Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 121/ШШ2025/0009

 

2025          09              02                                              121/ШШ2025/0009                               

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Э,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б, гэрч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:                                                                                         1.1. Нэхэмжлэгч Э нь 2024 оны 12-р сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5-р баг Хад нутаг дэвсгэрт байх газрын дуудлага худалдаанд оролцож ялагч болж, ялагчийн гэрээ байгуулж, газрын үнийг төлж барагдуулсан боловч захирамж гаргаж баталгаажуулж өгөхгүй байгаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

            2.1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулах” тухай А/124 дүгээр захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад 5 дугаар багийн нутаг дэвсгэр, *** гэх газарт байх 21 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх *** дугаартай цахим дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр явуулахаар газрын биржийн цахим систем www.mle.mn-д зарласан. Дуудлага худалдааны анхны үнэ 1,644,614.00 төгрөг, дэнчингийн хэмжээ 164,461 төгрөг байхаар тодорхойлсон байна. 

            2.2. Тус дуудлага худалдаанд 4 оролцогч бүртгүүлж, үнэ өсгөн өрсөлдсөн байх бөгөөд нэхэмжлэгч Э нь 3,744,614 төгрөгийн үнийн санал илгээж ялагч болсноор 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г тус сумын газрын даамалтай байгуулсан, улмаар дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэ болох 3,744,614 төгрөгийг /2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 164,461 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,580,153 төгрөг/ бүрэн төлжээ. /хх-3-8 тал/

            2.3. Гэвч Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаагүй тул Э-өөс Өвөрхангай аймгийн Засаг даргад гомдол гаргасныг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3-2/352 тоот албан бичгээр “...гомдлыг шүүх, хууль хяналтын бусад чиг үүргийн байгууллагаар шалгуулж, тогтоох нь зүйтэйг зөвлөж байна.” гэх хариуг өгсөн. /хх-18 тал/

            2.4. Харин Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад  “дуудлага худалдааны ялагч болсон Эд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг гарган газрын мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах” тухай 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221 тоот албан бичгийг хүргүүлсэн. /хх-20 тал/

            2.5. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 121/ШЗ2025/0025 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан тул захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. “Э миний бие 2024 оны 12 дугаар сарын 16-нд Зүүнбаян-Улаан сумын 5-р баг Хад нутаг дэвсгэрт байрлах малын тэжээл тарих зориулалттай газрын дуудлага худалдаанд газрын нэгдсэн цахим биржээр онлайнаар оролцсон. Дуудлага худалдаанд 4 оролцогч орж анхны үнэ 1,644,610 төгрөгөөс эхэлж хамгийн өндөр дүн буюу 3,744,614 төгрөгийг Э миний бие илгээж ялагч болсон.

3.2. Газрын тухай хуулийн дагуу Зүүнбаян-Улаан сумын газрын даамал Дтай ялагчийн гэрээ байгуулж, хугацаанд нь мөнгөө төлсөн. Үүний дараа Засаг дарга нь 14 хоногийн дотор захирамж гаргаж газрын гэрчилгээг миний нэр дээр гаргах ёстой байсан. Ингээд 2025 оны 4 дүгээр сарын 21-нд шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс дээд шатны удирдлагад нь өргөдөл өг гэсэн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн.

3.3. Өргөдлийн хариуг Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газраас хариу бичиг ирсэн. Мөн Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хариу ирсэн. Хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж газар эзэмших шийдвэрийг гаргаж өгөх талаар Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад албан тоот явуулсан байсан. Гэтэл энэ бүхнийг үл тоон одоог хүртэл захирамж гаргаж өгөхгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан сумын засаг дарга Б-д даалгаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. “Тус сумын Хад 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “***” гэх газарт байршилтай 21 га газрыг малын ногоон тэжээл тарих зориулалтаар эзэмшүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахимаар дуудлага худалдаа зарлаж Э ялалт байгуулсан. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулсны дараа тус багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 1 дүгээр сард хуралдаж уг газрыг эзэмшүүлэхгүй байх тухай эсэргүүцэл гарч Засаг дарга Б миний биед уламжилсан.

4.2. Мөн багийн иргэдээс бичгээр болон амаар удаа дараа эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан. Үүнээс гадна газрын дуудлага худалдаа зохион байгуулдаг “Газрын биржийн цахим систем” тухайн өдөр гацсан байж болзошгүй тухай иргэнээс мэдээлэл ирсэн тул газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг өнөөг хүртэл гаргаагүй байнагэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Газрын дуудлага худалдаанд хуулийн дагуу өрсөлдөн ялагч болж, Газрын тухай хуулийн дагуу Зүүнбаян-Улаан сумын газрын даамал Дтай ялагчийн гэрээ байгуулж, хугацаанд нь мөнгөө төлсөн. Засаг дарга 14 хоногийн дотор захирамж гаргаж газрын гэрчилгээ гаргаж өгөх ёстой байхад одоог хүртэл гаргаж өгөхгүй эс үйлдэл гаргаж байгаа нь хууль бус байна” гэж, хариуцагчаас “Тус газрын дуудлага худалдаатай холбоотой багийн иргэдээс удаа дараа гомдол, эсэргүүцэл амаар болон бичгээр гаргаж байгаа. Үүнээс гадна газрын дуудлага худалдаа зохион байгуулдаг  “Газрын биржийн цахим систем” тухайн өдөр гацсан байж болзошгүй тухай иргэнээс мэдээлэл ирсэн тул газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг өнөөг хүртэл гаргаагүй” гэж тус тус маргаж байна.

            2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг хуульчилсан бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ыг баталсан.

            3. Тус журмын Арван нэг дүгээр зүйлийн 11.1-т “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно”, 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийг газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна”, 11.3-т “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө” гэж тус тус заажээ.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, маргаж байгаа газар болох Зүүнбаян-Улаан сумын Хад 5 дугаар багийн нутаг дэвсгэр, *** гэх газарт 21 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх бөгөөд тус сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулах” тухай А/124 дүгээр захирамжийг үндэслэн Газрын биржийн цахим систем www.mle.mn-д *** дугаартай цахим дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /дуудлага худалдааны анхны үнэ 1,644,614.00 төгрөг, дэнчингийн хэмжээ 164,461.4 төгрөг байхаар тодорхойлж/ зохион байгуулсан.  

            5. Уг дуудлага худалдаанд 4 оролцогч бүртгүүлж, үнэ өсгөн өрсөлдсөн байх бөгөөд нэхэмжлэгч Э нь хамгийн өндөр буюу 3,744,614 төгрөгийн үнийн санал илгээн ялагч болж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *** дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г сумын газрын даамалтай байгуулж, газрын дуудлага худалдаагаар тогтсон үнэ болох 3,744,614 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн дансанд бүрэн төлсөн үйл баримтууд тогтоогдох бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь дээрх журамд заасны дагуу явагджээ.

            6. Улмаар дээрх журмын 11.4-т “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ... тухай шийдвэр гаргана” гэж зааснаар дуудлага худалдааны ялагч болсон иргэнд сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байх боловч хариуцагч сумын Засаг дарга нь уг шийдвэрийг одоог хүртэл гаргаагүй байна.  

            7. Сумын Засаг даргаас ийнхүү газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа шалтгаанаа “Тус газрын дуудлага худалдаатай холбоотойгоор багийн иргэдээс удаа дараа гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа. Үүнээс гадна газрын дуудлага худалдаа зохион байгуулдаг Газрын биржийн цахим систем тухайн өдөр гацсан байж болзошгүй тухай иргэнээс мэдээлэл ирсэн, ...иргэд хуулийг ойлгохгүй байна, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг өнөөг хүртэл гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

            8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн. 59 дүгээр зүйлийн 59.1Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:59.1.1.хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх;” гэж,

            9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тус тус заасан.

            10. Хуулийн эдгээр заалтаас үзвэл сумын Засаг дарга нь төрийг төлөөлөгчийн хувьд тухайн суманд хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” үндсэн зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

            11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах аливаа асуудалд газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, ханган ажиллах бүрэн эрх, чиг үүрэгтэй юм.  

            12. Шүүхээс хариуцагчийн хариу тайлбар, татгалзсан үндэслэлтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлагааг авахад тус газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 325 тоот албан бичгээр “... Дээрх дуудлага худалдаанд үнийн санал авахад Газрын биржийн систем хэвийн ажилласан. Газрын биржийн цахим систем 2018 оноос хойш улсын хэмжээнд дуудлага худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд систем гацсан, сүлжээний доголдол гарсан байдал үүсээгүй болно” гэх хариуг шүүхэд ирүүлсэн, мөн сумын Засаг дарга нь иргэдээс амаар гаргасан гомдлын дагуу систем гацсан асуудлаар тодруулах ажиллагааг өөрөө бодитоор хийгээгүй зэргээр хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна.

            13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

            14. Дээрх байдлаар хариуцагч сумын Засаг дарга нь хууль тогтоогчоос баталсан хууль, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газраас баталсан журмыг баримтлах “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр иргэдийн эрх ашиг, иргэд гомдол гаргасан гэх явцуу үндэслэлээр хууль, журамд заасны дагуу сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, зохих журмын дагуу явагдсан газрын дуудлага худалдаанд оролцож ялагч болж, дуудлага худалдаагаар тогтсон үнийг бүрэн төлсөн иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

            15. Хариуцагч сумын Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас газрын дуудлага худалдааны ялагч болсон Эийн хуульд заасны дагуу газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нэхэмжлэгч Эд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 11.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

            16. Хариуцагч сумын Засаг дарга Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, Эд газар эзэмшүүлэх тухай захирамжийг нэн даруй гаргах, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал нь Засгийн газрын 2016 оны “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 11.5-д “Энэ журмын 11.4-т заасан шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дуудлага худалдааны ялагчтай газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 хоногт багтаан газрыг зохих ёсоор өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь хүлээлгэн өгнө.” гэж заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх зэрэг зохих ажиллагааг 21 хоногт багтаан хийж газрыг Эд хүлээлгэж өгөх үүргийг хүлээх болохыг анхаарвал зохино.   

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад 5 дугаар багийн нутаг дэвсгэр, *** гэх газарт байх үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 21 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Бд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч сумын Засаг дарга Б нь нэхэмжлэгч Эд газар эзэмшүүлэх тухай захирамжийг нэн даруй гаргах, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх зэрэг зохих ажиллагааг 21 хоногт багтаан хийж газрыг хүлээлгэж өгөх үүргийг хүлээх болохыг дурдсугай.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ө.БОЛОРЧИМЭГ