Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01209

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01209

 

ТАФ ББСБ ХХК--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01511 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТАФ ББСБ ХХК--ийн хариуцагч Л.Г-д холбогдуулан гаргасан 128 353 116.20 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 06/68 тоот Зээлийн гэрээ-ний 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулах буюу 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Г-тай ТАФ ББСБ ХХК- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №01/68 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч Л.Г- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2 450 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг төлснөөс өөр ямар ч эргэн төлөлтийг хийгээгүй. Зээлийн төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй. Ийм учраас бид анх хариуцагч Л.Г-гаас үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 45 442 602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 794 897.02 төгрөг, нийт 117 237 499.76 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан. Бид Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Зээлийн гэрээнд заасан үүргийн үнийн дүн болох 70 000 000 төгрөг, зээлийн хүү 56 558 219.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 794 897.02 төгрөг, нийт 128 353 116.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Энэ шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд зээлийн гэрээний нөхцөлөө тохиролцон зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч түүнд зээлдэгч гарын үсэг зурсан байгаа нь гэрээний бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын зээлийн бодлогын бичиг баримтад зээлийн гэрээний нөхцөлийн талаар тодорхой заасан. Зээлийн бодлогын 4.4 дэх хэсэгт зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, хугацаа, хүү шимтгэл, нөхцөл, барьцаа болон 2 талын эрх үүргийг тодорхой тусгаж байхаар заасан. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээнд шимтгэлийг 1 хувь байхаар тодорхойлсон. Энэ нөхцөлийг зээлдэгчид урьдчилан танилцуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг уншиж танилцсаны үндсэн дээр гарын үсэг зурсан байх тул хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан А/203 дугаар тушаалын хавсралт Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 4 дүгээр зүйлд заасны дагуу тогтоож, гэрээнд тусгасны дагуу шийдвэрлэдэг. Иймээс ямар нэг хууль тогтоомж зөрчиж шимтгэл аваагүй. Ковид 19 цар тахлын үед буюу бүх нийтийн хөл хорио тогтоосон үед бид нэмэгдүүлсэн хүүг дандаа хөнгөлсөн, хөл хорионы үед хариуцагчаас ямар нэг нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй, тооцоололд оруулаагүй болохыг зээлийн тооцооллоос бүрэн харж болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 01/68 тоот зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн 70 000 000 төгрөг байсан, мөн 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байсан талаар маргаангүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбаруудыг өгч байна. Үүнд:

1/ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хууль бус нэмэгдүүлсэн хүү тооцоолж нэхэмжилсэн байна. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний тохиролцоо, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн төлөлтийг гэрээний хугацааны эцэст бөөнд нь буюу 70 000 000 төгрөгийг бүхэлд нь төлөх нөхцөлтэй. Харин гэрээний хугацаанд гагцхүү сар бүрийн хүүг төлөх нөхцөлтэй байна. Үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй юм. Нэмэгдүүлсэн хүүг гагцхүү хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс бодох учиртай билээ. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэрээний хугацаа дуусаагүй байсан учир нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэх боломжгүй.

2/ Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хугацаа хэтэрсэн зээлийн хүүд 19 412 054.8 төгрөгийг тооцож, хууль бусаар хугацаа хэтэрсэн зээлийн хүүг нэхэмжилсэн байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүү авах талаар, хугацаа хэтэрсэн зээлийн хүү ямар хэмжээтэй байх талаар тусгайлан харилцан тохиролцсон зүйл байхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүг авахаар бол зээлийн гэрээнд үндсэн зээлийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тусгасны үндсэн дээр хуулийн дагуу авах эрх үүсэх юм. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүг заагаагүй байх тул хугацаа хэтэрсэн зээлийн хүүг тооцон авах эрхгүй.

3/ Хэрэгт авагдсан Л.Г-гийн Капитрон банкны дансны хуулганаас үзвэл зээлдүүлэгч байгууллагын зүгээс зээл олгох үүргээ дутуу биелүүлсэн буюу 69 300 000 төгрөгийг олгосон үйл баримт нотлогдож байна. Зээл олгох үүргээ дутуу гүйцэтгэсэн хэрнээ 70 000 000 төгрөгийн үндсэн зээл нэхэмжилсэн байхаас гадна 70 000 000 төгрөгөөс хүү тооцсон нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаанд хүүг тооцохдоо 69 300 000 төгрөгөөс хүү тооцох нь холбогдох хууль тогтоомжид нийцнэ. Нэмэгдүүлсэн хүүний талаар зээлийн гэрээний 4.9-т заасан байх боловч энэ нь нэмэгдүүлсэн хүүний талаар зохицуулсан холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй гэрээний заалтаар нэмэгдүүлсэн хүү тооцоолон нэхэмжилсэн байгаа нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний 4.9-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл, хүү төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгээс үндсэн хүүгийн хувийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөх өдөр хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна гэжээ. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүнээс тооцох нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг гагцхүү хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлээс тооцохоор хуульчилсан байдаг.

4/ Хатуу хөл хорионы хугацаанд тооцож нэхэмжилсэн торгуулийн хүүний хувьд: 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тооцоолон нэхэмжилж буй 1 204 934 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний хувьд МУЗГ, УОК-ын шийдвэрээр хатуу хөл хорио тавьсан хугацаатай давхцаж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионы нөхцөл байдал бий болсон үүрэг гүйцэтгэгчийн буруу биш юм. Нийтэд илэрхий болсон үйл явдлыг шүүхэд баримтаар нотлох шаардлагагүй. Шүүхийн үйл ажиллагаа ч тодорхой хувиар хөл хорионы горимд шилжиж байсан. Ийм гэнэтийн нөхцөл байдлыг мэдсээр байж нэмэгдүүлсэн хүү буюу торгууль тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ТАФ ББСБ ХХК- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 06/68 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 700 000 төгрөгийн зээл олгосны шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан байна. Зээлийн гэрээний 3.8-д Зээлдэгч олгосон зээлийн дунгийн 1 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний шимтгэл төлнө. гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 700 000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Дээрх хууль бус үйлдлээр нэхэмжлэгч үнэндээ гэрээгээр тохирсноос нийт 700 000 төгрөгийг дутуу зээл олгосон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Зээлдэгч бидний хувьд зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй атал нэхэмжлэгчийн зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн олгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх... гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан байх бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд зааж, зээлээс суутгасан байгаа нь тус хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. Иймээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 06/68 тоот Зээлийн гэрээ-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу хариуцагч талаас 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Г-гаас 117 318 047.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТАФ ББСБ ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 035 068.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №01/68 тоот Зээлийн гэрээ-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 700 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799 716 төгрөг, хариуцагч Л.Г-гаас төлсөн 96 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 744 540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн /117 237 499.76 төгрөг/ шаардлагаа 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэмэгдүүлэн 128 353 116.20 төгрөг болгон нэмэгдүүлснийг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзжээ. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаж байгаа бөгөөд Иргэний хэргийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн шаардлагыг хангахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 21 206 951.82 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдсэн хэсгийг, мөн хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаагүй хэсгийг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж буруу шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаар хэтэрсэн хугацааны хүүг тооцсон тухайд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй, хэтэрсэн хугацааны хүү тооцох эрхгүй байсан талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн аваагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 19 412 054.8 төгрөгийг тооцож, нэхэмжилж байгааг үл зөвшөөрч энэхүү тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Банк, ББСБ-аас олгож буй зээлийн хүүг үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 3 ангилдаг. Хүүний төрөл бүрийн эрх зүйн үндэслэл өөр учир хүүний шаардлагыг ялгаж салгаж, хэмжээг тодорхойлсны дараагаар эрх зүйн үндэслэлийг нь шалгаж, шийдвэрлэх нь зүйд нийцэх байсан. Хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүү гэж хамаатуулж шийдвэрлэлээ. Хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар талууд зээлийн гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрх үүсэхгүй байна. Хэтэрсэн хугацаанд төлөх хүүгийн хэмжээг гэрээнд тусгаагүй байхад үндсэн хүүтэй адил байна гэж гэрээний агуулгыг тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт хугацаанд төлөөгүй гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэл үндсэн хүү төлөхөөр заасан нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд хэтэрсэн хугацаанд төлөх хүүгийн хэмжээг тусгаагүй байх учир үндсэн хүүтэй адил тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 201 дугаар зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацаанд хүү тооцох талаар, мөн хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар гэрээнд тодорхой заагаагүй, энэ талаар гэрээний талууд харилцан тохиролцоонд хүрээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хэтэрсэн хугацаанд хүү нэмж тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 19 412 054.8 төгрөгийг тооцож, нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хууль бус нэмэгдүүлсэн хүү тооцоолж нэхэмжилсэн талаар анхан шатны шүүхэд тайлбарлаж маргасан боловч хүлээн авсангүй. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний тохиролцоо, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн төлөлтийг гэрээний хугацааны эцэст бөөнд нь буюу 70 000 000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр нөхцөлтэй байна. Харин гэрээний хугацаанд гагцхүү сар бүрийн хүүг төлөх нөхцөлтэй байна. Үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Хатуу хөл хорионы хугацаанд тооцож нэхэмжилсэн торгуулийн хүүний хувьд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тооцоолон нэхэмжилж буй 1 204 934 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний хувьд МУЗГ, УОК-ийн шийдвэрээр хатуу хөл хорио тавьсан хугацаатай давхцаж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионы нөхцөл байдал бий болсон үүрэг гүйцэтгэгчийн буруу биш. Иймд нэмэгдүүлсэн хүү буюу торгууль тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна. Мөн нэмэгдүүлсэн хүүний гэрээний зохицуулалт хуульд нийцээгүй байхад нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

70 000 000 төгрөгөөс олгосон өдрөө 700 000 төгрөгийг суутгаж авсан. Ийнхүү суутгаж авснаар 69 300 000 төгрөгийг олгосон гэж үзэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл 70 000 000 төгрөгөөс хүү тооцож зээлдэгчийг хохироосон. 700 000 төгрөг юунд зарцуулах гэж авсан, юунд зарцуулсан талаар нэхэмжлэгч баримт гарган маргаагүй. Бүх банк, ББСБ авдаг учир манайх авч байгаа гэж маргасан. Зээлийн хүү нь мөнгөний үнэ байхад шимтгэл нэрийдлээр мөнгө нэмж авах нь хуульд нийцэхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангасан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ТАФ ББСБ ХХК- нь хариуцагч Л.Г-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 45 442 602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 794 897.02 төгрөг нийт 117 237 499.76 төгрөг гаргуулах нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, зээлийн хүү 56 558 219.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 794 897.02 төгрөг, нийт 128 353 116.20 төгрөгийн төлбөр шаардсаны гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Мөн хариуцагч нь талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 01/68 тоот Зээлийн гэрээ-ний 3.8 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 700 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

ТАФ ББСБ ХХК- болон Л.Г- нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 01/68 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 70 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл, хүү төлөгдөх эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн төлбөр дутуу төлөгдсөн зээлийн төлбөр болон зээлийн хүүгээс үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн, талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд шүүх талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийн дагуу 70 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан Депозит дансны харилцагчийн монгол хуулга-аар /хх-34/ 69 300 000 төгрөгийг зээлдүүлэгчээс шилжүүлсэн байна. Иймд бодитоор шилжүүлсэн уг мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авч ашигласан гэж үзэх бөгөөд уг дүнгээс зээлийн гэрээнд заасан нөхцлөөр үүргийг тооцох нь бодит байдалд нийцнэ.

 

Зээлдэгч Л.Г- нь 69 300 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүлээн авч ашигласан талаар маргаагүй бөгөөд уг дүнгээс зээлийн хүүг гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөх нь хууль болон гэрээнд заасанд нийцнэ.

 

Ашигласан зээлийн хэмжээгээр үүргийг тооцвол зээлдэгчид сар тутамд 2 425 500 /69 300 000 *3.5 хувь/ төгрөг, зээлийн гэрээний 12 сарын хугацаанд 29 106 000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн, гэрээ дуусахад төлөх үндсэн зээлийн 69 300 000 төгрөгийн хамт гэрээний нийт үүрэг нь 98 406 000 төгрөг болно.

 

Зээлдэгч Л.Г- нь 2 удаагийн төлөлтөөр 3 450 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн талаар маргаагүй бөгөөд гэрээний хугацааны зээлийн төлбөрийн үлдэгдэл 94 956 000 /98 406 000-3 450 000/ төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж дуусгаагүй тул зээлийн гэрээний 4.4 дэх заалтаар хэтэрсэн хугацааны хүүний талаар тохиролцсоны дагуу зээлдүүлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн гэрээний зөрчлийн талаар шүүхэд маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр буюу хэтэрсэн хугацааг 8 сараар тооцож хүү нэхэмжилсэн тул 19 404 000 /2 425 500*8 сар/ төгрөгийн хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлтэй. Харин зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 10.2-т зааснаар гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд хугацаанаас өмнө цуцлах талаар арга хэмжээ аваагүй, улмаар 8 сар хэтэрсний дараа шүүхэд хандаж, хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжилсний дараа хэрэг хянан шийдвэрлэх хугацаагаар хэтэрсэн хугацааны хүүг нэмэгдүүлэн шаардаж байгаа нь гэрээний талуудын тэгш байдалд нийцэхгүй юм. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар хязгаарлаж хэтэрсэн хугацааны хүүг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Талуудын гэрээний тохиролцооноос үзвэл зээлдэгч нь үндсэн зээлийг гэрээ дуусахад буюу 12 сар ашигласны эцэст төлөх, мөн гэрээний 2.3, 4.9 дэх заалтаар зээл төлөх үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлөх үүргийг зээлдэгч хүлээжээ. Иймд гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу үндсэн зээлийг төлөх хугацаа болоогүй үед нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон 1 204 934 төгрөгийг хуулийн дээрх заалт болон гэрээгээр тохиролцсоны дагуу шаардсан гэж үзнэ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 15 564 934 төгрөгийг /19 404 000+94 956 000+1 204 934/ төгрөгийг хариуцагч Л.Г-гаас гаргуулж нэхэмжлэгч ТАФ ББСБ ХХК--д олгож, үлдэх 12 788 182 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний шимтгэл төлнө гэсэн гэрээний 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох, 700 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн төлбөр гаргуулсан хэмжээ, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 117 318 047.7 төгрөгийг гэснийг 115 564 934 төгрөгийг гэж, 11 035 068.5 төгрөгт гэснийг 12 788 182 төгрөгт гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 744 540 төгрөг гэснийг 735 774 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 356 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ