| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07566/И |
| Дугаар | 192/ШШ2025/04191 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/04191
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **************** тоот хаягт оршин суух, Н овогт Ш-ын Б- /рд:**************/,
Хариуцагч : *********** оршин суух, Б овогт О-ийн /рд: **************/,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч Ш.Б-,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,
хариуцагч О.С /цахимаар/,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч О.С-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие 2013 онд О.С-тай танилцаж 2016 онд анхны охин хүүхдээ алдаж, 2018 онд хамтран амьдарч 2 дахь хүү Б- овогтой Г-2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрж одоо 4 настай миний асрамжид бойжиж байна. О.С- нь хамтран амьдрах хугацаандаа үргэлж гадуур тэнэж, ажил хийх нэрийдлээр мөрийтэй тоглож гэрийн бараа хардаггүй байсан. Миний нэр дээр байсан автомашиныг надад хэлэхгүй барьцаанд тавьж мөрийтэй тоглосон байсныг дараа нь мэдэж барьцааны мөнгийг төлж автомашинаа чөлөөлж авч байсан. Ийм байдлаас болоод бидний харьцаа тасарсан. О.С- бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2020 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Миний хувьд Б.Г-одоо 4 нас хүрч өдөр ирэх тусам хэрэгцээ нь нэмэгдэж байгаа учраас эцэг болох О.С-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие О овогтой С- эцэг тогтоологох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байгаа, мөн 2022 онд хэрэгт холбогдож ял эдэлж байгаа. Ял эдлэх хугацаандаа тэтгэмж төлөх боломжгүй тул эвлэрч эсвэл ялын хугацаа дуустал хүлээх боломж байгаа эсэхийг хүсэж байна. Б.Г-нь миний хүүхэд мөн гэж үзэж байгаа тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, түр оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт /хх3, 5/, Б.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн болон цэцэрлэгийн тодорхойлолт /хх4, 6, 7-8/, итгэмжлэл /хх 10/.
4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 56/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...2018 онд хамтран амьдарч 2 дахь хүү Б- овогтой Г-2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрж одоо 4 настай миний асрамжид бойжиж байна. ... 2020 оноос хойш тус тусдаа амьдарч байна.” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ш.Б- болон хариуцагч О.С- нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б.Г-төрсөн болох нь тогтоогдож байна.
Зохигчид хүү Б.Г-ийг эх Ш.Б-гээр овоглосон байх бөгөөд хариуцагч О.С- нь хүүгийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид хүү Б.Г-ийг эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг О.С-аас тэтгэлэг гаргуулан хүү Б.Г-т олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
5. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Ш.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох эцэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч эцэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Н овогт Б-ийн Г-/рд: ****************/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг О.С-аас гаргуулан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б нь эцэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН