2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04301

 

 

 

 

 

 

 

 

    2025             05              20                                                192/ШШ2025/04301

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ---------------------  төв байранд байрлах Г банк ХК /рд: ************/

 

Хариуцагч: ***************** тоотод оршин суух, Б овогт Б-ийн А- /рд: *************/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 71,405,929.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан 71,405,929.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.А- нь Голомт банктай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1105124989 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 69,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай 19,56 хувийн хүүтэй авсан. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1105124989 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж хүүний хэмжээ болон эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан ЗГ1105124989-А тоот гэрээг байгуулсан. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1105124989-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ1105124989-СоА гэрээ байгуулж хугацааг сунгасан. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ1105124989-СоА тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ1105124989-СоII гэрээ байгуулж хугацааг дахин сунгасан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗБ1105124989 дугаарт Ипотекийн гэрээгээр ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол 72 байр, 4 тоот 59 м.кв улсын бүртгэлийн Ү-2205056764 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэхгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай зээлдэгчид мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 130 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 63,791,987.37 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,244,854.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,698.22 төгрөг, даатгалын төлбөрт 79,680.00 төгрөг, нийт 66,119,220.38 төгрөг байна. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Г банктай Дугаар ЗГ/9745513 тоот кредит картын гэрээг хийж 3,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,131,218.90 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 293,230.09 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 91,624.73 төгрөг, 10,000.00, нийт 3,526,073.72 төгрөгийг төлөөгүй байна. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ1825156912 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 20,4 хувийн хүүтэй авсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 105 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 1,627,018.19 төгрөг, зээлийн хүү төлбөрт 122,982.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 10,634.84 төгрөг, нийт 1,760,635.23 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.А-гаас орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 66,119,220.38 төгрөг, кредит картын үлдэгдэл төлбөр 3,526,073.72 төгрөг, өрхийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,760,635.23 төгрөг, нийт 71,405,929.33 төгрөгийг гаргуулж өгнө үү. ЗБ1105124989 дугаарт Ипотекийн гэрээгээр ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол 72 байр, 4 тоот 59 м.кв улсын бүртгэлийн Ү-2205056764 дугаар бүхий 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, Орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /хх 4-8/, ЗГ1105124989 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 9-11/, ЗГ1105124989 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 12-14/, Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 15-17/, Зээлийн гэрээ /хх 18-20/, Кредит картын гэрээ /хх 21-23/, Ипотекийн гэрээ, хавсралт /хх 24-32/, Голомт банкнаас Б.А-д Мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 33-34/, Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 35/, Голомт банкны гүйцэтгэх захирлын 317 дугаар Эрх олгох тухай тушаал /хх 36/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 37/, итгэмжлэл /хх 38/,     

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлээс 71,326,249.33 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 79,680 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан 71,405,929.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б.А-гаас орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт 66,119,220.38 төгрөг, кредит картын үлдэгдэл төлбөрт 3,526,073.72 төгрөг, өрхийн зээлийн үлдэгдэл төлбөрт 1,760,635.23 төгрөг, нийт 71,405,929.33 төгрөгийг гаргуулах, ЗБ1105124989 дугаарт Ипотекийн гэрээгээр ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол 72 байр, 4 тоот 59 м.кв улсын бүртгэлийн Ү-2205056764 дугаар бүхий 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.  

3. Хариуцагч Б.А- нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр байжээ.

Гэвч хариуцагч Б.А-гаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Нэхэмжлэгч Г банк ХК болон хариуцагч Б.А- нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1105124989 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-д 69,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 19,56 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгожээ.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөө БГ1105124989 тоот Ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-2205056764 дугаарт бүртгэлтэй, ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар /16092/ 72 байр, 4 тоот хаягт байршилтай, 59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Мөн хэрэгт нэхэмжлэгч Г банк ХК болон хариуцагч Б.А- нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ЗГ/9745513 дугаартай “Кредит картын гэрээ” авагдсан.

Дээрх гэрээгээр хариуцагч Б.А-д нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэний хүү жилийн 24 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү тухайн зээлийн хүүгийн 12 хувь, төлбөр эргэн төлөх өдөр сар бүрийн 15-наас өмнө, төлбөр эргэн төлөх доод хувь 10 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 50 хувь байхаар тохиролцож олгожээ.

 

Мөн нэхэмжлэгч Г банк ХК болон хариуцагч Б.А- нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ1825156912 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-д 10,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгожээ.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 166.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай зээлдэгчид мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 130 хоног хугацаа хэтрүүлж” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Б.А-гаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

4.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан. 

 

Хариуцагч Б.А-гаас зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Иймд хариуцагч Б.А-гаас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ1105124989 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нийт 66,039,540.4 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/9745513 тоот кредит картын гэрээний үүрэгт нийт 3,526,073.72 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ1825156912 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1,760,635.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

4.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь даатгалын төлбөрт 79,680 төгрөгийг хариуцагч Б.А-гаас шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг хариуцагч нь Мандал даатгал ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байна. Иймд нэхэмжлэгч Г банк болон хариуцагч Б.А- нарын хооронд гэрээний үүрэг үүссэн, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-гаас даатгалын төлбөрт 79,680 төгрөгийг шаардах эрхгүй. 

 

4.5. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд ипотекийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

5. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 514,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.А-гаас 71,326,249.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын Ү-2205056764 дугаарт бүртгэлтэй, ********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар /16092/, 72 байр, 4 тоот хаягт байршилтай, 59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 514,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН