Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/264

 

 

 

 

М.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

яллагдагч М.Мын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Б.Н, хохирогч НS/Н.Х/ нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/2947 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Мт холбогдох 2309008450754 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

.....тоотод суух хаягтай, урьд 2014 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.М нь үргэлжилсэн үйлдлээр “Х” ХХК-ийн захирал Н.Хгаас “Ш” ХХК-иас “Х” ХХК-ийн авах авлагыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нэрийдлээр Б.Нгаар дамжуулан “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тамга, захирлын гарын үсэгтэй хоосон бланкуудыг авч, улмаар уг баримт бичгүүдийг ашиглаж, тус компанийн эзэмшлийн “Мобиком корпораци” ХХК-д бүртгэлтэй 9911ххххххх гар утасны дугаарыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авсан, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөх, бусад жижиг ажлуудыг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй гэж хуурч, Б.Нгаас 2022 оны 12 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд 5 удаагийн гүйлгээгээр 24,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50ххххххх54 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдад 104,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж заажээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон НS/Х/-д хэргийн материалыг танилцуулаагүй байгаа нь түүний хуульд заасан эрхийг хязгаарлажээ гээд эрүүгийн 2309008450754 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж...” шийдвэрлэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон НS/Х/-д хэргийн материалыг танилцуулаагүй байгаа нь түүний хуульд заасан эрхийг хязгаарлажээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, мөрдөгч Ө.Б нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, орчуулагчийн хамтаар танилцуулсан бөгөөд түүнээс хойш хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа нь хэргийн үндсэн үйл баримтад нөлөөлөхгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хийгээд хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй байна. Харин 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг прокурор хянаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид “...хавтаст хэргийн материалыг үйлчлүүлэгчийн хамтаар ирээд танилцах шаардлагатай байгаа талаар мэдэгдэхэд шүүхийн шатанд танилцана, хэргийг түргэн шуурхай шүүхэд шилжүүлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү...” гэж мэдэгдсэн болохыг мөн тэмдэглэх нь зүйтэй байна. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой байхад түүнд хэргийн материал танилцуулаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/2947 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.   

Яллагдагч М.Мын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийг шүүхэд шилжүүлэх үеэс яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан нөхцөл байдал байгаа. Энэ хэрэгт хохирогч Б.Н нь 24,500,000 төгрөгийн хохирогч юм. Харин “Х” ХХК-ийн 9911ххххххх гар утасны дугаарыг залилуулсан асуудалд тус компанийн хууль ёсны төлөөлөгч Н.Х /НS/ хохирогч юм. Шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Үүний дагуу хийгдсэн ажиллагааг Н.Х /НS/-д танилцуулаагүй байдаг. Нэмэлтээр хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь Н.Х /НS/-ын эрх ашигт шууд хамааралтай. Тодруулбал, “Мобиком корпораци” ХХК-ийн ажилтныг гэрчээр асуусан мэдүүлэг нь Н.Х /НS/-ын эсрэг байдаг. Харин Н.Х / НS/ “би Мобиком дээр очиж байгаагүй. Үйлчилгээ үзүүлэх гэрээнд зурсан гарын үсэг минийх биш. Би Мобиком хаана байдаг болохыг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хохирогч Н.Х /НS/-ын хүсэлт, гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан харагдаж байна. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Мөн үндэслэх хэсэгт нэмэлтээр Н.Х /НS/-ын “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан гэрээнд зурсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтэй байна. Учир нь, миний үйлчлүүлэгчийг өөрийнхөө гарын үсэгтэй компанийн бичиг, баримтуудыг ашигласан гэж үздэг. Энэ тохиолдолд утасны дугаар шилжих болсон үндэслэл нь үйлчилгээ үзүүлэх гэрээ юм. Энэ гэрээнд Н.Х /НS/ өөрөө гарын үсэг зурсан байх магадлал өндөртэй. Энэ талаар “Мобиком корпораци” ХХК-ийн ажилтан буюу гэрч Б“манай журмаар тухайн эрхээ шилжүүлж байгаа хүн биечлэн ирэх ёстой байдаг. Тухайн үед биечлэн ирсэн байна” гэж мэдүүлсэн. Иймд Н.Х /НS/-ын гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр шинжлэн судлуулснаар гэм буруугийн асуудалд дүгнэлт хийх боломжгүй болно. Магадгүй тухайн гарын үсэг нь Н.Х /НS/-ынх биш байвал миний үйлчлүүлэгч М.Мын үйлдлийн шинж нэмэгдэнэ. Мөн “Мобиком корпораци” ХХК-аас тухайн журмыг авчируулах шаардлагатай. Учир нь, гэрчийн мэдүүлгийн эх сурвалжтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч, нэмж тусгаж өгнө үү...” гэв.   

Хохирогч Б.Н, хохирогч НS/Н.Х/ нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 4 дэх заалтын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, хохирогч Н.Х /НS/-ын хэргийн материалтай танилцах боломжийг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа нөхөн гүйцэтгэх боломжтой. Энэ талаар шүүх дүгнэхдээ “нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаасны дараа энэ ажиллагааг хийх шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч Н.Х /НS/ хэргийн материалтай танилцаагүй...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Мт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссаны дараа эрх бүхий этгээдүүд хэргийн материалтай танилцуулахаар заасан ба оролцогчид танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан. Гэтэл хохирогч НS-д танилцуулсны дараа гэрчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсэн байна. Иймээс М.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 2309008450754 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгах” ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн урьдчилсан хэлэцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан “... 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Үүрэн холбооны хэрэглэгчийн гэрээ”  дээр зурсан гарын үсэг Н.Хых мөн эсэхийг тогтоолгохоор криминалистикийн шинжээч  томилуулах тухай...” хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд хийх нь зүйтэй. Учир нь, Н.Х нь гэрчээр “Би ямар нэгэн төрлийн гэрээнд гарын үсэг зураагүй. ...” / 2 хх16-17/ гэж мэдүүлжээ. Энэхүү гэрээн дээр зурсан гарын үсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд яллагдагч М.Мт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тус шийдвэрт заасан ажиллагааг болон магадлалд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийлгэхээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/2947 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ