Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/318

 

2024           03            13                                         2024/ДШМ/318

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, ерөнхий шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б-т холбогдох 2308 02130 1373 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт С-н Б, ...............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт ................. тоотод оршин суух хаягтай, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ........... дугаар гудамжны нийтийн байрны орчим Ж.Э-тэй маргалдан гараараа цохиж шатан дээр унаган, цээж хэсэгт нь хөлөөрөө өшиглөж баруун 5-11 дүгээр хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 126 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 508.1, 508.3, 511.5-д зааснаар шүүгдэгч С.Б-с гэм хорын хохиролд 106.144.158 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгуулж, түүний оршуулгын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлээс 23.937.382 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний аав 67 настай Ж.Э-г С.Б гэгч нь согтуурсан үедээ зодож, алсан. Шүүгдэгч С.Б нь талийгаачид 5-11-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн 3, 4-р хавирганы шууд бус хугарал, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зөрүүтэй хугарал, хоёр зовхины дотор булан, хамрын нуруу, зүүн хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж нуруунд зулгаралт гэмтлийг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учруулсан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач маань С.Б-н үйлдлийн улмаас олон тооны гэмтэл авч маш ихээр өвдөж зовж шаналсны улмаас замын хүнээс тусламж гуйж түргэн тусламжаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод дээрх гэмтлүүдийн улмаас нас барж бидэнд нөхөж баршгүй хохирол учирсан. Гэтэл С.Б нь өөрөөсөө ах, өндөр настай хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /хохирогчийн буруутай үйл ажиллагаа огт байхгүй/ цохиж, цээж хэвлийн тус газар нь олон удаа өшиглөж, олон тооны шарх гэмтлийг онц харгис хэрцгийгээр учруулсан байдаг. 67 настай хөгшин 42 настай залуугийн харгис хэрцгий үйлдлийн улмаас олон тооны шарх гэмтэл авч зовж, шаналж үхсэн байхад шүүх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэл дээр маргасан, давж заалдах гомдол гаргасан, мөн шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “ганц удаа өшиглөсөн шүү дээ” гэж хэлж байгаа нь учруулсан олон тооны шарх гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаар тодорхой харагдаж байхад шүүх С.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогчид нөхөж баршгүй хохирол учруулсан гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчоос нэг ч удаа уучлал гуйгаагүй, гэмшсэн сэтгэл огт байгаагүй, нэг ч төгрөгийн хохирол /оршуулгын зардал огт төлөөгүй/ барагдуулаагүй, хохирлын улмаас үүссэн хор уршиг төлөөгүй, урьд нь 2 ч удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрлэг балмад этгээдийн “хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн” гэх нөхцөл байдлыг харгалзан үндэслэлгүйгээр дүгнэн, 10 жилийн хорих ял нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн хохирогчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч С.Б-н бидэнд учруулсан энэ их хохирлын уршгаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У би хагас жил буюу 6 сар ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй байдалд орж сэтгэл санаа болон санхүүгийн хүнд байдалд байгаа болно. Иймд оршуулгын зардлын 47.581.540 төгрөгийг бүрэн төлүүлэх, сэтгэл санааны хохирлыг мөн барагдуулах хүсэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1507 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдлууд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүүлж хохирогчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү. ... Шүүгдэгчийг гэм буруугаа ухамсарласан гэж үзэхгүй байна. С.Б манай ар гэрээс огт уучлалт гуйгаагүй. Давж заалдах гомдол гаргасныг нь ойлгохгүй байна. Шүүгдэгч хохирлоо бүрэн барагдуулаагүй. Мөн анхан шатны шүүхээс оршуулгын зардлыг үндэслэлгүй багасгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оршуулгын зардлыг бүрэн гаргуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-н өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хохирлын асуудлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Аль баримт нотлох баримтын шаардлага хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй. Миний үйлчлүүлэгч эцгээ ганцаараа оршуулсан бөгөөд бүх зардлаа өөрөө гаргасан. Бидний зүгээс нотлох баримтаар үнэлэгдэхүйц баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн нэг удаагийн цохилтоор хохирогч тэгш бус гадаргуу дээр унаж үхэлд хүргэх гэмтэл учирсан гэдэг. Нэг удаагийн цохилт байсан эсэхийг гэрчилсэн хүн байхгүй. Амь хохирогчид олон тооны гэмтэл учирсан нь нэг удаагийн цохилтоор үүсээгүй гэж үзэж байна. Өндөр настай, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирлын асуудлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

1. Шүүгдэгч С.Б-д хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго байгаагүй юм. Гэмт хэрэг болсон орой шүүгдэгч С.Б хохирогч Ж.Э-тэй маргалдан нэг удаа өшиглөж унагасан. Хохирогч Ж.Э унахдаа биеийн баруун хэсгээрээ шатан дээр унаж хохирогчийн биед хүнд хохирол учирсан. Хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасны дараа шүүгдэгч С.Б хохирогчийг түшиж босгочихоод тухайн газрыг орхин явж гэртээ харьсан. Шүүгдэгч С.Б хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд хүнийг алах гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор хохирогчийн биед шүүгдэгч С.Б халдсан үйлдэл биш юм. Тодруулбал, шүүгдэгч С.Б хохирогч Ж.Э-г шатан дээр өшиглөж унагаасны дараа хохирогчийн биед үргэлжлүүлэн халдахаас сайн дураар татгалзаж, өөрийн үйлдлийг таслан зогсоож, амь хохирогчийг түшиж, унагаасан шатнаас босгосон юм. Хэрэв шүүгдэгч С.Б-д амь хохирогч Ж.Э-г алах сэдэлт зорилго байсан бол өөрийн үйлдлийг зогсоохгүй, өөрийн үйлдлийг үргэлжлүүлэн хохирогчийн биед халдаж түүнийг алах боломжтой байсан хэдий ч шүүгдэгч өөрийн үйлдлийг үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа нь шүүгдэгч С.Б-д хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго байгаагүйг тодорхой харуулдаг. Шүүгдэгч С.Б-н холбогдсон гэмт хэргийг харахад шүүгдэгч С.Б-н үйлдэл нь өөрийнх нь хүсээгүй хор уршигт хүргэсэн буюу гэм буруугийн шууд бус санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцсон хүнийг алах гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдохгүй байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт зорилго хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй шийдвэр юм. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчид хүнийг алах сэдэлт зорилго байгаагүй боловч тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэсэн байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Хохирогч Ж.Э шүүгдэгч С.Б-д өшиглүүлэн газарт унаж шууд нас бараагүй буюу амь хохирогч гэмт хэрэг болсон газарт газар дээрээ нас бараагүй гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ авч байгаад нас барсан. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байна гэх дүгнэлтийг мөрдөн байцаалтын явцад тогтоож 1-р хавтаст хэргийн 214 дүгээр талд хавсаргасан байдаг. Амь хохирогч Ж.Э-ы биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай мэс заслын эмчилгээ хийлгэсний дараа буюу гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх явцдаа гэмтлийн эмнэлэгт нас барсан болно. Нөгөөтэйгүүр, амь хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон амь хохирогчийг нас барсны дараа цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүдэд амь хохирогч Ж.Э-д цаг алдалгүй эмнэлгийн иж бүрэн туслалцааг үзүүлсэн ч амь хохирогч Ж.Э-ны амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт гаргаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Хэрэв удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр эмнэлгийн иж бүрэн туслалцааг хохирогч Ж.Э-д үзүүлсэн ч түүний амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл авсан байсан гэх дүгнэлтийг шинжээчид гаргасан бол шүүгдэгч С.Б-г хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох байсан юм. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй, харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С.Б-н хувийн байдлын хувьд 42 настай ганц бие, эхнэр хүүхэдгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан бүдүүн нарийн гэдсээ тайруулсан шүүгдэгч юм. Давж заалдах шатын шүүхээс хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох шүүгдэгч С.Б-д хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго байгаагүйг, амь хохирогч газар дээрээ нас бараагүй гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх явцдаа нас барсан, шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчид учирсан хүнд гэмтэл нь ямар ч эмчилгээ үйлчилгээ хийсэн амь хохирогчийн амь насыг аврах боломжгүй, боломж багатай гэх дүгнэлтүүд гаргаагүй зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 47.581.540 төгрөг гэж үзсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг төлбөр төлөгдөөгүй. Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгдэгчээс 106.144.158 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн үед бүгд хамтдаа архи ууж байсан. Шүүгдэгч хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсэн, тэр нөхцөл байдлыг нь ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэн аль нь согтуу байх үедээ шүүгдэгч тухайн гэмтлийг хохирогчид учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан байдаг. Иймд давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Б нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ............. дугаар гудамжны нийтийн байрны орчим Ж.Э-тай маргалдан цохиж шатан дээр унаган, цээж хэсэгт нь өшиглөж баруун 5-11 дүгээр хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон хохирогчоор “... Аав маань 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим гэрээсээ гарсан гэсэн бөгөөд найзуудтайгаа лагер явна гэж хэлээд гарсан гэсэн. ... Эмнэлгээс намайг дуудаад талийгаачийг сэхээн амьдруулах тасагт орсны дараа Мө ахын гэрт очиж гар утсыг нь асуухад “өчигдөр Э ах ирээд утсаа аваад явсан” гэж хэлсэн. ...” /1 хх 40-41, 48/,

гэрч Б.М-н “... Би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчимд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Шинэ давхарын буудал дээр ажил руугаа явах гээд зогсож байтал үл таних 60-65 орчим настай махлагдуу том биетэй эрэгтэй хүн автобусны буудлын сандал дээр сууж байсан ба намайг түргэн дуудаад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утаснаас 103 дуудлага мэдээлэл өгсөн..., хамар амнаас нь цус гарсан байдалтай, бөөлжсөн байдалтай сандал дээр сууж байсан..., би тэр ахаас ямар асуудал болсон талаар асуухад хариулахгүй байсан. ...” /1 хх 55/,

гэрч Л.О-н “... Би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд жижүүрийн эмчээр ажиллаж байхад өглөөний 08 цаг 36 минутад 89240399 дугаараас хамраас цус гараад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн ба дуудлага мэдээллийн дагуу Шинэ давхарын буудал дээр очиход 65-70 орчим насны эрэгтэй хүн хамраас нь цус гарсан байдалтай буудлын сандал дээр хэвтэж байсан. Ойр орчимд нь ямар нэг хүн байгаагүй. Тухайн хүний биед үзлэг хийхэд амин үзүүлэлт тогтвортой ...зааж байсан. Тэгээд би хувцсыг нь сөхөж цээж хэсгийг нь үзэхэд цээжний баруун талд зулгарсан шархтай байсан. Тэгэхээр нь би энэ яасан бэ зодуулсан уу гэж асуухад тэр ах “тийм ээ, шөнө явж байгаад зодуулсан” гэж хэлсэн. ...” /1 хх 61/,

гэрч М.Ц-н “... Түргэн тусламжийн эмч зодуулсан байдалтай байх магадлалтай гээд манай гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн гэж хэлсэн ..., би шаардлагатай шинжилгээнүүдийг авсан. Тэгээд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, гэж оношлогдсон. Шинжилгээг бүрдүүлэх явцад өвчтөний биеийн байдал хүндэрч тогтворгүй болсон тул эрчимт эмчилгээний эмчид үзүүлж хамтарсан үзлэгийн дүнд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. ...” /1 хх 81/,

гэрч А.Г-н “... Тухайн өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 09-ний орой 21- 22 цагийн орчимд Тахилтад байх ажлаасаа тараад автобусаар Ханын материалын эцсийн буудал дээр ирж буусан. Тэгээд харих гээд ганцаараа алхаж байхдаа Чойрын Билгээ гэдэг хочтой Б гэх нэртэй хааяа гудамжинд хамт архи уучихдаг залуутай таарсан. Билгээ хоёр танихгүй хүнтэй хамт явж байсан ба нэг нь арай залуувтар намхан нуруутай, бордуу царайтай, хар хувцастай, нөгөөдөх нь 60 гаран настай, махлагдуу, саарал цайвар хувцастай, өргөн малигар царайтай хүн байсан. ... Бид дөрөв ... шатан дээр нь суугаад архиа хуваагаад ууж эхэлсэн. Би 4 дэх шатны тавцан дээр нөгөө хар хувцастай танихгүй залуутай хамт сууж байсан ба харин нөгөө саарал хувцастай хөгшин ах 2 дахь шатны тавцан дээр суусан байдалтай Чойрын Бэлгээ 1 хөлөө шатны тавцан дээр тавьчихсан. ... Чойрын Бэлгээ нөгөө хөгшин хүнтэй барилгын талаар яриад байсан. Би тэд нарт нэг хийж өгчихөөд тамхи асаах гээд сууж байтал гэнэт л Б нөгөө хөгшин настай саарал хувцастай хүнийг цохих шиг болоод чимээ гарсан ба нөгөө ах шатнаас доошоо биеийн баруун хажуу хэсгээрээ газар унахад Б тэр хүний цээж хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би тэрийг нь харж байгаад Б- болиулаад “хөгшин настай хүнийг зодож цохиж байхдаа яадаг юм, архи дарсаа тааруулж уу” гэж хэлээд загнахад Б надад “одоо зүгээр ээ одоо зүгээр” гэхээс өөр зүйл хэлээгүй. Харин нөгөө танихгүй хар хувцастай залуу хөгшин ахыг босгоод суулгаж байгаа харагдсан. ... Тэр хүнийг шатан дээр сууж байхад нь Б цохиж унагаах шиг болоод биеийн баруун хэсгээрээ газар унасан байхад  нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байхыг нь би харсан. Намайг тэд нартай байх хугацаанд тухайн хөгшний биед Б-с өөр халдаж цохиж зодсон хүн байхгүй. ...” /1 хх 173-174/,

гэрч А.Г-н “...Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 30 минутын орчим дэлгүүрээ ирж нээчихээд гарч ирээд хартал автобусны буудлын сандал дээр ... махлагдуу эрэгтэй хүн хэвтэж байсан. ...” /1 хх 66/,  

шинжээч Э.Баасанжавын “... Цээж хэвлийн үхэлд хүргэсэн хавсарсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг цээж хэвлийн хавсарсан гэмтэлд баруун 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, нарийн гэдэсний задрал үхжил элэгний эдийн няцрал гэмтлүүд багтаж байна. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал бус гадаргуутай буюу том хэмжээний хавтгай гадаргуу жишээ нь унахад үүсэх боломжгүй. Харин хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан хавирганы хугарал гэмтлийн байрлалаас үзэхэд баруун 5, 6-р хавирга эгэмний дунд шугамаар 7, 8, 9-р хавирга угны урд шугамаар 10, 11-р хавирга далны шугамаар тус бүр шууд хугаралтай байгаа нь тухайн хугарал бүхий хэсэг газар болгонд хүч үйлчилсэн байна гэсэн үг юм. Дээрх хавирганы аль нэг шугамаар хугарсан нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн хүч үйлчилснээр буюу тухайн хэсэг газраар юм мөргөж унах зэрэгт үүсэх боломжтой. Бусад хавирганы хугарал гэмтлүүд үүнтэй нэг зэрэг үүсэхгүй. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх зэрэгт үүсэх боломжтой. 3, 4-р хавирганы шууд хугарал гэмтэл нь эмнэлгийн сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад цээжинд даралт шахалт, цээж шахалт хийсний улмаас үүссэн байх боломжтой нас барсны дараа учирсан гэмтэл байна. ...” /1 хх 246-248/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “....Талийгаач Ж.Э-ы цогцост баруун 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, зүүн 3, 4-р хавирганы шууд бус хугарал, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зөрүүтэй хугарал, хоёр зовхины дотор булан, хамрын нуруу, зүүн хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зүүн 3, 4-р хавирганы хугарал нь нас барсны дараа үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтэл авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хөнгөн зэргийн өөхлөлт өвчин нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 02.31 цагт нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж мэс засал эмчилгээ хийгдсэн байна. ... Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины судсанд өөхөн бөглөөдөс үүсэж амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ. ...” гэсэн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1891 дугаартай дүгнэлт /1 хх 214-215/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн “… С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай, үнэн зөв тайлбарлах мэдүүлэх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 188 дугаар шинжээчийн дүгнэлт /3 хх 121/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-8/, удаа дараа хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-12, 22-35/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд /1 хх 175-176/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10404 дугаартай өвчний түүхийн хуулбар /2 хх 60-70/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 83-97/, нийтийн тээврийн хэрэгслийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 146-148, 150-151/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадралаас “... Давж заалдах шатын шүүхээс хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох шүүгдэгч С.Б-д хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго байгаагүйг, амь хохирогч газар дээрээ нас бараагүй гэмтлийн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэж байх явцдаа нас барсан, шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчид учирсан хүнд гэмтэл нь ямар ч эмчилгээ үйлчилгээ хийсэн амь хохирогчийн амь насыг аврах боломжгүй, боломж багатай гэх дүгнэлтүүд гаргаагүй зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-с “...онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдлууд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүүлэхээр буцааж, хохирогчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Түүнчлэн, хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Шүүгдэгч С.Б нь амь хохирогч Ж.Э-ы амь насыг хохирооход чиглэсэн буюу цохиж шатан дээр унаган, цээж хэсэгт нь өшиглөх үйлдэл хийхэд хохирогч газар унасан, шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас талийгаачид 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, нарийн гэдэсний задрал, үхжил, элэгний эдийн няцрал, зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зөрүүтэй хугарал, хоёр зовхины дотор булан, хамрын нуруу, зүүн хоншоор, сарвуу, хэвлий, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт гэмтэл учирсан ба талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас уушгины судсанд өөхөн бөглөөдөс үүсэж амьсгалын цочмог дутагдлаар нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд хүрч болзошгүй үхэлд хүрэх аюултай гэдгийг мэдсээр байж хохирогчийг цохиж, өшиглөж байгаа үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ял шийтгэл оногдуулсан байх ба энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан “Онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан. 

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болох шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр талийгаач нь гэмтлийн улмаас өвдөж, шаналж, зовж зүдрэхээр байдалд хүрсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, гэрч А.Г-н “... Бид дөрөв ... шатан дээр нь суугаад архиа хуваагаад ууж эхэлсэн. ...” гэсэн мэдүүлгээр амь хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтсон гэх байдал тогтоогдсонгүй.

 Энэ талаар шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Харин анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу 82,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/,-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.”-аар, 39 дүгээр зүйлийн  39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

 Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэний сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 47.581.540 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх баримтын шаардлага хангасан 23.644.158 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтдаа Иргэний хуулийн зүйл, хэсгийг 497.1, 508.1 гэх мэтээр буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1507 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497.1, 508.1, 508.3, 511.5-д зааснаар шүүгдэгч С.Б-с гэм хорын хохиролд 106.144.158 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгуулж, ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-с 23.644.158 /хорин гурван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У-д олгож, ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН  

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР