| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03700/И |
| Дугаар | 192/ШШ2025/03429 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/03429
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 192/ШШ2025/03429 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч***нэхэмжлэлтэй,
Хариуцагч***,
Хариуцагч: ***т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн*** тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалд 24,309,010 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ***,
хариуцагч Баянгол эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
гэрч ***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн *** миний бие ***д статистикч их эмчээр ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн, шүүхэд хандсанаар шүүх намайг ажилд эргүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа буцаж орсон. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд авахдаа миний өмнө нь ажиллаж байсан ажлын байранд аваагүйгээс гадна надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй билээ.
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэнэт намайг удирдлагын хурлаар авч хэлэлцэнэ хэмээн дуудаж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийт 7 цаг ажил тасалж, ажлын байрыг орхиж явсан гэж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалаар надад сахилгын шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд цалинг 20 хувиар хассан.
Намайг шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажлын байранд ажиллуулсан, ажилгүй байсан хугацааны цалинг дутуу олгосон, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг төлөөгүй байсан тул би энэ талаар холбогдох байгууллагууд болох Төрийн албаны зөвлөл, ***, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгт гомдол гаргах, гомдлын хариуг авах зэргээр ажлаас түр зуур гарах тохиолдол байсан бөгөөд ийнхүү гарахдаа өөрийн шууд удирдах албан тушаалтанд хэлж, чөлөө авч явдаг байсан. Иймд намайг ажил тасалсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж, тус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалаар намайг ...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 48 цагийн ажил тасалсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр газар давхар ажилласан, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэлээр ажлаас халсан.
Би өмнөх ажлаас халагдаад шүүхээр маргаан үүсгээд явж байхдаа ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байсан учраас 2023 оны 11 сараас эхлэн Альтернатив гэх эмнэлэгт ажиллаж байгаад ажилдаа орсны дараагаас тус эмнэлэгт ажлын бус цагаар ажиллаж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сараас ажиллахаа больсон. Би тус эмнэлэгт ажлын цагаар ажиллахаар ажлын байраа орхиж байгаагүй. Мөн ажлын цагаар гарч өөрийн холбогдох байгууллагуудад гаргасан гомдлын араас явах шаардлага байсан. Ажлын цагаар л очиж, уулзахгүй бол адилхан төрийн байгууллагууд учраас ажлын бус цагаар ажиллана гэж байхгүй. Энэ тохиолдолд өөрийн шууд удирдах албан тушаалтан болох *** даргаас чөлөө аваад, мэдэгдээд явдаг байсан. Чөлөө авахгүйгээр гарч байгаагүй.
Иймээс намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байх тул, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг статистикч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 24,309,010 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.
2. *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***ын нэхэмжлэлтэй ***д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч *** нь ***ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
***ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаалаар нэхэмжлэгч ***ыг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан нь нотлох баримтаар тогтоогдсон, мөн статистикийн тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт сахилгын шийтгэл буюу цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатай буулгаж сахилгын шийтгэлийг ноогдуулсан.
Энэхүү сахилгын шийтгэл байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд тохирсон, үндэслэлтэй бодит шийтгэл гэж үзэж байгаа. *** эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *** нь нэгэнт 7 цагийн хугацаанд ажил тасалсан нь тогтоогдсон учраас энэ сахилгын шийтгэл оногдуулсан *** тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр *** тоот тушаалаар ***ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг гаргах болсон. Мөн сахилгын шийтгэл оногдуулсан зөрчлийг давтан гаргасан, зэрэгцсэн гэрээ байгуулж өөр байгууллагад ажиллаж байсан үйл баримт нь тогтоогдсон тул энэхүү тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. Эдгээр нөхцөл байдлууд мөн нотлох баримтаар тогтоогдсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ***шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн *** нь ***ийн удирдлага, хүний нөөц, санхүүтэй холбоотой гомдлыг ***т хандаж гаргасны дагуу газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан "***д хийх хяналт шалгалтын ажлын удирдамж"-ийн хүрээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ***ийн үйл ажиллагаанд гомдолд дурдсан асуудлаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9 заалт бүхий зөвлөмжийг ***д 2024 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн 01/914 дүгээр албан бичгээр хүргүүлж, зөвлөмжийн тайланг хагас, бүтэн жилээр тайлагнах, зөрчлийг засаж сайжруулаагүй, давтан гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ тооцохыг мэдэгдэж байсан.
***өөс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн "Зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласан тухай" 430 тоот алба бичиг ирүүлсэн ч зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй тул зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг дахин хүргүүлсэн.
***ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ***2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05/11249 дүгээр албан бичиг болон Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04/2343 дугаар албан бичгийг үндэслэн ***ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *** газрын даргын 2024 оны Б/219 дүгээр тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно.
Иймд иргэн *** ***албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *** холбоотой гомдлыг удаа дараа ***т ирүүлснийг тухай бүр шалгаж хариуг албан бичиг (2024 оны 01/927, 01/1224, 01/1280, 2/15, 2/30)-ээр хүргүүлж байсан мөн ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой асуудал тул *** хариуцагчаар оролцох эрх зүйн хувьд үндэслэлгүй тул хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас дараах иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар хувь /хх-2 тал/, Нийслэлийн ***ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 тушаал /хх-3 тал/, цагийн бүртгэлийн талаарх мэдээлэл /хх-4-5 тал/, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт /хх-6 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар хувь /хх-112 тал/, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1280 дугаартай албан бичиг /хх-113 тал/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-114-119 тал/, Нийслэлийн ***ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/22 тушаал /хх-120 тал/, Нийслэлийн *** 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 689 дугаартай албан бичиг /хх-125 тал/, төрийн албан хаагчийн анкет /хх-155-159 тал/, Монгол Улсын Ангаах ухааны сургууль *** дугаартай диплом хуулбар /хх-160-167 тал/ нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.
5. Хариуцагч нь шүүхэд дараах хуулийн этгээдийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8 тал/, итгэмжлэл /хх-9 тал/, итгэмжлэл /хх-14 тал/, ***ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-22-36 тал/, үүрэг даалгаврын хуудас /хх-37 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №05/03 дугаартай удирдах зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл /хх-38-41 тал/, цагийн бүртгэл /хх-42-44 тал/, итгэмжлэл /хх-130 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.
6. Хариуцагч *** *** 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/237 дугаартай итгэмжлэл /хх-184 тал/, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/914 дугаар дугаартай Зөвлөмж /хх-195-196 тал/ нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.
7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр дараах ***өөс 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 536 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан нотлох баримтууд /хх-51-107 тал/,
8. Хариуцагч талын хүсэлтээр ***өөс ирүүлсэн флашд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-135-152 тал/ зэргийг шүүхийн журмаар хэрэгт цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, ***т холбогдуулан Нийслэлийн ***ийн даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалд 24,309,010 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ
1.Шүүх Нийслэлийн ***ийн даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ***ийн статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,030,890 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгаж, цалин олговорт илүү нэхэмжилсэн 5,278,120 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч ***т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1 *** би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ***ийн статистикч их эмчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн. Ийнхүү намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахдаа шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажлын байранд ажиллуулсан, мөн ажилгүй байсан хугацааны цалинг дутуу олгож, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс гадна надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болно.
2.2 Би ажил олгогчийн дээрх үйлдлийн талаар ажил олгогчид өөрт нь болон холбогдох төрийн байгууллагууд болох Эрүүл мэндийн яам, ***, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэгт өргөдөл гомдол гаргах, хариуг авах зэргээр ажлын цагаар гарах хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд үүний дагуу би өөрийн шууд удирдах албан тушаалтан болох дарга ***т хэлж чөлөө авч гардаг байсан. Мөн манай эмнэлэг 3 байртай бөгөөд миний ажлын өрөө ахмадын эмнэлгийн байранд байдаг тул нэг байрнаас нөгөө байр луу явж ажиллах шаардлага гардаг байсан.
2.3 Гэтэл ажил олгогч болох *** нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалаар намайг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийт 7 цагийн ажил тасалсан гэж үзэн, 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.4 Би дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байтал ажил олгогч нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалаар намайг ажлаас халсан. Ажлаас халсан шалтгаан нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 48 цагийн ажил тасалсан, ажил олгогчийн зөвшөөрөлгүй өөр байгууллагад давхар ажилласан гэжээ.
2.5 Дээрх тушаалууд нь үндэслэлгүй гарсан тул тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд.
3.1 Нэхэмжлэгч *** нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан нь нотлох баримтаар тогтоогдсон, мөн статистикийн тайлан, мэдээг хугацаанд нь гаргаагүй сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл буюу цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай буулгаж сахилгын шийтгэлийг ногдуулсан.
3.2 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр *** тоот тушаалаар ***ыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцалж, шийдвэрлэсэн. Учир нь: нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл оногдуулсан зөрчлийг давтан гаргасан, зэрэгцсэн гэрээ байгуулж өөр байгууллагад ажиллаж байсан үйл баримт нь тогтоогдсон тул энэхүү тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
4.1 Иргэн *** ***албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ***тай холбоотой гомдлыг удаа дараа ***т ирүүлснийг тухай бүр шалгаж хариуг албан бичиг (2024 оны 01/927, 01/1224, 01/1280, 2/15, 2/30)-ээр хүргүүлж байсан мөн ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой асуудал тул *** хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэх тайлбарыг ирүүлжээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1 Нэхэмжлэгч *** нь ***ийн статистикч их эмчийн ажлын байранд ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс ***ийн статистикч их эмчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн байх бөгөөд тус ажлын байранд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
5.2 Нэхэмжлэгч ***д хариуцагч ***2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалаар 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.
5.3 Нэхэмжлэгч нь тус байгууллагад статистикч их эмчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх асуудлаар ажил олгогчдоо болон ***, Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.4 Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан *** нь мэдүүлэхдээ ...***ыг тус байгууллагад статистикч их эмчээр ажиллаж байх хугацаанд түүний шууд удирдлага буюу Бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байсан. *** нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон. Манай эмнэлэг 3 байртай. ***ыг ажилд ороход ахмадын эмнэлэг дээр орон тоо гаргаж авсан бөгөөд тэнд ажлын өрөөг нь гаргаж өгсөн. Би өөрөө эмнэлгийн төв байранд суудаг. *** нь ажлын шугамаар надад мэдээ тайлан танилцуулах зэргээр нэг байрнаас нөгөө байр луу явж ажиллах тохиолдол их байдаг. Манай байгууллагын дотоод журмаар бол 1 өдрийн чөлөөг шууд удирдах албан тушаалтан өгдөг. Үүний дагуу *** нь төрийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдолтой холбоотой гарах ажил байна гэж надаас хэд хэдэн удаа чөлөө авч байсан. Сар өдрийг нь сайн санахгүй байна. 2025 оны 4 сар, 5 сар хавьцаа л болов уу гэж бодож байна. Албаны даргын хувьд ***ыг миний зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар гадуур явж байсан гэх тохиолдол байгаагүй болно гэж мэдүүлжээ.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талууд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалын үндэслэл дээр маргаж байх бөгөөд өөр өөрийн үндэслэлээ заан мэтгэлцэж байна.
7. ***2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэ тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа ... нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан, статистикийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаагүй гэх үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 7.22.5, 14.1.2.3, 14.1.3, 14.1.4, Удирдлагын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9 дэх хэсэгт зааснаар “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, 4.1.10 дэх хэсэгт "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг хэлнэ гэжээ.
Дээрх тушаалын үндэслэл болсон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан байна.
Өөрөөр хэлбэл уг журам нь нэхэмжлэгчийн ажлаас халагдсан байсан хугацаанд батлагдсан байх бөгөөд түүнийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орсноос хойш хугацаанд тус хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан, статистикийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаагүй гэж үзэн, сахилгын шийтгэл ногдуулсан.
Хөдөлмөрийн дотоод журмын 7.2 дахь хэсэгт ажлын цаг өглөө 08:30 цагт эхэлж, орой 17:00 цагт дуусах ба үдийн завсарлага 12:30-13:00 цаг хүртэл байна гэжээ.
Хэрэгт хариуцагч байгууллагын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05/3 дугаартай Удирдах зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл авагдсан байх бөгөөд тус тэмдэглэлд ЗХНА-ны дарга гэх *** танилцуулахдаа ...нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас 18:07 цаг хүртэл нийт 3 цаг, 4 дүгээр сарын 23-ны өдөр 11:55 цагаас 13:55 цаг хүртэл 2 цаг, мөн өдрийн16:37 минутад ажил орхин явж 23 минут тасалсан, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 08:30 цагаас 09:30 цаг хүртэл 1 цаг, мөн өдрийн 12:43 цагаас 14:20 цаг хүртэл 2 цаг нийт 7 цаг ажил тасалсан гэжээ.
Хэрэгт хариуцагч талаас тушаалын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч ***ын ирцийн бүртгэлийг хэвлэн хэрэгт ирүүлснээс гадна тус эмнэлэгийн орох гарах хаалганы камерийн бичлэгийг хэрэгт нотлох баримтаар өгсөнд шүүх үзлэг хийсэн.
7.1 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас 18:07 цаг хүртэл нийт 3 цаг ажил тасалсан гэх тухайд:
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ***ын ирцийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 8:11 цагт ирж, орой 6:05 цагт гарсан бүртгэл байна.
Харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэнээр нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14:1 цагт хаалгаар гарч байгаа нь бичигдсэн байх боловч энэхүү бичлэг нь мөн өдрийн 13 цаг 43 минутаас 14 цаг 3 минутын хооронд хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл мөн өдөр нэхэмжлэгчийг ажилдаа буцаж ирсэн эсэхийг тус бичлэгээр тогтоох боломжгүй байна.
7.2 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11:55 цагаас 13:55 цаг хүртэл 2 цаг ажил тасалсан гэх тухайд:
Энэхүү хугацааны 30 минут нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар үдийн завсарлагын цагт хамаарч байна.
Хариуцагч талаас орох гарах хаалганы 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгийг хэрэгт ирүүлээгүй.
Харин хэрэгт ирүүлсэн ирцийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 8:17 цагт ирж, орой 6:12 цагт явсан байна.
7.3 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 08:30 цагаас 09:30 цаг хүртэл 1 цаг тасалсан гэх тухайд:
Ирцийн бүртгэлд нэхэмжлэгч нь 04 дүгээр сарын 24-ний өглөө 7:53 цагт ирж, орой 5:03 цагт явсан гэж бүртгэгджээ.
Харин үзлэг хийсэн камерын бичлэг нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12:27 цагаас 14:27 цагийн хоорондох бичлэг байх тул уг бичлэгийг үндэслэн нэхэмжлэгчийн тус өдрийн өглөөний 8:30 цагаас 9:30 цагийн хооронд ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ажлын цагаар ажлын байрыг 7 цаг орхиж явсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийг ... статистикийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаагүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7.4 Дээрх үндэслэлээр хариуцагч ***ийн 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай “***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэн, тус тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7.5 Нэхэмжлэгч нь энэхүү тушаалын дагуу суутгагдсан цалингаа нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалд 24,309,010 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1 Тус тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ... 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 48 цаг ажил тасалж, сахилгын зөрчил дахин гаргасан, ажил олгогчид мэдэгдэлгүй өөр байгууллагад давхар ажилласан, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.7 дахь хэсэгт заасныг болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг баримталжээ.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ***тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
Хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжлэгчид ***ийн 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 48 цаг ажил тасалж, сахилгын зөрчил давтан гаргасан гэж мэтгэлцсэн.
Шүүх хариуцагч байгууллагын 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын ...сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.
8.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч *** нь нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 48 цаг ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа боловч яг хэдний өдөр хэдэн цаг минутаар ажил тасалсан болох нь тодорхойгүй бөгөөд хариуцагч талаас энэ талаарх баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамжаар шаардсан боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд цагийн бүртгэлийн цахим системд үзлэг хийсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.
Ажилчдын цагийн бүртгэлийн цахим системээс авсан гэх ***ын ирцийн мэдээллээс түүнийг хэзээ ямар хугацаагаар ажил тасалсан болохыг шүүх боломжгүй байна.
Харин камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр түүнийг 48 цаг ажлын байрыг орхисон гэж үзэх боломжгүй байна. Учир нь уг бичлэг нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн нийт хугацааны бичлэг биш байх тул түүнийг үндэслэн нэхэмжлэгчийг 48 цаг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, Байгууллагын дотоод журмын 10.5.1-д ажилтанд 1 хүртэлх өдрийн чөлөөг ...албаны дарга ажилтны өргөдлөөр шийдвэрлэж олгоно гэжээ.
Тухайн үед нэхэмжлэгч *** нь өөрийн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар ажлын цагаар гадуур явах үедээ өөрийн шууд удирдлага болох албаны даргаас чөлөө авдаг байсан болох нь гэрч ***ийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 48 цагийн ажил тасалсан гэх байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
8.3 Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил олгогчийн зөвшөөрөлгүй өөр байгууллагад давхар ажилласан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч *** нь ***-д 2024 оны 1 дүгээр сараас 11 сар хүртэл ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тус байгууллагад ажлын бус цагаар ажилладаг байсан гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүйгээс гадна ажлын цагаар нэхэмжлэгчийг тус байгууллагад ажилладаг байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт ажилтан нь үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч *** нь шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ***ийн статистикч их эмчийн ажлын байранд томилогдсон боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийг ажлын бус цагаар ***-д ажилласан нь үндсэн ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч ***ийн даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр гарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ***ыг урьд эрхэлж байсан ажил болох тус байгууллагын статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
8.4 Нэхэмжлэгч *** нь хамтран хариуцагчаар Нийслэлийн эрүүл мэндийн газрыг татсан боловч тус газартай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь ***т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
8.5 Нэхэмжлэгч *** нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 24,309,010 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож үзэхэд 1 өдрийн цалин 82,743 төгрөг байна.
9. Нэхэмжлэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт ажлын 230 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинд 19,030,890 төгрөгийг хариуцагч ***өөс гаргуулан, нэхэмжлэгч ***д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ***д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт илүү нэхэмжилсэн 5,278,120 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийг газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ***ийн даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тушаал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ***ыг ***ийн статистикч их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,030,890 төгрөгийг хариуцагч ***өөс гаргуулан, нэхэмжлэгч ***д олгож, цалин олговорт илүү нэхэмжилсэн 5,278,120 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч ***т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ***ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ***д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 323,304 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА