2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00449

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           01              21                                           192/ШШ2025/00449

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ойн 85 тоотод байрлах, /ДД 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, наадамчдын гудамж 1200, арцатын зам, Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байранд байрлах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 342,762,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Манай “ДД” цэцэрлэг БСБ нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөх олгох тухай” А/410 дугаар захирамжаар цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ийнхүү үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хөрөнгөөр цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний зориулалттай барилгыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ойн гудамж, 85 тоотод барьсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 хороо/” нэр бүхий НХААГ-20/0007 дугаартай тендер сонгон шалгаруулалт зарласан.

Уг сонгон шалгаруулалтад манай БСБ 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр материалаа хүргүүлж, оролцсон. Ингээд манай тендерийг “хамгийн сайн” гэж үнэлж, шалгаруулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” №03/512 дугаар албан бичгээр манай компанийг тендерт шалгарсныг мэдэгдэж, гэрээ байгуулах санал ирүүлсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн №НХААГ-20/0007 дугаар “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 хороо/” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай “ДД” цэцэрлэг БСБ-ын Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ойн гудамж, 85 тоотод байрлах 100 хүүхдийн ор бүхий цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний зориулалттай барилгыг 1,200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингэхдээ тус гэрээний тусгай нөхцлийн 14.5.1-д урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, гэрээний зүйл болох барилгыг хүлээн авснаас 30 хоногийн дотор гэрээний нийт үнийн 95 хувийг төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 5 хувийг баталгааг засварын хугацаа дуусахад төлөхөөр тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу манай барилгыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2020/12 дугаар комиссын актаар хүлээж авсан. Энэ өдрөөс хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлбөрийн үүрэг эхэлсэн бөгөөд 620 хоногоор уг үүргээ хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгчийн цэцэрлэгийн барилгыг хариуцагч 1,200,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгөнөөс хариуцагч 1,140,000,000 төгрөгийг цувуулан төлсөн ч үлдэх 60,000,000 төгрөгийг төлөөгүй байна. 

2/ Хэтрүүлсэн хугацааны алдангид 120,000,000 төгрөг гаргуулна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 17.1-д “Алданги оногдуулах хувь: Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна. Алдангийн нийт дүн: Гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тохиролцсон. Уг тохиролцооны дагуу хугацаа хэтрүүлсэн 620 хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 3,720,000,000 төгрөг болох ба гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй тул 120,000,000 болохоор байна.

3/ Мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү буюу олох байсан орлого 162,762,000 төгрөг гаргуулна.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн манай байгууллагад тухайн үеийн мөнгөний үнэ цэнийг хүртэх боломжгүй болж хохирсон. Дээрх хохирлыг тодорхойлохын тулд тухайн үед хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд манайх арилжааны банкид хадгалуулсан тохиолдолд олж болох байсан хүүгийн орлогоор тооцох боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сараас шүүхэд хандах хүртэл хугацаагаар жилийн 15.2 хувийн хүүтэй /Монгол банкны дундаж ханш/ мөнгөө хадгалуулахад олох байсан орлогыг 162,762,000 төгрөг гэж барагцаагаар буюу дунджаар нь тооцоолж гаргасан.  Хариуцагч төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж байсан бол нэхэмжлэгч уг мөнгийг арилжааны банк, санхүүгийн байгууллагад хадгалуулж хүүгийн орлого олох бүрэн боломжтой. Мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй хугацаанд ногдох хүүг тухайн үеийн төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцвол 162,762,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэг үзэж байна.

Иймд гэрээний үлдэгдэл үүрэг, гэрээгээр тохирсон алданги, хариуцагч мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүссэн хохиролд нийт 342,762,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нь “ДД” ХХК-ийн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/61 дугаар захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч “ДД” цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагатай 1,200,000,000 төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 дугаар хороо/ ажлын гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “ДД” цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагатай байгуулж, гэрээнд заагдсан ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхэлж, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нийлүүлж ашиглалтад өгөхөөр тохиролцсон.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-н даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан тус цэцэрлэгийн барилга, байгууламжийг 2020 оны 8 дугаар сарын 28- ны өдрийн дугаар 2020/12 тоот актаар гарсан. Тус ажлын хэсгийн акт баталгаажин гарсанаар “ДД” цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагад санхүүжилт болох 1,140,000,000 төгрөгийг олгосон.

Хариуцагч “ДД” цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллага нь одоог хүртэл цэцэрлэгийн барилгыг улсын өмчид бүртгүүлээгүй байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй талаар бид шүүхэд хандаж байсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  итгэмжлэл /хх 6, 79, 113, 162-163/, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НХААГ-20/0007 тоот “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 дугаар хороо/” гэрээ /хх7-8/, “ДД” БСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх9/, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03/512 тоот “гэрээ байгуулах эрх болгох тухай” албан бичиг /хх 10/, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/12 тоот “Барилга, байгууламж хүлээн авсан акт”, хавсралт /хх 11-18/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хүсэлт /хх 42/, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/821 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай” албан бичиг /хх 43/, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол /хх44/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх34/, санхүүжилтийн мэдээ /хх 41/, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/12 тоот “Барилга, байгууламж хүлээн авсан акт”, хавсралт/хх45-49/,2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн цэцэрлэгийн барилга худалдан авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх50-54/, 256 дугаар цэцэрлэгт хүлээлгэн өгсөн хөрөнгийн жагсаалт /хх55/, Нийслэлийн өмчид бүртгүүлэх хөрөнгийн жагсаалт /хх56/, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “ДД” БСБ-ын №15 тоот мэдэгдэл /хх57/, гэрээний ерөнхий нөхцөл /хх58-64/, гэрээний тусгай нөхцөл /хх65/, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/61 тоот “Эрх шилжүүлэх тухай” захирамж, хавсралт /хх66-68/, төлбөрийн хүсэлт /хх69-73/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 101/шз2023/23764 дүгээр захирамж /хх 74-75/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх80, 81/, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын II-02/06 тоот “Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, хавсралт /хх82-91/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11/34 тоот “Нийслэлийн 2022 оны төсөв батлах тухай” тогтоол, хавсралт /хх92-100/, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02/11 тоот “Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай” тогтоол, хавсралт /хх101-109/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт нийлүүлэгч талаас “ДД” Боловсрол, сургалтын байгууллага /БСБ/ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар /захиалагч/-ын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан №НХААГ-20/0007 тоот “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД 25 дугаар хороо/” гэрээ авагджээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

 

1/ Захиалагч нь “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД, 25 дугаар хороо, дугаар №НХААГ-20/0007 /цаашид бараа гэх/-г 1,200,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно;

2/ Захилагч нь барааны нийлүүлэлтийг 1,200,000,000 төгрөгөөр нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ;

3/ Нийлүүлэгч нь ...барааг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дотор нийлүүлэгчид хүлээлгэж өгнө.

 

2. Дээр дурдсан гэрээний заалт, агуулгыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

3. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “ДД” Боловсрол, сургалтын байгууллага /БСБ/ нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НХААГ-20/0007 тоот “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД 25 дугаар хороо/” гэрээний үүрэгт буюу үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг, алданги 120,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү гэх 162,762,000 төгрөг, нийт 342,762,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хоёр.

 

1. 60,000,000 төгрөгийн шаардлага:

1.1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...нэхэмжлэгчийн цэцэрлэгийн барилгыг хариуцагч 1,200,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгөнөөс хариуцагч 1,140,000,000 төгрөгийг цувуулан төлсөн ч үлдэх 60,000,000 төгрөгийг төлөөгүй” гэж тайлбарласан.

 

1.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

1.3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НХААГ-20/0007 тоот “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД 25 дугаар хороо/” гэрээний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1,200,000,000 төгрөгөөр худалдсан, уг төлбөрөөс 1,140,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл төлбөр нь 60,000,000 төгрөг байгаа үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. 

 

1.4. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/12 тоот “Барилга, байгууламж хүлээн авсан акт”-ын 2.1.-д “Барилга байгууламжийг шалгаж үзээд, гүйцэтгэгч байгууллага гэрээний дагуу нийлүүлэгдэх барилга, байгууламжийг бүрэн нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэв” гэж дурдагдсан байхаас гадна гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн бодит эзэмшил, ашиглалтад шилжсэн талаар талууд маргаангүй байна. Иймд үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

1.5. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан учир хариуцагчийн “... ‘ДД’ цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллага нь одоог хүртэл цэцэрлэгийн барилгыг улсын өмчид бүртгүүлээгүй байгаа” гэх татгалзал үндэслэл муутай байна.

 

2. Алданги 120,000,000 төгрөгийн шаардлага:

 

2.1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НХААГ-20/0007 тоот гэрээний хариуцлага болох алдангийг уг гэрээний салшгүй хэсэг болох ерөнхий болон тусгай нөхцөлүүдээр тохирсон. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 17.1-д ‘Алданги оногдуулах хувь: Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна. Алдангийн нийт дүн: Гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна’ гэж тохиролцсон. Хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн 620 хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцвол 3,720,000,000 төгрөг болох хэдий ч гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй тул 120,000,000 болохоор байна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

2.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх ба анзын тухай гэрээг талууд бичгээр байгуулах урьдчилсан нөхцөлтэй.

 

2.3. Хэрэгт авагдсан “Гэрээний ерөнхий нөхцөл” /хх58-64/, “Гэрээний тусгай нөхцөл” /хх65/-үүд нь нэхэмжлэгч “ДД” Боловсрол, сургалтын байгууллага /БСБ/ болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газруудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан №НХААГ-20/0007 тоот “Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД 25 дугаар хороо/” гэрээний салшгүй хэсэг болох нь тогтоогдохгүй, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүд дээр зохигчид гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй байна.

 

Нөгөөтэйгүүр, “Гэрээний ерөнхий нөхцөл” /хх58-64/, “Гэрээний тусгай нөхцөл” /хх65/-үүдийн заалтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд нэхэмжлэгчийн “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №НХААГ-20/0007 тоот ‘Цэцэрлэгийн барилга худалдан авах 100 ор /БЗД 25 дугаар хороо/’ гэрээний хариуцлага болох алдангийг талууд уг гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүдээр тохирсон” гэх тайлбар нотлогдсонгүй.  

 

3. 162,762,000 төгрөгийн шаардлага:

 

3.1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж байсан бол нэхэмжлэгч уг мөнгийг арилжааны банк, санхүүгийн байгууллагад хадгалуулж хүүгийн орлого олох боломжтой байсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сараас шүүхэд хандах хүртэл хугацаагаар жилийн 15.2 хувийн хүүтэй /Монгол банкны дундаж/ мөнгөө хадгалуулахад олох байсан орлогыг 162,762,000 төгрөг гэж дунджаар нь тооцоолж гаргасан” гэж тайлбарласан.

 

3.2. Дээрх шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжилжээ.

 

3.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

3.4. Шүүхээс дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрийг хүлээн авсан даруйдаа мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хадгалуулах байсан гэж шууд таамаглан дүгнэх боломжгүй. Мөн гэрээгээр талууд төлбөрийг төлөх хугацааг урьдчилан тохиролцоогүй байгааг дурдав.

 

Гурав. 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,871,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДД” Боловсрол, сургалтын байгууллага /БСБ/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282,762,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,871,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДД” Боловсрол, сургалтын байгууллага /БСБ/-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ