Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01201

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01060 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 1,410,083,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтуяа, Д.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь “Э” ХХК-тай 2019 оны 09 сарын 20-ны өдөр 09/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдагч “М” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй МТ86 маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг түүний өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч “Э” ХХК нь гэрээнд заасан техникийн үнийг төлөхөөр тохиролцсон. Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэн 2019 оны 09 сарын 20-ны өдөр 6 ширхэг техникийг эзэмшил, ашиглалтыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Худалдан авагч тал гэрээний зүйлийн үнийг 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 120,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээний дагуу 2019 оны 11 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 25-ны өдөр 64,916,500 төгрөгийн үнэ бүхий 44.77 м.кв хоёр өрөө байрыг нэхэмжлэгчид шилжүүлж, нийт 179,916,500 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. “М” ХХК-ийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, “Э” ХХК-тай өглөг, авлага болон техникүүдтэй холбоотой хурал хийсэн боловч үр дүнд хүрээгүй. 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 20/305 тоот мэдэгдлээр гэрээний үүргээ биелүүлэх тухай, биелүүлээгүй тохиолдолд техникүүдийн ашиглалтыг зогсоох буюу лацдах болохыг мэдэгдэж, 2020 оны 07 сарын 07-ны өдөр техник ашиглалтыг зогсоож, лацадсан. Гэвч “Э” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа болно. Ингээд “М” ХХК-ийн зүгээс 2020 оны 09 сарын 20-ны өдрийн 09/20 тоот худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу тус гэрээг цуцалж буй тухайгаа 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 20/351 тоот мэдэгдлээр “Э” ХХК-д хүргүүлэн, гэрээг цуцалсан.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу 2019 оны 09 сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах 09/20 дугаар гэрээний хохирол 1,410,083,500 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Тус компани нь нэхэмжлэгч “М” ХХК-тай 2019 оны 09 сарын 20-ны өдөр 09/20 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “Э” ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд заасан техникүүдээр 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Таван толгой” ХК-ийн уурхайн талбайд гэрээний үндсэн дээр хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан. Гэвч 7055ТТА, 1090ТТА улсын дугаартай техникүүдийн моторт ээлж хийх шаардлагатай болсон, мөн техникүүдийн дугуй хэт элэгдэж шинээр солих шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс уурхайн ажил бүрэн зогссон. Энэ хугацаанд бид гэрээний үүргийг хангахаар 2019 оны 11 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн оны 12 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Бид шаардлагатай санхүүжилтийг олж, засвар үйлчилгээ хийсний үндсэн дээр 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусын цар тахлын улмаас “Таван толгой” ХК нь уурхайн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоосон. Энэ хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар худалдагч талтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан бөгөөд Капитрон банк дахь зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, гэрээний нийт үнийн дүнгээс 201,000,000 төгрөг бууруулах, худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулж, үлдэгдэл төлбөрийг хуваарь гарган төлж барагдуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн “Э” ХХК-ийн зүгээс “М” ХХК-д 2020 оны 06 сарын 25-ны өдөр 64,916,500 төгрөгийн үнэ бүхий 44.77 м.кв талбайтай 2 өрөө байрыг шилжүүлэн өгсөн.

Дээрх уулзалт, харилцан тохиролцооны үндсэн дээр энэ оны 04-07 сар хүртэл хугацаанд бид өндөр хүүтэй зээл авч, нэмэлт санхүүжилт хийсний үндсэн дээр гэрээний зүйл болох техникүүдэд сэлбэг, дугуй, аккумлятор, тос масло шинээр солих зэрэг иж бүрэн засвар үйлчилгээг хийж 2020 оны 07 сарын 03-ны өдрөөс уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал 2020 оны 07 сарын 07-ны өдрийн өглөө 06:20 цагт техникүүдийг барьцаалагч банкны төлөөлөгч хэмээн худал хэлж манай компанийн холбогдох албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүст мэдэгдэлгүйгээр, гэрээг дүгнэх боломж олголгүй авч явсан байдаг. Нэхэмжлэгч техникүүдээ авч, гэрээг цуцлагдсан гэж үзэж байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Гэрээний 5.2 заалтыг хэрэгжүүлэх бол худалдан авагч талын 3.2 заасан хуваарийн дагуу төлсөн төлбөрийг техник түрээсийн төлбөр болгон тооцно” гэж зааснаас бус худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан сар бүр төлөх төлбөрийг техник түрээсийн төлбөрт тооцно гэж заагаагүй, мөн худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, техникүүдийг нэхэмжлэгч эзэмшилдээ авсан тул манай компани тэдгээрийн үнийг төлөх үүрэг хүлээхгүй.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжилж буй 1,410,083,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 179,916,500 төгрөгийг гэрээний дагуу техник түрээсийн төлбөрт тооцохыг зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас хохирол 1,108,083,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 302,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,208,367.50 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,698,367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нь техникүүдээ гэрээний хугацаанд бусдад түрээслүүлэн олох ёстой орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого буюу хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн, гүйцэтгэх ёстой байсан үүрэг нь худалдагчаас шилжүүлсэн техникүүдийн үнийн төлбөрийг түүнд төлөх үүрэг юм. Анхан шатны шүүх шийдвэртээ энэ тухай дурьдаж, уг үүргээ зөрчсөн болох талаар хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс хариуцагч техникүүдийн үнийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч талд учирсан алдагдлыг түүнд учирсан хохирол гэж үзэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу хариуцагч тал гэрээгээр хариуцагч буюу худалдан авагч талд шилжүүлсэн техникүүдээ бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлогыг хохиролд тооцсоноос хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хариуцагч буюу худалдан авагч тал нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр гэрээний зүйл болох техникүүдийг нөгөө тал буюу нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй юм. Техникүүдийг түрээслүүлэн олох ёстой байсан орлого нь хэрэв хариуцагч уг техникүүдийг нэхэмжлэгчид тодорхой хугацаанд буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн бол, мөн уг үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд хохиролд тооцогдож болно. Тухайн тохиолдолд техникүүдийг буцаан шилжүүлэх нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт хамаарах хариуцагчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч техникүүдээ өөрөө гэрээнээс татгалзмагц буцаан татан авсан тул энэ үүрэг дуусгавар болсон. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцаа нь өөр зохицуулалттай. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тохирсон хүү төлөх хариуцлага хүлээдэг болно. Иймд хариуцагчаас 1,108,083,500 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 1,410,083,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж,  үндэслэлээ “6 ширхэг өөрөө буулгагч машиныг бусдад түрээслүүлсэн бол олох ёстой байсан ашиг” гэж тайлбарлажээ. /хх 1-2, 198-199/

 

Хариуцагч “Э” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч “өөрөө буулгагч машины эвдрэл гэмтлийг засварласан, эдийн засгийн болон Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа зогссон, нэхэмжлэгч машин механизмыг лацдаж, эзэмшил ашиглалтдаа буцаан авсан” гэсэн үндэслэл зааж маргажээ. /хх 67-68, 202/

 

Хэргийн 6-9 дүгээр талд авагдсан 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 09/20 тоот “Худалдах, худалдан авах” гэрээнээс үзэхэд “М” ХХК нь “Э” ХХК-ийн өмчлөлд МТ86 маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг шилжүүлэх, “Э” ХХК нь 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2,250,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг байтал нэхэмжлэгч “М” ХХК нь бусдын буюу “Капитрон банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй МТ86 маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг /хх 19-24/ “Э” ХХК-ийн өмчлөлд бус харин эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн өгсөн байна. /хх 13-18/

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар “Мн говь” ХХК нь МТ86 маркийн 6 ширхэг өөрөө буулгагч машиныг 2019 оны 09 сарын 20-ны өдөр “Э” ХХК-д хүлээлгэн өгсөн /хх 13-18/, улмаар 2020 оны 07 сарын 06-ны өдөр дээрх өөрөө буулгагч машинуудыг лацдаж, 2020 оны 10 сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан авсан үйл баримт, мөн “Э” ХХК-ийн зүгээс дээрх хугацаанд нийт 179,916,500 төгрөгийг мөнгө, орон сууцаар төлсөн үйл баримт, мөн нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг “Э” ХХК-д удаа дараа мэдэгдсэн, талууд удаа дараа уулзалт зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, улмаар “М” ХХК нь 2020 оны 08 сарын 06-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Э” ХХК-д хүргүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд тусгагдсан “өөрөө буулгагч машиныг худалдах, худалдан авах үнэ”-ийг олох ёстой байсан орлого гэж дүгнэн хохиролд тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 1,410,083,500 төгрөг гаргуулах шаардлагаа “6 ширхэг өөрөө буулгагч машиныг бусдад түрээслүүлсэн бол олох ёстой байсан орлого” гэж тайлбарлаж, гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хугацаанд тооцон нэхэмжилж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Үнэлгээ” /хх 158-166/ үндэслэлтэй эсэх талаар зохигчдыг мэтгэлцүүлж, адил төрлийн өөрөө буулгагч машины түрээсийн төлбөр хэд болохыг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 06-ны өдөр төлсөн 5,698,367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.НЯМБАЗАР