Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 739

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б*******” ТББ

Хариуцагч: Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол /ёс суртахууны унших эх/ сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, сурахуйн онол, заах аргазүйн шаардлагад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг хариуцагчид даалгах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 тоот тушаалаар батлагдсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, С.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б*******” ТББ-ын захирал Р.Э******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Энэ нэхэмжлэл нь хувийн эрх ашгийн үүднээс гаргасан асуудал биш юм. Төр, захиргааны байгууллагаас гаргасан бүх шийдвэр бичиг баримт зөв зүйтэй, ард нийтийн эрх ашигт зохицож байх ёстой. Гэтэл төр, захиргааны байгууллагаас гаргаж байгаа сурах бичиг нь агуулгын болон үг үсгийн, найруулгын маш олон алдаатай гарч, хүүхдүүдэд хэрэглүүлж байна. Сурах бичгийн агуулга болон дотор нь орж байгаа сэдвүүд нь ийм алдаатай байх юм бол маш их хохирол гарна гэж үзэж байна. Бид энэ асуудлыг мэргэжлийн түвшинд хянаад, бүх алдаа засварыг яам руу явуулсан. Яам хүлээж аваагүй. Дараа нь Улсын Их Хуралд явуулсан. Улсын Их Хурал яам руу бичиг явуулсан. Яамны сайд алдаатай болсон байна, бид арга хэмжээ авна гэсэн маш тодорхойгүй хариу өгсөн. Улсын Их Хурлаас очсон албан бичигт ингэж хариу өгөөд, бид нарыг өгсөн албан бичигт хариу өгөхгүй байсан. Засахдаа бид нарын шүүхэд өгсөн баримтыг харж байгаад засаж янзлаад, дараа жил нь зарим нэг алдааг засаад гаргасан. Эдгээр сурах бичгийг хийсэн зохиогч нь ийм алдаа гаргасан нь үнэн гэж хүлээн зөвшөөрөөд цаашдаа ажлаа сайн хийгээд явсан бол бид нар цагаа баран ингээд явах шаардлагагүй байсан. Хүн асуудлыг материаллаг асуудлаар шийддэггүй дандаа материаллаг бус асуудлаар шийддэг. Энэ дээр буруугаа хүлээж засахгүй бол бид цаашдаа явна. Ийм алдаа гарчихаад байхад хохирол гэж үзэхгүй байж болохгүй юм. Ганц энэ асуудал биш бүх л боловсролын асуудал ингэж явагддаг. Шүүх дандаа нэг та яаж хохирсон юм бэ гэж асуудаг. Энэ зөвхөн нэг тоон дээр яригдах асуудал биш юм. Энэ нь нийтэд хандсан олон тоон дээр ярих асуудал юм. Иймд энэ асуудлыг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байна. Энэ асуудал хэвлэл мэдээллээр зөндөө яригддаг ч нэг ч хүн энэ асуудлаар явдаггүй. Иймд учраас бид нартай хүндэтгэлтэй харьцаасай гэж хүсэж байна. Энэ сурах бичигтэй холбоотой тайлбарлахад нэгдүгээр ангийн хүүхдүүдэд “Иргэний боловсрол” гэдэг зүйл хүндэдсэн асуудал. Ерөнхийлөгч шинийг санаачлах гэсэн нэрийдлээр боловсролын салбарыг үймүүлээд байна. Тухайн яамны сайд нар Ерөнхийлөгчийнхөө саналыг биелүүлээд 8 жилийн өмнөөс эхэлсэн. Эхлээд энэ сурах бичгийг Ардчилсан намын хүмүүс хийж байсан. Энэ хичээл нь өмнө нь “Байгаль орчин” гэдэг хичээл байсан юм. Сүүлдээ чадахаа байгаад явсаар “Байгаль орчин” гэдэг хичээлийг зааж байсан учраас У.Т******* гэдэг хүн дээр очсон. Иргэний боловсрол гэдэг үгийг хариуцагч тал өөрсдөө тайлбарлаж чадахгүй. Энэ үгийг хүүхдүүд ойлгохгүй. Ерөнхийлөгч гэж хүн янз бүрийн юм санаачилж тэр нь доод байгуулага дээрээ очоод ийм мэргэжлээр, ийм ном зохиох чадваргүй хүмүүсээр зохиолгосоноос ийм асуудал үүсэж байгаа юм. Энэ хүмүүс “Иргэний боловсрол”-д бэлтгэгдээгүй хүмүүс юм. Энэ хичээл бол хүүхдүүдийг багаас нь нийгэмшүүлэх гэсэн хичээл  шүү дээ. Тэгэхээр бусад орнуудад ийм хичээл заадаг. Гэхдээ ийм нэрээр заадаггүй. Жишээ нь зөв буруу аль нь вэ гэсэн нэрээр заадаг. Бага ангиа төгсөхөд тэр хүүхдүүд нийгэмд тодорхой хэмжээний болохгүй юмыг ялгаж сурдаг хичээл байх ёстой. Боловсролын яам нь хэдэн багш нартаа доктор, профессор цол өгчихөөд дотогшоо үйл ажиллагаа явуулсан л байгууллага байдаг. Нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийн хуудас болгон дээр эргэцүүлэн бодъё гэсэн байдаг. Нэгдүгээр ангийн хүүхэд эргэцүүлж чадахгүй. Ямар ч сэтгэлгүй хийсэн гэдэг нь харагдаад байдаг. Жишээ нь “Үнэнээр явбал. Үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж бичээд зураг дээрээ нэг үхэр тэрэг явж байгаад туулайг дайраад унагаж байгаа юм. Өнөөдөр иргэний боловсрол дутвал хүүхдүүд зөв бурууг ялгаж чадахгүй. Хүүхдийн нийгэмд байх ёстой үнэлэмжүүд буруу тавигдаж эхэлнэ” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Б.Д******* нар   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Бид нар сургалтын цөм хөтөлбөр буюу хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлагын дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл хариуцагч тал зөвхөн найруулга зүйн алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Агуулгын тал дээр алдаа байхгүй гэсэн хариулт өгч байх шиг байна. Үүн дээр өөрийнхөө хийсэн судалгааны ажлаас тайлбарлая. Хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлагын агуулгад тавигдах шаардлага буюу 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6-д заасан шаардлага хангахгүй байна гэж үзсэн юм. Сургалтын цөм хөтөлбөр болон стандартыг зайлшгүй барих ёстой байдаг. Гэтэл энэ баримт бичгээ сурах бичиг зохиогчдын баг баримталж чадсан уу, энэ сурах бичиг хүүхдийн нас сэтгэхүйд нь зохицоод хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу гэдэг дээр бид нар яриад байгаа юм. 5.1.1-д “агуулга нь танин мэдэхүйн үе шат, нас,  сэтгэхүйн онцлогт тохирсон боловсролын түвшин, анги, бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна” гэж байгаа. Гэтэл 1-5 дугаар ангийн номонд энэ агуулгын тогтолцоо, бүрэлдэхүүн хэсэг өөр хоорондын уялдаа холбоо байхгүй байна гэж үзээд байгаа юм. Агуулгын бүтэц нь ямар ч ялгаагүй. Насны онцлог харгалзаагүй. Нэгдүгээр ангийн хүүхдэд ямар эхийг уншуулах ёстой гэдгийг анхаараагүй. Нэгдүгээр ангийн хүүхэд багшийн тайлбартай л ойлгоно. Өөрөө ойлгох боломж байхгүй. Сэдвийн замбараагүй бөөгнөрөл орсон. Гэтэл юм болгон уялдаа холбоотой байх ёстой. Ном болгоны өмнө биеэ хэрхэн зөв сайхан авч явах вэ, найз нартайгаа эвтэй сайхан харилцах талаар, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар, өвөг дээдсийн ёс заншлын талаар эргэцүүлэн бодож ярина гэсэн байдаг. Бүх ном ялгаатай байх ёстой. Эхний сэдвийг хараад л өөр өөр төрлийн юм заасан. Хүүхэд эндээс ямар ч багц мэдээлэл, мэдлэгийг олж явах боломжгүй гэж үзэж байгаа юм. Жишээ нь, 1 дүгээр ангид ачлах, энэрэх, туслах үйлд суралцах агуулгатай эх гээд оруулсан байгаа. Гэтэл 2, 3, 4 дүгээр улиралд 1, 1 сэдэв л орсон байдаг. Гэтэл 1 дүгээр улиралд ороогүй байдаг. 5.1.2-д агуулга сонгох талаар байна. Гэтэл эрүүл аж төрөх, зөв дадал зуршил олгох зорилготой эхүүд байгаа гэж байгаа. Яг уншихаар эрүүл аж төрөх гэдэг нь 6 настай сургуульд орж байгаа хүүхдийн хувьд гараа угаах, шүдээ угаах, усанд орох хувийн ариун цэвэр, олон төрлийн зүйл байдаг. Энэ талын сэдвүүд ороогүй. Ингээд харахад бид нарын хэлээд байгаа стандарт бүх зүйл зөрөөд байгаа юм. Яг энэ утгаараа орохгүй байна. Иргэний боловсрол гэх асуудлыг өөр аргаар олгох боломж байхад яагаад үүнтэйгээ зууралдаад байгааг гайхаад байна. Дэвшилтэт ёс заншил, зан үйлийн талаар байхгүй. “Орондоо бүү уйл”, “гэрийн багана түшдэггүй” гэдэг үгийг хэн ч тайлбарлаж чадахгүй. Тайлбар байхгүй байж номонд ороод яах юм бэ? Үүнийг хүүхдээр тайлбарлуулах гээд байдаг. Гэтэл хүүхэд яаж тайлбарлах юм бэ? Би ч тайлбарлаж чадахгүй. Үүнийг уламжлал гэж үзээд байгаа юм уу, эсхүл уламжлал, шашин хоёроо ойлгохгүй байгаа юм уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Би 70-аад оны хүүхэд, гэтэл энэ ном дээр намайг сургуульд орж байх үеийн хүүхдүүдийн зан авирын талаар бичээд байгаа юм. Жишээ нь: Цогоо 5 давхараас бууж ирэхдээ бүх айлын хонх дараад, юм өшиглөөд, гарч ирээд ханан дээр шохойгоор сараачдаг гэсэн байгаа юм. Одоо ийм хүүхэд байхгүй. Одоо бүгд лифтээр бууж байгаа, айлууд хонхгүй болсон. Ийм байхыг заагаад байгаа юм шигээр харагдаад байгаа юм. “Хадаас”, “Бөмбөрцөгийн хүүхдүүд” гэх эхэд 20 настай хүний талаар бичсэн. Яагаад ийм бага хүүхдүүдэд 20 настай хүний талаар бичих ёстой юм бэ? Тухайн хүүхдүүдэд өөрийнхөө өмнө шийдэж чадахгүй асуудал маш их байна. Гэх мэтчилэн ярих юм их байгаа. Агуулгын хувьд уламжлал уу, шашин уу гэдгээ ялгах хэрэгтэй юм. Монгол ардын үлгэрээс алийг оруулах вэ гэдгээ бодож хийх ёстой. Бид нар бүгд мэргэжлийн хүмүүс байгаа. Үүнийг яагаад заавал яам хэлэх ёстой юм. Яагаад бид болохгүй байгаа зүйлийн талаар хэлж болдоггүй юм. Эцэг эхчүүд ч хэлдэг. Багш нараас асуухад “...эхний жил үзүүлэн маягаар явагдсан, 2 дахь жилээсээ хүүхэд уйдаж эхэлдэг гэж ярьсан. Бид нар судалж үзэхэд хүүхдэд цаашдаа эерэг урам зориг өгсөн сэдвүүд бас байсан. Нэгдүгээр ангид 7 сэдэв буюу 28 хувийг эзэлж байна. Хоёрдугаар ангид 6 сэдэв буюу 21.4 хувь, гуравдугаар ангид 16.6 хувь, дөрөвдүгээр ангид 6.6 хувь, 5 дугаар ангид 3.3 хувь гэх мэт маш бага хувийг эзэлж байгаа. Үлдсэн сэдвүүд нь сургасан, заасан, хайрцагласан, хүүхдийн өөрөө сэтгэх боломжийг харгалзаж үзээгүй. 4 дүгээр ангийн номд “цэг” гээд сэдэв байдаг. Багш самбарын голд 1 цэг тавиад хүүхдүүдээс юу ойлгож байгаа талаар асуусан байдаг. Хүүхдүүд янз янзаар тайлбарласан байгаа. Гэтэл тэр том самбар дээр ганц хар цэг байхад тэрийг олж харлаа гээд л чиглүүлчихэж байгаа юм. Гэтэл тэр цэгийг хүн болгон өөр өөрөөр олж харна.  Эцсийн зорилго нь амьдралд маш олон цагаан юм байдаг та нар ганц ширхэг хар цэгийг л олж харлаа  гэсэн логикийн хувьд ойлгомжгүй  зүйл байдаг. Хүүхдийн нас сэтгэхүйд нийцээгүй бооцоотой тоглоомын асуудлыг бас оруулсан байдаг. 

 Би үүнийг заах арга зүйн үүднээс харсан. Маш олон мэргэжлийн баг ажилласан гэдгээр асуудлыг хааж болохгүй. Би Монгол, Герман, Хятадад ажиллаж байсан заах арга зүйн мэргэжилтэй хүн юм. Энэ үүднээс хараад мэргэжлийн номыг олон мэргэжлийн хүмүүс хүчээ сориод, тэр нь олон нийтийн шалгуураар ороод, аль сайныг нь авдаг жишиг Монгол Улсад байхгүй. Монголд нэг тогтсон баг л хийдэг. Тэр тогтсон сурах бичгийг бүх улс даяар тараагдаад, бүх хүүхэд үздэг. Гэтэл тэр сурах бичигт нэг ч алдаа байх ёсгүй байдаг. Бид нартай хэрүүл хийсээр байхад бага ангид тараагдаад явж байгаа. Бид нар хэвлэлийн байгууллагад ажилладаг хүмүүс байгаа. Бид бага ангийн номонд нэг алдаа л гарсан бол шууд худалдаанаас татаад, алдаа гаргасан хүн хариуцлага хүлээж, номыг төлдөг. Үгийг яаж бичихийг сурч байгаа хүүхэд бүх юмыг номноосоо л хардаг. Бүтэн жил хэрэглээнээс татахгүй яваад л байсан. Бид нар хэлэхэд манайд алдаа байхгүй гэж хариу өгч байсан. Алдаагаа засахгүй гэсэн хариу бид нарт өгсөн атлаа Улсын Их Хуралд алдаагаа зассан гээд явж байсан. Дараа нь үг, үсгийн алдааг зассан байна гэж харахад бас л  үг, үсгийн алдаа байсаар л байгаа. Заах арга барилын хувьд ярихад хүүхдийг хайрцагласан, маш баригдмал байгаа юм. Чөлөөтэйгөөр сэтгэх, чөлөөтэйгөөр өөрийгөө илэрхийлэхэд боломжгүй харагдаж байгаа юм. Зөв сургамжтай эх байсан ч нэг чиг рүү асуултаараа хүүхдийг хүчээр ийм хариулт өгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан дасгал, даалгавар заавал өгөөд байгаа юм. Нэгдүгээр ангийн сурах бичигт “би хэн бэ” гээд л “...би ээж аавынхаа хайртай охин, ээж аав минь намайг ямар байгаасай гэж хүсдэг вэ?” дараа нь “...би эмээ өвөөгийн хайртай охин, эмээ өвөө намайг ямар байгаасай гэж хүсдэг вэ?”, ингээд цаашдаа “...банхарын эзэн, банхар намайг ямар байгаасай гэж хүсдэг вэ?” гэж байсанаа эргэцүүлэн бодох асуулт нь “хүн болгон “намайг ямар байгаасай гэж хүсдэг юм бол? Чи тэдний хүсэж байгаа шиг хүүхэд байж чадах уу?” гэж байгаа. Энэ бодлого шууд хайрцаглаж байгаа юм. Багш намайг ийм байлгахыг хүсдэг юм чинь би ийм байна гэж шууд хэлүүлэх гээд байдаг. Гэтэл гадны сурах бичигт хамгийн эхлээд нэгдүгээр ангид ороод, хамгийн эхний нийгэмшлийн шилжилтийн үе гэж үздэг юм. Энэ үед нь хамгийн анх дассан, сурсан зүйлээс гараад огт өөр шаардлагатай шинэ орчинд ороод ирж байгаа юм. Ийм шилжилтийн үед хүүхдийг олон дотор таниулах, өөрийгөө таниулах эх ажилбарууд явагддаг. Жишээ нь найз нөхдөдөө дээрэлхүү зан гаргаж байсан удаатай юу? Тэр үед ямар санагдаж байсан бэ? Зургаар дүрсэлж үзүүлнэ үү? гэж байгаа юм. Ийм зургийг бол би ч зурж чадахгүй. Ийм даалгаврууд сэдэв болгоны ард байгаа. Маш олон давтагдсан байдаг. Ийм асуулттай номыг мэргэжлийн хүмүүс хийж байгаа гэхэд харамсаад байгаа юм. Мэргэжлийн үүднээс аваад үзэхээр аливаа номын хамгийн эхэнд сэдэлжүүлэлтийн үе явдаг. Эхээ өгөөд эхийн дараа хаалттай дасгалаас нээлттэй дасгал хүртэл яваад тэгээд чөлөөт дасгалууд явдаг. Эхээ өгөөд, дасгалаа өгөөд ийм арга барил 80 хувьтай явж байгаа. Угаасаа манай сургалтын тогтолцоонд эх уншаад ярилцдаг ажиллагаа маш бага байсан. Үүн дээр тодорхой хэмжээний эх өгсөн. Түүнийх нь талаар ярьж байгаа учраас ярих чадвар хөгжүүлж байна гэж үзээд байгаа юм. Үүнээс илүү байж болох боломж байгаа. Энэ ном дуртай нь аваад, дургүй нь авдаггүй хэвлэлийн газрын ном биш, улс орон даяар тараагаад бүх хүүхдэд хэрэглүүлж байгаа учраас асар их хариуцлагатай хийх ёстой. Мэргэжлийн хүн хараад үзэх байтугай ээж аав нь хүртэл аваад үзэхэд л гологдож байгаа юм. Ийм ёс суртахуунгүй байх ёсгүй гэж үзэж байна” гэв.

Гурав. Хариуцагч  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Л.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн үйл ажиллагааг тодорхойлон судалж, туршилтын үр дүнд суурилан амжилттай хэрэгжүүлж байна. Бага боловсролын цөм хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх зорилгоор хийсэн турших сургалт, судалгаа болон 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд “Бага боловсролын сайн хичээл, үйл ажиллагаа”-ны хэлэлцүүлэг  зэргийг хийсэн үр дүнг харна уу. 2014 оны хичээлийн жилд лаборатори 40, сургуулийн бага ангийн 1260 багш, 29800 сурагч анги танхимд туршин хэрэглэж, санал дүгнэлт өгсөн.

“...Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага, стандартыг зөрчиж байна” гэсэнд дээрх сурах бичгүүдэд шашны агуулга бүхий эхүүд ороогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Сурах бичигт үг үсгийн зарим алдаа байсныг бид хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин үг үсгийн алдааг засах сонирхолгүй удаа дараа алдаатай хэвлэсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих агуулга, арга зүйн шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлд: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн нь сургалтын хөтөлбөрт нийцсэн байхыг шаарддаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/240 дугаар тушаалаар батлагдсан бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн 6.1 ба 6.2-т заасан чадвар, эрмэлзлийг хөгжүүлэх суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан болно. 

2014 онд хэвлэгдсэн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/-ийн зөв бичих дүрмийн болон найруулгын зарим алдаа байсныг үгүйсгэхгүй, үүнийг нөхөн хангалтын сурах бичиг хэвлэх бүрт засварыг хийж, засан сайжруулж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, С.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ ярьсангүй. Цөм хөтөлбөрийг хүчингүй болгох үндэслэлээ олон нийт хохирч байна гэж үзэж байх шиг байна. Энэ хөтөлбөрийг анх гаргахдаа энэ хөтөлбөрийг хэрэглэж байгаа багш сурагч, хүүхдүүд өөрсдөө оролцсон.  Хүүхдүүдээр эхийг уншуулаад саналыг нь аваад хийсэн. Үүн дээр зөвхөн яам ганцхан ажилладаггүй, бүх мэргэжлийн байгууллагууд ажилладаг.  Стандарт, журам зөрчсөн гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байна. Сурах бичгийн стандарт, журам гэж байдаг. Энэ стандартуудыг зөрчсөн гэсэн зүйл заалт бүр дээр нь бид эргэж харсан. Ингээд харахад олон нийтийг ноцтой хохироосон гэх зүйл нотлогдохгүй байна. Стандартыг үг үсгээр нь ярьвал их цаг авах гээд байна. 5 дугаар зүйлийн 5.1-ээр зарчим зөрсөн гэж байгаа. Үг үсгийн алдааг бид хүлээн зөвшөөрсөн. Боловсролын хүрээлэнгийн Сурах бичгийн сектор гэж байдаг. Жил болгон сурах бичгийн 20-30 хувьд нөхөн хангалт хийдэг, яланг******* бага боловсролын сурах бичгийг 100 хувь төрөөс гаргадаг. Үүн дэрээ нөхөн хангалт хийхдээ бүх хэвлэсэн байгууллага багуудтайгаа хамтарч ажиллаад засвар хийдэг. Засвараа хийлгэсэн байгаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар дээрээ үг, үсгийн алдааг засуулж хүргүүлэх саналыг хэвлэлийн байгууллагуудад хүргүүлсэн талаар бичсэн байгаа. Бид энэ үг үсгийн алдааг аль болох засахын төлөө явж байгаа. 

Нэхэмжлэгч талын хамгийн гол ярьж байгаа зүйл нь алдаа, оюуны хохирол гэж ярьж байна. Нэхэмжлэгч тал яг ямар үндэслэлээр олон хүүхдүүд хохироосон гэж яриад байгаагаа батлах ёстой. Бид хэн нэгэн хохироогүй гэдгийг 3 судалгаагаар баталсан байгаа. Хүрээлэнгийн эрдэмтэд болон төрийн бус байгууллагуудын нэгдлийн судалгаагаар хүүхдэд ноцтой хохирол үзүүлэхээр байна гэж гаргаагүй. Зарим нэг нь хохирол гэхээргүй зүйл байсан. Харин ч багш нарын арга зүй болон хүүхдүүдийг сайн хүн болж төлөвшихөд эргэлт гаргасан арга зүй байна гэдгийг нотолсон. Нэхэмжлэгч тал бид нар мэргэжлийн баг ажиллаад ийм дүгнэлт гаргасан гээд байдаг. Энэ сурах бичгүүдийг харин ч бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлагын 3 дугаар зүйлийн 3.3-д заасан сурах бичгийн шинжээчид дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч талын шинжээчийн баг мэргэжлийн хүмүүс гэдгээ хэрхэн нотлох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тал “...Монгол Улсын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж байгаа сурагчдын хичээлийн гол хэрэглэгдэхүүн болон сурах бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан. Сурагчдын хичээлд хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд нь  хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүйн болон найруулга зүй, зөв бичих зүйн гэх мэт алдаатай сурах бичгүүд гарч, сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна” гэж, хариуцагч тал “Иргэний боловсрол” /ёс суртахууны унших эх/”-үүдийг 2013-2014 оны хичээлийн жилд лаборатори 40, сургуулийн бага ангийн 1260 багш, 29800 сурагч анги танхимд туршин хэрэглэж, санал дүгнэлт өгсний зэрэгцээ редактор, мэргэжил, арга зүйн зөвлөлийн гишүүд уншиж, санал шүүмж өгсөн. Олон багш судлаач, мэргэжлийн эрдэмтдийн эрдэм оюунаар бүтсэн сурах бичиг хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэх ямар ч үндэслэлгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол /ёс суртахууны унших эх/” сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, хууль тогтоомж стандартад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэврүүлэхийг даалгах,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 тоот тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/” сурах бичгүүдийг зохиох, хянах үйл ажиллагаанд оролцсон багт хариуцлага тооцож, зохиогч нарын төсвийн хөрөнгөөс авсан ажлын хөлсийг төрд буцаан олгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаад “Ерөнхий боловсролын  сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/ сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж,  сурахуйн онол, заах арга зүйн шаардлагад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг хариуцагчид даалгаж,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 тоот тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж өөрчилжээ.

1. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны унших эх/ сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, сурахуйн онол, заах арга зүйн шаардлагад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн шаардлагын тухайд:

 “Б*******” ТББ нь 2009 оноос эхлэн “Боловсролын өнөөгийн тогтолцоог шинэчлэх, судалгаа хийх, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг дэмжих” гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/ сурах бичиг нь бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлага MNS5418:2008 стандартын ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн “Ерөнхий шаардлага”-ын 4.2-т “боловсролын стандарт, киррикюлим болон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна”, 4.3-т “Суралцагчдын нас, сэтгэцийн онцлог, танин мэдэхүйн түвшинд нийцсэн байна”, 5 дугаар зүйлийн “сурах бичгийн эх зохиоход тавих шаардлага”-ын 5.1.1-д “ Агуулга нь танин мэдэхүйн хөгжлийн үе шат, нас сэтгэхүйн онцлогт тохирсон, боловсролын түвшин, анги бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна”, 5.1.2-д “боловсролын стандартын цогц чадамжийн ай бүрийн агуулгыг боловсролын болон суралцагчдын танин мэдэхүйн тухайн түвшинд бүрэн эзэмших боломжтой, тэдний мэдлэг бүтээх үйл ажиллагаа нь үр өгөөжтэй байхаар сурах бичгийн агуулгыг сонгоно”, 5.1.3-т “Ухагдахуун хууль, зүй тогтлыг хэрэглээ болон танин мэдэхүйн түвшинд тохируулан буулгаж, зөв оновчтой томъёолсон, шинжлэх ухааны хувьд алдаагүй байна”, 5.1.4-т “Дидактикийн оновчтой шийдлээр агуулгын нэгжийг томсгон нэгжилж, бүтэцчилэх үндсэн дээр агуулгын айн инвариант чанарыг хангасан байна”, 5.1.5-д “агуулга нь Монгол улсын хөгжлийн болон даяаршлын тулгамдсан асуудлыг тусгасан байна”, 5.1.6-д “агуулга нь суралцагчдын сонирхол хэрэгцээнд нийцэж, ахуй амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нээлттэй байна”, 5 дугаар зүйлийн 5.2-т  “Арга зүйд тавигдах шаардлага”-ын 5.2.2-т “сурах бичгийн агуулгын нэгжүүд ба арга зүйн сонголт нь зөв хосолж, даалгаварын нөхцөл нь суралцагчдыг нээлттэй байлгах, хөгжүүлэх, сэтгэх шийдлүүдтэй байна” 5.2.3-т “тухайн боловсролын агуулгын айгаар тодорхойлсон цогц чадамжийг эзэмшүүлэх арга зүйг сонгон хэрэгжүүлж, харгалзах боловсролын түвшний цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэсэн байна”, 5.2.5-д “агуулгын бүтцийн элемент бүрт суралцагчдын сэдэл, хэрэгцээг үндэслэл сайтай гаргана”, 5 дугаар зүйлийн 5.4-т “Хэл найруулгад тавигдах шаардлага”-ын 5.4.1-д “танин мэдэхүйн тухайн түвшинд тохирсон хэл найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй байна” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч дээрх үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд удаа дараа хандаж байсан боловч хариу авч байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хандаж, хүсэлт гаргаж байсан болох нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Г*******т хүргүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр хэрэглэгдэж буй 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгүүдийн найруулга, зөв бичих зүйн дүрэм, үг сонголт, логикийн алдаа хэрээс хэтэрч, Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох, чанартай мэдлэг боловсрол олж авах эрхийг доголдуулж байгаа талаар дурдаж, хавсралтаар бодит мэдээллийг ирүүлсэн байна. Хавсралтаар ирүүлсэн сурах бичгүүдэд хийгдсэн засваруудаас үзэхэд эргэж харах, засч залруулах зүйл байгаа нь тодорхой байна. Иймд тухайн сурах бичгүүдтэй холбоотой ирүүлсэн саналуудыг судалж тайлбар, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой саналыг хавсралтаар ирсэн сурах бичгийн хувилбарын хамт хүргүүлж байна” гэсэн утга бүхий 16/1164 дугаар албан бичгээр нотлогдож байна. 

 Боловсролын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Т*******д явуулсан 88 дугаар албан бичиг болон хавсралтанд “Ерөнхий боловсролын сургалтанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн ашиглагдаж байгаа 1-5 дугаар ангийн сурах бичигт Боловсролын хүрээлэнгийн сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтнууд нэг удаа хяналтын уншилт хийж, илэрсэн алдаануудыг нөхөн хангалтаар дахин хэвлэхээс өмнө залруулан засварлаж, хэвлэх саналыг хүргүүлсэн байна. Мөн нөхөн хангалтаар дахин хэвлэх 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны унших эх/-д хийсэн залруулга, сайжруулалтаас /2016.04.14/ үзэхэд 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол”-ын 1 дүгээр ангийн сурах бичигт зөв бичих дүрмийн 7, хэл найруулгын болон зөв бичих дүрмийн 25, монгол бичгийн бүх хуудсыг, эргэцүүлэн бодох асуултын хувьд 22, номын зургийн 2 алдааг засварласан, 2 дугаар ангид зөв бичих дүрмийн 17, зөв бичих хэл найруулгын 50, монгол бичгийн 9,  эргэцүүлэн бодох асуултын 6 алдаа засварлаж, 3 дугаар ангид зөв бичих дүрмийн 23,  зөв бичих дүрэм, хэл найруулгын 17,  монгол бичгийн 16, эргэцүүлэн бодох асуултын 8, номын зургийн 1 алдаа засварласан, 4 дүгээр ангид зөв бичих дүрмийн 15, 18, монгол бичгийн 31, эргэцүүлэн бодох асуултын 4 алдаа засварлаж, 5 дугаар ангийн зөв бичих дүрмийн 16, зөв бичих дүрмийн хэл найруулгын 54, монгол бичгийн 2 алдаа засварласан байна. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/ сурах бичиг нь бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлага MNS5418:2008 стандартыг, Боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Боловсролын үндсэн зарчим нь”, 5.1.1-д “боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана”, 5.1.2-т “Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилтэт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана”, 5.1.3-т “боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ”, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Боловсролын стандарт нь багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно”, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ”, 16.5.1-д “боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын үнэлгээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх”, 16.5.2-т “сурах бичгийн агуулга, арга зүй, боловсролын удирдлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, мэдээлэл, холбооны технологид суурилсан сургалт” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.  

Хариуцагчаас энэ үйл баримт дээр маргадаггүй бөгөөд нөхөн хангалтаар дахин хэвлэхээс өмнө засварлаж хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх тендерийг 2016 оны 03 дугаар сард зарлажээ. Энэ худалдан авах ажиллагаагаар 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэхээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эдийн засаг хямралтай байгаа тул сургуулиудад дутагдалтай байгаа хувиар нөхөн хангалтаар хэвлэж тараасан” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар  бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлага MNS5418:2008 стандартыг зөрчсөн хувилбарыг залруулан завсарлаж шинээр 100 хувь хэрэглээнд гаргаагүй болох нь нотлогдож байна.

Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 1-5 дугаар ангийн “Иргэний болосрол” сурах бичгийн дээр дурдсан алдаануудыг засварлаж, нөхөн хангалтаар шинээр хэвлэгдсэн гэх 2016 оны 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны унших эх/-ийг нотлох баримтаар судлан үзэхэд зарим засварласан гэх зөв бичих, хэл найруулгын болон эргэцүүлэн бодох асуулт, номын зураг засварлагдаагүй болох нь тогтоогдож байна.

  Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар  тогтоолын хавсралтаар 2014-2024 оны “Төрөөс болосролын талаар баримтлах бодлого” батлагдсан байна. Уг тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “боловсролын  үйл хэргийг төрийн зүгээс нэгдсэн бодлого зохицуулалт, санхүүгийн тогтовортой эх үүсвэрээр хангаж, аж ахуйн нэгж, олон нийт, иргэдийн оролцоог дэмжин, ил тод, нээлттэй, хяналттай байлгах”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэдийн насан туршийн боловсрол эзэмших үйл хэргийг хөгжүүлэхэд төр, дотоод, гадаадын олон нийт, мэргэжлийн байгуллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хувь нэмрийг хөхиүлэн дэмжиж, түншлэлийг өргөжүүлэн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/ сурах бичиг нь улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар тараагдаж судлагддаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн тул сургалтын хөтөлбөрт нийцсэн, ямар ч алдаагүй сургалтын цөм хөтөлбөрт заасан чадвар, эрмэлзлийг хөгжүүлэх суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан байх ёстой.

 Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.1-д “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах”, 28.1.2-т “боловсролын салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, үзэл баримтлал, үндсэн чиглэл, дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, заавар, аргачлалыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох”, 28.1.3-т “мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох”, 28.1.4-т “бүх шатны боловсролын стандарт, норм, нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах”, 28.1.8-д “боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах” гэж заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын тухай хуулийн 17  дугаар зүйлийн 171.1-д “Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн”, 171.2-т “Боловсролын үнэлгээний байгууллагын бүтэц, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсний дагуу  Бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны эх/ сурах бичиг нь бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлага MNS5418:2008 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар Боловсролын үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан шаардлага хангахгүй байгаа сурах бичгийг хэрэглээнээс хасаж, Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журмын дагуу 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” /ёс суртахууны унших эх/-ийг сурах бичигт тавигдах шаардлага стандартыг хангаж, дахин зохиож хэрэглээнд гаргахыг даалгах нь зүйтэй байна.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 тоот тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд: 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/240 дугаар тушаалаар батлагдсан бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн 6.1 ба 6.2-т заасан чадвар, эрмэлзэлийг хөгжүүлэх суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг баталж, 6 дугаар зүйлийн 6.1 ба 6.2-т “цөм хөтөлбөрийн хүрээнд сургалтыг дэмжих үйл ажиллагааны дор иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа ойлгоно” гэж сургалтын үйл ажиллагааны чиглэлийг баталсан байх ба энэ нь Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг”; 3.1.11-д “төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг”; 3.1.18-д “сургалтын цөм хөтөлбөр” гэж тухайн шатанд суралцагчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин, түүнд хүрэх цогц үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг илэрхийлсэн баримт бичгийг”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Тухайн шатны боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулна”,  11 дүгээр зүйлийн 11.4-т  “Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө”, 11.5-д “Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан батална” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Бага боловсролын цөм хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх зорилгоор хийсэн турших сургалт, судалгаа болон 2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд “Бага боловсролын сайн хичээл, үйл, ажиллагаа”-ны хэлэцүүлгийн тэмдэглэлээс үзэхэд 28-50 хувь нь багшийн яриаг анхааралтай сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцон, шийдвэр гаргах зан чанар, дадал хэвшлийг эргэцүүлэн бодож, бичдэг гэсэн байна. Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн тайлангаас үзэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэрэгжилтийн багийн төлөөлөл иргэний боловсролын 174 цагт сууж хэлэлцүүлэг хийн, санал зөвлөгөө өгч, багшийн хувьд арга эзэмшилт сайн /87 хувь/ эзэмшиж байгаа /80 хувь/ байна.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 тоот тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 дахь хэсгүүд нь  Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрдэм боловсролтой Монгол хүн” бүлгийн 187, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 202 дугаар тушаалаар батлагдсан  “Бага, дунд боловсролын киррикюлим болон стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны  “Бага, дунд болосролын шинэчлэлийн зураглал, багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/155 дугаар тушаал зэрэг хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бага дунд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 9 дүгээр зүйлийн 9.3, Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4, 11.5, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан гаргаснаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1 ба 6.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол /ёс суртахууны унших эх/” сурах бичгүүдийг ¬Ерөнхий боловсролын  сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журмын дагуу, бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах MNS5418:2008 стандарт шаардлагад нийцүүлэн дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ