| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0030/З |
| Дугаар | 128/ШШ2025/0516 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0516
2025 07 22 128/ШШ2025/0516
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/634 дүгээр тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
О******* ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг шүүхэд төлөөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Э*******ийг томилсон байх бөгөөд уг итгэмжлэл /албан бичиг/-д ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дараах эрхийг эдэлнэ гээд нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар авах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах, эвлэрэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн а/634 дүгээр тушаалын О******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН