2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/02723

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           04              08                                           192/ШШ2025/02723       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 7а хороолол, 13 дугаар байр, 608 тоотод оршин суух, Ө

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их монгол улс гудамж, Моннис бюьлдинг 9 дүгээр давхарт оршин байх, “Н

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хариуцагч Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 

Миний бие Н-д 2021 оны 11 дүгээр сараас хойш дампын оператороор тасралтгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 дүгээр тушаалаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэх шалтгаанаар ажлаас халагдсан.

Миний бие ингэж ажиллах хугацаандаа урьд өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Би эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуульч нараас зөвлөгөө авахад хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох ёстой мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл намайг ажил олгогч хууль бусаар халсан гэж ойлгож дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т тус тус зааснаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд үүгээр хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд тус гурван талт хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/09 дугаартай тэмдэглэл гаргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд үүссэн асуудлыг хянан үзэж ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тус компанид 2021 оноос хойш ажиллаж байгаа, 3 жил болсон учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох хуулийн заалтыг зөрчсөн. 

Мөн нэхэмжлэгчийг “төсөл дууссан” гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч компани тухайн газраа ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгааг, мөн дампын оператор шинээр авахаар зар тавьсан байгааг харж болно.

Нэхэмжлэгч тал 1 сарын цалингийн дунджийг 4,016,814 төгрөг, нэг өдрийн цалинг 189,972 төгрөг, ажлын 70 хоног гэж тооцоолол гаргасан. Ингээд тооцохоор 13,263,040 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны буюу шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар тооцоолсон байгаа гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай Н /ГХО/ нь 2020 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд Төрийн өмчит ээ-иас 2021 оны 3 дугаар сард зарлагдсан “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт” “Ти Эн түншлэл”-ээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу захиалагч тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Таван толгой нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон.

Нэхэмжлэгч Ө 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, “Дампын оператор”-оор ажиллуулах болсон.

Дээр дурдсан ээ-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0014 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Н нь “Э” ХК-тай түншлэлээр гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, үүнээс шалтгаалж хийх ажлын цар хүрээ, хэмжээ нь гуравдагч этгээдээс шууд хамааралтай байдаг учир бид ийм байдлаар ажилтнуудтай хугацаа тохирч, жил бүр хугацаатай гэрээ байгуулдаг болохыг шүүхээс анхаарч үзнэ үү гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх3/, Н гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх4/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх5-9/, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” /хх10/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх11-15/, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №25/09 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх16-18/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх131/. 

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх20/, шүүхэд төлөөлөгч итгэмжлэл /хх21-23/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 тоот “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, хавсралт /хх31-51/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /хх52-56/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /хх57-61/, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн хуулбар /хх62/, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 тоот “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, хавсралт /хх89-109/, ээ-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2145 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, хавсралт /хх110-111/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2024/1171/-ний ажил эхлүүлэх актын хуулбар /хх112-113/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2021/705/-ний ажлыг зогсоосон тухай актын хуулбар /хх114-115/, Н 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ны хуулбар /хх116/, ээ-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/2167 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн хуулбар /хх117/, ээ-ийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн хуулбар /хх118/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх78-88/, П.Дэлгэрнасанг гэрчээр асуусан /хх125-127/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогч Н нь Өыг “Дампын оператор”-р ажиллуулахаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Уг хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 01, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэрээг сунгасан байна.

 

2. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Н гүйцэтгэх захирлын Б25/0014 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.7.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус компанийн уулын хэлтсийн Дампын оператор албан тушаалтай Өыг “хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон” үндэслэлээр мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

 

3. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ө нь хариуцагч Н-д холбогдуулан Н гүйцэтгэх захирлын “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт  хийлгүүлэх тухай шаардлага гаргасан.

 

4. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

Хоёр.

 

1. Хөдөлмөрийн гэрээгээр талууд цалин хөлс, ажлын байрны нөхцөлөөс гадна ажиллах хугацааг “...ажил олгогч болон ‘э ХХК-иудын хооронд 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан ‘Тавантолгойн ордын цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ’-ний хугацаа дуусах хүртэл” гэж харилцан тохиролцсон байна. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна”, 50.1.6-д “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх” гэж заасан. 

 

3. Н үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлийн гэрчилгээнд “гэрээгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах” гэж тэмдэглэсэн, мөн өмнө нь талууд 2022 оны 3 дугаар сарын 01, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг сунгаж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд “...хийх ажлын цар хүрээ, хэмжээ нь гуравдагч этгээдээс шууд хамааралтай байдаг учир бид ийм байдлаар ажилтнуудтай хугацаа тохирч, жил бүр хугацаатай гэрээ байгуулдаг” гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Н нь Ө хөдөлмөрийн гэрээг Н /түншлэлээр/ “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаагаар байгуулсныг буруутгах боломжгүй. 

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно” гэж заасан тул нэхэмжлэгчийн ажил олгогч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт “...нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс дээш байвал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Нэхэмжлэгч тус компанид 2021 оноос хойш ажиллаж байгаа, 3 жил болсон учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох хуулийн заалтыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй.

 

5. Хэрэгт Н /түншлэлээр/ “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ЭТТ-2021/705 тоот “Цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №2024/1171 тоот “Цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд авагдсан.

 

6. Дээрх гэрээнүүдийг хэрэгт авагдсан “Э” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2145 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, түүний хавсралт, “Э” ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг,  2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2021/705/-ний ажлыг зогсоосон тухай акт, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ /ЭТТ-2024/1171/-ний ажил эхлүүлэх акт зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд Н /түншлэлээр/ “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ЭТТ-2021/705 тоот гэрээ дуусгавар болсон ба 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

7. Н болон ажилтан Ө нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ Н /түншлэлээр/ болон “Э” ХХК-иудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Тавантолгойн ордын цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд байгуулагдсан, уг гэрээ нь дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн “...төсөл дуусаагүй байхад ажил олгогч гэрээг нэг талын санаачилгаар дуусгасан” гэх тайлбар үндэслэлгүй.  

8. Ажил олгогчийн зүгээс Ө байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3, 2022 оны 3 дугааар сарын 01, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдийн хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтуудтай тус тус нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага хэрэгсэхгүй болно. 

 

9. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах боломжгүй. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-д холбогдох Н-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б25/0014 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                                   Н.ХАНГА