| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06851/И |
| Дугаар | 192/ШШ2025/05291 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05291
| 2025 06 18 | 192/ШШ2025/05291 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***** тоот хаягт байрлах, Ю ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 47,363,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Ү.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан 47,363,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ..
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Ү.Б миний бие Ю ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаар № С-Л-1/22-11 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу Говьсүмбэр аймгийн ***** блок 1-р орц хаягт орших орон сууцны зориулалттай, нийт 52.01 м.кв ашигтай талбайтай 6 давхарт 605 тоот 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож захиалан гэрээний үнэд нийт 31,575,500 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох Ю ХХК-нь тухайн орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ биелүүлэхгүй барилга барихтай холбоотой ямар нэг ажил хийгээгүй байгаа болно. Түүнчлэн миний бие тус компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх, гэрээ цуцлах асуудлын хүрээнд удаа дараа уулзаж тохиролцохыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл тодорхойгүй, биелэгдэх боломжгүй, цаг хожих гэсэн үндэслэлгүй шалтгаан нөхцөл тоочиж гэрээ цуцалсаны төлбөр, алдангийг өгөхгүй иргэн намайг хохироож байна. Иймд Ю ХХК-иас гэрээний төлбөр 31,575,500 төгрөг, гэрээний 7.2-д заасан алданги болох 15,787,750 төгрөг нийт 47,363,250 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
1.2.Хариуцагч Ю ХХК нэхэмжлэлд хариу тайлбар гараагүй байна.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5-10/, шилжүүлгийн баримтууд /хх-ийн 11-18/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 44/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ү.Б нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би хариуцагч Ю ХХК-тай 2022 оны 05 сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, дугаар хороонд баригдаж буй барилгын 55.6м.кв орон сууцыг 108,420,000 төгрөгөөр, 72,32м.кв орон сууцыг 122,944,000 төгрөгөөр авахаар төлбөрийг бүрэн төлсөн. Орон сууц 2022 оны 4 Говьсүмбэр аймаг, ***** А блок, 1 орц, 6 давхарт 605 тоот 52.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 104,020,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч тал орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх байсан ч одоог хүртэл ашиглалтад ороогүй. Уг барилга нь одоо хундам төдий л баригдсан байдалтай зогссон. Иймд гэрээг цуцалж, шилжүүлсэн 31,757,500 төгрөг болон гэрээгээр тохиролцсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг төлсөн төлбөрөөс тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 15,787,750 төгрөг нэхэмжилж байна. Иймд нийт 47,363,250 төгрөг гаргуулахаар шаардаж байна. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Ю ХХК нь нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ү.Б , хариуцагч Ю ХХК-ийн хооронд 2022 оны 05 сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээгээр Говьсүмбэр аймаг, ***** тохон А блок, 1 орц, 6 давхарт, 605 тоот, 52.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 104,020,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.
4.2.Гэрээний 2.2 дахь заалт, Хас банкин дахь Ү.Б гийн ***** тоот дансны хуулга, шилжүүлгийн баримт, орлогын мяагт зэрэг баримтаар нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Ю ХХК-ийн ***** тоот дансанд 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 19,300,000 төгрөг, 2022 оны 05 сарын 04-ний 10,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 27-ны өдөр 758,500 төгрөг, 2022 оны 07 сарын 2-ны өдөр 758,500 төгрөг, 2022 оны 09 сарын 02-ны өдөр 758,500 төгрөг нийт 31,575,500 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна.
5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хүсэл зоригийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ү.Б , хариуцагч Ю ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр 29,300,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч хариуцагч тал гэрээнд зааснаар орон сууцыг 2023 оны 2 дугаар улирал, гэрээний 2.9-д зааснаар 180 хоног сунгагдаж, 2023 он дуусахад орон сууц ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч энэ үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.
8.Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 225 дүгээр зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буюу төлсөн 31,575,5000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 7.2, 7.3-т дахь тохиролцооны дагуу 15,787,750 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардсан.
10.Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна. 7.3-т Гэрээний аль нэг тал өөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүрэг биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас хойш учирсан хохирол, түүгээр тогтоосон анзыг төлүүлнэ гэж тусгасан байна.
11.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
12.Хас банкин дахь нэхэмжлэгч ***** тоот дансны хуулга дахь 2022 оны 05 сарын 03-ны өдрийн гүйлгээгээр бичил зээл олгов *****30,000,000 төгрөг, шимтгэл 300,000 төгрөг байна. Уг баримтаар нэхэмжлэгч авч орон сууцны төлбөр төлсөн, зээлд шимтгэл төлсөн зэрэг баримтаар нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
13.Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээг цуцалж, хохирлоо урьдчилгаа төлбөрт төлсөн 31,757,500 төгрөгөөс тооцож, гэрээний 7.2, 7.3-т хариуцагчтай тохиролцсон тохиролцооны дагуу алданги тооцох хэмжээгээр хохирлын хэмжээг тодорхойлж шаардсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчихгүй.
14.Иймд хариуцагч Ю ХХК-аас 47,363,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Б д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
15.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-аас 47,363,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Б д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-аас 395,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР