| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04003/И |
| Дугаар | 192/ШШ2025/05290 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05290
| 2025 06 18 | 192/ШШ2025/05290 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, M ургийн овогтой Оын М /РД:******/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****** тоотод оршин суух, Б ургийн овогтой Энын З /РД:******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ****** тоотод оршин суух, Б ургийн овогтой Оийн Н /РД:******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.З ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.М , Э.З нар нь хариуцагч О.Н т холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Хариуцагч О.Н нь өмгөөлөгч Б.Э тэй 2023 оны 03-р сарын 01-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн үйлчилгээ авч ирсэн. Улмаар Б.Э нь 2023 оны 9-р сараас эхлэн 2024 оны 03-р сарын дуустал Ирланд улсад 6 сарын хугацаатай гадаад хэлний сургалтад хамрагдах болсонтой холбоотойгоор өөрийн үйлчлүүлэгч О.Н болон хамт ажилладаг өмгөөлөгч З.М , Э.З нарын зөвшөөрснөөр Хууль зүйн байнгын үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ О.М , Э.З нарт шилжүүлсний дагуу О.Н болон бидний хооронд 2023 оны 08-р сарын 29-ний өдөр Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Ингээд бид тус гэрээнд заасны дагуу 2023 оны 9,10,11,12 дугаар сарууд болон 2024 оны 1,2,3-р саруудад О.Н т хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн заасан шүүхийн хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож, хуулийн зөвлөгөө, мэдээллээр хангаж, төрийн байгууллагад гаргах гомдол, хүсэлтийн төслийг тус тус боловсруулж, байнгын үйлчилгээ үзүүлж ирсэн.
О.Н болон бидний хооронд байгуулагдсан 2023 оны 08-р сарын 29-ний өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 1.4 дэх хэсэгт Энэхүү гэрээний хугацаа нь 2023 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаатай байна. Энэхүү хугацаа дууссан ч шийдвэрлэгдэж дуусаагүй хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэгдэж дуустал өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ, 1.5 дахь хэсэгт Энэхүү гэрээний хугацаа дуусахад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, талууд гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцно. гэж тус тус заасны дагуу гэрээ нь 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан тул бид 2024 оны 1,2,3-р саруудад ч О.Н т хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлсэн. Үүний дагуу 2024 оны 04-р сард өмгөөлөгч Б.Э нь Монгол улсад ирсний дараагаар ч О.Н нь Б.Э өөс үргэлжлүүлэн хууль зүйн байнгын үйлчилгээ авсаар байна.
Нэхэмжлэгч нар нь О.Н т хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлж байх хугацаанд ****** НҮТББ-ын нэхэмжлэлтэй ****** сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр, ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****** ХХК-д холбогдох арбитрын хэрэгт нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөр, ******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****** ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр, ****** ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, ****** ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр, ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр тус тус оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргаж, шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж мэтгэлцэж байсан бөгөөд эдгээр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 11-ний өдрийн ****** дугаар шийдвэр, Монголын Үндэсний худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын 2023 оны 11-р сарын 03-ны өдрийн ****** дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн ****** дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн ****** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 10-ны өдрийн ****** дугаар магадлал зэрэг баримтуудаар тус тус нотлогдоно.
Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь 2024 оны 02-р сард ****** ХХК-иас ****** албанд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэлийн төсөл, 2024 оны 01-р сарын 16-ны өдөр ****** ХХК-аас ****** яаманд хандаж гаргах гомдлын төслүүд зэрэг үйлчлүүлэгчээс даалгасан эрх зүйн баримт бичгийг цаг тухай бүр боловсруулж хариуцагчид хүргүүлж, Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан болно.
Улмаар дээрх гэрээний 1.8 дахь хэсэгт Энэ гэрээгээр зохицуулаагүй харилцааг үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Б.Э нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03-р сарын 01-ний өдрийн Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулна гэсний дагуу 2023 оны 03-р сарын 01-ний өдрийн Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгч О.Н нь сар бүрийн үйлчилгээний хөлсөнд нийт 2,000,000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй байсан боловч 2024 оны 1, 2, 3 саруудын үйлчилгээний хөлс болох нийт 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2023 оны 03-р сарын 01-ний өдрийн Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.2 дахь хэсэгт Үйлчлүүлэгч нь хууль зүйн үйлчилгээний хөлс, зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг өмгөөлөгчид төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нар нь алдангид 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр нийт 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг О.Н аас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч О.Н нэхэмжлэлд хариу тайлбар гараагүй байна.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 5-7/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 8,9/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаар шийдвэр /хх-ийн 10-19/, Монголын олон улсын арбитрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаар шийдвэр /хх-ийн 20-31/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 98-100/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар шийдвэр /хх-ийн 109-120/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ****** дугаар магадлал /хх-ийн 121-125/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаар шийдвэр /хх-ийн 130-134/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч О.М , Э.З нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч О.Н нь манай өмгөөллийн өмгөөлөгч Б.Э тэй 2023 оны 03 сарын 01-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээг 10 сарын хугацаатай байгуулан ажиллаж байгаад өмгөөлөгч Б.Э 6 сарын хугацаатай гадаад улс явах болсон. Ингээд О.Н нь О.М , Э.З нартай харилцан тохиролцож, 2023 оны 08 сарын 29-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж өмнөх гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Гэрээний дагуу бид 2023 оны 09 сараас 2024 оны 1-3 сард хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний 1.4-т гэрээний хугацаа дуусахад шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй маргаан байгаа бол маргаан дуусах хүртэл гэрээний хугацааг сунгахаар, мөн гэрээний 1.8-д гэрээгээр зохицуулаагүй асуудлыг Б.Э тэй байгуулсан гэрээний зохицуулалтаар зохицуулахаар тусгасан. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг дуусаагүй байсан учир гэрээг 1 жилээр сунгуулахаар тохиролцсон. Хариуцагч 2023 оны 09 -12 сарын ажлын хөлс төлсөн боловч 2024 оны 1-3 сарын хөлс төлөөгүй. 2024 оны 1-3 сарын ажлын хөлс гэрээгээр тохиролцсоны дагуу 6,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гэрээнд сарын төлбөрийг тухайн сарын 10-ний өдөр төлөх, 5.2-т хөлс зардлыг хугацаандаа төлөөгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Хугацаандаа төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй учир алданги 3,000 ,000 төгрөг гаргуулахаар шаардан. Алдангийн хэмжээ хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь хүртэл тооцсон. Иймд нийт 9,000,000 төгрөг нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч О.Н нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Б.Э , О.Н нарын хооронд 2023 оны 03 сарын 01-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан байна. Тус гэрээгээр 1.2.1-т үйлчлүүлэг О.Н ын 5 хүртэл тооны шүүхийн хэрэг, маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, 1.4-т гэрээний хугацаа 2023 оны 03 сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1.5-д гэрээний хугацаа дуусахад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй бол талууд гэрээг цуцлах талаар санал гараагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцохоор, 4.1-т өмгөөллийн үйлчилгээний хөлс 20,000,000 төгрөг, сар бүрийн 10-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.
4.2.Мөн Нэхэмжлэгч О.М , Э.З , хариуцагч О.Н нарын хооронд 2023 оны 08 сарын 29-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан байна. Тус гэрээгээр 1.2.1-т үйлчлүүлэг О.Н ын 5 хүртэл тооны шүүхийн хэрэг, маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, 1.4-т гэрээний хугацаа 2023 оны 03 сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, 1.5-д гэрээний хугацаа дуусахад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй бол талууд гэрээг цуцлах талаар санал гараагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцохоор, 1.8-д энэ гэрээгээр зохицуулаагүй харилцааг үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Б.Э нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 сарын 01-ний өдрийн Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулахаар тохиролцсон байна.
4.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн ****** дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн ****** дугаар шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн ****** дугаар магадлал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн ****** дугаар шийдвэр, шүүхээс 2024 оны 11 сарын 20-ны өдөр О.М , Э.З , О.Н нарын фэйсбүүк групп чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нар нь хариуцагчид 2023 оны 10 сараас 2024 оны 03 сард хууль зүйн туслалцаа үзүүлж шүүхэд болон арбитрын магаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болох нь тогтоогдож байна.
5.Гэрээний агуулга, хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.
6.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
8.Хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгч, хуульд заасан хариу тайлбар, нотлох баримт гаргах хугацаа өнгөрсөн боловч хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
9.Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 2024 оны 1-3 дугаар сард хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлс төлсөн, төлөхөөс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
10.Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас гэрээний 1.8, 5.2-т тохиролцооны дагуу 3,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан.
11.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.8-т Б.Э болон О.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээний зохицуулалтаар зохицуулахаар, тухайн гэрээний 5.2-т гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх тохиролцоо хийгдсэн байна.
12.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс төлөх үүргээ төлөөгүй нь тогтоогдсон, алданги тооцож нэхэмжилсэн 3,000,000 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.
13.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.Н аас хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М , Э.З нарт олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
14.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Н аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М , Э.З нарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.М , Э.З нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н аас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР