| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/04556/И |
| Дугаар | 192/ШШ2025/00628 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00628
|
|
|
|
2025 01 27 192/ШШ2025/00628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Хуучин тээврийн товчоо 40 дүгээр байрны С СӨХ-ны гараж дахь жижүүрийн байранд оршин суух, О
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 40 байр, 00 тоотод оршин байх, “С СӨХ /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Хариуцагчийн төлөөлөгч Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч С СӨХ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Х.О дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие С СӨХ 2013 онд үйлчлэгчээр ажилд орсон ба 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа гарсан. Ажлаас гарснаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс “Катеринг астра” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу үйлчлэгчээр ажиллаж байгаа.
Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу С СӨХ-ны үйлчлэгчийн ажлаас гарахаас өмнө нэг сарын 400,000 төгрөгөөр цалинждаг байсан. Гэтэл Засгийн газрын тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сарын 550,000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр дахин шинэчлэн тогтоосон.
Миний бие 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа гарсан ч гэсэн С СӨХ-ны удирдлагатай харилцан тохиролцоод давхар цэвэрлэгээ хийж эхэлсэн.
Ингээд би дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С СӨХ-ны үйлчлэгчийн ажлаас гарсан өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсөнд 750,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нэг сарын 400,000 төгрөгийг С СӨХ-ноос авч байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сарын 550,000 төгрөг болсонтой холбоотойгоор нэг сарын 150,000 төгрөгийн зөрүү гарч байна. Уг зөрүүг дээр дурдсан ажилласан 5 сарын хугацаагаар үржүүлэн тооцоход 750,000 төгрөг болно.
2/ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсөнд 1,800,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нэг сарын 400,000 төгрөгийг С СӨХ-ноос авч байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сарын 550,000 төгрөг болсонтой холбоотойгоор нэг сарын 150,000 төгрөгийн зөрүү гарч байна. Уг зөрүүг дээр дурдсан ажилласан 12 сарын хугацаагаар үржүүлэн тооцоход 1,800,000 төгрөг болно.
3/ 2024 онд нийт 5 сарын хугацаагаар С СӨХ үйлчлэгчээр ажилласан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нэг сарын 400,000 төгрөгийг С СӨХ-ноос авсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нэг сарын 260,000 төгрөгийн зөрүү гарсан ба уг зөрүүг дээр дурдсан ажилласан 5 сарын хугацаагаар үржүүлэн тооцоход 1,300,000 төгрөг болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан. Уг нь 3,850,000 төгрөг болж байна, гэхдээ анх гаргасан нэхэмжлэлээ дэмжээд 4,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.
Миний бие одоо ч хамтран амьдрагчийн хамтаар С СӨХ-ны эзэмшлийн 00 өрөө буюу техникийн өрөөнд одоо хүртэл амьдарч байгаа нь үнэн. 2024 оны 4-5 дугаар сараас тус СӨХ нь засвар хийж эхэлсэн учир одоо ажиллахаа больсон. Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд уг цалин хөлсний зөрүүтэй асуудлаар хандсан ч хариуцагчтай тохиролцож чадаагүй тул шүүхэд хандсан болно гэжээ.
2. Хариуцагч С СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1/ С СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2222/01 дугаар тогтоолоор Л.Э миний бие нь тус СӨХ-ны даргаар 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн томилогдсон. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 7 давхар Сөүл 40 дүгээр байрны С СӨХ нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон бөгөөд тус холбоонд 17 айл өрх, 2 иргэн бүртгэлтэй, сарын 224,000 төгрөгийн төлбөрийг цуглуулдаг.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 23, 24 дүгээр байрны орчны газарт зөвшөөрөлгүйгээр манаачийн байр барьж уг байранд СӨХ-нд үйлчлэгчээр 2013 онд ажилд орсон Х.О нь хамтран амьдрагчийн хамт 10 шахам жил амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд тус харуулын байрыг 40 дүгээр байрны дундын өмчлөлийн цахилгаанаас холбож цахилгаан халаагуураар халаадаг байсан. Мөн 40 дүгээр байрны гаражаас цэвэр усаар хангагдаж, цахилгаан шиттэй өрөөнд бие засах суултуур байрлуулсан байдаг хэрэглэсэн бохир усыг татан зайлуулах зардлыг мөн адил СӨХ хариуцан төлдөг байсан. Тодруулбал, үйлчлэгч Х.Од сарын үндсэн цалинд 400,000 төгрөг олгохоос гадна амьдрах байр, ашиглалтын зардлыг СӨХ бүрэн хариуцдаг байсан.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/960, А/961 тоот захирамжуудаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон 22, 23, 24, 37 дугаар байруудыг буулган шинээр орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. “Орчлон консалтинг” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаар хамгаалалтын хашаа барьж орон сууцны байруудыг буулгаж эхэлсэн. Үйлчлэгч Х.Оы амьдарч зайсан байр барилгын хашаан дотор орж 2022 оны 7 дугаар сард уг байрыг нураах хүртэл өөр амьдрах газаргүй гэх шалтгаанаар маш эрсдэлтэй орчинд амьдарч “Орчлон консалтинг” ХХК болон дээрх байруудын хяналтын хорооноос манай СӨХ-нд удаа дараа шаардлага хүргүүлж байсан.
Манай СӨХ-ны удирдах зөвлөл хуралдаж Орон сууцны тухай хуулийн 3.1.9-д “техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг тодорхойлсон мөн хуулийн 15.3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж хүн амьдруулах боломжгүй мөн манай СӨХ нь байнгын үйлчлүүлэгч ажиллуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлс олгох санхүүгийн боломжгүй болсон тул үйлчлэгч Х.Оыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж мэдэгдлийг хүргүүлсэн. Манай СӨХ нь гишүүн цөөн тул үйлчлэгчээс өөр хүнд цалин олгодоггүй, СӨХ-ны дарга, удирдах зөвлөлийн гишүүд цалин урамшуулалгүй ажилладаг болно.
Гэвч 2022 оны 7 дугаар сард тус байрыг буулгаснаар үйлчлэгч Х.О нь амьдрах орон байргүй тул 40 дүгээр байрны гаражийн техникийн өрөөнд эд зүйлээ зөөж оруулан амьдарч эхэлсэн ба хамтран амьдрагч иргэн Н.Ба нь 10 дугаар хорооллын нэгэн байрны зоорийн давхарт амьдрахаар зарим эд хогшлоо авч нүүсэн болно. Мөн 2022 оны өвөл хамтран амьдрагч Н.Ба нь ходоодны хорт хавдраар өвдөж асарч сувилуулах хүнгүй тул манай байрны гаражийн техникийн өрөөнд ирж Х.Отай хамт амьдарч байна. Энэ хугацаанд СӨХ нь хууль зөрчиж “техникийн өрөөнд хүн амьдруулж байгааг удаа дараа анхааруулж өрөөг чөлөөлөхийг шаардаж байсан боловч олон төрлийн шалтаг хэлж хойшлуулсаар өнөөг хүртэл амьдарч байгаа болно. Энэ хугацааны халаалт, цахилгаан, цэвэр бохир усны зардлыг манай СӨХ-ноос төлсөөр ирсэн.
2/ Дээр дурдсанчлан С дүгээр байрны С СӨХ 17 айл өрх, 2 иргэн бүртгэлтэй, сарын 224,000 төгрөгийн төлбөрийг цуглуулдаг, дарга, удирдлага нь өөрсдөө цалингүй ажилладаг учир С СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Х.Оыг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн.
2022 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Х.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёмбо тауэр 32 давхар хаягт байрлах “Катеринг астра” ХХК-тай 2022 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж Сөүл 40 дүгээр байрны 2 давхарт байрлах “Кореа булл” салбар ресторанд үйлчлэгчээр ажиллаж байгаа. Ажлын цагийн хуваарь нь 2 өдөр дарааллан өглөөний 09.00 цагаас 22.00 цаг хүртэл ажиллаад дараагийн 2 өдөр нь амрах хуваарьтай байдаг.
Гэвч Х.О нь манай СӨХ-ны 00 буюу техникийн өрөөнд амьдардаг гэдэг утгаараа сайн дураараа өөрөө цэвэрлэгээ хийгээд байсан. Ийм учраас манай СӨХ-ны зүгээс түүний ажлын хөлсөнд нь 400,000 төгрөгийг өгч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу “Катеринг астра” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажлын цагаас бусад цагт манай орцны цэвэрлэгээг хийж байсан гэдэг утгаар нь бид ажлын хөлсийг нь олгож байсан. Гэхдээ энэ хугацаанд ажил олгогч гэдэг утгаар нэг ч хандаагүй, Х.Од нэг ч удаа үүрэг даалгавар өгч, ажил үйлчилгээ хийхийг шаардаагүй, үг дуугараагүй, утасны дугаарыг нь мэдэхгүй болно. Учир нь бид түүнтэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг хугацаанд нь олгож байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаагүй гэж маргах үндэслэлгүй буюу талууд хөлсөөр ажиллах гэрээний дагуу тохиролцсон гэж үзэхээр тул доод хэмжээний асуудал ч бидэнд хамааралгүй гэж үзэж байна.
3/ Нэхэмжлэгч нь уг асуудлаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Уг маргаанд оролцох явцад бид үйлчлэгчээр ажиллаж байсан Х.Од төлөх үндэслэлтэй 820,000 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын ажлын хөлсний үлдэгдэл 300,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын ажлын хөлс 400,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийг төлсөн. 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан тул ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны цалингийн зөрүү болох 120,000 төгрөгийг мөн төлсөн. Одоо ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
4/ Манай С СӨХ нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн орцондоо засвар хийлгэж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс хойш Х.О нь орцны цэвэрлэгээг хийгээгүй. Цаашид Орон сууцны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зөрчиж орон сууцны гаражид байрлах техникийн өрөөнд хүн амьдруулах боломжгүй тул яаралтай чөлөөлүүлэх арга хэмжээг бид авах болно.
5/ Нэхэмжлэгч мөн Хөдөлмөрийн гэрээний цалин хөлс шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа ч яригдах учиртайг анхаарч үзнэ үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх3, 30/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №20 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх5-9/, Хаан банкны дансны хуулга /хх10-23/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар /хх35/, С СӨХ-ны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл” /хх40/, С СӨХ-ны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/03 дугаартай албан бичиг /хх41/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх51-60/, ажлын хөлсний тооцоо /хх61-63/, зураг /хх69-74/.
5. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: “Катеринг астра” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226/24 тоот хариу албан бичиг, хавсралт /хх91-94/, үзлэгийн тэмдэглэл /хх98-110/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2024 оны 6 дугаар сарын 24-ний нэхэмжлэгч Х.О нь хариуцагч С Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд холбогдуулж 4,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “…ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг, улмаар 660,000 төгрөг болж нэмэгдсэн, …уг цалин хөлсний зөрүүг хариуцагчаас нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “…төлөх ёстой төлбөрийг төлсөн, …дутуу төлсөн байсныг нөхөж төлсөн, …хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлав.
4. Харин зохигчид дараах үйл баримтын талаар маргаангүй. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х.О С СӨХ үйлчлэгчээр ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.
4.2. Тэрээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс “Катеринг астра” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байгаа /хх 92/.
4.3. Ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч Х.О нь хариуцагч С СӨХ-д буцаж үйлчлэгчээр давхар ажиллаж эхэлсэн буюу нэхэмжлэгч нь СӨХ-той хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон. Ийнхүү орсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй.
4.4. Улмаар 2024 оны 5 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.
Хоёр.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж,
154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж,
154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан байна.
2. Хэрэгт 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №20 тоот Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр авагдсан.
Дээрх шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Х.О нь 2022, 2023, 2024 оны цалин хөлсний зөрүүтэй холбоотой асуудлаар гомдлоо гаргасан ба талууд харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг талуудад танилцуулсан байна.
3. Түүнчлэн хэрэгт 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Х.Огаас Н.Ба олгосон итгэмжлэл авагдсан. Уг итгэмжлэлээр Х.О нь С СӨХ-д холбогдуулж цалин хөлс гаргуулах маргаанд шүүхэд төлөөлөх эрхийг олгожээ.
4. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийг авснаас хойш шүүхэд хандах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С СӨХ-ноос 4,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГА