2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03408

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           04              28                                           192/ШШ2025/03408       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж, 478 тоотод оршин байх, “С

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: албадан дуудлага явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч СС нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 807 дугаар захирамж, 1167 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 183 дугаар тойрогт гүйцэтгэгдэж байгаа №19250090 дугаартай төлбөр авагч ГГ, төлбөр төлөгч СС нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж гүйцэтгэгдэж байгаад гомдолтой байна.

Тус №19250090 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хөрөнгүүдэд үнэлгээ хийгдсэн. Үүнд:

1/ СС-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг дахь 6 дугаар багийн 7.5 га талбайд байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, 0 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаар бүхий 52090 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар;

2/ Улаанбаатар хот дахь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай цогц барилга газар эзэмших эрх;

Дээрх хөрөнгүүдэд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяа нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18,102,708,110 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байсан бөгөөд хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай саналыг 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Х.Э хандан албан бичгээр илэрхийлж байсан.

Гэтэл тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээнд оруулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад 2021 оны ханшаар буюу 18,102,708,110 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оролцуулахаар мэдэгдэж шийдвэрлэсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тус үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэхүү үнэлгээ нь бодит байдалтай нийцээгүй талаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандсан ч гомдлыг хянаж шийдвэрлээгүй. Мөн дээрх үнэлгээ хийгдсэн хугацаанаас хойш бүтэн 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байхад тус үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оролцуулах үндэслэлгүй байна.

Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно...” гэж заасны дагуу дахин шинжээч томилуулан үнэлгээг дахин гаргуулах, үүнтэй холбогдон гарах зардлыг нэхэмжлэгч төлөх тухайгаа №12/05 дугаар албан бичгээр илэрхийлж байсан ч хуульд зааснаар хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдэж “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 6 дугаар сарын 19-нд №4/785 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах тухай №4-183/15470, №4-183/15472 дугаар мэдэгдэл зэргийг нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулан өгсөн.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх үндэслэл нь 2021 оны мөнгөний ханш болон одоогийн мөнгөний ханш, 3 жилийн хугацааны инфляцын өөрчлөлтийг Үндэсний Статистикийн хорооноос харьцуулан гаргасан судалгаа зэргийг анхаарч үзэхийг хүссэн. Гэвч дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцуулах гэж байгаа нь зах зээлийн одоогийн ханштай огт нийцээгүй, бодит байдлаас эрс ялгаатай байгаа ба улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй байх зарчмыг алдагдуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж төлбөр төлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж 8.1.6 дахь хэсэг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох” гэж зааснаар төлбөр авагчид давуу байдал бий болгож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлээр дахин үнэлгээ хийлгэх, үнэлгээтэй холбогдон гарах зардлыг хариуцан төлөх тухай илэрхийлсээр байхад 2021 онд хийгдсэн үнэлгээг баримтлан нэхэмжлэгчийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” мөн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан заалтыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгөд үнэлгээ хийгдээд үнэлгээний тайлангаас хойш бүхэл бүтэн 2-3 жилийн хугацаа өнгөрсөн, мөн 2021 оны мөнгөний ханш болон газрын ханшны зөрүү эрс ялгаатай байхад бодит байдлыг ялгаж тунгаалгүй 2021 оны ханшаар албадан дуудлага худалдаанд оролцуулж байгаа үйлдэл нь хуульд нийцээгүй буюу хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн, төлбөр төлөгчийн өмчлөх эрхэнд халдаж, төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг “...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг “...Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээний шинжилгээг шинжилгээний байгууллага хийнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн 35.2.3 дахь хэсэг “...Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэлгүй, бодитой бус, тодорхой бус” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоож, бодит үнэлгээ гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/15198 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулж, СС-ийн өмчлөлийн:

Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга;

Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-д байрлах 864 м.кв талбайтай зориулалттай зуурмагийн цехийн барилга, 300,8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей;

Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-д байрлах 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв талбай бүхий задгай талбай;

Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/1-д байрлах 872 м.кв талбайтай конторын барилгын 1,2 давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга 144 м.кв талбайтай;

Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, баруун үйлдвэрийн үйлдвэрийн гудамж 135/1, 135/2 тоотод байрлах 508.62 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө;

Нэгж талбарын 0 дугаар бүхий Баянгол дүүргийн 4  хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмших газрын хамт 8,151,227,625 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Өөрөөр хэлбэл анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3 дахь хэсэгт “анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан боловч дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй байна.

Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:          

1/ Хуульд заасан журмыг зөрчсөн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг хүчингүй болгож өгнө үү.

2/ СС-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг дахь 6 дугаар багийн 7.5 га талбайд байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, 0 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаар бүхий 52090 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар; Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418- д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай цогц барилга газар, эзэмших эрх зэрэг нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү.

3/ 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч СС-ийн нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 807 дугаар захирамжаар СС-иас 2,438,060,235 төгрөгийг гаргуулж ГГ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19250090 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заасан барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч СС-ийн өмчлөлийн эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах 3024 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах 864 м.кв талбайтай зуурмагийн цехийн барилга, 300.8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах үйлдвэрийн зориулалттай 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв талбай бүхий задгай талбай, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/1-т байрлах үйлдвэрийн зориулалттай 872 м.кв талбайтай конторын барилгын 1,2 давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга 144 м.кв талбайтай, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ баруун үйлдвэрийн гудамж 135/1, 135/2 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 508.62 м.кв талбайтай, 0 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 0 дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2015-12-21-ний өдрийн А/978 шийдвэрээр 10 жилийн хугацаатай эзэмших, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмших газрын хамт, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, 7.5 га газарт байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн газрын албанд 2008-11-28-ны өдөр бүртгэгдсэн, 0 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаар бүхий 52090 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газрын хамт битүүмжилж, хураан үнэлгээ тогтооход 18,102,708,110 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Төлбөр төлөгч СС-ийн нэхэмжлэлийг 3 шатны шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлэн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар 8,151,227,625 төгрөгөөр худалдан борлуулсан. 

Төлбөр төлөгч СС нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч СС-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГГ-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү. Учир нь СС-ийн үнэлгээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн дуудлага худалдаатай холбоотой шаардлага үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэжээ.  

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /хх8-11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх12/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/шш2017/00807 дугаар захирамж /хх22-25/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/шш2023/03900 дугаар шийдвэр /хх26-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/ма2024/00089 дүгээр магадлал /хх31-34/, ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №12/05 тоот хүсэлт /хх35-36/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7/66 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх37/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №7/67 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх38/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №4/785 тоот “Хариу мэдэгдэх хуудас” /хх39/, Суурь ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №17/06 тоот гомдол /хх40-42/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9/2055 тоот албан бичиг /хх43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх44-45/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/33 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх46/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №4-183/17105 тоот “Мэдэгдэл” /хх47/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №4-183/17102 тоот “Мэдэгдэл” /хх48/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/шз2024/14089 дугаар захирамж /хх49-50/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх69/, “Мөнх-Оргил трейд үнэлгээ” ХХК-ийн №43-01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх149-186/, “Мөнх-Оргил трейд үнэлгээ” ХХК-ийн №43-02 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх187-209/, Суурь ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №38/11 тоот хүсэлт /хх210/, Голомт банк ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №18/10/0363 тоот хариу өгөх тухай албан бичиг /хх211/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх247-248/.

 

5. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1-183/325 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх58/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19250090 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх79-128/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1-210/132 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх224/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1-206/195 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх241/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1-213/138 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /2 хавтас, хх1/.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГГ дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх130/, итгэмжлэл /хх131, 135/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/шш2017/00807 дугаар захирамжаар СС-иас 2,431,901,507.94 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 6,158,728.76 төгрөгийн хамт гаргуулан ГГ-д олгож, төлбөрийг тохирсон хугацаанд эс төлбөл эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах 3,024 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах 864 м2 талбайтай зуурмагийн цехийн барилга, 300.8 м2 талбайтай хайрга дамжуулах галерей,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах үйлдвэрийн зориулалттай 1,760 м2 талбайтай арматурын цехийн барилга, 1,300 м2 талбай бүхий задгай талбай,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/1-т байрлах үйлдвэрийн зориулалттай 872 м2 талбайтай конторын барилгын 1, 2 давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга 144 м2 талбайтай,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ баруун үйлдвэрийн гудамж 135/1, 135/2 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай 508.62 м2 талбайтай, 0 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө,

нэгж талбарын 0 дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2015-12-21-ний өдрийн А/978 шийдвэрээр 10 жилийн хугацаатай эзэмших, үйлдвэрийн зориулалттай 22,406 м2 талбайтай эзэмших газар,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, 78/1 А тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 347.2 м2 талбайтай, Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунгоо нар хамтран өмчлөх эрхтэй хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, 7.5 га газарт байрлах чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн газрын албанд 2008-11-28-ны өдөр бүртгэгдсэн, 0 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаар бүхий 52,090 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан толгой нэртэй газар орших, 46 гектар талбай бүхий 5806А дугаартай лиценз/ тухайн газарт хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

2. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу 102/гх2018/01167 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19250090 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Хоёр.

 

1. Нэхэмжлэгч СС нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.

1/ 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг хүчингүй болгох;

2/ СС-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг дахь 6 дугаар багийн 7.5 га талбайд байрлах, чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, 0 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаар бүхий 52,090 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах 3,024 м2 талбайтай үйлдвэрийн зориулалттай цогц барилга газар, эзэмших эрх зэрэгт дахин үнэлгээ хийлгэхийг даалгах;

3/ 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах.

 

2. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй. 

 

 

 

Гурав.

 

1. Дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай шаардлага:

 

1.1. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заажээ. 

 

1.2. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед илэрвэл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. 

 

1.3. Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа “...дахин үнэлгээ хийлгэх” гэж тодорхойлсон хэдий ч шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн, ...мөнгөний ханш унасан, газрын үнэлгээ өндөр болсон нөхцөл байдлыг анхаараагүй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

1.4. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/шш2023/03900 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хянасан, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00089 дугаар магадлалын агуулгыг хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан судлахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тодорч байна.

 

1.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

 

1.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж зохицуулсан.

 

1.7. Гэсэн хэдий ч уг хугацаа нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасны улмаас өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ гаргаснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хугацаа өнгөрсөн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллага буруугүй, уг хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалан өнгөрсөн байх тул дахин үнэлгээ хийлгэх үүргийг хариуцагч хүлээхгүйг дурдав.

 

2. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг хүчингүй болгох, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагууд:  

 

2.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 7/66, №7/67 тоот “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” гаргажээ.

 

2.2. 7/66 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүд болон үйлдвэрийн зориулалттай эзэмших газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ 15,902,455,250 төгрөгийн 70 хувь болох 11,131,718,675 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагт хийхээр, 7/67 тоот тогтоолоор 52,090м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ 2,200,252,860 төгрөгийн 70 хувь болох 1,540,177,002 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагт хийхээр тус тус шийдвэрлэжээ. 

 

2.3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн байна. 

 

2.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 8/32, 8/33 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гаргажээ. 8/32, 8/33 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулахад анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэсэн үндэслэлээр 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон.

 

2.5. Улмаар шинжээчийн тогтоосон 15,902,455,250 төгрөгийн 50 хувь болох 7,951,222,625 төгрөгөөр, 2,200,252,860 төгрөгийн 50 хувь болох 1,100,126,430 төгрөгөөр тус тус хоёр дахь дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн ба энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

 

2.6. Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-183/17103, 4-183/17104 тоот албан бичгүүд, 2024 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээс үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна.  

 

2.7. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, дуудлага худалдааны ялагч тодорсон байна.

 

2.8. Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх учир энэ талаарх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн №7/66, №7/67 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8/32, №8/33 “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-уудыг хүчингүй болгох, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай СС-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6,  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СС-иас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан, “...дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГА