| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05021/И |
| Дугаар | 192/ШШ2025/03940 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03940
| 2025 05 09 | 192/ШШ2025/03940 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** давхарт байрлах, С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах, М ХХК /РД:6155782/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 85,188,846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, Б.Марал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 85,188,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-тай 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай тал гэрээний үүргээ биелүүлж газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч хариуцагч тал 2022 оны 11, 12 дугаар сарын худалдан авсан түлшний /ГТБ/ төлбөрийн үлдэгдэл 56,792,544 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа тогтоосон боловч төлбөр төлөөгүй тул гэрээний 3.3-т зааснаар торгууль 17,037,763 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 73,830,307 төгрөг гаргуулаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч М ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С ХХК болон М ХХК-ийн хоронд 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 1.Гэрээний 3.3-т төлбөрөө төлсний дараа нийлүүлэлт хийхээр тохиролцсон. Төлбөр төлөөгүй бахад нийлүүлэлт хийсэн учир торгууль 30 хувь төлөхийг зөвшөөрөхгүй. 2.Талууд нэмэлт гэрээ байгуулсан зүйл байхгүй. 1 литр түлшний үнэ нэмэгдсэн өөрчлөгдсөн баримт байхгүй. 3. ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагчид байхгүй. Мөн гагнуур гэж түлш авсан байна. Бодитоор нэхэмжилж байгаа түлшийг түлш авсан эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, С ХХК-ийн дүрэм /хх-ийн 6-9/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01519 дугаар шийдвэр /хх-ийн 13-15/, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 44/546 тоот албан бичиг /хх-ийн 16/, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 62-66/, захиалгын хуудас /хх-ийн 67/, гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 68/, гэрээний нэмэлт /хх-ийн 69/, монгол улсад оршин суух үнэмлэх /хх-ийн 70/, гэрээний нэмэлт /хх-ийн 71,72/, С ХХК-ийн М ХХК-д зээлээр өгсөн шатахууны тооцоо /хх-ийн 73/, газрын тосны бүтээгдэхүүний зээлээр олгосон бүртгэл /хх-ийн 74-87/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 88/, мэдэгдэл /хх-ийн 89/, С ХХК-ийн М ХХК-д Зээлээр олгосон бүртгэл /хх-ийн 90/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШЗ2024/00231 дугаар захирамж /хх-ийн 91-93/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 100/, шүүхээс Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 111-128/, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 138148/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-тай 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай тал гэрээний үүргээ биелүүлж газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч хариуцагч тал 2022 оны 11, 12 дугаар сарын худалдан авсан түлшний /ГТБ/ төлбөрийн үлдэгдэл 56,792,544 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа тогтоосон боловч төлбөр төлөөгүй тул гэрээний 3.3-т зааснаар торгууль 17,037,763 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 73,830,307 төгрөг гаргуулаар шаардаж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч М ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ С ХХК болон М ХХК-ийн хоронд 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 1.Гэрээний 3.3-т төлбөрөө төлсний дараа нийлүүлэлт хийхээр тохиролцсон. Төлбөр төлөөгүй бахад нийлүүлэлт хийсэн учир торгууль 30 хувь төлөхийг зөвшөөрөхгүй. 2.Талууд нэмэлт гэрээ байгуулсан зүйл байхгүй. 1 литр түлшний үнэ нэмэгдсэн өөрчлөгдсөн баримт байхгүй. 3. ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагчид байхгүй. Мөн гагнуур гэж түлш авсан байна. Бодитоор нэхэмжилж байгаа түлшийг түлш авсан эсэх нь эргэлзээтэй байна. гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 85,188,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 28,396,302 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж, багасган торгууль 17,037,763 төгрөг гаргуулахаар шаардсан.
5.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-ийн хооронд 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна. Гэрээгээр нэхэмжлэгч С ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн /цаашид ГТБ гэх/ нийлүүлэх, хариуцагч М ХХК нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөхөөр тохиоролцжээ.
6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан байх бөгөөд уг хэлцэл талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
8.Гэрээний 1.3-т Дараах бичиг баримтууд нь гэрээний шалшгүй хэсэг байна. Үүнд: 1.3.1. Хавсралт №1 ГТБ-ний захиалгын хуудас, 1.3.2. Хавсралт №2 Гэрээ дүгнэсэн акт, 1.3.3. Хавсралт №3 Нэмэлт гэрээний загвар, 1.3.4. Хавсралт №4 Худалдан авагчийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 1.3.5. Хавсралт №5 Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн үнэмлэхийн хуулбар, 1.3.6. Хавсралт №6 Тээврийн хэрэгслийн жагсаалт, 1.3.7. Хавсралт №7 Үнийн тохиргооны жагсаалт гэжээ. Мөн гэрээний 3.1-д ГТБ нийлүүлэх лимит нь нийлүүлэгч нь худалдан авагчийн урьдчилан төлсөн төлбөрт ноогдох хэмжээгээр ГТБ нийлүүлнэ. 6.4-т ГТБ-ний төлбөрийг урьдчилсан төлөх үүрэгтэй, 3.2-т үнийг тогтоох, 3.3, 5.2-т төлбөр урьдчилан төлөөгүй бол нийлүүлэгч ГТБ нийлүүлэхээс татгалзах эрхтэй байхаар тохиролцсон байна.
9.Талуудын гэрээний 3.2-т ... үнэ тогтоох, тогтоосон үнийг худалдан авагч зөвшөөрсөн бол гэрээний хавсралт 3-т заасан нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч ГТБ-ний 1 литр тутмын үнэ 2022 оны 11 сарын 10-аас 21-ний өдөр хүртэл 3,630 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс хойш 3,980 төгрөг болж нэмэгдүүлсэн байна.
10.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан болон зохигч талуудын тайлбараар хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С ХХК-д 2022 оны 09 сарын 15-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл 1литр түлш буюу ГТБ-ний үнийг 3,600 төгрөгөөр тооцож 3,250литр түлшийг 11,700,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 09 сарын 25-ны өдөр төлсөн үйл баримт, 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл 1л ГТБ-ийг 3,600 төгрөгт тооцож 21,902,16л ТГБ-ний үнэ 78,847,776 төгрөг төлөхөөс 2022 оны 10 сарын 24-ний өдөр 48,549,600 төгрөг, 2022 оны 11 сарын 17-ны өдөр 30,299,400 төгрөг, 2023 оны 04 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
11.Дээрх нотлох баримт, үйл баримт, талуудын тайлбараас дүгнэвэл хариуцагч нь ГТБ авсны дараа үнийг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч энэ дагуу хариуцагч тал 2022 оны 09, 10 сард ГТБ-ний төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан байна.
12.Өөрөөр хэлбэл гэрээний 1.3.3-т зааснаар ГТБ-ний үнийн талаар нэмэлт гэрээ байгуулаагүй хэдий ч үнэ өөрчлөгдсөнийг хариуцагч зөвшөөрсөн, үүний зэрэгцээ ГТБ хүлээн авсан талаарх тээврийн хэрэгслийн жагсаалтад байгаа тээврийн хэрэгсэл, түүний дотор 3854 УАО, 3596 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр хариуцагч ГТБ хүлээн авч байсан нь тогтоогдож байна гэж үзэв.
13.Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Талууд ГТБ-ний үнэ өөрчлөгдсөн талаар нэмэлт гэрээ байгуулаагүй боловч худалдан авагч үнэ өөрчлөгдсөнтэй холбоотой татгалзал гаргаагүй, улмаар 2023 оны 04 сарын 25-ны өдөр түлшний үнэ 50,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Иймд хариуцагч худалдан авч буй ГТБ-ний үнийг тухай бүр зөвшөөрч худалдан авалт хийсэн байх тул өөрчлөгдсөн үнээр төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй.
14.Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас торгууль 17,037,763 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээний 9.1-т ...гэрээний 3.3-т заасныг зөрчсөн тохиолдолд нийт нийлүүлэлтийн төлбөрийн 30 хувь тэнцэх хэмжээний торгууль тооцох, Гэрээний 3.3.-т төлбөрийг урьдчилан хийснээр нийлүүлэгч ГТБ нийлүүлэлт хийх зөвшөөрөл өнгө гэж тохиролцсон.
15.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж заасан.
16.Хуульд азын хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор тогтоосон бол талууд нийт үүргээс анз тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэхгүй. Үүний зэрэгцээ талууд анзын тохиролцоог бичгээр хийсэн ч боловч ...төлбөр урьдчилан төлөөгүй бол нийлүүлэгч буюу нэхэмжлэгч ГТБ олгохгүй байх эрхтэй байхаар зохицуулсан. Хариуцагч ГТБ авсныхаа дараа төлбөрийг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Торуулбал гэрээний 3.3, 5.2-т зааснаар төлбөр төлөөгүй бол ГТБ олгохоос татгалзах эрхтэй байсан хэдий ч татгалзаагүй. Үүнтэй холбоотой талууд төлбөр төлөх хугацаа тогтоосон, өөрчилсөн нэмэлт гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж анз шаардах эрхгүй. Энэ дагуу нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй ч хариуцагч ГТБ-ний үнэ төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
17.Иймд хариуцагч М ХХК-аас 56,792,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,396,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
18.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 441,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 56,792,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,396,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 441,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР