| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2025/0010/з |
| Дугаар | 119/ШШ2025/0036 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 119/ШШ2025/0036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “**” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, ** нарын хоорондын “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/301 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь илт хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоолгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гэрч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/301 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь илт хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоолгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж,
-хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичгийг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Орхон аймгийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 01/301 тоот албан бичгээр: “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурьдсан бичиг баримтыг хавсаргана”-ын хүрээн хугацаандаа хүсэлтээ ирүүлээгүй байна.” гэж хариу өгсөн нь илт хууль бус захирамжилсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж үзэж байна.” гэж тодорхойлжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани анх 2021 онд хайгуулын зөвшөөрлийг авсан. Тухайн үед ковид цар тахал гарч хайгуулаа хийж амжаагүй байж байгаад 2024 онд хайгуулын ажлаа хийж эхэлсэн. Хугацаандаа геологочтой хамтарч хайгуулын ажлаа хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар ашиглалтын лиценз авах хүсэлтээ өгсөн. Хуулийн хугацаанд хариу өгөхгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын сүүлээр ашиглалтын лицензийг цуцалж байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Манайх хайгуулаа хийж дуусгачихаад ашиглалтын лиценз авах хүсэлтээ өгсөн. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/301 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь илт хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоолгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-д Орхон аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/742 дугаар захирамжаар Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших ** нэртэй 40 га талбай газарт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөшөөрөл”-ийг 3 жилийн хугацаатай олгосон. 2023 онд "**" нэртэй талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг болон 2023 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулсан. Уг байршилд 2023 оны 07 дугаар сараар хайгуулын ажил эхэлсэн. Ашигт малтмалын нөөц тогтоолгож, Эрдэс баялагийн мэргэжлийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаар ордын нөөцийг тогтоож ХХ-05-03 тоот дүгнэлт гарсан. Үндэсний геологийн албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Н/37 тоот тушаалаар ашигт малтмалын Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэнээр хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсон. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг Орхон аймгийн Засаг даргад 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/3 тоот албан бичгээр өргөдөл гаргасан. Гэвч хариуцагч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан 30 хоногт хариу ирүүлээгүй. Тухайн үед орон нутгийн сонгууль болж байсантай холбогдуулан хариу ирүүлээгүй удсан байх гэж бодож байна. Ингээд уг өргөдөлд хавсаргасан баримтыг үзэлгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын 01/3340 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө ... Жаргалант сумын нутагт орших ** нэртэй 40 га талбай нь Байгаль орчны газраас ирүүлсэн албан бичгээр хайлаас мод ургаж байгаа газартай давхцалтай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27.1 дэх заалтын хүрээнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй байна. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.3.1 дэх заалтын хүрээнд түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэж хариу өгсөн. Татгалзаад байгаа Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө дээр аймгийн Засаг өөрөө гарын үсэг зурсан. Мөн Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын улсын ахлах байцаагч **, Орхон аймгийн Жаргалант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ** нар баталж, гарын үсэг зурсан нь баримтаар нотлогддог. Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажил хийхэд хориглох зүйл байгаа эсэхийг эхлээд шалгаж байж Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж дүгнэлт гаргуулдаг. Уг дүгнэлтийг үндэслэж байж тайланг баталдаг. Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших **нэртэй газар нь хуульд заасан ногоон бүсэд хамаарагдаагүй байна гэж үзсэн учир Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсан. Тухайн газарт хайгуулын үр дүнд ямар нөөцтэйг тогтоож батлуулсан. Орхон аймгийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 01/301 тоот албан бичгээр: ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурьдсан бичиг баримтыг хавсаргана энэ хугацаандаа хүсэлтээ ирүүлээгүй байна... гэж хариу өгсөн нь илт хууль бус захирамжилсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж үзэж байна. Учир нь манай компанид түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд хайгуулын ажлыг дуусгаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл өгсөнөөс хойш ийм хариу ирүүлсэн нь утга агуулгын илэрхий алдаатай байна.
Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй байх тул зохих хуульд заасан үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг шүүхээр сэргээлгэхийг хүсч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/301 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь илт хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоолгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэхдээ шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж тодруулж байна.” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/742 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зохицуулсан бөгөөд өргөдөлд хавсаргах баримтыг хуульчилж өгсөн. Үүний дагуу бүрдүүлэх материалд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу Жаргалант сумын Засаг даргаас "**" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу өөрийн хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх талаар тодруулахад Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/547 дугаар албан бичгээр хуулийн хүрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэсэн хариуг өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын нэгдсэн системд цахим өргөдөл үүсгэх шаардлагатай байдаг тул Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цахим системд өргөдлийг үүсгэж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулалт хийгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас цахим системд өргөдлийг баталгаажуулалт хийгээгүй үед хүсэлтийг хаах боломжгүй байдаг учир компанид хариуг өгөлгүй хүлээж байсан. Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаартай албан бичиг, Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/547 дугаар албан бичгийг үндэслэн “**” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 01/3340 дугаартай албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу хүргүүлсэн. Түгээмэл тархацтай хуулийн ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлййн 17.4-т "Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно." гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулийн заалтыг мөрдөж, өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийг олгоогүй байгаа. Энэ хэрэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших явцад Түгээмэл тархацтай хуулийн ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэргийг тухайн сумын Засаг даргаар батлуулж, байгаль орчны санд мөнгө байршуулж явах ёстой байдаг. Гэтэл “**" ХХК 2022, 2024 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулаагүй. Мөн Жаргалант сумын байгаль орчин хамгаалах санд хайгуулийн үед хийх барьцаа мөнгийг байршуулаагүй ба төрийн аудитаар мөнгө байршуулаагүй байна гэсэн зүйл гарч ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх үед Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт заалт мөрдөгдөж эхлэхийг мэдэж байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохын тулд байгалиараа хайлаас ургасан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлсэн. Газрын доор юу байгааг мэдэхийн тулд аймаг хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож болдог. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгөхийн тулд хуульд заасан хориглох заалт байгаа эсэхийг шалгаж үздэг. Шинжээчийн дүгнэлтээр 42 ширхэг хайлаас мод ургасан байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Байгалиараа ургаж цаашдаа энэ талбайд ой үүсэх учир энэ талбай дээр хайгуулын ажил хийх боломжгүй гэсэн хариуг Байгаль орчны газраас албан бичиг ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж аймгийн Засаг дарга хариугаа хүргүүлдэг. Хуульд ногоон бүс гэсэн тодорхойлолт байхгүй харин ой гэсэн тодорхойлолт байдаг. Одоо байгалиараа ургаж байгаа хайлаас нь цаашдаа ой болох учир энэ бүсэд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байгаа.” гэв.
7. Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Миний бие 2023 оны 06 дугаар сараас “**” ХХК-тай хамтарч элс, хайрганы нөөц тогтоох хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр болсон. “**” нэртэй газарт 2023 оны 07 дугаар сараас хайгуулын ажил эхэлж, 355 м.куб хайрга, элсний нөөц тогтоосон. Мэргэшсэн шинжээч миний хийсэн ажилд дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар тайланг өгсөн. Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга **, ажилтан ** нар миний нөөцийн тайланг хянаж үзээд гарын үсэг зурсан. Миний тайланг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөөцийг батлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Үндэсний геологийн албаны даргын тушаалыг үндэслэж ашиглалтын лиценз гарсан. Геологийн албаны геологийн мэдээллийн төв архивт нэг хувийг, нөгөө хувийг “**” ХХК-д өгснөөр миний ажил дууссан.
Хайгуул хийж болохгүй гурван үндэслэл байдаг. Үүнд хайгуул хийсэн газар нь археологийн дурсгалт газар биш байх ёстой байдаг. Үүнийг шалгуулахаар Шинжлэх ухаан технологийн их сургууль, хүмүүнлэгийн сургуулийн багаар судалгаа хийлгэхэд археологийн ямар нэгэн олдвор байхгүй байсан. Мөн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн судалгаа хийхэд манай хайгуулын газар дээр эртний ургамал, амьтны үлдэгдэл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Гуравдугаарт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ойн болон усан сан бүхий газрын давхцалтай байна уу? гэх тодорхойлолтыг сайтаас татаж авахад манай хайгуул хийж байгаа “**” гэх газар дээр ойн болон усан сан бүхий давхцал байхгүй гэсэн тодорхойлолт гарсан. Энэ бичиг тайлангийн ар талд хавсралтаар байгаа. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын систем дээр шалгаж болно. Бас нэг үндэслэл нь орон нутгаас Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтэс рүү шалгаж өгнө үү гэсэн хүсэлт явуулдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу давхцалтай үгүйг шалгаж дүгнэлт өгсний дараагаар хайгуулийн лиценз гардаг.
Хайгуул хийж байсан талбайд хайлаас мод байсан. Гэхдээ модыг торолж байгаад хөндөлгүйгээр тойруулж хайгуул хийсэн. Талбайг ашиглах үед байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараагаар модыг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээлтийн асуудлыг шийднэ.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. Орхон аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Орхон аймгийн Жаргалант сумын “**” нэртэй газарт 40 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар улсын бүртгэлийн ** дугаартай, ** дугаар гэрчилгээтэй “**” ХХК-д олгосон байна.
4. “**” ХХК 2023 оны 7 дугаар сараас эхлэн хайгуулын ажлыг эхлүүлсэн ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ХХ-05-03 дугаар дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн н/37 дугаар тушаалаар **ын хайрга элсний холимогийн ордын нөөцийн мэдээлэл ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэж заасны дагуу “**” ХХК Орхон аймгийн Жаргалант сумын “**” нэртэй 40 га хайгуулын зөвшөөрөлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаартай албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг өгсөн байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
7. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг ба Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны акт гэж шүүх үзлээ.
8. Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг нь /маргаан бүхий захиргааны акт/ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй гэдэг үндэслэлээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалтын хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгазсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
9. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага” гэсэн 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.”, 17.2-т “Энэ хуулийн 17.1-д заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.”, 17.3-д “Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.”, 17.4-д “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.”, Ашигт малтмалын тухай хуулийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.”, 24.4.1-д “тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөрөгийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй.”, 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй.”, 24.4.3-д “давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай.”, 24.5.-д “Энэ хуулийн 24.4.2-т заасан давхцал гаргахгүйн тулд уурхайн талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:”, 24.5.1-д “улсын хил;”, 24.5.2-д “нөөцөд авсан талбай;”, 24.5.3-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар.”, 24.5.5-д “уурхайн талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.” гэж тус тус заажээ.
10. “**” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь дуусч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс ХХ-05-03 дугаар дүгнэлт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарсан, дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны дарга н/37 дугаар тушаалаар **ын хайрга элсний холимогийн ордын нөөцийн мэдээлэл ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байхад, Орхон аймгийн Засаг дарга “**” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг” гэсэн 27 дугаар зүйлийн заалтаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй байна.
11. Нэхэмжлэгч “**” ХХК 2023 онд хайгуулын ажлаа эхлүүлсэн болох нь гэрч **ын мэдүүлэг, 2023 онд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших “**” нэртэй талбайд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Хайгуулын ажлын төлөвлөгөөг тус тус гарган холбогдох захиргааны албан тушаалтнаар батлуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
12. Түүнчлэн хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.” гэж зааснаар “**” ХХК-ийн хайгуул хийсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байгаа талбайд хайлаас мод ургасан, ногоон бүс байгаа учраас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
13. Шүүх Орхон аймгийн Жаргалант сумын “**” нэртэй 40 га талбай нь суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор байгаа эсэх асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсан болно.
14. Шинжээч нар “ ... Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор баталсан Орхон аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний суурьшлын бүсээс 4.1 км зайтай бөгөөд 40 га талбай дотор 42 ширхэг хайлаас модтой болно. Суурьшлын болон ногоон бүстэй давхцалгүй болно. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
15. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог байхад “**” нэртэй хайгуулын ажил хийгдсэн 40 га талбай нь суурьшлын болон ногоон бүсээс 4.1 км зайд байхад “**” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
16. Орхон аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр ...” гэж зохицуулсан, хуулийн дээрхи заалтад заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд татгалзсан хариу өгөх байтал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.
17. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан шалтгаан, үндэслэл байхгүй байхад зөвшөөрөл олгохгүй татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзлээ.
18. Нэгэнт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож ...” зааснаар “**” ХХК-ийн Орхон аймгийн Жаргалант сумын “**” нэртэй газарт 40 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
19. Иймээс дээрхи үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичгийг хүчингүй болгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал ...”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу шинжээчийн зардал 1892924 /нэг сая найман зуун ерэн хоёр есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/3340 дугаар албан бичиг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагчаас шинжээчийн зардал 1892924 /нэг сая найман зуун ерэн хоёр есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА