2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03852

 

  

  

 

          2025             05             07

   192/ШШ2025/03852

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********************* тоотод байрлах, Б ХХК /РД:***************/, 

 

Хариуцагч: ************************* тоотод оршин суух Б овогт О-ын Н- /рд:ус71061402/

Нэхэмжлэлийн шаардлага: 359,591,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

хариуцагч О.Н-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Н-д холбогдуулан 359,591,934 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

Хариуцагч О.Н- нь Баянгол дүүрэ, 18 дугаар хороо, 32Б байрны 30 тоот, 102,45 м.кв орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн КТ -73/17 тоот захиалгын гэрээ байгуулан Капитал банкны ипотекийн 100 хувь урьдчилгаагүй зээлэнд хамруулан авсан байдаг. О.Н- нь 2019 оны 4 дүгээр сард Капитал банк татан буугдсан үеэс эхлэн байрны гэрээгээ үгүйсгэн бусдад залилуулсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулсан болно. О.Н-ийн Капитал банкны ипотекийн зээлээр худалдан авсан гэх энэхүү орон сууцны зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг манай компани бүрэн төлж барагдуулсан. Мөн түүний зээлийн хүүд төлсөн 40,000,000 төгрөг, нэмж хүссэн мөнгө болох 10,000,000 төгрөгийг О.Н-д өгсөн болно. О.Н- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор энэхүү ******** дүүрэг *** дугаар хороо, **** байрны 30 тоот, 102,45 м.кв орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжин, хууран мэхэлж байрны зээлээ төлүүлсэн болно. Манай компани дээрх байрыг хүлээн авч түрээслүүлсэн тохиолдолд 2 жил /730 хоног/ 72 хоног буюу нэг өдрийн түрээс 66,667 төгрөг нийт 53,466,934 төгрөгийн түрээс алдаад байна. Иймд манай компанийн төлсөн төлбөр болох дээрх орон сууцны үнэ нийт 359,591,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.       

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Н- нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн КТ-73/17 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээг Юнайтэд проперти ХХК-тай байгуулсан. Үүний дараа 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Капитал банктай БГ-05 дугаар барьцааны орон сууцны ипотекийн зээлийн гэрээг тус тус хийж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо Капитал Таун 32Б байрны30 тоотод оршин суух болсон. Капитал банктай барьцааны гэрээ хийхэд тухайн гэрээнд үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй хэмээн дурдаж гэрээг хийсэн. Гэтэл тухайн байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, орон сууц барьсан компанид туслан гүйцэтгэгч хийсэн Хулан Налайх ХХК-ийн захирал М-нэр дээр бүртгэлтэй байсан. Үүний улмаас О.Н- нь өөрийгөө залилуулсан хэмээн үзэж цагдаад гомдол гаргаж гомдлын дагуу Прокурор хэрэг нээж, шалгасан. Тухайн байранд төлсөн зээлийн 40-өөд сая төгрөг, засвар хийсэн 10 сая төгрөг нийлээд 50 сая төгрөгийг Капитал банкны захирал А- болон Б И ХХК-ийн захирал Ганзориг нар О.Н-д төлсөн. Энэхүү төлбөр нь Капитал банк болон Б И ХХК хуулийн этгээдүүд Н- намайг залилсанаа хүлээн зөвшөөрч миний байранд төлсөн мөнгийг эргүүлэн төлсөн хэрэг юм. Нэхэмжлэгч энэхүү орон сууцны зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэмээн дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1472 дугаар мэдэгдэх хуудсанд “Таны Капитал банктай 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ-05, ЗГ-05/01 тоот Орон сууц ипотекийн зээлийн гэрээг байгуулж авсан үндсэн зээлийн 235,400,814.35 төгрөгийг Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн А.А- 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн” хэмээн мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Б И ХХК нь уг зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй харин иргэн А.А- төлж дуусаагүй болно. Нэхэмжлэгч Б И ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал хангагдаагүй байхад О.Н-ээс 359,591,934 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн зардлын үнэлгээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар, нотлох баримт тухайн нэхэмжлэлд хангалтгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5, 35/, Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай /хх 6-7/,   орлогын мэдүүлэг /хх 8/, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 9/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх 10/,    

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 18/, хариу тайлбар /хх 19/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 49 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 44-46/, Барьцааны гэрээ /хх 47-50/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас /хх 51/, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ /хх 52-55/, Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, хавсралт /хх 56-60/, Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, хавралт /хх 61-68/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 76-77/, Хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 212-213/,   

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 438 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 78-200/,     

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 309,591,934 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 төгрөг, хариуцагчийн орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 256,125,000 төгрөг, орон сууцыг түрээслүүлэн олох байсан орлогод 53,466,934 төгрөг, нийт 359,591,934 төгрөг гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

3.1. Би өөрийгөө залилуулсан хэмээн үзэж цагдаад гомдол гаргаж гомдлын дагуу Прокурор хэрэг нээж, шалгасан. Капитал банк болон Б И ХХК хуулийн этгээдүүд намайг залилсанаа хүлээн зөвшөөрч миний байрны зээлийн төлбөр төлсөн 40,000,000 төгрөг, засвар хийсэн 10,000,000 төгрөг, нийлээд 50 сая төгрөгийг эргүүлэн төлсөн.

3.2. Нэхэмжлэгч энэхүү орон сууцны зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь үндэслэлгүй. 

3.3. Түрээсийн зардлын үнэлгээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар, нотлох баримт тухайн нэхэмжлэлд хангалтгүй байгаа.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

4.1. Хавтаст хэргийн 6 дугаар талд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай гэх бичгийн баримт авагдсан байна. Уг бичгийн баримтаар О.Н-ээс олгосон зээл, зээлийн гэрээ нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, Банкны хууль тогтоомжууд, Капитал банкны дүрэм журам, хамтран ажиллах гэрээ зэрэг эрх зүйн актуудын дагуу олгогдсон бөгөөд миний бие О.Н- үүнийг хүлээн зөвшөөрч, ************ дүүргийн ******* дугаар хороо, 32Б байрны 30 тоот орон сууцны төлбөрт О.Н-ээс урьдчилан төлсөн 50 сая төгрөгийн 40 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний дотор, үлдсэн 10 сая төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлөх, О.Н- нь ************ дүүргийн ******* дугаар хороо, 32Б байрны 30 тоот орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор чөлөөлж, хүлээлгэн өгөх, О.Н-ийн хүсэлт бүхий зээлийн судалгаа, шинжилгээ, эрсдэл болон хуулийн дүгнэлтүүд, зээлийн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 256,125,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, банкийг төлөөлж баталгаажуулсан ямар ч зөрчил байхгүй, банкны дүрэм журмууд, байгуулсан гэрээ, хэлцлүүдийн хүрээнд хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу зээлийг баримтжуулж, баталгаажуулж, талууд гарын үсгээ зурсан бөгөөд С.Дэлгэрцэцэгт ямар ч хамааралгүй, Б ХХК-тай зээл болон орон сууц зээлээр авах үйл ажиллагаа байх, С.Дэлгэрцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгоход О.Н- татгалзах зүйлгүй бөгөөд хохирол төлөгдсөн тул гомдолгүй, дахин цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага, шүүхэд гомдол гаргахгүй болохыг баталж гарын үсэг зурж, эрх зүйн үр дагаврыг ойлгож хүлээн зөвшөөрч тохиролцсон байна.

 

4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэв. Учир нь, хэрэгт Гомдол саналгүй, хохирол барагдуулж, байр хүлээлгэн өгөх тухай гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг гэрээний 2 дахь хэсгээр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Н-д 50,000,000 төгрөг төлөхөөр, хариуцагч О.Н- нь ************ дүүргийн ******* дугаар хороо, 32Б байрны 30 тоот орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор чөлөөлж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноос үзвэл уг хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан байна. 

 

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч О.Н-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцалж, гэрээний төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардсан гэж үзэхээр байна.

Хүчин төгөлдөр аливаа гэрээг тогтвортой, баталгаатай байлгах үүднээс гэрээний талуудыг үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Хариуцагч нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо 32Б байр 30 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж, хүлээлгэн өгнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК-иас гэрээний төлбөрт хариуцагч О.Н-ийн эзэмшлийн Х банкны 5926153891 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Х банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.  

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болно. Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээний нэг тал нь нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заажээ. Хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна хариуцагчаас цаашид гэрээний үүргийг биелүүлэх талаар тайлбар гаргаагүйгээс үзэхэд үр дүн гарахгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагч О.Н-ийн Капитал банкны ипотекийн зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг төлсөн, мөн дээрх орон сууцыг хүлээн авч түрээслүүлсэн тохиолдолд 53,466,934 төгрөгийн орлого олох байсан гэж шаардсан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.   

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Н-ийн Капитал банкны ипотекийн зээлийн төлбөр болох 256,125,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 438 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Капитал банкны ипотекийн зээлийн төлбөрт 256,125,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдоно гэх тайлбарыг гаргасан. Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбар гаргаж болох бөгөөд энэ нь нотлох баримт болно.    

Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд 53,466,934 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.   

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч О.Н-ээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 309,591,934 төгрөгийг шаардах эрхгүй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Н-ээс 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 309,591,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,955,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Н-ээс 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 309,591,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,955,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-ээс 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН