2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/00173

 

 

 

 

                                     

 

 

2025           01              14                                           192/ШШ2025/00173            

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж 18, The Down town барилга, 302 тоотод оршин байх, “Ж

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамж, 116а тоот хаягт бүртгэлтэй, Ө

 

Нэхэмжлэлийн шаардлага: 175,021,134.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О

Хариуцагч Ж.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ж.х холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах агуулгаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч К ХХК буюу одоогийн ЖЖ ХХК нь хариуцагч Ж.хтай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГМ16/64 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 193,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ФГМ16/64 тоот фидуцийн гэрээ байгуулж, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь сар бүрийн 27-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр шаардаж, мэдэгдэл, шаардлага явуулсан боловч үр дүн гараагүй. Эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 4 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 24,043,784 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг огтхон ч төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл явуулж байсан боловч зээлдэгч Ж.х нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй.

Зээлийн гэрээний 3.1.2-т “...зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд “Барьцааны гэрээ”-ний дагуу шилжүүлж авсан хөрөнгийг үл маргах журмаар захиран зарцуулж, зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр болон бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй” гэж заасан.

Мөн “Фидуцийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.4-т “Төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг хүлээн авагч нь өөрийн эзэмшилдээ хураан авч худалдан борлуулна” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сард хураан авч зээлдэгч Ж.хтай харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө болох “Тоёота ланд круйзер” маркийн автомашинийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зах зээлийн үнээр буюу 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн автомашиныг борлуулсан өдрөөр фидуцийн зүйл худалдан борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал нийт 7,380,479 төгрөг болсон. Үүнд тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, өмгөөлөл хууль зүйн төлбөр 5,502,326 төгрөг, барьцаа машины зогсоолын төлбөр 870,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 472,087 төгрөг, бензин оношилгооны төлбөрт 60,000 төгрөг, фидуцийн зүйл худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 100,000 төгрөг, татвар торгуулийн төлбөрт 305,866 төгрөг байсан ба тухайн өдрийн байдлаарх нэмэгдүүлсэн хүү 6,349,534.70 төгрөг, зээлийн хүү 35,636,989.63 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 183,410,902.62 төгрөг, нийт 232,777,905.95 төгрөг байсан.

Фидуцийн гэрээний зүйл борлуулсны орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт “зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хуваарийн дагуу төлөөгүй бол ББСБ нь хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэх дарааллаар тооцож төлүүлнэ. Барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд гарсан зардал, өмгөөллийн хөлс, барьцаа хөрөнгийг ачиж тээвэрлэх болон шатахууны зардал, зогсоолын зардал, барьцаа хөрөнгө хураах үед ажилласан ажилтны зардал, барьцаа хөрөнгийн бүрэн байдлыг хангахтай холбоотой гарах бусад зардлууд, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийн төлбөрийг төлүүлнэ.” гэж заасны дагуу 160,000,000 төгрөгийг фидуцийн зүйл худалдан борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал 7,380,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,349,534.70 төгрөг, зээлийн хүү 35,636,989.63 төгрөг, үндсэн зээл 110,632,996.67 төгрөгт тус тус тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 72,777,905.95 төгрөг болсон. Фидуцийн гэрээний зүйл худалдан борлуулснаас хойш хариуцагч нь ямар нэгэн төлөлт хийгээгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх зорилгоор 2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ж.х нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн 32 дугаар салбарын эрхлэгчийн магадлагаагаар тус тус тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ж.хыг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийн хариуд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ж.х нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамж, 116а тоотод оршин сууж байгаа нь тогтоогдсон тухай албан бичиг ирүүлсэн. Тэгээд манай компани 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой, мөн фидуцийн зүйлийг худалдан борлуулсаар байтал үлдэх зээлийн төлбөрийг хэзээ үүссэн зэргийг тодруулах шаардлагатай” гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32021/14547 тоот захирамжаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татталзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой тайлбарлаж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, нэхэмжлэгч ЖЖ ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч Ж.хын оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамж, 116а тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус хүлээн авсан боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 181/Ш32022/03007 тоот захирамжаар хариуцагч Ж.хыг тус шүүхэд албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрүүл хамгаалалтын газарт даалгасан боловч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс ирүүлсэн илтгэх хуудас зэргээр хариуцагч Ж.х нь тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 65.1.9 дэх хэсэгт заасан “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/Ш32022/07365 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилсан.

Иймд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ж.хыг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “...Жамсрангийн ХХ нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 116а тоотод түр оршин сууж байгаа нь тогтоогдсон...” тухай тодорхойлолтыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Мөн хариуцагч Ж.хтай 91114254 утсаар холбогдож уг хаягт оршин сууж байгаа гэдгийг лавласны үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 181/Ш32023/18581 тоот захирамжаар хариуцагч Ж.хын оршин суух хаяг болох Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх 116а тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Ж.х нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа болох нь “Монгол шуудан” ХК-ийн магадлагаа, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзэн хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд зарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболорт хандан хариуцагч Ж.х нь хорих ял эдэлж байгаа эсэх, эдэлж байгаа бол аль хорих ангид хоригдож байгаа талаар мэдээлэл авахаар хүсэлт гаргасан боловч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12, 9.2, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 9.2.1-т заасныг тус тус үндэслэн аливаа иргэний ял эдэлсэн болон ял эдэлж байгаа талаарх мэдээллийг гарган өгөх боломжгүй байна. Иймд ял шийлтэлийн тодорхойлолт гаргаж эрх бүхий цагдаагийн байгууллагад хандана уу” гэсэн хариу өгсөн болохоор 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн хаягт харьяалагдах шүүхэд хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад шүүхийн журмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-05/1236 тоот лавлагаагаар “нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2023/шцт/538 дугаартай захирамжаар ЭХТА-н хаалттай 461 дүгээр ангид хоригдож байна” гэсэн нотлох баримтыг гаргуулсан. Ийнхүү хариуцагч Ж.хын хаана байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч байгууллагын зүгээс гаргасан онцгой ажиллагааны журмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02612 тоот шүүгчийн захирамж гарсан.

Тиймээс ББСБ нь зээлийн гэрээний 3.1.2, 6.1.1, 7.7 заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан үүргийн ноцтой зөрчил гаргасан тул, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дугаар заалт, талууд хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээг тус тус үндэслэн, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 72,777,905.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 85,526,999.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,353,944.85 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,008,184 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 104,600 төгрөг, орчуулгын хөлс 74,000 төгрөг, гурван удаагийн хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах тэмдэгтийн хураамж 175,500 төгрөг, нийт 175,021,134.73 төгрөгийг хариуцагч Ж.хаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хариуцагч миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Мөнх хада” компаниас 210,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг тухайн үед К ХХК-д 21,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж 90 хувь болох 189,000,000 төгрөгт лизингийн гэрээ байгуулсан. Ингээд уг зээлийн эргэн төлөлт болох 24,000,000 төгрөгийг төлөөд улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх үндэслэлээр тус ББСБ нь 2018 оны 01 дүгээр сард тухайн автомашиныг хураан авч миний биетэй огтхон ч харилцан тохиролцолгүйгээр өөрсдөө дур мэдэн 160,000,000 төгрөгөөр зарсан байсан. Энэ талаар надад мэдэгдсэн бол 180,000,000-190,000,000 төгрөгт зарж борлуулах бүрэн боломжтой байсан.

Миний биеийн төлсөн төлбөр болох нийт 45,000,000 төгрөг дээр зээлийн барьцаа болох уг машиныг худалдсан орлого болох 160,000,000 төгрөгийг нэмээд үзвэл нийт 205,000,000 төгрөг болж байгаа ба тус байгууллагын зээлүүлсэн гэх 189,000,000 төгрөг нь хангалттай төлөгдөж барагдсан байтал өнөөдрийн байдлаар нэмээд бүхэл бүтэн 175,000,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна.

Энэ нь гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэргийг уг ББСБ нь үйлдэж байна гэж дүгнэж болохоор буй байдлыг анхаарч авч үзэхийг хүсэж байна.

Иймд тайлбарыг минь харгалзан үзэж үнэн зөвөөр хуульд заасан зохих үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх бичгийн тайлбарыг гаргасан бөгөөд уг бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна.

Мөн энэ 189,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хугацаа хэтрүүлсэн учраас 2018 оны 01 дүгээр сард тухайн машиныг надаас хурааж аваад, худалдан борлуулсан байна. Нэхэмжлэлийн хоёр дахь хуудсанд зээлдэгч Ж.хтай харилцсан тохиролцож, 160,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн байна. 2018 оны 01 сард энэ машиныг надаас хурааж авсан өдөр зээлийн үүрэг энүүгээр дууссан гэж ойлгуулсан. Тус машиныг хурааж авснаас хойш хэдэн төгрөгөөр зарах талаар надаас зөвшөөрөл аваагүй, надтай тийм юм яриагүй. Ерөнхийдөө энэ зээлийн барьцаа хөрөнгийг хурааж авсан учраас зээл дууссан гэж ойлгуулсан. Би 2018 оны 6 сард Хятад улсад ажлаар яваад ковидын улмаас Монгол руу буцаж орж чадаагүй байсан. 2021 оны 6 сард Ерөнхий сайдын тушаалаар Монголд орж ирсэн байгаа.Түүнээс хойш энэ зээлийг төлөхөөс зайлсхийж, ямар нэгэн зээлээ төлөөгүй тохиолдол надад байгаагүй. Компанитай холбоотой асуудлаар 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд шалгагдаж байгаад 7 жилийн хаалттай ял аваад одоо цагдан хоригдож байна. Аль хэдий дууссан зээлийн гэрээг дахин гаргаж ирээд өмнөх авсан зээл, машины үнээс хоёр дахин мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх9, 24/, итгэмжлэл /хх10/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх12/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГМ16/64 тоот зээлийн гэрээ, хавсралт /хх15-17/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ФГМ16/64 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ, хавсралт /хх18-19/, К ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17/334 тоот мэдэгдэл /хх20/, ЖЖ ГХОХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн м21/163 тоот мэдэгдэл /хх21/, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №18/06 тоот тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх22/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26ж3-3/4216 тоот албан бичиг /хх25/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/шш2017/02312 дугаар шийдвэр /хх26-28/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/шз2021/14547 дугаар захирамж /хх29/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/шз2022/07365 дугаар захирамж /хх30/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/шш2022/02154 дүгээр шийдвэр /хх31-32/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18ш3/5280 тоот албан бичиг /хх33/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/шз2023/18581 дүгээр захирамж /хх34/, №17/155 тоот хамтран ажиллаж гэрээ /хх35-37/, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №17/15 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх38-40/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-05/1236 тоот албан бичиг /хх44/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/шш2024/02612 дугаар захирамж /хх45-46/, эргэн төлөлтийн хуулга /хх47/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх49-50, 53, 58, 66, 71/, Мандал даатгал ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №23/033 тоот тодорхойлолт /хх51/, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх52/, НӨАТ-ын баримт /хх54, 63, 65/, нэхэмжлэх /хх55, 60-61/, орлогын мэдүүлэг /хх56-57, 59/, төлбөрийн баримт /хх62, 64, 67-70, 72/.

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. 

 

1. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ж.х болон К ХХК-иуд №ЗГМ16/64 тоот “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч К ХХК нь 193,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ж.х уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хүү жилийн 21.6 хувь, сарын 1.8 хувийн хүү төлөх үүргийг хүлээсэн байна. 

 

2. Мөн өдрөө дээрх №ЗГМ16/64 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ФГМ16/64 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г талууд байгуулсан. Уг гэрээгээр 26-54 УНХ улсын дугаартай, “Тоёота ланд крузер 200” /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг К ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд автомашиныг буцаан шилжүүлэх үүргийг талууд харилцан  хүлээжээ.

 

3.  Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэлээ.   

 

4. К ХХК нь оноосон нэрээ “Ж” ХХК болгон өөрчилснийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ /хх 12/.

 

Хоёр.

 

1. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ЖЖ ГХОХХК нь хариуцагч Ж.х холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГМ16/64 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн төлбөрт 72,777,905.95 төгрөг, зээлийн хүү 85,526,999.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,353,944.85 төгрөг /173,658,850.73 төгрөг/;

2/ Бусдаас хууль зүйн зөвлөгөө авсны төлбөрт 1,008,184 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 104,600 төгрөг, орчуулгын хөлс 74,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,500 төгрөг /1,362,284 төгрөг/, нийт 175,021,134.73 төгрөгийг гаргуулах.

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...зээл болон фидуцийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 173,658,850.73 төгрөгийг, ...гэрээний үүрэг шаардан шүүхэд хандах болсонтой холбоотой гарсан бусад зардалд 1,362,284 төгрөгийг шаардана” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч ЖЖ ГХОХХК нь зээлийн гэрээний үүрэг, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.  

 

4. Хариуцагч Ж.х нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...2018 оны 01 дүгээр сард барьцаа хөрөнгө болох ‘Тоёота ланд крузер 200’ /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг нэхэмжлэгч хураан авсан, ...улмаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэлгүйгээр, зах зээлийн ханшаас доогуур үнээр бусдад  худалдан борлуулсан, ...автомашиныг хураан авч, бусдад борлуулснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарлав. 

 

Гурав. 

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

3. Хариуцагч Ж.х 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал 26-54 УНХ улсын дугаартай, “Тоёота ланд крузер 200” /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг 2018 оны 01 дүгээр сард хариуцагчийн эзэмшлээс хураан авсан ба улмаар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

4. Дээрх үйл баримтыг зээлийн төлбөрийн баталгаа болох фидуцийн зүйлээр үндсэн үүргийг хангагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д тус тус зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГМ16/64 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болжээ.

 

5. Иймд хариуцагч Ж.хаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГМ16/64 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн төлбөрт 72,777,905.95 төгрөг, зээлийн хүү 85,526,999.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,353,944.85 төгрөг гаргуулах тухай ЖЖ ГХОХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй. 

 

6. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан.

 

7. Гэхдээ нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан агуулга бүхий шаардлага хангагдах боломжгүй. Дээр дурдсанчлан эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох ба ийнхүү дуусгавар болсноос хойш бий болсон аливаа зардал, хохирлыг зээлдэгч буюу Ж.х хариуцахгүй.  

 

8. Иймд бусдаас хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,008,184 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 104,600 төгрөг, орчуулгын хөлс 74,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн хэрэгсэхгүй болно. 

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,033,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.хаас 175,021,134.73 төгрөг гаргуулах тухай ЖЖ ГХОХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,033,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ