2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03689

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           05              05                                           192/ШШ2025/03689       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, НН

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, Энгельсийн гудамж, 29/10 дугаар байр, 403 тоотод оршин байх, ЛЛ

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байр, 42 тоотод оршин суух, ББ

 

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон шилжүүлэх тухай хэлцлээс үл хөдлөх хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ч

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ЛЛ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 хороолол, “Ласти таун”, 10А байрны 47 тоот орон сууцыг ЛЛ-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 039 дугаартай 3 өрөө орон сууцыг м2 үнийг 1,200,000 төгрөгөөр захиалж, худалдан авсан. Төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 74-65 УНЛ дугаартай автокран бүрэн ажиллуулж, холбогдох зардлыг бүрэн хариуцах гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сараас эхлэн 2016 оны 8 дугаар cap хүртэлх хугацаанд ажиллаж, байрны үнэ болох 85,752,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү тухайн байрыг ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаад 2019 он хүртэл өөрийн биеэр гэр бүлийн хамт амьдарсан. 2019 оноос хойш одоог хүртэл манай эцэг Ж.Дашдорж, эх Б.Дарьсүрэн, ач нарын хамт амьдардаг.

ЛЛ нь миний захиалсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гарган өгөх үүрэгтэй, захиалагчдыг шаардах үед “удахгүй гаргаж өгнө” гэдэг байсан боловч санаатайгаар өөрийн байгууллагын нар дээр гаргуулж, улмаар худалдан авагчдын захиалсан, ашиглалтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, надад шилжүүлж өгөх үүрэгтэй байрны өмчлөх эрхийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ББд өр төлбөртөө м2-ийн үнийг 972,850 төгрөгөөр тооцож, 69,519,861 төгрөгөөр төлбөртөө өгөхөөр харилцан тохиролцож, хэлцэл байгуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд сайн дураараа хүсэлт гаргаж ББ гэх хүнд 2.5 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн.

Ийнхүү шилжүүлэхдээ мөнгөн дүнгээр төлөх 2.5 тэрбум төгрөгийн төлбөрийг 44 айлын үл хөдлөх хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож шилжүүлсэн байдаг. Хожим ББ гэдэг хүн ирээд “Чиний амьдарч байгаа энэ байр одоо миний байр болсон” гэх утга бүхий шаардлага тавьж намайг энэ байрнаас гарах тухай албадсан. Гэтэл тус байрны өмчлөх эрхийг ЛЛ бидний байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэсний дагуу өмчлөх эрхийг надад шилжүүлэн өгөх үүрэгтэй ба ЛЛ нь жинхэнэ өмчлөгч нь юм.

ЛЛ болон ББ нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ийнхүү миний захиалсан байрыг өөр хоорондоо харилцан тохиролцож, хэлцэл хийж шилжүүлэхдээ ЛЛ болон ББ нарын аль аль нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу тус байрны жинхэнэ өмчлөгч нь Н намайг болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан материалаас тодорхой мэдэж байсан.

Эдгээр нь тус байранд Н манай гэр бүл амьдарч байгаа, мөн тус байраа худалдан авсан төлбөрөө Н миний бие бүрэн төлсөн болохыг ЛЛ-ийн гүйцэтгэгч “Марс констракшн” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн “144 айлын орон сууцны захиалагчид, төлбөр төлсөн болон төлбөр төлөх үнийн дүн бүхий жагсаалт”-ын А-1 дүнгийн 3-т тусгагдсаны дагуу тодорхой мэдэж байсан. Энэ нь байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ярилцаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байдаг.

Эдгээр нь ББ нь хэдий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн “лл тай хэлцэл байгуулсан гэх хэдий ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжгүй.

Мөн Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д “Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу ЛЛ нь надад мэдэгдэх үүрэгтэй байна. Улмаар мөн хуулийн 270.2-т Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж болно” гэж заасны дагуу мэдэгдэж, миний зүгээс худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болохоор байна.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “лл” ХХК-ийн захирал “л төлбөр авагч ББ нарын хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн хэлцэл”-ийн “Төлбөрт хүлээлгэн өгөх байрны жагсаалт”-ын 16 дугаарт байгаа блок А, хаалга №47, өрөөний тоо 3, талбайн хэмжээ 71.46м2, 1м2 талбайн үнэлгээ 972,850, нийт талбайн үнэ 69,519,861 гэсэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн өгсөн” хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Тус хэлцлийн улмаас миний захиалсан байрын өмчлөх эрх ББд шилжсэн бөгөөд ЛЛ-иас өөрийн захиалсан байрны өмчлөх эрхийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. ЛЛ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6 орчим тэрбум төгрөгийн өртэй, өөр өмч хөрөнгөгүй. Тиймдээ ч ББ болон ЛЛ нь хөрөнгө оруулагчид төлөх мөнгөн төлбөрт миний эрхийг зөрчин энэхүү байрыг ББд шилжүүлсэн. Гэтэл Н миний хувьд тус байрны өмчлөх эрхийг шаардахаас өөрөөр хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаас өөр боломжгүй нөхцөл байдалтай.

Миний бие өмнө тус байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус байрны өмчлөх эрх ББд байгаа тул ЛЛ-иас шаардах эрхгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах нь ЛЛ-аас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд мэдүүлж хууль ёсны эрхээ хамгаалуулах хууль зүйн боломж үүсгэх үр дагавартай.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан байх тул тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти Таун хотхоны 44 айлын орон сууц шилжүүлсэн хэлцлээс миний захиалан бариулсан 10А байрны 47 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ББд шилжүүлсэн хэлцлээс өөрт хамаарал бүхий хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах хүсэлтэй байна.

Дээр дурдсанчлан ЛЛ нь бусдад төлөх өр төлбөртөө миний төлбөрийг нь аль хэдийн төлсөн орон сууцыг мэдсээр байж шилжүүлсэн. ББ нь уг үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдсээр байж хүлээн авсан. Иймд уг хэлцлийн надад ногдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус. Миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ЛЛ руу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу буцаад шилжиж ирнэ, үүний дараа миний бие өмнө нь өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах, улмаар өөрийн хөрөнгөө олж авах боломжтой болно гэж үзсэн учир ийм нэхэмжлэл гаргасан гэжээ. 

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н нь ББ ЛЛ-тай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти Таун, 10A байрны 47 тоот 3 өрөө үл хөдлөх хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Хан-уул дүүрэгт байрлаж байсан ЛЛ-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн нь 2014 онд иргэн Ц.Батаатай Дархан-Уул аймагт баригдаж буй 144 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах зориулалтаар 1,300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 40 айлын орон сууцыг захиалан бариулах гэрээг барьцаалан зээлийн гэрээ байгуулах үед иргэн Т.Чимэддулам миний бие нягтлан бодогчоор ажиллаж байсан.

А.Лхагвасүрэн нь 2017 оны 5 дугаар сарыг 30-ны өдөр орон сууц барьцаалсан зээлээ графикийн дагуу төлбөрийг төлөөгүй, удаа дараа уулзсаны эцэст арга буюу 2017 оны 8 дугaap сарын 22-ны өдөр тухайн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөр тооцоог дуусгаж, хятад түншээсээ мөнгийг авчирч өгөөд, компаниа буцаан өгөх хэлцэл хийж, компанийг шилжүүлэн авсан байна.

Гэтэл Ц.Батаа нь гадаад орон руу томилолтоор явах шаардлагатай болсон тул төлбөрөө авсны дараа буцааж шилжүүлнэ гэсэн зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 05- ны өдөр миний нэр дээр тухайн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно.

Захирал А.Лхагвасүрэн нь орон сууцыг зээлээр бариулах гэрээг хийхдээ хөрөнгө оруулагчид, туслан гүйцэтгэгч барилгын компаниуд болон олон иргэдтэй байрны гэрээг давхардуулан хийсэн байсан ба компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг огт хүлээлгэн өгөөгүй учир бид мэдэнгүүтээ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарыг байлцуулан А.Лхагвасүрэнтэй уулзалт хийж, тэрээр зээлдэгч нарын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж тухайн өр, зээлтэй компаниа өөрөө 100 хувь буцаан авахаар ярилцаж тохиролцсон.

Гэтэл А.Лхагвасүрэн нь Улсын бүртгэлийн албанд дээрх компанийн эрх шилжүүлэх шилжилт, хөдөлгөөний албан ёсны бүртгэлийг зохих ёсоор хийлгээгүй, бидэнд огт мэдэгдэлгүй 2018 оны 3 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд ЛЛ-ийн захирлаар Т.Чимэддулам миний нэр бүртгэлтэй байгаа юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжаар ЛЛ 2,500,000,000 төгрөгийг төлбөр авагч иргэн ББгийн зээлийн төлбөрт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн 101/Ш32017/21655 дугаар захирамжаар ЛЛ 2,900,000,000 төгрөгийг төлбөр авагч Б.Дөлгөөнд зээлийн төлбөрт албадан ажиллагаа хийлгэхээр хандсан байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад, компанийн өмнөх нягтлан бодогч О.Оюунчимэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 144-н айлын сууцны 10А, 10Б байрны захиалгаар бариулсан орон сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтыг авчирч өгсөн. Тухайн жагсаалтад, оршин суугчдын байрны хаалганы дугаар, өрөөний тоо, талбайн м2, захиалагчийн овог, нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлсөн төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл, гэрээний дугаар, тайлбар, давхардуулан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч, компанийн нэр бичигдсэн байсан.

Тооцооллыг харахад, 144 айлын орон сууцны нийт худалдах үнэ 8,554,167,190 төгрөг, урьдчилгаагаар төлбөр төлсөн дүн 6,289,442,820 төгрөг, үлдэгдэл төлбөр 2,264,724,370 төгрөг байсан.

Энэ тооцооллыг хараад ажиллагаа хийхэд хэцүү юм байна гэж, тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байцаагч Ш.Бямбадорж, өмнөх нябо О.Оюунчимэг бид 3, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүртэл орж танилцуулж байсан болно.

ЛЛ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18/11 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1 м2 талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1,250,000 төгрөгөөр үнэлэн өгсөн боловч иргэн ББ, Б.Дөлгөөн нарын шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м2 талбайг 990,000 төгрөгөөр тооцож өгөхөөр шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэлийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч ББ, Б.Дөлгөөн нар нь “Ласти Таун” нэртэй 144 айлын орон сууцанд “Орон сууц захиалгаар бариулах” гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон сууц авсан иргэд 144 айлын орон сууцанд амьдарч байсныг бүгд мэдэж байсан.

ББ 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м2 талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2667.22 м2 талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46 айлын дотор нэхэмжлэгч Нийн 10A байр 47 тоот барьцаалагдаагүй болно. Мөн ЛЛ-тай 2018 оны 3 дугаар сарын 05ны өдөр ББгийн нягтлан бодогч Б.Туяамандах ирж тооцоо нийлсэн байдаг. Б.Болормаагийн байранд байрны урьдчилгаа төлбөрөө хийсэн захиалагч айлууд амьдарч буй тооцооллын актад гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Тооцооны актад Б.Болормаагийн барьцааны байр дотор Нийн амьдарч байсан А-47 тоот 3 өрөө орон сууц байгаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ярилцаж Шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Төлбөр авагч Б.Дөлгөөн, ББ бид бүхэн өмчлөх эрхээ олж авъя, гуравдагч этгээд гарч ирвэл бид эрсдэлээ хүлээнэ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй гэж харилцан тохиролцож тэмдэглэлд бүгд гарын үсгээ зурсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжаар ЛЛ-ийн төлөх 2,500,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсыг эрхийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А, 10Б байраас 44 ширхэг орон сууцыг иргэн ББд,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 101/шз2017/21655 дугаар захирамжаар ЛЛ- ийн төлөх 2,900,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А, 10Б байраас 53 ширхэг орон сууцыг Б.Дөлгөөнд олгохоор жагсаалт гаргасан.

Шийдвэрт гүйцэтгэгч манай компанийг жагсаалт хүсэлтээ бичээд ирээрэй гэсэн. ЛЛ албан хүсэлтээ өгсөн. Төлбөр авагч ББ, Б.Дөлгөөн нар албан хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн.

Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дарханы Улсын бүртгэлийн хэлтэс, хөрөнгө оруулагч ББ, Б.Дөлгөөн, ЛЛ, хөрөнгө оруулагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон сонсох ажиллагааг хийгдсэн.

Сонсох ажиллагааны хуралд өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн ЛЛ нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Улсын бүртгэлийн Ерөнхий газар Шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэдэг шаардлагыг тавьж байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ББ, Б.Дөлгөөн нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан байна. Гэвч хөрөнгө оруулагч ББ нь тухайн байранд оршин сууж буй иргэдийг байрнаас хөөн гаргах, албадан ажиллагааг хийлгэх эрсдэлээ хүлээнэ гэсэн хэлцлээ үгүйсгэж байгаагийн улмаас, хохирсон иргэд шүүх, Цагдаагийн байгууллагад хандсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Нийн нэхэмжлэлтэй, ЛЛ-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББ миний бие нэхэмжлэгчийн “...лл ХХК нь иргэн ББд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1/ ББ миний бие нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти Таун, 10A байрны 47 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон.

Тодруулбал, уг хэргийн хариуцагч ЛЛ нь надтай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор ЛЛ-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу ЛЛ нь миний биед 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти Таун, 10A байрны 47 тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авснаар уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл Н гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдран сууж байгаагийн бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байсан тул миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 135/ШШ2023/00172 тоот шийдвэрээр “Нийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 47 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлсүгэй” хэмээн шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 209/МA2023/00037 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.

Тэрээр анх өөрийгөө маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний 1074 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь мөн хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дараа Н нь миний өмчлөлийн дээрх орон сууцны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн л хуулийн хүчин төгөлдөр болсон.

2/ Нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.3, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэл болгож, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд хуулийн эдгээр зохицуулалт нь иргэн Н болон ЛЛ нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” болон ЛЛ-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаар хүсэлтийн аль алинд нь хамааралгүй зохицуулалт юм. Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа тул Нийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас, хх9/, краны ажилласан цагийн бүртгэл, тээврийн зардал /1 хавтас, хх12-19/, 2018 оны 5 дугаар сарын 11-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1 хавтас, хх20-21/, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт /1 хавтас, хх22-25/, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Ласти-Интернэшнл” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт / 1 хавтас, хх28-29/, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №039 тоот “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээ /1 хавтас, хх30-35/, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /1 хавтас, хх36-37/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №9/2495 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх185-187/, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №10-3/3268 тоот хариу албан бичиг /1 хавтас, хх188-196/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2-224/5816 тоот хариу албан бичиг /1 хавтас, хх197-201/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №01/211 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх202-222/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний №246 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх223-2 хавтас, хх1-91/.

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх44/.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх50, 142, 145/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1074 дугаар шийдвэр /1 хавтас, хх58-60/, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №16 дугаар шийдвэр /1 хавтас, хх61-71/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №62 дугаар магадлал /1 хавтас, хх72-75/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 135/шш2023/00172 дугаар шийдвэр /1 хавтас, хх76-78/, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 209/ма2023/00038 дугаар магадлал /1 хавтас, хх79-82/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх83/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/шз2017/08942 дугаар захирамж /1 хавтас, 84-86/, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /1 хавтас, хх87-88/, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1 хавтас, хх89/, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1 хавтас, хх90/, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үүсгэн байгуулагчийн шийдвэр” /1 хавтас, хх91/ уулзалтын тэмдэглэл /1 хавтас, хх92/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1 хавтас, хх101-104/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/4966 тоот албан бичиг /1 хавтас, хх105/, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /1 хавтас, хх106-112/, голомт банкны орлогын ордер /2 хавтас, хх112-113/, Хаан банкны дансны хуулга /2 хавтас, хх114-119/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/шш2023/04253 дугаар шийдвэр /2 хавтас, хх120-123/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210/ма2024/00531 дүгээр магадлал /2 хавтас, хх124-128/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЛЛ-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тухай” албан бичиг, хавсралтын хамт авагдсан ба уг албан бичигт ЛЛ-ийг төлөөлж Т.Ч, төлбөр авагч ББ нар гарын үсгээ зурсан байна /1 хавтас, 28, 29/.

 

2. Дээрх албан бичгийн хавсралт буюу ЛЛ-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн ББгийн төлбөрт өгөх байрны жагсаалтын 16 дугаарт: “Блок А, хаалга №47, өрөөний тоо 3, талбайн хэмжээ 71.46м2, 1м2 талбайн үнэлгээ 972,850, нийт талбайн үнэ 69,519,861 төгрөг” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Н нь хариуцагч ЛЛ-д холбогдуулж ЛЛ нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ББтай Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” 10а байрны 47 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон шилжүүлэх тухай хэлцлээс үл хөдлөх эд хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. 

 

4. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...‘лл ХХК нь бусдад төлөх өр төлбөртөө миний төлбөрийг нь аль хэдийн төлсөн орон сууцыг мэдсээр байж шилжүүлсэн. ББ нь уг үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдсээр байж хүлээн авсан. Иймд уг хэлцлийн надад ногдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ‘лл” ХХК’ руу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу буцаад шилжиж ирнэ, үүний дараа миний бие өмнө нь өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах, улмаар өөрийн хөрөнгөө олж авах боломжтой болно гэж үзсэн” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгчийн шаардлага, агуулгаас үзэхэд “...10а байрны 47 тоот” хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЛЛ-иас ББд төлбөрт тооцон шилжүүлсэн хэлцэл хууль зөрчсөн, хүчин төгөлдөр эсэх нь талуудын маргааны зүйл байна.  

 

6. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ. 

 

7. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

8. Хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1074 дугаартай, хариуцагч ЛЛ-д холбогдох, “...Ласти таун хотхоны 10 а байр, 47 тоот хаягт байршилтай, 71.46м2 талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” тухай Нийн нэхэмжлэлтэй шийдвэр,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа, барилган хот байгуулалтын газруудад холбогдох, “...ББгийн нэр дээр гэрчилгээ олгосон ...47 тоотууд бүхий ...8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай Н нарын нэхэмжлэлтэй шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 135/шш2023/00172 дугаартай, хариуцагч Нид холбогдох, “...10а дугаар байрны 47 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх” тухай ББгийн нэхэмжлэлтэй шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 209/ма2023/00038 дугаар магадлалууд авагдсан.   

 

9. Дээрх шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд маргаан бүхий “...10а байрны 47 тоот” хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ББ болох, өмчлөх эрх үүсэх, шилжихдээ хууль зөрчөөгүй, мөн бүртгэл үнэн зөв талаар холбогдох дүгнэлтүүдийг хийсэн байх бөгөөд эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

10. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, улмаар үр дагаврыг арилгуулах агуулга бүхий Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. 

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 575,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч ЛЛ-д холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон шилжүүлэх тухай хэлцлээс үл хөдлөх хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах” тухай Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 575,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГА