Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01416

 

Ц.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 891 дүгээр шийдвэр,         

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 153 дугаар магадлалтай,

Ц.Байгалмааийн нэхэмжлэлтэй

Г.Уранчимэг, О.Цэцэгмаа, П.Гансүх нарт холбогдох,

4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Уранчимэгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Уранчимэг нь О.Цэцэгмаа, П.Гансүх нараар дамжуулан 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед эргүүлж  өгөх хүртэл  5 хувийн хүүтэй гэж тохирсон. Гэвч Г.Уранчимэг нэхүүлээд ч өгөөгүй тул О.Цэцэгмаа, П.Гансүх нараас хүүгийн хамт 4.000.000 төгрөгийг авсан. Одоо Г.Уранчимэгээс 3.000.000 төгрөгийг хүүгийн хамт 4.000.000 төгрөг гаргуулан авч О.Цэцэгмаа, П.Гансүх нарт өгмөөр байна. Уг нь Г.Уранчимэгийг зээл авч өгсөн хүндээ өгчих юм гэж бодсон чинь Ц.Байгалмаагаас зээлсэн гээд өгөөгүй байна гэжээ.

Хариуцагч Г.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: О.Цэцэгмаа, П.Гансүх нараас зээлэх мөнгө байна уу гэхэд Ц.Байгалмаагаас 3.000.000 төгрөг 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлж авч өгсөн. Би Ц.Байгалмаатай огт уулзаж байгаагүй. Зээлж авсан мөнгөө би буцаагаад П.Гансүхэд 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 150.000, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 150.000, нийт 300.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 150.000, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 180.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сард 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 1.060.000 төгрөг төлөөд нийт 4.220.000 төгрөг төлж дуусгасан. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанд П.Гансүх нь хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг.

О.Цэцэгмаа, П.Гансүх нар нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өглөө манай гэрт ирж ээж Ганчимэг бид 2-ыг мөнгөө төл гэж загнаж, харааж, зүхэж элдвээр хэлээд 9 цагийн үед микрийн нотариат орно гэж гэрийн гадаа байгаа CRYSTA маркийн машиныг унаад яв, нотариат ороод буцаагаад аваад ирэхгүй юу гэж О.Цэцэгмаа уурласан. Нотариат дээр ирээд гэрээ хийж дууссаны дараа машины түлхүүрээ өг гэж О.Цэцэгмаа, П.Гансүх нар намайг загнаж П.Гансүх нь түлхүүр булааж авч хувцсыг минь урсан. Хүргэн ах машинаа нэхээд байхаар нь би хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь нөхрийнхөө амралтын мөнгө буухаар 1.060.000 төгрөг төлөөд тооцоо дууссан. 10 жил хамт амьдарсан ах эгч 2 минь байсан гэжээ.

Хариуцагч П.Гансүх, О.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сард дүү болох Г.Уранчимэгт амьдрал ахуй хэцүү байна тус болооч гээд гуйгаад ирэхээр нь найз эгч Ц.Байгалмаагаас 3.000.000 төгрөг 6 хувийн хүүтэйгээр өөрийн хүлээн зөвшөөрсөн гар бичмэлээр ХААН банкаар Г.Уранчимэгийн дансанд шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул  өмнөөс нь 4.000.000 төгрөг болгон бид 2 төлсөн. 2015 оны 4 дүгээр сард шүүх хурал болоод Г.Уранчимэгээс нэхэмжилсэн боловч өгсөн эзэд нь биш гээд шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед Г.Уранчимэгээс манай нөхөр 150.000 төгрөгөөр 2 удаа, 180.000 төгрөгөөр нэг удаа, О.Цэцэгмаад 1.060.000 төгрөг өгсөн гэдгийг шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн боловч аман гэрээгээр CRYSTA маркийн машиныг оронд нь өгсөн байсан. Тэгээд удахгүй зараад өгье гэж худлаа хэлээд аваад явсан. Дээр дурдсан эдгээр 1.540.000 төгрөг надад өгсөн баримт нотолгоо байхгүй. Иймд Ц.Байгалмаагийн нэхэмжилсэн Г.Уранчимэгтэй холбоотой асуудалд бид 2 ямар ч хамаагүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 891 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 281 дүгээр зүйлийн 281.3-т зааснаар хариуцагч Г.Уранчимэгээс 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгож, хүү 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хамтран хариуцагч О.Цэцэгмаа, П.Гансүх нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 9 дүгээр сарын сарын 01-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 63.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Уранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Анх иргэн Ц.Байгалмаа нь надад 3.000.000 төгрөг зээлдүүлсэн асуудлаар Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд 2015.02 сард нэхэмжлэл гаргаж одоо 2 жил гаруй хугацаанд шийдэгдэхгүй үнэн зөвийг олуулахын тулд өдий хүрч байгаа ба энэ хооронд тэмдэгтийн хураамж 8-9 удаа төлж маш их хэмжээний эд материал болон сэтгэл санааны хохирол амсаж байна.

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн 001/ХТ2016/00284 тоот тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож алдаа дутагдлыг зааж дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад мөн л урьдах байдлаараа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэл, CD бичигдсэн О.Цэцэгмаа, П.Гансүх нар нь Уранчимэг надаас мөнгө авч Байгалмаад өгсөн гэх мэдүүлэг, мөн Дархан сумын анхан шатны шүүхийн 2015 оны 555 дугаар шийдвэрийн үндэслэл хэсэгт “Иргэн О.Цэцэгмаа, П.Гансүх нарын бид Байгалмаад хэлж ярьж байгаад Уранчимэгт 3.000.000 шилжүүлж өгсөн” гэсэн. Байгалмаагийн өмнө бид хоёр хариуцлага хүлээж Уранчимэгийн өмнөөс 3.000.000 төгрөг хүү болох 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсээр байхад Г.Уранчимэг надаар дамжин Байгалмаад 3.000.000 төгрөг давхардуулан төлүүлэхээр шийдвэр гаргаад байгаад үнэхээр гайхаж байна. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4, 116.2, 116.3 дахь заалтыг дахин буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх энэхүү гомдлыг гаргаж байна.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч хяналтын шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь хариуцагч Г.Уранчимэг, О.Цэцэгмаа, П.Гансүх нарт холбогдуулан зээл 3.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Г.Уранчимэг мөнгийг О.Цэцэгмаа, П.Гансүх нарт төлж дуусгасан гэсэн бол, хариуцагч О.Цэцэгмаа, П.Гансүх нар нь уг маргаанд ямарч холбоогүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Г.Уранчимэг нь О.Цэцэгмаа, П.Гансүх нараар дамжуулан нэхэмжлэгч Ц.Байгалмаагаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зээлдэгч Г.Уранчимэг мөнгийг буцаан өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

О.Цэцэгмаа, П.Гансүх нар нь дээрх зээлийн төлбөрт Г.Уранчимэгээс 4.000.000 төгрөг нэхэмжилсэн, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Ц.Байгалмаад 4.000.000 төгрөг өгсөн нь тогтоогдоогүй, нэхэмжлэх эрх олгогдоогүй...” гэж дүгнэжээ.

Дээрх хэргийг шийдвэрлэх үед О.Цэцэгмаа, П.Гансүх нар шүүхэд гаргасан тайлбартаа Г.Уранчимэгээс 150.000 төгрөгийг 2 удаа, 180.000 төгрөгийг 1 удаа, мөн 1.060.000 төгрөг нийт 1.540.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 95-97 дугаар тал/ байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Хариуцагч Г.Уранчимэг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 3.180.000 төгрөг төлөх үүрэгтэй, тэрээр уг үүргээ бүрэн биелүүлснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч Г.Уранчимэгийн гүйцэтгэх үүргээс О.Цэцэгмаа, П.Гансүх нарт төлсөн төлбөрийг хасч үлдэх 1.640.000 төгрөг гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэр,  магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 153 дугаар магадлалын 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 891 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Г.Уранчимэгээс 1.640.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгож, нэхэмжлэлээс 2.360.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч О.Цэцэгмаа, П.Гансүх нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “62.950” гэснийг “41.190” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 63.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ