Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 1

 

О.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, ерөнхий шүүгч З.Х, шүүгч С.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Г.А

Шүүгдэгч                                                        О.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц, Ц.Б,

Б.Ц

            Нарийн бичгийн дарга                                 Б.М нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, шүүгч Г.Э, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Э нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны ..23 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлоор О.Д-д холбогдох 222..0.............. дугаартай эрүүгийн хэргийг ..23 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Т овогт О-н Д, Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт О аймгийн Б сумын Р багийн 9-9 тоотод оршин суух, урьд

   С аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ..05 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-т зааснаар 5 сар баривчлах ялаар,

   О аймаг дахь сум дундын шүүхийн ..08 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /регистрийн дугаар: ДИ..092117/.

   О.Д- нь ..22 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим О аймгийн Б сумын Р багийн 9 дүгээр гудамжны 9 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Э.Б-ы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, улмаар бэлгийн замаар дамжих трихомониаз өвчин халдааж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

О аймгийн Прокурорын газраас: О.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Т овгийн О-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч О.Д-ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийн цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь насанд хүрээгүй хохирогчид үзүүлсэн туслалцааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Д- давж заалдах гомдолдоо:

 

... миний бие нь арван найман хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсондоо маш их гэмшиж, харамсаж байна. Миний буруу намайг уучлаарай. О.Д- миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Иймд надад анхан шатны шүүхээс оногдуулсан 9 жилийн хорих ялыг минь ар гэр, аав, ээж, эхнэр, нялх хөөрхөн хүүгийн минь байдлыг харгалзан үзэж хөнгөлж өгнө үү. ..миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай. Иймд гомдлыг минь харгалзаж үзнэ үү ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

...Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд харин шүүгдэгч О.Д- нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчингүй байсан ба харин урд нь тэмбүү өвчнөөр өвдөж байсан ч халдваргүй буюу эдгэрсэн шинжилгээнд илэрнэ гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэдгээ мэдүүлдэг. Харин ямар нэгэн эм тариа болон хүчтэй үйлчилгээтэй антибиотек хохирогчтой харьцаанд орсноос хойш хэрэглээгүй гэдгээ мэдүүлдэг.

Гэтэл шүүгдэгчийг ямар нэгэн эм тариа хэрэглэж трихомониаз өвчнийг эдгээсэн байх магадлалтай хэмээн яллаж, тийнхүү шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна. Хэрэв шүүгдэгч эм тариа хэрэглэсэн гэвэл ямар эм тариаг хэрхэн хэрэглэсэн, мөн хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхдаа трихомониаз өвчинтэй байсан нь хохирогчид халдсан гэдгийг хөтөлбөргүй нотлон тогтоох байтал хэрэгт тийнхүү нотлон тогтоосон баримт байхгүй байна.

Шүүгдэгчийн төрсөн эх авто ослын улмаас биеийн байдал сайнгүй нурууны хүнд хагалгаанд орсон асаргаанд байдаг өндөр настай хүн. Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаагаа холбогдож байгаа, насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэдгээ мэдүүлдэг.

Иймд шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй, нотлон тогтоогдохгүй байгаа тул энэхүү гэм буруутайд тооцсон зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож, О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..23 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Д-д ногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү ... гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Б тайлбартаа:

... Д ахтай бэлгийн харьцаанд орсон нь үнэн бөгөөд хүч хэрэглэж сүрдүүлээгүй учир миний бие ямар нэгэн гомдол саналгүй болно. Иймээс тухайн хүний ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье ... гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Э овогтой Б нь Д аймгийн С суманд төрсөн. Одоо эмээ өвөөгийндөө хамт амьдарч байгаа миний ээж Ж.Б гэх хүн намайг болон дүү нарыг маань харж ханддаггүй. Түүний нөхөр болох О.Д-д би хүчирхийлүүлж хохирсон энэ тухай шүүх хурал болж хэрэг шийдэгдсэн боловч миний ээж Ж.Б гэх хүн байнга дарамталж гомдолгүй гэж хэлээд өгөөч мөнгө өгье гэх зэргээр дарамталдаг.

Саяхан тэр О.Д-ийн эгч болох хүнийг Дд дагуулж ирж надтай уулзуулж худал өргөдөл бичүүлэн авсан намайг маш их ятгаж дургүй байхад шүүх хуралд өөрийн биеэр очно гээд бичээд өг гэж шахаж шаардсаар байгаад бичүүлээд 300.000 төгрөг өгсөн мөн шүүх хуралд орвол ахиж мөнгө өгнө 5.000.000 төгрөг өгнө гэх мэт хууран мэхэлж худлаа хэлдэг.

Би үнэндээ үнэхээр гомдолтой байгаа учир тэр эгчийн ярьсан яриаг бичлэг болгон хурааж авсан үүнийгээ нотлох баримтаар хүргүүлж байна. Мөн ээж болох Б-г нь өөрийн хууль ёсны төлөөлөгч болгох хүсэлгүй биднийг гэдэггүй хүн миний төлөө байхгүй гэж боддог. Худал мэдүүлэг надаар хүчээр бичүүлсэн учир би Э хотод очиж шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ энэхүү хүсэлтээр илэрхийлж байна. Энэ хүний эгч, ээж 2 миний мэдүүлэг бодол санаанд хөндлөнгөөс хүчээр хуурамчаар нөлөөлж байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. (Э.Б нь хөдөө яваад эзгүй байсан тул ..23 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 48 минутад хууль ёсны төлөөлөгч Ш.Э ............. утсаар холбогдож хүсэлтийг бичив.)

Хууль ёсны төлөөлөгч Ш.Э: Энэ хэргийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн цагаас хойш Э.Бы ээж Ж.Б нь удаа дараа хүүхдийг “гомдолгүй гэж хэл, мөнгө өгье” гэх байдлаар ятган сэнхрүүлж өргөдөл бичүүлдэг байсан. 7-17 насны 3 хүүхдээ харж асардаггүй мөртлөө 3 хүүхдийн мөнгө болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны мөнгийг авч хэрэглэдэг. Ж.Б нь өөрт ашигтай тохиолдолд л хүүхдүүдийгээ гэж ирдэг бусад үед бол хүүхдүүдээ харж ханддаггүй хүн. Сая хэд хоногийн өмнө хүртэл У хотоос О.Д-ийн ээж, эгч 2-ыг дагуулж ирээд “гомдлоо буцаачих мөнгө төгрөг өгье” гэж хэлсэн талаар нагац эгч А.Н надад утсаар мэдээлэл өгсөн. Мөн ..23 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Б руу залгаж “одоо хүрээд ирээ, хоёулаа О руу явж шүүх хуралд оролцъё” гэж ярьсан байсан. Ж.Б нь хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймээс хэргийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

..23 оны 12 дугаар сарын ..-ны өдрийн шүүх хуралдаанд очиж оролцохгүй байхад дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд О.Д-ийн эгч Д аймагт ирж Э.Б-той уулзаж худал өргөдөл бичүүлэн авсан. Э.Быг маш их ятгаж, дургүй байхад шүүх хуралд өөрийн биеэр очно гээд бичээд өг гэж шахаж шаардсаар байгаад бичүүлээд 300.000 төгрөг өгч хөндлөнгөөс нөлөөлсөн өөрөө бол О аймагт очиж шүүх хуралд оролцох хүсэлгүй байна.

Д аймгаас О руу хууль ёсны төлөөлөгчтэй хамт очиж оролцох зардал мөнгө байхгүй. Цаг агаарын нөхцөл байдал муудаж хол замд явах боломжгүй зэрэг шалтгаануудаас үүдэн дээрх шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүх хурал дээр хэлэх үгээ бичгээр хүргүүлж байна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Д- тайлбартаа: ... Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн ахуй амьдралын байдлыг минь харгалзан үзээд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шүүгдэгч О.Д- нь хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдэг нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б тайлбартаа: ... Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч бэлгийн замын халдварт өвчинтэй гэдэг нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, хорих ялыг нь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Д- болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч О.Д-ийг ..22 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн орчим О аймгийн Б сумын Р багийн 9 дүгээр гудамжны 9 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Бы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, бэлгийн замаар дамжих трихомониаз өвчин халдааж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Д-ийн гэм бурууг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5.д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан

Насанд хүрээгүй хохирогч Э.Бы ... ..22 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ээж, Д ах хоёр Д аймагт ирээд Х- бид хоёрыг  Э рүү авч явна гээд авч явсан. Тэгээд ..22 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ээд Д ахын гэрт нь очсон. Гэрт нь ээж нь ганцаараа байсан. Маргааш нь буюу ..22 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нь аяга арчаад зогсож байтал Д ах араас ирээд миний хөхийг базахаар нь би түлхчихээд, ээждээ очоод “Наад хүн чинь намайг оролдоод байна” гэсэн чинь ээж Д ах рүү чи яагаад хүүхэд оролдоод байгаа юм гэж хэлээд орхисон. Тэгтэл Д ах намайг байшингийн ард дагуулж ороод “чи яагаад ийм зүйлийг ээждээ хэлээд байгаа юм бэ. Танай эгч Б чинь зөндөө л унтаж хэвтэж байсан, юу ч хэлдэггүй байсан ш дээ” гэж хэлж байсан. Орой 22 цагийн үед миний гэдэс өвдөөд бөөлжөөд байсан. Тэгтэл ээж Д ахын ээжтэй хамт эмийн сан орох гээд явсан. Х- бид хоёр байшингийн урд орон дээр хэвтэж байсан. Д ах хойд талын орон дээр хэвтэж байсан.

... Тэгтэл намайг орон дээрээс буулгаад гэдсийг нь илээд өгье, сайн илчихээр зүгээр болчихдог юм гээд газар хэвт гэхээр нь би итгээд хэвттэл гэдэс илж байгаад Х-г гэрэл унтраачих гэсэн чинь Х- босоод гэрэл унтраагаад орон дээрээ утас үзээд, унтах гээд хэвтээд өгсөн. Би гэрэл унтраачихаар нь босох гэтэл дээрээс дарж хэвтчихээд миний хоёр гарыг дараад босгохгүй байсан. Би тэр үед хар өнгийн пудволк, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан. Харин Д ах цагаан өнгийн пудволк саарал өнгийн шорттой байсан. Д ах нэг гараараа миний 2 гарыг дараад нэг гараараа миний амыг хүчээр таглаж дараад байсан. Тэгээд миний хөхийг базаад, миний өмд бас дотуур түрсикийг өвдөг хүртэл доош нь татаж тайлсан. Бас өөрийнхөө шортыг өвдөг хүртлээ тайлангуутаа миний бэлэг эрхтэн рүү шууд өөрийнхөө бэлэг эрхтнийг чихэж оруулсан. Миний бэлэг эрхтэн болон бие маш их өвдсөн. Би орилоод хашхирах гэтэл ам дарсан байсан болохоор олигтой дугарч чадаагүй. Миний нулимс л гараад байсан. Тэгээд нааш цааш маш хурдан хөдлөөд байсан. Ойролцоогоор 5-10 минут бол хөдөлсөн. Тэгээд миний бэлэг эрхтэн дотор дур тавьчихаад Д ах түрүүлээд босоод явчихаар нь би араас нь уйлаад босоод орон дээрээ очтол “уйлахаа болиод нүүр гараа угаа, чи ээждээ битгий хэлээрэй, ээждээ хэлэх юм бол би ээжийг чинь зодоод алчихна шүү” гээд заналхийлээд байсан. Тэгээд өөрөө орон дээрээ очоод хэвтээд өгсөн ... гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.А-ийн ... Бы ээж Б- миний хамгийн том охин бөгөөд Б нь миний ач охин байгаа юм. Б- нь нийт 3 нөхөр сольсон. Б нь 4 дэх хүүхэд нь юм. Б нь багаасаа над дээр өссөн. Эцгийг нь мэдэхгүй. Энэ жил ..22 оны 07 дугаар сарын ..-ний хавьцаа Б- сүүлд суусан нөхөртэйгөө хамт Д аймагт ирээд Б бас аав дээрээ байсан охин Х- гээд хоёр охиноо авч Э рүү аялна гээд явсан. Удалгүй аймгийн наадмын өмнө Б, Х- хоёрыг аваад ирсэн. Удалгүй над руу сүүлд суусан Д гэдэг залуу нь утасдаад ... “танай охин чинь цагдаад өргөдөл өгсөн гэнэ, болиулаад өгөөч би хүн алаад хэргээ хүлээгээд 10 гаран жил шоронд суусан хүн байна. Би танай охин Бтой тийм зүйл болохын хувьд болчихсон юм аа” /хүчирхийлснээ хэлж байсан/ гэхээр нь би “яахаараа хүүхэдтэй тийм зүйл хийдэг юм” гэсэн чинь “харин тиймээ” гэж хэлж байсан. Миний ач охин гэрээсээ гардаггүй, их томоотой хүүхэд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/

 

гэрч А.Нын ... ..22 оны 8 дугаар сарын эхээр Б, Х- хоёрыг “ээж нь Ө аймагт хүрээд ир гэсэн” гэсэн чинь хоёр охин хоёулаа уйлаад байхаар нь “яасан бэ, яагаад ээж дээрээ очихгүй байгаа юм бэ” гэтэл охин “Э явахад намайг Д гэдэг ээжийн шинэ нөхөр нь хүчирхийлсэн” гэж хэлсэн. Тэгээд болсон явдлыг нь бүгдийг нь өргөдөл дээр бичүүлээд яаралтай цагдаад өргөдөл өгүүлсэн. Тэрнээс хойш ээж Б- нь над руу дайрч давшилж “чи хүний гэр бүлийн амьдрал руу орлоо” гээд элдвээр хэлээд өргөдлөө буцааж ав гээд дарамтлаад байсан. Бас нөхөр нь болох Д над руу залгаад “чи муу пизда гичий юу вэ, чи намайг яаж ч чадахгүй” гээд харааж зүхээд байсан...гэсэн мэдүүлэг/ хх - ийн 67 хуудас/,

 

гэрч Д.Н-ын ... Дийн ээж нь юм. Манай хүү Д нь хамтран амьдрагч Б-гийнхээ хамтаар манайд 3-4 удаа ирсэн. Миний санаж байгаагаар ..22 оны 7 сарын дундуур ирэхдээ ... өндөр охин Быг авч ирсэн байсан. Манайд ирээд хоёр хонож байхад нэг орой шөнийн 1 цаг болж байхад Б- надад хандаж “хүүхдүүдийн гэдэс өвдөөд байна” гэж хэлэхээр нь Б- бид хоёр эмийн сан руу хамт явсан. Нэг дүгээр микрийн эмийн сангаас эм аваад би гэрийнхээ гадаа хүргэж өгөөд гэртээ оролгүйгээр ажил дээрээ очиж хоносон. Маргааш нь 11 цагийн үед намайг гэртээ ирэхэд Д, Б, Х- Б- нар хоолоо идээд байцгааж байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа хот руу явцгаасан. Б- бид хоёрыг эмийн сан орох гээд гэрээс гарахад Б, Х- хоёр нэг орон дээр унтах гээд хэвтэж байсан. Д хойд буйдан дээр хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 71-72 хуудас/

 

гэрч Ж.Бгийн ... О.Д-тэй ..18 онд Ө аймгийн Ц суманд танилцаж одоог хүртэл хамт амьдарч харилцаа холбоотой байгаа. Би Дтэй хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш тогтмол бэлгийн харилцаанд орж байсан. Энэ хугацаанд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаагүй. ..22 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Дийн хамт Ө аймгийн Ц сумаас гараад замаараа Д аймгаас охин Э.Б, Х.Х- нарыг аваад О аймагт Дийн аавынд 21-ээс 22-нд шилжих шөнө ирсэн. О аймагт ирсэн байхад ..22 оны 7 дугаар сарын 23-ны орой манай хоёр охины гэдэс өвдөөд бөөлжөөд байсан. Хадам ээжийн хамт төв рүү такситай явж эмийн сан орж гэдэсний бөөлжисний эсрэг эмүүд аваад ирсэн. Хадам ээж бид хоёрыг эм авахаар гарахад манай хоёр охин цонхон талын орон дээр хэвтэж байсан. Д бага зэрэг архи уучихсан хойд талын буйдан дээр утсаа оролдоод хэвтэж байсан. Тэр гурваас өөр хүн байгаагүй. Э.Б надад хүчиндүүлсэн гэж огт яриагүй. Мөн бэлгийн харьцаанд орж байсан талаар яриагүй. Би охиныгоо найз залуутай гэдгийг хараагүй, сонсоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

 

Д аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн ..22 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай “Э.Бы биед зүүн хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Өөрийн үгээр ..22 оны 07 сарын 23-ны өдөр хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орсон гэнэ. Хугацааг тогтоох боломжгүй. Охин хальсанд гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс 7 цагийн түвшин суурь хүрсэн хуучин урагдалтай байна. Охин хальс сэвтсэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д- нь ..22 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн орчим О аймгийн Б сумын Р багийн 9 дүгээр гудамжны 9 тоотод хохирогч Э.Бы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Д- нь 16 настай Э.Бы хоёр гар,  амыг нь дарж, хөхийг нь базаж, өмд, дотоожийг нь хүчээр тайлах зэргээр хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

 

Харин тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч О.Д- нь хохирогч Э.Быг хүчиндэхдээ бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

 

Тухайлбал:  Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..22 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б нь бэлгийн замаар дамжих трихомониаз өвчтэй болох нь тогтоогдсон  байх боловч  

 

О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ..22 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр О.Д-ийн шинжилгээний хариунаас үзэхэд тэмбүү өвчний үүсгэгч илэрсэн ... үзлэг шинжилгээгээр трихомонус илрээгүй гэж тогтоогдсоноос гадна лабораторийн шинжилгээгээр “трихомониаз өвчингүй” гэсэн хариу гарсан зэргээс үзэхэд шүүгдэгч О.Д-ийг хохирогчийг хүчиндэх үедээ трихомониаз өвчтэй байсан, улмаар дээрх өвчнийг хохирогчид халдаасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Мөн шинжээч Б.Д нь “Трихомониаз өвчин нь бэлгийн болон бэлгийн бус замаар дамжин халдварладаг. Бэлгийн бус замаар халдварлах нь харьцангуй ховор тохиолддог ... холбогдогч О.Д- нь хэрэг учрал болох өдөр буюу ..22 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойших тодорхой хугацаанд бэлгийн замаар дамжих өвчний шинжилгээнд хамрагдаагүй тул тухайн үедээ трихомониаз өвчтэй байсан эсэхийг нарийн тогтоох боломжгүй ...” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт О.Д-ийг бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлгэж байгаагүй талаарх Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн лавлагаанууд хэрэгт авагджээ.

 

Хохирогч Э.Бд өмнө нь трихомониаз өвчний шинж тэмдэг илэрч байсан эсэх, эсхүл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш илэрсэн эсэх, илэрсэн бол хэдийнээс эхэлж илэрсэн зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

 

Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5.д заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх нь Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч О.Д-д холбогдох хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэх үйлдэл, холбогдлыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул  анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж,

харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эдлэх ялыг нь хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч Р.Цын ... хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй нотлон тогтоогдохгүй байх тул гэм буруутайд тооцсон зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн, шүүгдэгч О.Д-ийн ... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн  давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..23 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

            “Шүүгдэгч Т овгийн О-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овгийн О-н Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овгийн О-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч О.Д-ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг ,

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч О.Д-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “... 9 жилийн ...” гэснийг “... 7 жилийн ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч О.Д- болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.У

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   З.Х

 

                        ШҮҮГЧ                                                                        С.Ц