| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0075/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 69
2018 01 19 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Батхишиг (томилолтоор),
хохирогч Ц.Б.г,
шүүгдэгч С.А.г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.гон овогт Со.мын А.гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1803 0000 10017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Боржигон овогт Содномын А.г, Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч С.А.г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сутай” техникийн захын дотор замд 07-92 УНЯ улсын дугаартай “Honda Fit” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б.гийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч С.А.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ц.Б.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би захын 183 дугаар контейнер дээр зогсож худалдаа хийдэг. Контейнерууд дундуур машин ч явдаг, явган хүн ч явдаг. Шүүгдэгч хүн мөргөж унагаачихаад дайраад гараад явсан. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Нийт 1,500,000 төгрөг нэхэмжилж байна. Би сард дунджаар 300,000 төгрөг олдог. Ослоос болж 3 сарын хугацаанд ажилгүй байсан цалин 900,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Б.г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сутайн буянт” техникийн зах дотор чингэлгийн байрлал үзэх зорилготой ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж явтал араас хар өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл мөргөж миний баруун хөлөн дээгүүр гарч яваад зогссон. Харин би тэр үед унаад босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгтэл тухайн машины жолооч нь бууж ирээд “эгчээ та зүгээр үү” гэж асуухаар нь “чи хөл дээгүүр гараад явчихлаа дуут дохио өгөхгүй яасан юм бэ” гэхэд уучлаарай эгчээ утсаа оролдож яваад ийм зүйл боллоо гэж хэлсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...Намайг эмэгтэй жолоочтой, хар өнгийн “Honda Fit” маркийн 07-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн. ...би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),
2. Гэрч Ц.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчим төрсөн эгч Ц.Б.гийн хамт ажлын байран дээрээ цуг очсон. Тэгээд би 14 цагийн өнгөрч байх үед өөрийн чингэлгийн бараануудаа эгчийн хамт хурааж дуусаад гэр рүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй манай эгч Ц.Б.г түрүүлээд алхсан. Харин би чингэлгээ цоожлоод зогсож байх үед урдаасаа хойшоогоо чиглэлтэй хар өнгийн эмэгтэй жолоочтой машин ирж зогсоод манай чингэлгийн эсрэг талын чингэлгээс цахилгаанчин асуучихаад хөдлөөд явсан. Тэгээд би чингэлгээ цоожлоод дөнгөж хойшоо эргээд харах үед тэр хар өнгийн эмэгтэй жолоочтой машин манай эгчийг зүүн гар талын урд хэсгээр мөргөөд цаашаа хэсэг яваад зогссон. Улмаар би эгч дээрээ очиход баруун хөл эвгүй болчихлоо гээд босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 39),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13633 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний 1/3 хэсгээс тавхай хүртэл гөлтгөнөн боолттой. ...2017.10.27-ны ГССҮТ-ийн Баруун тавхайн ясны 2 байрлалын рентген зургаар: өсгий ясны урд доод хэсэгт сэлтэрсэн хугаралтай...гэжээ. ДҮГНЭЛТ
1. Ц.Б.гийн биед баруун тавхайн өсгий ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47),
4. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 672 дугаар дүгнэлтэд “... “Honda Fit” маркын 07-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.А.г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51),
5. Шүүгдэгч С.А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийн эзэмшлийн хөр өнгийн “Honda Fit” маркын 07-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сутайн буянт” техникийн зах дотор зүүн талын эхний эгнээний замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй нилээн удаан явж байгаа зогссон. Улмаар машинаасаа буулгүй цонхоороо танихгүй хүнээс цахилгаанчин хаагуур байдаг талаар асуутал ард нэг машин ирж зогсоод дуут дохио өгөөд байхаар нь дөнгөж хөдлөөд явж байх үед 4-5 хүн урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байсан. Тэгээд би нэг эмэгтэй хүнийг машиныхаа зүүн гар талаар мөргөх шиг болсон. Энэ үед түс гэх чимээ гарсан. Улмаар би тэр даруй зогсож тухайн хүн дээр явж очиход зүүн хөлөө нугалаад газар бөгсөөрөө сууж байсан. Тэгээд би тэр хүнийг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58),
6. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-15), баримт бичиг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16), жолоочийн согтуурлах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 30), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага лавлагааны хуудас PCIJ14390102 (хавтаст хэргийн 60), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 63),
-хохирогчийн иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 18, 19), хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 28-32),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 68, 74), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 73), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 97) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А.гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч С.А.г нь Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хорооны нутагт дэвсгэр, “Сутайн буян” техникийн захын дотор замд 16 цагийн орчим, “Honda Fit” маркын 07-92 УНЯ улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б.гийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Б.г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сутайн буянт” техникийн зах дотор...ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй алхаж явтал араас хар өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл мөргөж миний баруун хөлөн дээгүүр гарч яваад зогссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),
- Гэрч Ц.О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цагийн өнгөрч байх үед өөрийн чингэлгийн бараануудаа эгчийн хамт хурааж дуусаад гэрлүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй манай эгч Ц.Б.г түрүүлээд алхсан. ...би чингэлгээ цоожлоод дөнгөж хойшоо эргээд харах үед тэр хар өнгийн эмэгтэй жолоочтой машин манай эгчийг зүүн гар талын урд хэсгээр мөргөөд цаашаа хэсэг яваад зогссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 39),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13633 дугаар дүгнэлт “...1. Ц.Б.гийн биед баруун тавхайн өсгий ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47),
- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 672 дугаар дүгнэлтэд “... “Honda Fit” маркын 07-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.А.г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51),
- Шүүгдэгч С.А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийн эзэмшлийн хөр өнгийн “Honda Fit” маркын 07-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сутайн буянт” техникийн зах дотор...явж байсан. Тэгээд би нэг эмэгтэй хүнийг машиныхаа зүүн гар талаар мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч С.А.гийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч С.А.гт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба тэрээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан болно. Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А.г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А.гийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хуульд заасны дагуу торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 1.500.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 416.550 төгрөгний (хавтаст хэргийн 28-32, 45) баримт цугларсан байна. Иймд иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс баримттай зардал болох 416.550 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 7 хоногийн дотор гаргуулж олгох нь зүйтэй байна. Харин хохирогч нь үлдэх 1.083.450 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны зардал гэх хор уршгийг зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Эрүүгийн 1703 0000 10144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч С.А.гийн В ангилалын 677089 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.