| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/01029/И |
| Дугаар | 192/ШШ2025/03464 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/03464
|
|
|
|
2025 04 29 192/ШШ2025/03464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52а байр, 48 тоотод оршин байх, “Э
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 40 дүгээр байр, 31 тоотод оршин байх, “М
Нэхэмжлэлийн шаардлага: 2,337,781,843.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ММ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
ММ нь ЭЭ-тай 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 06 тоот “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ” байгуулсан. Гэрээгээр БНХАУ-ын Hebei Shengbo үйлдвэрт Америк технологиор үйлдвэрлэгдсэн “HAWK” брэндийн усжуулалтын 5 ширхэг тоног төхөөрөмжийг нийт 1,581,175,238 төгрөгөөр нийлүүлж угсарч суурилуулахаар тохиролцсон. Гэрээний энэхүү үнэнд тоног төхөөрөмжийн үнэ, ачилт, тээвэрлэлтийн зардал, угсралт, суурилуулалтын зардал, инженерийн шугам хоолойн ажил болон цөөрмийг шинээр барих ажлын зардал, HDPE хоолой, бусад дагалдах хэрэгсэл, гаалийн төлбөрүүд, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, НӨАТ, бусад холбогдох татвар, хураамж, зардал бүгд багтсан.
Нэхэмжлэгч нь гэрээний үнийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч ММ нь гэрээний дагуу нийт 5 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмж өгөх байсан ч 2 ширхэг төхөөрөмжийг хүргэж өгөөд суурилуулахгүй орхиж, усалгааны үлдсэн 3 төхөөрөмжийг огт хүргэж өгөөгүй, суурилуулж өгөөгүй гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулж үүргээ гүйцэтгэх хугацаа олгосон байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ Нэхэмжлэгч нь анх бидэнд хүлээлгэн өгсөн ч угсраагүй байгаа 2 ширхэг тоног төхөөрөмжийг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ЭЭ-ийн тариалангийн талбайд бүрэн гүйцэд угсарч, суурилуулж, ажиллагаанд холбож өгөхийг хариуцагч ММ-д даалгах шаардлага гаргасан. Гэвч уг шаардлагаар манай компанийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэх эсэх нь эргэлзээтэй байна. Шүүхээс уг ажлыг гүйцэтгэхийг ММ-д даалгаж шийдвэрлэсэн ч энэхүү маргаантай асуудлаас үүдэн дараа дараагийн маргаан гарах, усжуулалтын системийг угсарч суурилуулахгүй дахин хэдэн жилээр сунжрах эрсдэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа өөр гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэн, учирсан хохирлоо шаардах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тариалангийн талбайн усжуулалтын системийг борлуулах, угсарч суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Оргилталын хайрхан” ХХК-иас уг ажлыг 625,372,000 төгрөгөөр гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн. Уг үнийн саналыг албан ёсны үнэлгээний байгууллага болох “Хаан үнэлгээ” ХХК-иар үнэлүүлэн баталгаажуулаад 517,637,691 төгрөгийн нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон болно.
2/ Усжуулалтын систем худалдан борлуулах, угсарч суурилуулах, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монгол Улсад тун ховорхон байдаг бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Оргилталын хайрхан” ХХК-иас маргаан бүхий 2 ширхэг усжуулалтын системийг засаж, угсарч суурилуулах гарах үнийн санал авсан. Тус компани нь Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ЭЭ-ийн тариалангийн талбайд очиж үзлэг хийн хийж гүйцэтгэх үнээ тодорхойлсон энэхүү зардлыг нэхэмжилж байгаа болно. Түүнчлэн энэхүү үнийн саналд үндэслэн “Хаан үнэлгээ” ХХК-иар албан ёсоор үнэлгээ гаргуулан баталгаажуулсан. Тус компани нь мөн газар дээр очиж үнэлгээ гаргасан. Үнэлгээний зардалд 2,300,000 төгрөг төлсөн. Иймд бүрэн угсарч ажиллагаанд оруулах санал авсан болон үнэлгээний зардалд төлсөн нийт 3,800,000 төгрөгийн зардал гаргаснаа хохиролд тооцон нэхэмжилнэ.
3/ Нэхэмжлэгч нь ММ-иас усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авахдаа тухайн үед “Хаан банк” ХК-иас 1,344,000,000 төгрөгийн зээл авч гэрээний үнийг төлж барагдуулсан. Хариуцагч ММ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгч ЭЭ зээлээр авсан тоног төхөөрөмжөө бүрэн авч чадалгүй, суурилуулж ч чадалгүй, тоног төхөөрөмжийг ашиглаж чадахгүй болсон. Үүний улмаас “Хаан банк” ХК-иас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн, улмаар “Хаан банк” ХК нь нэхэмжлэгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхөд хүрч хохирол учраад байна. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол болох “Хаан банк” ХК-иас нэхэмжилж байгаа зээлийн хүүгийн төлбөр 154,537,349.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 380,539,028.11 төгрөгийг тус тус гаргуулна.
4/ Хариуцагч ММ нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ч бүрэн гүйцэт угсраагүй байгаа 2 ширхэг тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, бүрэн гүйцэт угсралтын төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 599,814,927 төгрөгийн төлбөрийн баримт үүсгэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийн баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 06 тоот гэрээний 7.1-т заасныг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 943 өдрөөр бодоход үндсэн үүргийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хугацаа хэтрүүлсний алданги 299,907,464 төгрөг гаргуулна.
5/ Мөн хариуцагчийн гэрээний дагуу огт нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй 3 ширхэг тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг, хэрэгсэл, угсралт суурилуулалтын ажлын үнэ буюу гэрээний цуцлагдсан хэсгийн үнэ 981,360,311 төгрөгийг нэхэмжилнэ.
Ингээд нийт 2,337,781,843.47 төгрөгийг ММ-иас гаргуулж нэхэмжлэгч ЭЭ-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:
1/ Иргэний хэрэг үүсгэхэд цугларсан баримтууд эх баримтууд биш, нотариатын баталгаагүй хуулбарласан цаас байна. Гэтэл ийм материал дээр иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй.
2/ Хэргийн үйл баримтын талаар ярихад манай ММ нь нэхэмжлэгч ЭЭ-тай “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, гэрээт ажлын дуусах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар уг 06 гэрээнд тусгасан юм. Энэхүү 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот гэрээний тухай болон гэрээний үүргийн биелэлтийн талаар ямар нэг маргаан 2 талд хоёуланд нь гараагүй 5 жил өнгөрсөн. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар хэн аль нь гомдолгүй, маргаангүй байсан гэсэн үг. Энэ утгаараа нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргах хуулийн хугацаагаа нэхэмжлэгч алдсан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Талуудын байгуулсан гэрээт ажлын үнийн дүн 1,581,175,238 төгрөг байсан бөгөөд ЭЭ манай ММ-д 2019 оны 5 дугаар сарын 17, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд хооронд хоёр удаагийн үйлдлээр 1,456,162,580 төгрөг шилжүүлсэн буюу гэрээт үнийн дүнгээс 125,012,658 төгрөг дутуу төлсөн байна. Дээр дурдсанчлан гэрээт ажлын дуусах хугацааг бид 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байхаар тохирсон ч нэхэмжлэгч нь уг хугацаа дууссанаас хойш мөнгөө шилжүүлсэн нь харагдана.
Гэсэн хэдий ч ММ гэрээнд заагдсан хугацаанд ЭЭ компаниас төлбөрийг бүрэн хүлээж авч чадаагүй ч гэсэн хүлээж авсан үнийн дүндээ тохирсон ажлыг буюу 2 усжуулалтын төхөөрөмжийг нэхэмжлэгчид нийлүүлж ажлаа дуусгасан. Ийм ч учраас бидний дунд ямар нэгэн маргаан огт гараагүй ийнхүү 5 жил өнгөрөөд байсан юм.
Бид 2 ширхэг “HAWK” брэндийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчирч ЭЭ-ийн эзэмшлийн талбайд суурилуулж өгсөн. Нэхэмжлэгч ЭЭ-иас хүлээн авсан үнийн дүнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэж НӨАТ-т мэдүүлж, татвар төлсөн байгаа нь хавтаст хэрэгт бий. Иймээс 2 төхөөрөмжийг хүлээлгэж суурилуулж өгсөн тухайд 2 талд огт маргаан гараагүй бөгөөд энэ нь ажил хүлээлцсэн акт болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх ЭЭ-ийн эзэмшлийн 500 га талбайд суурилагдсан 2 ширхэг төхөөрөмжийн зургуудаар давхар нотлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын өгсөн баримтуудаар нотлогдож байгаа.
Гэтэл бид буюу ММ шүүх дээр яагаад хариуцагч болчихсон, гэрээний үүргээ биелүүлээгүй, 1,800,016,567.87 төгрөгийн өрөнд орчихсон хэмээн гүтгүүлж байгааг баримттай тайлбарлая.
Нэгдүгээрт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЭЭ компани гомдол гаргаж манай ММ компаниас гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхийг даалгаж, 1,800,016,567.87 төгрөгийг гаргуулж авах тухай нэхэмжлэл гаргасан. ЭЭ компани нь дараах 2 үндэслэлээр нэхэмжлэл гаргах үндэсгүй гэж үзэж байна. Нэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хоёрт манай дансанд шилжүүлсэн мэт Хаан банканд харуулж байгаад шилжүүлсэн мөнгөө буцааж авсан.
Хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн сэргээсэнд тооцуулах хуурамч баримт бичгийн тухайд ЭЭ компанийн менежер, Тулгабатын хүргэн Э манай компанид ажиллаж байсан Э рүү залгаж “Бидэнд та нарын тусламж хэрэгтэй байна, Хаан банкны зээл нэхэгдээд хэцүү байна, бид Хаан банкнаас хугацаа авахын тулд хуурамч бичиг байх хэрэгтэй байна, хийгээд өгөөч” гэж ярьсан байдаг.
Гэтэл Э “ямар бичиг хийлгэх гэж байгаагаа бичээд ир, та нарт тусалж болно” гэсэн яриа болсон байдаг. Ингээд Э viber аппликэйшнээр ММ-ийн бланкыг явуулж, тус бичгийг н.Б төлөвлөж буцааж Б.Э рүү viber-p явуулснаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн огноотойгоор хөөн хэлэлцэх хугацааг алдаагүйд тооцуулах хуурамч бичиг бий болсон байдаг. Энэ хуурамч бичиг хавтаст хэргийн 35 хуудсанд бий. Үүнийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй хэмээн тооцож шүүх иргэний хэрэг үүсгэжээ.
Ингэж ЭЭ-ийн менежер буюу Тулгабатын хүргэн Э манай компанид ажиллаж байсан Этэй viber-aap холбогдон үгсэн хуйвалдаж, Хаан банкийг хуурах гэсэн бичиг бий болж, улмаар энэхүү хуурамч бичиг нь шүүхийг хуурч иргэний хэрэг үүсгүүлсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1/ Шинжлэх ухаанаар нотлогдоно. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад М.Д 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1889 тоот дүгнэлт. Уг албан бичиг нь ММ-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг биш гэдгийг шинжээч тогтоосон.
2/ Хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 2 талын гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Үүнд уг албан бичгийн хуурамчаар үйлдсэн болохыг уг албан бичигт гарын үсэг зурсан гэрч Э, уг албан бичгийг үйлдэхийг шаардаж албан бичгийн эхийг бэлтгэсэн гэрч Эийн мэдүүлгүүдээр давхар нотлогдоно.
3/ Нэхэмжлэгч ЭЭ-ийн менежер гэрч Эийн мэдүүлэгт хөөн хэлэлцэх хугацааг сунгасанд тооцуулах гэж чиний төлөвлөж, Эээс бланк авч гарын үсэг зуруулсан бичгийг яах гэж авсан тухайгаа “...Хаан банканд өгөх гэж” хариулсан байдаг.
4/ Нэхэмжлэгчийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Viber апликэшиний мессежнүүдэд хийсэн үзлэгт “Э төлөвлөж Э ММ-ийн бланкыг file хэлбэрээр viber-aap авч, Эрдэнэсүхээр гарын үсэг зуруулж, тамга дарсан гэдгийгээ хүлээн зөвшөөрсөн.
5/ Гарын үсгийг шинжилгээнд явуулахгүй гэж нэхэмжлэгч тал маргаж шүүгчийн шийдвэрт давж заалдаж байснаар тэд хуурамчаар хийлгэсэн гэдгийгээ мэдэж байсан тул ийм үйлдэл гаргасан.
6/ Уг бичгийн агуулгаас харахад ч илт хуурамч нэхэмжлэгчийн гэрчээр асуулгасан Э уг албан бичгийг төлөвлөхдөө “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг...” гээд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн дараачийн өдрийн огноотойгоор хуурамчаар хийлгүүлж авсан байдаг. Үүнийгээ Э өөрөө “албан бичгийн эхийг бичиж, ММ-ийн бланкыг viber-aap file-aap Эээс авсан” гэдгийгээ гэрчийн мэдүүлгээрээ өөрөө нотолсон.
Ийнхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөөн хэлэлцэн хугацаа даруй 2 жилээр өнгөрчихсөн байхад, хөөн хэлэлцэх хугацааг сунгагдсан тооцуулах гэсэн “албан бичиг” нь хуурамчаар үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох эхний үндэслэл юм.
Хоёрдугаарт, нэхэмжлэгч ЭЭ компани нэхэмжлэлийн шаардлагадаа дараах 2 зүйлийг шаардсан байгаа. Энэ тал дээр санхүүгийн анхан шатны баримтыг түшиглэж дараах тайлбарыг хийнэ.
Манай ММ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЭЭ-тай “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ” байгуулан, тэдний төлбөр хийсэн үнийн дүнгийн дагуу 2 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн юм. Энэ нь нэхэмжлэгчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн нотлох баримт болон манай компанийн НӨАТ төлсөн баримтаар давхар нотлогдоно. ЭЭ-д буцааж 890,222,453 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 57-92 дугаар талуудад бий. Тус санхүүгийн анхан шатны баримтуудыг нотариатаар батлуулсан байгаа бөгөөд, эх баримтуудыг шүүхэд авчирсан болно. Бидний тооцооллоор 1,015,235,111 төгрөгийг манай компанид шилжүүлээд, дахин шинэ гэрээ хийх юм бол бид нэхэмжлэгчид 3 төхөөрөмжийг суурилуулж, өмнө нь суурилуулсан 2 төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулж өгөх боломж бий. Гэрээнд заагдсан үнийн дүнтэй ажлын зураг төсөв түүний ТЭЗҮ-р бол 5 төхөөрөмжийн дундах инженерийн холболтоор ажиллах юм. Тус ажлын ТЭЗҮ ингэж гарсан. Манай инженерүүд танай газар дээр очиж, геологийн судалгаанаас эхлээд газрын хэвгий налуу болон бусад бүх шаардлагатай хэмжилт судалгааг хийсний үндсэн дээр ТЭЗҮ гаргасан. Дахин зураг төсөв өөрчлөх боломжгүй, хэрэв өөрчлөхөөр бол дахин ТЭЗҮ хийх зардал гарна. Өөрөө хэлбэр машины 2 дугуйг нь угсарчхаад “одоо үүнийг унаад явъя, явдаг болгоод өг” гэх нь өөрөө техникийн шийдлийн хувьд зураг төсөв болон үнэ өртөггүйгээр шийдэл олж, ажиллагаанд оруулах огт боломжгүй юм. Зураг төсвийг өөрчилж, техникийн өөр шийдлээр ажиллагаанд оруулж болох боловч 5 төхөөрөмжтэй том оврын системийн хувьд уг техникийн шийдэл, зураг төсөл боловсруулах нь өөрөө өндөр өртөгтэй бөгөөд, нэхэмжлэгч тал мөнгөө төлөх юм бол болохгүй зүйл байхгүй. Манай улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, хувийн өмчийг дээдэлсэн улс. Биднийг дээр үеийн коммунизм шиг үнэгүй ажил хийлгэхийг даалгах нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Бид хэзээ ч хөлс төлбөргүй, үнэ өртөггүйгээр коммунист суботник хийхгүй.
Гэрээнд заасан ажлын төсөвт өртөг 1,581,175,238 төгрөг, манай компанид шилжүүлсэн үнийн дүн 1,456,162,580 төгрөг, дутуу шилжүүлсэн 125,012,658 төгрөг байдаг. Үүн дээр 2 тал маргаан гараагүй. Бид хүлээж авсан үнийн дүндээ тохирсон 2 ширхэг тоног төхөөрөмж авчирч суурилуулж өгсөн. Энэ төрийн байгууллагын татварын мэдээлэл болон нэхэмжлэгчийн хүлээж авсан акт, тэдний хавтаст хэрэгт сүүлд гаргаж өгсөн зургуудаас харагдана.
Энэхүү иргэний хэрэг үүссэнээс хойш бидний хооронд ямар маргаан үүссэн, эс үүссэн бэ гэвэл энэхүү иргэний хэрэг үүссэнээс хойш бүтэн 9 cap орчим буюу 300 гаруй хоног өнгөрсөн байхад 890,222,800 төгрөгийг хүлээж аваагүй гэж ганц удаа бичгээр болон амаар мэдэгдэж байгаагүй. Өөрөөр хэлбэл мөнгөө буцааж аваагүй гэж огт маргаж байгаагүй. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа албан бичгийг нотлуулах шаардлагагүй, гарын үсгийг шинжилгээнд явуулахгүй гэж маргаж байсан болохоос, 890,222,800 төгрөгийг хүлээж аваагүй гэж огт маргаж байгаагүй, бидний гаргаж өгсөн нотлох баримтуудын эсрэг “хүлээж аваагүй” гэх 1 ширхэг ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Тэд 890,222,800 төгрөгийг хүлээж авсан гэдгийгээ хүлээн зөвшөөрсөн.
Гуравдугаарт, урьдчилгааны хөлсийг өөрийн механизмаа зарж бүрдүүлсэн гэх боловч нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн иргэний хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн анхан шатны гэх материалууд нь эх баримт болон, нотариатаар батлуулсан баримт огт байхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч бичиг хийлгэж авсан хүнийхээ утсыг 99076743 бичсэн нь анхнаасаа үгсэн хуйвалдсан гэдэг нь харагдаж байна.
Хэргийн 218-222 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримт болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 102/ШШ2024/03333 тоот захирамжид манай компанийг огт дурдаагүй, гуравдагч этгээдээр татаагүй болох нь батлагдаж байна.
Хэргийн 225 дугаар хуудас дахь нэхэмжлэгчийн хүсэлт болон, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “...ROBEX3700LV-7A загварын экскаватор худалдах, худалдан авах гэрээг...” Хаан банкнаас гаргуулж авч тус иргэний хэрэгт эд мөрийн баримтаар гаргуулж авахаар захирамжилсан. Уг захирамжийн дагуу Хаан банк тус гэрээг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн байдаг боловч уг экскаватор худалдах, худалдан авах гэрээнд “ROBEX3700LV-7A” загварын экскаватор худалдах, худалдан авах тухай заагдаагүй байна. Мөн энэхүү гэрээ биелсэн, биелэх боломжтой талаар болон бусад нотлох баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Хаан банкнаас ирүүлсэн гэрээнд ядаж тус механизмын улсын дугаар, арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргаагүй, хэний өмчлөлд байгаа болон угаас энэхүү механизм Монгол улсын тээврийн хэрэгслийн бүртгэлд байдаг эсэх нь тодорхойгүй байна.
Хэргийн 225 дугаар хуудас дахь нэхэмжлэгчийн хүсэлтэд “...нэг хувь үйлдэж...” гэсэн боловч, уг гэрээг Хаан банкнаас зээл авахын тулд өөрийн хөрөнгөө зарсан болгож харагдуулахын тулд хуурамчаар үйлдсэн байдаг. Үүнийг нотлохын тулд уг гэрээний нөгөө нэг эх хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байна.
Дүгнэлт:
1/ Тус компани 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЭЭ-тай “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ” байгуулан, тэдний төлбөр хийсэн мөнгөн дүнгийн дагуу 2 ширхэг усжуулалтын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн юм. Энэ нь нэхэмжлэгчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн нотлох баримт болон манай компанийн НӨАТ төлсөн баримтаар давхар нотлогдоно. Иймээс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн энэхүү гэрээний тухай ямар нэг маргаан 2 талд хоёуланд нь үүсээгүй 5 жил өнгөрсөн юм.
2/ Хаан банкны зээлийн асуудал ярьдаг. Хаан банктай хийсэн зээлийн гэрээг хавтаст хэрэгт өгсөн боловч энэ нь манай компанитай огт хамааралгүй юм. Хаан банкнаас авсан зээлээ өөрсдөө төлөөд явж байсан нь биднээс огт авлагагүй, ямар нэгэн гэрээний үүрэг биелүүлээгүй байх нөхцөл үүсээгүй гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчээс сүүлд өгсөн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/03333 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас харагдана. Уг захирамжид манай компанийн тухай огт дурсаагүй, биднийг гуравдагч этгээдээр татаагүй, бидэнд нэхэмжлэгчийн авсан зээл огт хамаагүй болохыг гэрчилнэ.
3/ ЭЭ өөрөө гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж мөнгөө буцааж авсан нь санхүүгийн анхан шатны баримт НӨАТ-ын баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй. Нэгдүгээрт гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрдугаарт манай “ММ” ХХК ЭЭ-д ямар ч өр төлбөр байхгүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Бид ЭЭ компаниас хүлээж авсан мөнгөнийхөө үнийн дүнд тохирсон ажил үйлчилгээгээ үзүүлсэн тул бидний хооронд ямар нэг гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гараагүй 5 жил өнгөрсөн. Нэхэмжлэгч тал бусадтай үгсэн хуйвалдан хуурамч бичиг баримт үйлдэн шүүхийг мэдсээр байж санаатайгаар хуураад зогсохгүй, манай компанийг маш өндөр үнийн дүнтэй 1,581,175,238 төгрөгийг гаргуулж авахыг завдсан ноцтой үйлдэл болох нь ийнхүү дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх6/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, хх7-8/, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ/201944439339 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний хуулбар, хавсралт /1 хавтас, хх9-12/, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №БГҮ/201944439339 тоот “Барьцааны гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгө/-ний хуулбар /1 хавтас, хх13-14/, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №БГХ/201944439339 тоот “Барьцааны гэрээ” /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ний хуулбар /1 хавтас, хх15-16/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ/201944439339-1 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх17/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗГ/201944439339-2 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх19-20/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №БГҮ/201944439339-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх21/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201944439339-3 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх22-23/, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/201944439339-4 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх24-25/, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №БГҮ/201944439339-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх26/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/201944439339-5 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар /1 хавтас, хх27-28/, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №06 тоот “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ”-ний хуулбар, хавсралт /1 хавтас, хх29-31/, Хаан банкны гүйлгээний баримт /1 хавтас, хх32-33/, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Усжуулалтын тоног төхөөрөмж хүлээлцсэн тухай /1 хавтас, хх34/, ММ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №24/01 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг /1 хавтас, хх35/, зураг /1 хавтас, хх210-216, 227-237/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/шш2024/03333 дугаар захирамжийн хуулбар /1 хавтас, хх218-222/, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №25/ тоот “Хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ” /2 хавтас, хх38-40/, “Оргилталын хайрхан” ХХК-ийн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /2 хавтас, хх41-43/, Үнэлгээний тайлан /2 хавтас, хх46-65/, Кассын орлогын ордер /2 хавтас, хх70/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2 хавтас, хх71, 73-74/, “Оргилталын хайрхан” ХХК-ийн “Томилолтын зардал төлөгдсөн тухай” албан бичиг /2 хавтас, хх72/.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /1 хавтас, хх189-208/, “Хаан банк” ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №29/11228 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх246-248/.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас, хх49, 53, /, хүснэгт /1 хавтас, хх57-58, 63, 73/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1 хавтас, хх59-61, 81, 83-91/, Хаан банкны дансны хуулга /1 хавтас, хх62, 82/, Мэдэгдэл /1 хавтас, хх72/, Хаан банкны орлого, зарлагын мэдүүлэг /1 хавтас, хх75-79/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /1 хавтас, хх80, 92/, төлбөрийн баримт /1 хавтас, хх93/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” /2 хавтас, хх1-3/.
6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №1889 тоот дүгнэлт /1 хавтас, хх144-166/, Э, Э.Э нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /1 хавтас, хх179-188/.
7. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Гаалийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №01-1.2/4910 тоот албан бичиг, хавсралт /2 хавтас, хх24-25/, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №42 тоот хариу албан бичиг /2 хавтас, хх26/, “Хаан банк” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №29/13381 тоот хариу албан бичиг, хавсралт /2 хавтас, хх27-28/, ЭЭ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №3/10 тоот албан бичиг /2 хавтас, хх30/, Хаан банкны дансны хуулга /2 хавтас, хх31-32/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ММ /худалдагч/ нь ЭЭ /худалдан авагч/-тай 06 тоот “Усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ БНХАУ-ын “Хэбэй шэнбо” /Hebei Shengbo/ үйлдвэрт Америк технологиор үйлдвэрлэгдсэн “Хавк” /HAWK/ брэндийн усжуулалтын тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг нийлүүлэх;
2/ Гэрээгээр нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ: 1,581,175,238 төгрөг байх;
3/ Нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ, ачилт, тээвэрлэлтийн зардал, угсралт, суурилуулалтын зардал, инженерийн шугам хоолойн ажил болон цөөрмийг шинээр барих ажлын зардал, HDPE хоолой, бусад дагалдах хэрэгсэл, гаалийн төлбөрүүд, гаалийн бүрдүүлэлтийн хураамж, НӨАТ, бусад холбогдох татвар, хураамж, зардал гэрээний үнэнд багтсан байх.
2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба ММ-ийн хувьд гэрээний зүйлийг угсрах, суурилуулахтай холбоотой ажлыг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн нь худалдах-худалдан авах гэрээний нэмэлт үүрэгт хамаарч байна.
3. ЭЭ нь хариуцагч ММ-д холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:
1/ Усжуулалтын системийг бусдаар бүрэн хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 517,637,691 төгрөг;
2/ Усжуулалтын системийг засуулах, угсарч суурилуулахад гарах үнийн санал авсан, үнэлгээ хийлгэсэн зардалд төлсөн 3,800,000 төгрөг;
3/ Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд буюу “Хаан банк” ХК-д төлөх зээлийн хүүгийн төлбөр 154,537,349.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 380,539,028.11 төгрөг;
4/ Нийлүүлээгүй, угсарч суурилуулаагүй 3 ширхэг тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг, хэрэгсэл, угсралт суурилуулалтын ажлын үнэ буюу гэрээний цуцлагдсан хэсгийн үнэ 981,360,311 төгрөг;
5/ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот гэрээний 7.1-т заасныг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны алданги 299,907,464 төгрөг, нийт 2,337,781,843.47 төгрөгийг ММ-иас гаргуулна.
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “...гэрээний дагуу хийх ажлаа хийж гүйцэтгэсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.
Хоёр.
1. Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний талууд гэрээний үүрэг хариуцлага, гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол, тохирсон алданги зэргийг нэхэмжлэх эрхтэй.
2. Харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа тухайн харилцаанд үйлчилнэ.
3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг учир нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх талуудын байгуулсан гэрээний 5.2.10-т зааснаар 2019 оны дугаар сарын 25-ны өдрөөс үүссэн гэж үзнэ.
4. Хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ММ-иас ЭЭ-д хүргүүлсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг авагдсан. Уг албан бичигт “...усжуулалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, усжуулалтын систем угсрах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулсан” талаар тусгагджээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан шинжээчийн дүгнэлтээр дээрх албан бичигт ММ-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Д.Батхүү гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон.
6. Дээрх нөхцөл байдлыг шүүхэд гэрчээр асуугдсан Э, Э.Э нарын мэдүүлэгтэй харьцуулан судлахад Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл заан маргаж үүрэг гүйцэтгэхээс татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй буюу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 11,846,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ММ-иас 2,337,781,843.47 төгрөг гаргуулах тухай ЭЭ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 11,846,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГА