2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04103

 

 

  

     

 

 

           2025              05             14

   192/ШШ2025/04103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ***************** тоотод оршин суух, Э овогт Д-ийн О- /рд: ************/

Хариуцагч: **************************** давхарт байрлах “Н Ө ” Сууц Өмчлөгчдийн Холбоо /рд: ****************/

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Н Ө ” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч Д.О-,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О- нь Н Ө СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2024 оны 6 дугаар сард Н Ө  сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилд орсон. 2024 оны 8 дугаар 09-ний орой 20 цагийн үед тус холбооны ажиллагсадтай хамт амралтаар явж байхад Удирдах зөвлөлийн дарга Д.Г- над руу утасдаж өчигдөр удирдах зөвлөл хуралдаж өөрийг чинь үүрэгт ажлаас чинь чөлөөлж байна гэж мэдэгдсэн. Маргааш нь оршин суугчдын групп дээр шинэ гүйцэтгэх захиралтай боллоо гэж Удирдах зөвлөлийн дарга Д.Г- шинээр холбооны гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авч байгаа тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.О-т холбооны тамга тэмдэг, гэрчилгээг гардуулж байгаа зургийг нийтэлсэн байсан. Ажил эхлэхэд ажлын өрөөндөө ирэхэд цоожны голыг сольчихсон байсан. Ингэж ажлаас гэнэт бас үндэслэлгүй халагдсан учраас шүүхэд хандахыг хүсч Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн тогтоолыг авъя гэхэд нилээд хэдэн хүний гарын үсэг зурах дутуу байгаа гарын үсэгнүүдээ гүйцээгээд чамд өгье гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 16-нд СӨХ-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан Х.Т-тай уулзаж би ажлаас халагдсан тухай тогтоолоо авъя гэхэд хүмүүс гүйцээгээд зурахаар нь би нягтланд өгөөд чамд дамжуулъя гэсэн. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн биеэр холбооны байр дээрээс очиж авсан. Очиж авах үед холбооны гүйцэтгэх захирал Х.Т, нягтлан бодогч А.О, менежер С нар байсан. Уг хүлээн авсан тогтоолд намайг өөрийн хүсэлтээр ажлаас халагдъя гэж бичжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдолоо гаргаж ажил олгогч талтай зөвшилцөлд хүрэхийг эрмэлзсэн. Хуралд удирдах зөвлөлийн дарга Д.Г намайг ажлаа хийдэггүй, ажлын цагт ажил дээрээ байдаггүй, шаардлага биелүүлдэггүй, харуул хамгаалалтын компанийг дур мэдэн татан буулгасан, хогны компанитай өндөр дүнтэй гэрээ байгуулсан гэх мэтээр шууд бүх бурууг над руу чиглүүлсэн. Иймээс шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн томилох, ажилгүй хугацааны цалинг олгуулах хүсэлтээс гадна эдгээр удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд нь цаашид уг үүрэгт ажлыг хийх эрхгүй болохыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.        

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Н Ө  СӨХ-ны нягтлан бодогч О СӨХ-ны дарга хийе гээд манай байрны оршин суугч биш хүн анкет өглөө та уулзах уу би утасны дугаарыг өгье гэж хэлээд дугаарыг өгч улмаар уулзаад СӨХ-ны даргын ажилд авсан. Хэсэг хугацааны дараа Н Ө  СӨХ-ны нягтлан бодогч О шинээр дарга болсон О- хоёр нь Г СӨХ-д ажилладаг нь батлагдсан. Энэ нь анхнаасаа хоорондоо үгсэн хуйвалдаж ашиг сонирхолын зорилгоор О-ыг СӨХ-ны даргаар томилуулсан. О- нь даргаар томилогдон ирснээр Удирдах зөвлөлд хэлж ярихгүй шууд харуул хамгаалалтын албыг татан буулгаж гэрээг цуцалж оронд нь өөрийн хамаарал бүхий Г СӨХ-ны хамгаалалтанд ажилладаг хүмүүсээс хүн авчирч ажиллуулсан байдаг. Хотхон хогондоо дарагдаж оршин суугчид хэл ам хийж бухимдаж эхэлсэн. Энэ талаар асуухаар ачаалал их байна хог ачих тоог хоёр дахин нэмж одоогийн гэрээний дүнг 10 сая төгрөг болгож хогноосоо сална гэж тайлбарладаг. Хог ачилтын хүмүүстэй уулзахаар бидэнтэй гэрээ хийхгүй, зөвхөн дуудлагаар дуудаж ачилт хийлгэж байна, удахгүй өөрсдөө хог ачилтын автомашин авч хогоо ачна гэж СӨХ-ны дарга хэлдэг гэсэн. Удирдах зөвлөлөөс удаа дараа шаардаж байж хог ачилтын гэрээг хийлгэсэн. Өнөөдөр 5 сая төгрөгөөр ачилт хийлгээд ямар ч хоггүй байгаа. О- нь ажлын цаг барьдаггүй. Ажилдаа ирэхгүй СӨХ удирдлагагүй болж СӨХ-ны ажил шууд унаж оршин суугчид бухимдаж пост оруулж шаардлага тавих болсон. Үүнийг оршин суугчдын групп дээр бичсэн сэтгэгдлүүд баримтаар нотлогдоно. Удирдах зөвлөл хуралдаж О-ыг цаашид ажиллуулах эсвэл ажиллуулахгүй байх талаар хуралдсан. Мөн Г СӨХ-ноос удаа дараа ярьж, нэг талдаа ажил тэгэхгүй бол хоёр СӨХ дампуурч байна гэсэн. Энэ бүгдийг хурлаар ярилцаж цаашид албан газарт ажил хөдөлмөр хийх, нийгмийн даатгалаас тэтгэмж авах, мөн СӨХ-д 2 сар ажилласан тул халах тушаал гаргалгүй өөрийн хүсэлтээр гэж ажлаас чөлөөлсөн. Н Ө  СӨХ нь О-ыг 2024.06.01-2024.08.10-ны хооронд ажиллуулж чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөгдөх үедээ Г СӨХ-ны даргаар үргэлжлүүлэн ажиллаж 2024 оны 11 дүгээр сард халагдсан байдаг гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх 9/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны тэмдэглэл/ шийдвэр /хх 10-13/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 21-22/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 029 дугаар Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх 23/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол /хх 24/, Зураг /хх 25-60/, Н Ө  СӨХ-ны дарга О-ыг ажлаас чөлөөлөх удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх 70-77/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 08 дугаар Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол /хх 78/, Н Ө СӨХ-ны дарга О-аас өмнө ажиллаж байсан СӨХ-ны үйл ажиллагаа гэх зургууд /хх 79-83/, Н Ө СӨХ-ны дарга О-ын ажиллаж байсан үеийн оршин суугчдын групп дээр бичсэн сэтгэгдлүүд гэх зургууд /хх 84-90/, Г СӨХ-ны харуул хамгаалалтын цалин олголт гэх зураг /хх 91-95/, Г СӨХ-ны даргаар ажиллаж байсан О-ын хяналтын зөвлөлийн тодорхойлолт гэх зураг /хх 96-100/, Хог ачилт болон харуул хамгаалалтанд өгсөн төлбөр тооцооны баримтууд гэх зураг /хх 101-103/, Н Ө  СӨХ-ны аж ахуйн хаягдал, тээврийн гэрээнүүд /хх 105-116/, Н Ө  СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн урамшуулал олгодог баримтууд /хх 117-119/, Н Ө  СӨХ-ны дулаан автомашины зогсоол түрээслэгчтэй хийсэн гэрээ болон санхүүгийн баримт /хх 120-143/, Н Ө  СӨХ-ны хариуцдаг 11 байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээнүүд /хх 144-155/, итгэмжлэл /хх 156, 161/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай 016 дугаар тогтоол /хх 162/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 09 дугаар тогтоол /хх 163/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 15 дугаар тогтоол /хх 164/, Н Ө  Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх 165/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н Ө  СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Н Ө ” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

5. Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Н Ө  СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан байх бөгөөд уг тогтоолын дагуу талуудын хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн үйл баримт талаар зохигч маргаагүй.

6. Ажил олгогч буюу хариуцагч Н Ө  СӨХ ны удирдах зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Монгол улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2, 10.8.5 дахь заасныг тус тус үндэслэн ажилтан Д.О-ыг өөрийнх хүсэлтийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлжээ.

 

7. Нэхэмжлэгч нь дээрх тогтоолыг үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан бөгөөд ажил олгогчийн  2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолын талаарх гомдлоо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байна. 

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч Н Ө  СӨХ-ны эсрэг гомдлоо гаргахад тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аливаа маргаантай асуудлаар гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар заагаагүй. Иймд энэ төрлийн маргааны улмаас шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж ойлгоно.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэртэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байна. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

10. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Н Ө  СӨХ ны удирдах зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн биеэр холбооны байр дээрээс очиж авсан” гэх тайлбарыг гаргасан боловч түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тогтоолыг гаргасан үеэс буюу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн “...2024 оны 8 дугаар 09-ний орой 20 цагийн үед тус холбооны ажиллагсадтай хамт амралтаар явж байхад Удирдах зөвлөлийн дарга Д.Г- над руу утасдаж өчигдөр удирдах зөвлөл хуралдаж өөрийг чинь үүрэгт ажлаас чинь чөлөөлж байна гэж мэдэгдсэн. Маргааш нь оршин суугчдын групп дээр шинэ гүйцэтгэх захиралтай боллоо гэж Удирдах зөвлөлийн дарга Д.Г- шинээр холбооны гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авч байгаа тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.О-т холбооны тамга тэмдэг, гэрчилгээг гардуулж байгаа зургийг нийтэлсэн байсан” гэх тайлбараар нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тогтоолыг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мэдсэн гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тогтоол гаргасан үеэс буюу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.О-ын  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Н Ө ” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “Н Ө ” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг цаашид сонгуульт ажил хийх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН