| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0991/З |
| Дугаар | 128/ШШ2025/0539 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0539
2025 оны 08 сарын 07 өдөр 128/ШШ2025/0539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М******* ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Маргааны төрөл: М******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Д.Ц*******, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.М******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.М******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/182 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 900 м.кв газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр Хот байгуулалт, газрын харилцааны газрын /хуучнаар/ дарга Н.Ц******* нь үндэслэлгүйгээр М******* ХХК-ийн барилгын ажлын зургийн ерөнхий төлөвлөгөөг батлаагүй, газар ашиглах гэрээг сунгаагүй буруутайг тогтоож, М******* ХХК-ийн барилгын ажлын зургийн ерөнхий төлөвлөгөөг батлах, газар ашиглах гэрээг сунгахыг Нийслэлийн Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Ц*******, Нийслэлийн газрын албан нарт үүрэг болгожээ.
4.Харин М******* ХХК-иас Нийслэлийн газрын албанд холбогдуулан ...М******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 474 дугаар захирамжаар эзэмшиж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 900 м.кв газрын эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй, барилгын ажлыг таслан зогсоосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгах, гэрээ байгуулахыг Нийслэлийн газрын албанд даалгаж, 30,200,000 төгрөгийн хохирлыг гаргуулж М******* ХХК-д олгуулах гэсэн шаардлага, Нийслэлийн газрын албаны М******* ХХК-иас зардал 6,175,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 474 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 900 м.кв газрыг эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгах гэрээ байгуулахыг Нийслэлийн газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
5.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сургалт, үйлчилгээ-ний зориулалттай 900 м.кв газрын эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан, мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1168 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /сургалт, үйлчилгээ/-ын зориулалтаар 900 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлж, ******* дугаар гэрчилгээг М******* ХХК-д олгожээ.
6.Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан байна.
7.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4296 дугаар албан бичгийг М******* ХХК-д хүргүүлж, ...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг мэдэгджээ.
8.Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-05/4552 дугаар албан бичгийг М******* ХХК-д хүргүүлж, ...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4296 дугаар албан бичгээр ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй..., ...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд тус албанаас барилгын хашааг буулгаж, ухсан нүхийг шороогоор дүүргэн иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангасан болно... гэжээ.
9.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэсэн үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
10.Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05-02/5409 дүгээр албан бичгээр ...тухайн ирүүлсэн албан бичгийг судлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн тул танай компанид 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/05-4296 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болсон байх тул таны гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна... гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.
11.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
12.Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/ Эрх зөрчигдсөн талаар
...М******* ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан цагаас сургуулийн ажлыг эхлүүлэхээр явсан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас байнгын санаатай хавчлагыг өнөөдрийг хүртэл явуулж бидэнд эд хөрөнгө, мөнгө санхүү, ажиллах хүч, цаг хугацаа цаашлаад олон мянган хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдсаар байна.
Барилга ажлын зургийг мэргэжлийн баг хамт олноор гүйцэтгүүлэн батлуулах гэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар баталж өгдөггүй асуудал удаан үргэлжилсэнд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр тус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга ажлын зургийн ерөнхий төлөвлөгөөг баталж, газар ашиглах гэрээг сунгахыг даалгаж байсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу барилгын зөвшөөрлөө аваад, барилга угсралтын ажлаа эхлэх гэж байхад Нийслэлийн газрын албанаас шөнийн цагаар дайрч хашааг нураан, суурийг булж, хашааг нь авч яван, маш их хохирлыг учруулж, газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хүлээж авдаггүй сунгахгүй байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар шийдвэрээр газар эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгах гэрээ байгуулахыг Нийслэлийн газрын албанд даалгаж шийдвэрлэж байсан.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугчид гомдол гаргасан гэх үндэслэлээр мөн 2017-2018 онуудад Хот байгуулалт хөгжлийн газар барилгын ажлыг зогсоож, оршин суугч М******* ХХК-ын эзэмшиж буй 900 м.кв газар эзэмших эрхийг цуцлуулах, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан 606 дугаар барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, оршин суугчийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэх үед нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд шүүхээс оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй байна, дахин оршин суугчдын гомдлыг авч хэлэлцэхгүй гэсэн захирамж гаргаж байсан.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олон удаагийн хууль бус үйлдлээс шалтгаалан М******* ХХК нь хохирч, Нийслэлийн Засаг даргын Хуулийн хэлтэст гомдол гаргахад гомдлыг хүлээн авч хянаад Газрын алба дахин ийм хохирол учруулахгүй, ийм эрхгүй гэсэн хариу өгч байсан.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4296 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай тоотоор: "... танай компани тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, мөн иргэд, оршин суугчдаас орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюулаас сэргийлэх талаарх гомдлыг удаа дараа ирүүлж байна. Иймд Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 /бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг мэдэгдэж байна. гэсэн мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд компаниас хариу тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-05/4552 хариу хүргүүлэх тухай тоотоор "...оршин суугчдаас орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюулаас сэргийлэх талаарх гомдлыг удаа дараа ирүүлсэн. Гомдлын дагуу тус албанаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4296 дугаарын албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд тус албанаас барилгын хашааг буулгаж, ухсан нүхийг шороогоор дүүргэн иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангасан болно гэх хариу ирүүлсэн.
Дээрх хариуг хүлээн аваад Нийслэлийн засаг даргын тамгын газарт гомдол гаргахад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05-02/5409 тоотоор үндэслэл бүхий шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжаар эзэмших эрхийг дуусгавар болсон байна гэх хариу ирүүлсэн. Тус эзэмших эрхийг дуусгавар болгосон гэх захирамж албажин гараагүй, бид ийм захирамж хүлээн аваагүй.
2. Захиргааны үйл ажиллагааны хууль зөрчсөн үндэслэлийн талаар
Газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас тухайн байршилд барилга барьснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, эргэн тойрны барилга, орон сууцны гэрлийг хаах, хүүхдийн тоглох эрхэд халдаж байгаа, оршин суугч иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэжээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа нь дараах байдлаар үндэслэлгүй хууль зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд Захиргааны актыг мэдэгдэх, 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заажээ. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-05/4296 тоот мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тайлбарыг баримтын хамт өгсөн. Үүний хариуд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дахин газрын эзэмших эрхийг цуцална гэсэн хариу ирүүлж, Манай компаниас Нийслэлийн засаг даргын тамгын газарт гомдол гаргасан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 20 ны өдөр 05-02/5409 тоот хариу ирүүлсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэсэн хариу ирүүлсэн бөгөөд тус газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамж өнөөдрийг хүртэл М******* ХХК-д ирээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан "Хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, хууль ёсны итгэлийг хамгаалах" гэсэн үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлтийн 24.1, 24.2 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ
Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна 25.1.1 ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2 оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан "бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" заалтыг баримтлаагүй шийдвэр гаргахад шаардагдах ажиллагааг явуулаагүй, мэдэгдээгүй байна.
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ 41.4. Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна".
Дээрхээс үзэхэд захиргааны үйл ажиллагаа нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны зарчим, хуулийг мөрдөөгүй, шийдвэр гаргах ажиллагааны дарааллыг баримтлаагүй зорилго нь хууль болон зарчимд нийцээгүй илтэд хууль бус үйл ажиллагаа явуулсан. Манай компани газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газрыг албадан чөлөөлөх үндэслэл байгаагүй. Манай сургууль барих газрын зэргэлдээ байрлах 2а орон сууцны хувьд орц гарц нь өөр зүг рүү харсан, сургуулийн барилгатай ямар нэгэн байдлаар огт харьцахгүй, хоорондоо 30м-ийн зайтай учир оршин суугчдын орчны аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчин, үзэгдэх орчин зэрэгт ямар ч сөрөг нөлөөлгүй талаар Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Барилга барих газрын төлөв байдлын тухай, "К*******" ХХК-н 2а байрны нарны тусгалд нөлөөгүй гэсэн дүгнэлтийг тус тус гарсан. Иргэдийн эрх ашиг гэх нэрийн дор тус байрны СӨХ-ны дарга зарим оршин суугчтай нийлэн 15 сая төгрөг нэхэж, барилга барихыг зөвшөөрөхгүй гэсэн иргэдийн өргөдөл нэрээр хуурамчаар оршин суугчдын гарын үсгийг зурсан байсан үйлдэл дээр Криминалистик шинжилгээний газраар шалгуулахад нэг хүн бичсэн бичгийн хэв нэг байна гэсэн дүгнэлт гаргаж байсан талаар мэдэгдэж баримт гаргаж өгсөөр байтал хууль бус захиргааны шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Манай компани газар эзэмших эрхийг гэрчилгээг сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1168 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа. Мөн зохих хууль дүрмийн дагуу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хүчинтэй "Барилгын ажлын гэрчилгээтэй", барилга барих суурийг ухаж бэлдсэн, аюулгүй байдлын үүднээс хашаалж хамгаалсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /тухай үеийн нэршлээр/ барилга барих стандарт орчин нөхцөлийн дүгнэлттэй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлнө гэж эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэр байгаа бөгөөд манай компани зүгээс ямар ч зөрчил гаргаагүй, иргэдийн аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхэнд халдаагүй. Хууль бусаар ажлын бус цагаар хүч хэрэглэн, мэдэгдэл бидэнд ирээгүй байхад хашааг нураан авч явж, ухсан суурыг булсан хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.
13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгыг барьж эхлэх цаг мөчөөс эхлээд Нийслэлийн газрын алба манай үйл ажиллагаанд үргэлж саад учруулж байсан. Үйл ажиллагаагаа эхлэх гэж байхад гэнэт бүлэг хүмүүс гарч ирээд газар, хашаа нураасан. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй. Би сандраад цагдаагийн газар, 1111 төвд хандсан. Монгол улсад хууль, дүрэм, тогтоол, шийдвэр зэрэг бүх зүйлийг үндэслэж байж үйл ажиллагаа явуулдаг. Би хуулийн хүрээнд ажилласан гэж өөрсдийгөө үздэг. Засаг дарга өөрсдийн хүмүүстэй нийлж, зохион байгуулаад миний хийж байсан үйл ажиллагааг нэг өдрийн дотор байхгүй болгосон. Үүнийг санаатайгаар хийсэн гэж үзэж байна. Яагаад нураасан талаар асуухад орчин тойронд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн хариу хэлсэн. Миний үйл ажиллагааг эсэргүүцэж байсан бол надад мэдэгдэх ёстой байсан. Би өөрөө санал тавиад ...Сууц өмчлөгчдийн холбооноос хурал хийдэг бол би очоод эсэргүүцэж байгаа хүмүүсийн саналыг авъя... гэж хэлсэн. Тэгэхэд Сууц өмчлөгчдийн холбооноос хурал хийгээгүй, мөн намайг дуудаагүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гарын үсэггүй, зөвшөөрөхгүй байна гэсэн зохиомол баримт дээр юм бичээд өгсөн байсныг би олж харсан. Хавтаст хэрэгт энэ баримт авагдсан байсан. 2017 оны жагсаалт байсан. Надад газрын албанаас мэдэгдэх ёстой байсан. Албан ажил, дүрэм журмын дагуу явагдах ёстой байтал Нийслэлийн газрын алба энэ асуудлын талаар надад мэдэгдээгүй, хэлээгүй. Оршин суугч сөрөг нөлөө үзүүлээд байна гэсэн гомдлыг 2018 онд Нийслэл дэх хэсэгт захиргааны хэргийн шүүх авч хэлэлцсэн. Гомдол гаргасан оршин суугч энэ нөхцөл байдлыг ойлгож байна, бид нарт сөрөг нөлөө үзүүлээгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Шүүхийн тогтоол гарсан. Энэ асуудлыг 2-3 хүн зохион байгуулж байгаа гэж бодож байна. Би оршин суугч нартай биеэрээ очиж уулзсан. Тэгэхэд энэ хүмүүс ...Бид нар үр хүүхдээ хөгжмийн сургуульд сургамаар байна. Энэ сургуулиа бариарай гэж хэлж, ерөөж байсан. Эсэргүүцэж байсан хүн байхгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбоо болон 2А байрны оршин суугч нар эсэргүүцсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баримт нотолгоо байхгүй, хэдэн хүний ам дамжиж ярьсан яриа байна. Аман яриа, өөрсдөө хоорондоо бичилцсэн зохиомол, нотолгоогүй бичиг баримтыг Нийслэлийн Засаг дарга тооцоод авсан нь харамсалтай байна. Нийслэлийн газрын албанд ...Үйл ажиллагаа явуулах гэж байхад саад хийгээд байна. Бид нар үйл ажиллагаагаа явуулмаар байна... гэсэн хүсэлтийг тухай бүр бичиж өгч байсан. Би Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гомдол бичиж өгч байсан. Яагаад дүрэм, журамгүй, эмх замбараагүй байдал үүссэн вэ? Үйл ажиллагаа явуулах гэж байгаа газарт хүн болгон улайраад байгааг ойлгож байна. Хүүхдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж байхад Монгол Улсын иргэн бүр хүндэтгэн үзэх ёстой. Үүний төлөө Монгол улс хууль баталсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Засгийн газрын агентлаг ажиллаж байна. Энэ байгууллагын хараан доор бид нар энэ үйл ажиллагаагаа явуулж байхад хүүхэд, миний газар эзэмших эрх эсрэг Нийслэлийн Засаг дарга зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан байна. Би гомдолтой байна. Ямар нэгэн алдаа дутагдал байсан бол би хэлэлцэхэд бэлэн байсан. Гэтэл хэн ч хэлэлцээгүй дайрч орж ирээд олон зуун сая төгрөгийн хашааг, газрыг нураасан. Газрын албан олон шаардлага тавьж байсан. Энэ шаардлагыг бид нар биелүүлж байсан. Би дүрэм журмаар нь бүх зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа газар онцлогтой газар байгаа. Яагаад гэвэл газар доороос нь ус ихээр шүүрч гардаг. Барилгын компани нь тодорхой хугацаа тавьж бодис, барилгын хөрсийг бэхжүүлэх тусламж авч байсан. Би хуулийн хүрээнд ажилласан. Харин Нийслэлийн Засаг дарга хуулиас гадуур ажилласан гэж үзэж байна. Үймээн самуун дэгдээгээд сарын дараа захирамж гарсан. Тухайн газрыг газрын албанд танилцуулах ёстой байтал танилцуулаагүй. Нийслэлийн Засаг дарга өөрөө хүүхдийн төвийн тэргүүн гэж явдаг. Ийм хүн сургуулийн үйл ажиллагааг эсэргүүцэж, нураагаад дээр нь тамхины сав, сандал тавиад иргэдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь байж боломгүй асуудал. Олон хүүхэд эрдэм ном сураад явж байх ёстой байтал тухайн байгууламжийг бариулахгүй гэж эсэргүүцэж байна. Хүмүүс Долоон буудал эсвэл Баянхошуу гэх газруудад газар байна. Энэ газар дээр үйл ажиллагаагаа явуулж болно гэж хэлж байсан. Тэгэхдээ энэ газруудад 4 дүүргийн хүүхдүүд ирж суралцах боломж байхгүй. Өнөөдөр хүүхдүүдэд зорчих, хүрч ирж суралцах боломжийг бүрдүүлэх ёстой. Миний үйлж ажиллагааг тал талаас нь авч таслан зогсоосон. Би Япон улсын дэмжлэг тусламжтайгаар тухайн сургуулийг байгуулах байсан. Надад Япон улсаас хөрөнгө оруулалт авах боломж байгаа. Би Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан буюу ЮНИСЕФ-т гомдол гаргаж байсан. Би гомдолтой байна... гэв.
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрыг манайх 1998 онд Нийслэлийн Засаг даргаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар авсан. Дуудлага худалдаагаар авснаас хойш сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бүх бичиг баримтаа бүрдүүлээд явж байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас байнга санаатайгаар хавчиж өнөөдрийг хүртэл барилга бариулах боломж нөхцөлөөр хангаагүй. Манайх 2003 онд барилгын ажлын зургийг зуруулж, батлуулах гэж хандахад ямар нэгэн шалтгаан хэлэхгүйгээр баталж өгөөгүй. 2023 оны 06 дугаар сарын 18-ний шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрт зургийг батлахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зураг төслийн ерөнхий төлөвийг баталж, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан шийдвэр гаргасан. Улмаар барилгаа барих гэж зураг, төсөл зэргийг хөөцөлдөөд явж байх хооронд 2012 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 онд дайрсан шиг манай газар луу дайран орж, хашааг нураан, суурийг булж, хашааг авч явж өндөр хохирлыг манай байгууллагад учруулсан. Үүний дагуу Захиргааны шүүхэд хандсан. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 124, 125 захиргааны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, хууль бус үйлдлийг нь хууль бус болохыг тогтоож, тухайн үед нь шийдвэр гардаг. Манайх дахин нэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байх хооронд 17-18-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн иргэдээс гомдол ирсэн гэх үндэслэлээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар барилгын ажлыг зогсоосон. Чингэлтэй дүүргийн тус хорооны иргэн нь шүүхэд манай 900 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулах, мөн Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан 606 дугаар барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүхийн ажиллагаа явж байх хооронд шүүхэд хандсан иргэн өөрийн эрх ашиг нь зөрчигдөөгүй байна гэж хэлээд нэхэмжлэлээсээ татгалзсан. Удаа дараа шүүхийн процесс болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас бид нарыг ажил хийх нөхцөл боломжоор хангагдаагүй. 2023 оны 07 дугаар сард бид нар техникийн нөхцөлүүдээ аваад 2023 оны 10 дугаар сард барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваад барилгын ажлыг 2024 оны 06 дугаар сараас эхэлнэ гээд бүх бичиг баримт бэлэн болсон байсан. Ажил эхлэх гэж байхад 06 дугаар сарын 25-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үзүүлэх бичиг баримтгүйгээр дайрч орж ирж, хашааг буулган, нүхийг бөглөөд явсан. Тухайн үед бид нарт ямар ч бичиг баримт үзүүлээгүй тул их гайхсан. Бид нар үзүүлэх баримт бичиг байгаагүй. Бид нарт 06 дугаар сарын 25-ний өдөр өгдөг мэдэгдэл өгсөн. 06 дугаар сарын 18-ний өдрийн мэдэгдлийг 06 дугаар сарын 25-ний өдөр өгсөн. Хашааг нураагаад аваад явсны дараа бид нар мэдэгдлээ өгсөн. Бид нар мэдэгдлийн дагуу 06 дугаар сарын 26-ний өдөр хариу тайлбар гаргасан. 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас бид нарт хариу хүргүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Үүн дээр газрын гэрчилгээг цуцалсан тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, тус албанаас барилгын хашааг буулгаж ухсан нүхийг шороогоор дүүргэн иргэдийн аюулгүй байдлыг хангасан болно албан тоот ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 07 дугаар сарын 17-ний өдөр газрыг хүчингүй болгуулах захирамж гарсан. Ямар нэгэн захирамж гараагүй байхад Газар зохион байгуулалтын албанаас 01 сарын өмнө ирээд хашааг хурааж авсан. Нэг үгээр хэлбэл ямар нэгэн таних, үзүүлэх тэмдэггүйгээр Газар зохион байгуулалтын албанаас бүх юмаа зохион байгуулаад явсан гэдгээ 06 дугаар сарын 27-ний өдрийн албан тоотоор өөрсдөө баталгаажуулж өгсөн. Үүний дагуу бид нар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хандсан. Хашаа нурааж авч яваад бид нарт 100,000,000 гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж цагдаагийн газарт хандсан. 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэд хоорондын маргаан, гэмт хэргийн шинжгүй гэсэн. Тэгээд цагдаагийн газар хэргийг шалгахгүй хэргийг хаасан. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй байхад хууль бусаар дайрна гэдэг бол Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь заалтад заасан байдаг. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн гэмт хэргийн зүйл ангитай, гэмт хэргийн шинжтэй зүйл болсон. Гэтэл цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас үүнийг шалгахаас татгалзсан. Бид нар цагдаагийн байгууллага, газрын албанд хандаж гомдол гарахад нэмэр байгаагүй тул шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг дарга гаргасан захирамжаа өгөхгүй байгаа. Бид нар шүүхэд хандах гэж байгаа тул захирамж хэрэгтэй байна гэж хэлэхэд бид нарт гаргаж өгөөгүй. Бид нар албан тоот явуулж байсан. Тэгээд өөрсдөө очиж авсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байна. Газрын алба Захиргааны ерөнхий хулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Газрын алба нь хууль бусаар ажиллаж байна. Олон нийтийн аюулгүй байдалд хандсан гэдэг үндэслэлийг заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр ямар нэгэн хандсан зүйл байхгүй. 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ойр хавийн оршин суугч болон ямар нэгэн барилгад нөлөөлөх зүйл байхгүй гэдэг үндсэн тодорхойлолтууд байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн газар зохион байгуулалтын албатайгаа нийлээд хууль бусаар газар дээрэмдэж авч байна. Энэ нь хууль бус гэж үзэж байна. 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 870 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 онд Нийслэлийн Засаг даргаас дуудлага худалдаа зохион байгуулсан. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн газрыг дуудлага худалдаагаар зарна гэсэн ойлголт байхгүй. Эхний Засаг дарга ямар ч асуудал байхгүй, нийтийн эрх ашиг зөрчигдсөн юм байхгүй гээд дуудлага худалдаагаа хууль ёсны дагуу зохион байгуулсан. Манай компани тэнд шалгараад авсан. Дараагийн Засаг дарга энэ газар олон нийтийн эрх ашгийг зөрчиж байна гэх үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2012 онд 2024 онд болсон шиг үйл ажиллагаа явагдсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба дайрч орж ирээд нүхийг бөглөөд, хашааг авч явсан. Төрийн ажлыг ил цагаанаар эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэйгээр үйл баримт нь хоёр дахь удаагаа явж байна. Хотын төвд байгаа ашиг сонирхол бүхий газар дээр Нийслэлийн Засаг дарга нарын өөрсдийн санаархлаас болж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөвшөөрлийг өгөөгүй байдлаас болж өнөөдөр хүртэл гэрчилгээг нь хүчингүй болгосон байна. Энэ нь нийтийн эрх ашиг гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчилтэй газар байгаа тул Засаг дарга зөрчилтэй захирамж гаргасан байна. Иймд энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/182 дугаар захирамжаар М******* ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ******* дугаар бүхий 900 м.кв газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай А/575 дугаар М******* ХХК-ийн 900 м.кв газрын эрхийг 5 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/1168 дугаар захирамжаар 900 м.КВ газрын эрхийг 5 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн.
Тухайн байршилд барилга барьснаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл боломжийг хааж, эргэн тойрны барилга, орон сууцны гэрлийг хаах, хүүхдүүдийн тоглох наадах эрхэнд халдаж байгаа талаар гомдлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Б*******ээс ирүүлсэн 2023 оны 1/2577 дугаар албан бичиг, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч С.Б*******гаас ирүүлсэн 2023 оны 4/460 дугаар албан бичиг болон оршин суугч, иргэдээс удаа дараа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08/6380 дугаар албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 18- ны өдрийн 01-05/4269, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-05/4553 дугаар сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу М******* ХХК-д удаа дараа хүргүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны зүгээс 2024 оны 06 дугаар сарын 18-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхэд М******* ХХК-ийн зүгээс сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан тайлбар, саналаа ирүүлэхгүй байсан тул бид нарын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн зөвшөөрч байна гэж хариуцагчийн зүгээс ойлгосон. Үүний дараа газар чөлөөлөлтийн ажил явагдсаны дагуу М******* ХХК-ийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил явагдаж байх үед М******* ХХК-ийн төлөөлөлд нэхэмжлэгчийн төлөөлөгч тус газрыг чөлөөлөхөд байсан. Энэ тухай мэдэгдлийг газрын албанд очсон албан хаагчид, иргэд, М******* ХХК-ийн төлөөлөгч нарт танилцуулж ажлыг эхлүүлсэн. Үүний дараа М******* ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 870 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/870 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн "М******* ХХК"-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн А/870 дугаар захирамжид зорилгодоо нэгдсэн захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт гаргахдаа хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газрыг албадан чөлөөлөх үндэслэл байгаагүй гэж, хариуцагчаас ... төрийн байгууллага болон оршин суугч, иргэдээс гомдол гаргасан, барилга, байгууламж барих нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн... гэж тус тус тайлбарлан маргажээ.
3.Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Б*******гаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/460 дугаар албан бичгээр ... Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 2а байрны зүүн талд байрлах тоглоомын талбай байсан 900 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/474 дүгээр захирамжаар барилга бариулахаар М******* ХХК-д олгосон бөгөөд иргэдийн эсэргүүцэл болон Нийслэлийн газрын албаны шийдвэрээр тус газрын эрхийг сунгахгүй зогсоосон. 2013 онд тус компани нь шүүхдэж, 2014 онд газрын эрхээ сэргээсэн, 2019 онд дахин сунгасан байна..., ...тус газарт тухайн барилгыг барьснаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл боломжийг хааж, эргэн тойрны барилга, орон сууцны гэрлийг хаах, хүүхдүүдийн тоглох наадах эрхэнд халдаж байгаа тул М******* ХХК-ийн 2015 оны 606 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, иргэд, оршин суугчид болон хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргаж, улмаар дүүргийн Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/2577 дугаар албан бичгээр тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Б*******гийн ирүүлсэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжлан хүргүүлсэн байна.
4.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийг үндэслэн Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн байх тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу гэж дурдан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
5.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3-т эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5-т газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3-т шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй,зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7-т газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тус тус заажээ.
6.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл (1) газар эзэмших эрх дуусгавар болох, (2) газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй хүчингүй болгох, (3) хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг тус тусад нь зааж зохицуулсан байх бөгөөд дээр дурдсанаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжаар Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үндэслэлээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо хуульд заасан газар эзэмших эрх дуусгавар болох болон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэл болголгүй хууль бус шийдвэрийг хүчингүй болгох заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй болжээ.
7.Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж зааснаар хариуцагч газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол хуульд заасан үндэслэлийн дагуу захиргааны акт гаргах учиртай.
8.Хэрэв маргаан бүхий захирамжид дурдсанаар Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож байгаа бол шийдвэр зорилгодоо нийцсэн байх ёстой. Гэтэл хариуцагч маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1168 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан дээрх захирамж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй байна.
9.Учир нь тодорхойлох хэсэгт дурдсанчлан хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаар болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар шийдвэрүүдээр тус тус газар эзэмших гэрээг хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэж байсан байх бөгөөд нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газартаа хашаа барих нүх ухан олон жил болсон нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байжээ.
10.Гэтэл хариуцагч дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй, эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр хуульд үндэслэлгүй гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/870 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН