй, хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүй /эс үйлдэхүй/ гэж буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэгч “Саяар дриллинг” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ             

ШҮҮГЧ                                                              Л.АТАРЦЭЦЭГ