2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04111

 

 

 

 

 

 

2025  05  15

192/ШШ2025/04111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хаягт байрлах, С газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоотод байрлах, Х ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 416,463,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С газар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 416,463,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч Х " ХХК нь Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 43 дугаар зүйл Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дах хэсэгт орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэж заасныг тус тус зөрчин 2022 оны 01 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүй. Үүний улмаас тус компани нь 2024 оны 11 дүгээр сарын байдлаар шимтгэл төлөлтийн 285,231,450.91 / хоёр зуун наян таван сая хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг ерэн нэгэн мөнгө/, алданги 130,732,474.96 /нэг зуун гучин сая долоон зуун гучин хоёр мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийн өрийг үүсгээд байна.

Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон уулзалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авагдсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5, 32.2.6-д заасан үүргийг тус тус зөрчиж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар "тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" торгуулийг ногдуулаад байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр буюу нийт 416,463.925.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудас /хх-ийн 4/, улсын байцаагчийн албан шаардлага /хх-ийн 5,6/, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ /хх-ийн 7/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /хх-ийн 8/, 2024 оны 11 сарын тайлан /хх-ийн 9,10/, Х ХХК-ийн хүсэлт /хх-ийн 11,12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 13/, алданги тооцсон хүснэгт /хх-ийн 31/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Х ХХК нь 2022 оны 04-р сарын 01-ээс 2024 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу, хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 285,231,450.91 төгрөг, алданги 130,732,474.96 төгрөг нийт 415,963,925, төлөөгүй. Мөн хариуцагчид дээрх үндэслэлээр 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан тул бүгд 416,463,925.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.

 

3.Хэрэгт нолох баримтаар авагдсан С улсын байцаагчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 09, 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 23 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлага, Х ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 сарын тайлан, тус компанид ажиллаж буй ажилчдын мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар Х ХХК нь 2022 оны 04 сарын 01-ээс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 285,231,450.91 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

С улсын байцаагчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 09, 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 23 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг Х ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд энэ төлбөрийг хариуцагч 2023 оны 06 сарын 30-ны өдөр төлөх хүсэлтийг 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 23/16 тоот албан бичгээр мэдэгдсэн ч өр төлбөр төлсөн баримтгүй байна.

 

Улмаар С улсын байцаагч 2024 оны 01 сарын 02-ны өдөр Х ХХК-д 203,382,676.16 төгрөгийн өр төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 4/

 

Хариуцагч Х ХХК нь 2022 оны 04 сарын 01-ээс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 285,231,450.91 төгрөг төлөөгүй, мөн С улсын байцаагчийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг үгүйсгэж маргаагүй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Иймд Хариуцагч Х ХХК нь 2022 оны 04 сарын 01-ээс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 285,231,450.91 төгрөг төлөөгүй нь тогтоогдсон гэж үзнэ.

7.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ...Ажил олгогч болон даатгуулагч нь 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх; 3/нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах; 4/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна. Энэ хууль хариуцагчийн 2022-2023 оныг дуустал хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ...төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан. Энэ хуулийн дагуу хариуцагчийн 2024 оны эхний 11 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөгдөөгүй шимтгэлээс хуулийн дээрх хувь хэмжээгээр алданги шаардах эрхтэй.

2022 оны 04 сарын 01-ээс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 285,231,450.91 төгрөг, алданги 2022 оны 04 сарын 01-2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 60,036,755 төгрөг, 2024 оны 01 сарын 01-2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 30,671,216.27 төгрөг нийт 375,939,422.18 төгрөг болно.

Нэхэмжлэлийн шаардлагаас С улсын байцаагч 2024 оны 01 сарын 02-ны өдөр Х ХХК-д 203,382,676.16 төгрөгийн өр төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу 500,000 төгрөгөөр торгосон торгууль 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан.

С улсын байцаагчийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн Х ХХК-д 203,382,676.16 төгрөгийн өр төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу 500,000 төгрөгөөр торгосон торгууль 500,000 төгрөгт холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх хуудас бичих зохицуулалттай. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болсон уг актыг Иргэний хэргийн шүүх хянан хэлэлцэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн дээрх хэсэгт холбогдох хэгсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Х ХХК-аас 375,939,422.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,524,503.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х ХХК-аас 2,037,648 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас 375,939,422.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,024,503.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Х ХХК-аас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С газрын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х ХХК-аас 2,037,648 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР