| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 2325000650341 |
| Дугаар | 02 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 02
ц.г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ц даргалж, шүүгч С.У, ерөнхий шүүгч З.Х нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч ц.г-
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б
Хохирогчийн өмгөөлөгч А.Т
Нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан
О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлоор шүүгдэгч ц.г-д холбогдох 2325000..... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт Ц-ын Г, Монгол Улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 31-ний өдөр О аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Э эмийн санд эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт О аймгийн Б сумын У багийн 3-12-... тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФБ:..103111/.
Шүүгдэгч ц.г- нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө О аймгийн Б сумын З багийн 1-16-.. тоотод хохирогч З.Я-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
О аймгийн Прокурорын газраас: Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч М овогт Ц-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ц.г- нь хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүгдэгч ц.г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн З.Я-аас авсан 3 ширхэг арчдас, ц.г-, Э.Т, З.Я- нарын хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ц.г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч ц.г- нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө О аймгийн Б сум З багийн 1-р хорооллын 16-р байрны .. тоотод хохирогч З.Я-ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тус тус шийдвэрлэсэн.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа хэт нэг талыг барьж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч” гэснийг буруу хэрэглэж эрүүгийн хариуцлага оногдуулсан.
Тухайн гэмт хэрэг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө үйлдэгдсэн бөгөөд хохирогч гомдол гарган хэрэг шалгагдаж эхэлснээс хойш ц.г- гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй.
Харин 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар эцсийн мэдүүлэг өгөхдөө “Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэгтээ итгэхгүй байна. Хэрэв үйлдсэн бол хохирогчоос уучлал гуйж байна” гэж хэлснийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ташаа ойлгон ял оногдуулахгүйгээр энэ хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь буруу буюу шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд О аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 142/ШТЦ/... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ц.г- тайлбартаа: ... Тайлбаргүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэл тогтоолыг хүчингүй болгох саналтай байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч ц.г- нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө О аймгийн Б сумын З багийн 1-16-.. тоотод хохирогч З.Я-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч А.Т нь ... хохирогчоос уучлал гуйж байна” гэж хэлснийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ташаа ойлгон ял оногдуулахгүйгээр энэ хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь буруу ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.
Анхан шатны шүүхийн ... шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол төлж барагдуулсан, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар уг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон ... гэсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул хохирогчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Ты давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.Ц
ШҮҮГЧ С.У
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.Х