Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/265

 

    

 

Б.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Баттөр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1234 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхсайхан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн шүүгдэгч Б.Зд холбогдох 2308005000633 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.З оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Үнэгэн сүүлхэй Лидэр гэх ургамлыг 2019 онд түүж бэлтгэн зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сард өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж түүж бэлтгэсэн, хадгалж, тээвэрлэсний улмаас Байгаль орчин уур амьсгалын санд учирсан 26,991,600 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 134,958,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар байгаль орчинд учирсан 134,958,000 (нэг зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин найман мянга) төгрөгийн экологи-эдийн засгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримаар хураагдсан 216,8 килограмм жинтэй “Үнэгэн сүүлхэй лидэр” гэх ургамлыг цагаатгах тогтоол хуулийн төгөлдөр болмогц Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхсайхан нь бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Цагаатгах тогтоолын 6 дугаар нүүрт “Шүүгдэгч Б.З нь Б аймгийн Д сумын нутаг дэвсгэрт ургаж байгаа Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидер /Chenopodium lljinii/ гэх нэршилтэй ургамлын үр болон үндсийг 2019-2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэж, өөрийн ногооны талбайд тариалсан, түүнийг хураан авсан, Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидер /Chenopodium lljinii/ гэх нэршилтэй ургамлыг 2023 оны 01 дүгээр сарын 8-наас 10-ны өдрийн хооронд гэрч П.Б-ийн эзэмшлийн 0000 БАА улсын дугаартай Mitsibushi Supergreat маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагад шалгагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна” гэж шүүх дүгнэжээ. Б.Згийн хувьд Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидер /Chenopodium lljinii/ гэх нэршилтэй байгалийн ургамлыг үр болон үндсээр нь шилжүүлэн суулгаж тариалсан гэх үйл баримт нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч Г.Б, А.Б, Д.Н нарын мэдүүлгээр нотлогдсон байхад дээрх мэдүүлгийг хэрхэн няцааж байгаа талаар цагаатгах тогтоолд дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр ховор ургамлын үр болон үндсийг шилжүүлэн суулгаж тариалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэсэн хуулийн агуулгад нийцсэн, мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...түүсэн, бэлтгэсэн, ...боловсруулсан...” шинжид хамаарч байхад үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх Ургамал хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар тодорхойлогдсон “таримал ургамал”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тодорхойлогдсон “байгалийн ургамал” гэсэн тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Б.Згийн үйлдэл буюу Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидер /Chenopodium lljinii/ гэх нэршилтэй ургамлын үр болон үндсийг шилжүүлэн суулгасныг байгалийн ургамал гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Б.Згийн Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидер /Chenopodium lljinii/ гэх нэршилтэй ургамал байгалийн ургамлын түүж бэлтгэн үр болон үндсийг шилжүүлэн суулгасан үйлдэл нь өөрөө байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл Б.Згийн тарьж ургуулан хураан авсан гэх ургамлын ургах, бүрэлдэн бий болох эх үндэс нь байгалийн ургамлын үр болон үндсийг шилжүүлэн суулгасантай шууд шалтгаант холбоотой юм. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг зөрчсөн буюу үндэслэлээ тодорхойлохдоо Ургамал хамгаалах тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох заалтыг иш үндэс болгон тодорхойлсон. Харин хэрэгт авагдсан баримтыг хэрхэн яаж үгүйсгэж байгааг тогтоолд тусгаагүй, хэрэгт байх мэдүүлэн нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй гэж дүгнэж байна.

Дээрх нөхцөл байдпууд нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1234 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.   

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж байгаа бол яллах нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг цагаатгах тогтоолд оновчтой зөв тодорхойлох ёстой байсан. Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Үнэгэн сүүлхэй Лидэр гэх ургамлыг өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж, түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн. Үнэгэн сүүлхэй Лидэр ургамалтай холбоотой үр, үндэс гэх мэт бүхий л бодисууд бүхэлдээ ургамлыг зөвшөөрөлгүй бэлтгэх үйл явцад хамаарна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид ховор ургамлыг хууль бусаар зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл хамаарна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байхад шүүх илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ял завшуулах нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуульд нийцсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс “заавал энэ хүнийг яллах гэж байгаа бол хохирлын хэмжээг бодитой тогтоож өгнө үү. Хуулийн нэр томьёонд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэж байгаа. Байгальд хаягдсан үрийг түүж, 3 жил тарьж, ургуулсан асуудал. Үрийнх нь хэмжээг шинжээчийн дүгнэлтээр гаргуулъя, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргахад тус хүрээлэнгээс “мэдэх боломжгүй” гэх хариу ирсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.Зг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Үнэгэн сүүлхэй Лидэр гэх ургамлыг 2019 онд түүж бэлтгэн зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сард өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж түүж бэлтгэсэн, хадгалж, тээвэрлэсний улмаас Байгаль орчин уур амьсгалын санд учирсан 26,991,600 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 134,958,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт, шүүгдэгч Б.Згийн хэрэгт анх гэрчээр өгсөн “...Лидэр ургамлын үр нь орой дээрээ гарч ирээд намар болохоор байгалийн жамаараа унадаг. Би 2018 оны намар унасан үрийг нь түүж аваад, хавар өөрийн ногоо тарьдаг газрын 1 га орчимд тарьсан, 2019 оны хавар ургасан мөчрөөс нь тайрсан хэсгээс суулгасан. Тэгээд 3 жил арчилж байгаад 2022 оны 11 сард хураасан. ...” /хх 44/, яллагдагчаар мэдүүлсэн “...”...2018 оны намар үрийг нь түүж аваад, 2019 оны хавар үрээр нь суулгаад, тэгээд дараа нь мөчрөөс нь 20-30 см хэмжээтэйг тайрч аваад шороонд суулгаад, 3 жил арчилж, усалж байгаад 2022 оны 11 сард хураасан....” /хх 95/ гэж лидэр гэх ургамлыг үрээр нь анх тариад, уг үрээр ургасан ургамлыг салаалуулах байдлаар 3 жил үржүүлэн тарьж хураасан гэсэн мэдүүлэг нь:

            гэрч А.Бгийн “...З 3 жмлийн өмнөөс ногооны талбайдаа Лидэр гэдэг ургамал тариална гээд үрийг нь олж ирээд тариалж байхыг мэднэ. ...”, гэрч Ө.Н /байгаль хамгаалагч/-ын “...багахан талбайд лидэр гэх ургамлыг тариалдаг. 3-4 жилийн өмнөөс тариалж эхэлсэн. Лидэр гэх ургамал нь тариалсан даруйд хурааж авдаг ургамал биш байна билээ. Тариалсан талбай нь бага хэдий ч Лидэр гэх ургамал нь үндсээрээ хавж ургадаг ургамал учраас багагүй хэмжээтэйг хурааж авсан байх...” /хх 68/ гэсэн Б.Згийн үрээр 3 жил орчим тариалсанг нотлон мэдүүлсэн мэдүүлгүүд,

            хэргийн газрын үзлэг: “...оролцогчийн зааснаар гэрийн урд байх 70х65 метр орчим талбайд Лидэр гэх нэртэй ургамлыг тариалж байсан гэх ба уг талбайд тариалсан ургамлыг хурааж авсан байдалтай байх ба талбайн хэсэгт Лидэр ургамлын иш хэсэг болон хатсан иш хэсгүүд хэд хэд байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...” /хх 18-19/, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тариалангийн талбайд хатсан лидэр ургамлын иш, үндсүүд  харагдаж байгаа гэрэл зургууд / хх 22-23/-аар нотлогджээ. 

            Мөн Б.Згийн “Үнэгэн сүүлхэй Лидэр” ургамлын байгаль дээр гөвсөн үрийг түүж авч ургуулан, ургуулсан лидэрийнхээ мөчрөөр үржүүлж 3 жил тариалсныхаа дараа тариалсан “Үнэгэн сүүлхэй Лидэр” ургамлаа хураасан гэх мэдүүлэг нь “...“Үнэгэн сүүлхэй Лидэр” үр үндсээр үржих чадвартай. Гуурт дээд ургамал нь бэлгийн болон бэлгийн бус үржлээр үрждэг. Бэлгийн үржил нь тухайн дээд ургамлыг цэцэглээд үр тогтолт явагдсаны дүнд “үр” бий болж дараагийн шинэ бодгаль бий болгохыг хэлнэ. Бэлгийн бус үржил нь үндэс болон мөчрөөр үржихийг хэлнэ. ..., ...Үнэгэн сүүлхэй Лидэр нь 50-100 см хүртэл өндөр, үндэс гололсон хэдий ч 3 м болон түүнээс урт газрын хөрсөн доор хавж ургадаг үндэсний системтэй. ..., ...Үр жимс: тасарч гөвөгддөг хэлбэр бүхий эрихэн буурцагтнаас тогтоно.  Үр ургалтын тохиромжтой температур +20/+25/ хэм, ургал эрхтэнээр ургах тохиромжтой температур +10/+12/ хэмээс дээш дулаанд ургаж эхэлнэ. ...” гэсэн /хх 163-164/  шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуульд “...Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална. ...” гэж заасан ба Б.Згийн үрээр нь тарьж ургуулсан “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэх ургамал нь Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол, 2015 оны 410 тогтоолоор “Үнэгэн сүүлхэй Лидэр /Sopora alopecuroides L./” нь ховор ургамалд тооцогддог ажээ. Гэхдээ байгальд жамаараа гөвөгдсөн үрийг нь цуглуулж, ногооны талбайд хүний гараар арчлагдан тарьж ургагдан ургасан “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэсэн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд “...“байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг хэлнэ. ...”  гэж зааснаар байгалийн ургамал гэж үзэхгүй.

Мөн Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг тарималжуулахыг хориглоогүй байна.

Иймд Б.Згийн “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэсэн ургамлыг 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд тарималжуулан ургуулж, 2022 хураан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн “...Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ...ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан ...” шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэсэн ховор ургамлын үрийг нь цуглуулан авч, зөвшөөрөл бүхий ногооны талбайдаа суулган тарималжуулж, үржүүлээд эмийн түүхий эд болгож буй Б.Згийн үйлдэл нийгэмд аюулгүй шинжгүй, гэм буруутай үйлдэл биш байна.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэдэг нь тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж, жингийн мөнгөн үнэлгээг хэлнэ хэмээн заасан байдаг. Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь тухайн зүйлийн оршихуйн чадавхи хийгээд хүний амьдралд шууд өгч байгаа үр ашгийг харгалзан мөнгөн үнэлгээг тогтоох асуудал юм. Шинжээчийн дүгнэлтээр “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэсэн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 124,500 төгрөг байна /хх 72-73/.

Байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлоор экологи, эдийн засгийн үнэлгээг үндэслэн экологт учирсан хохирлыг тооцдог. Б.Згийн “Үнэгэн сүүлхэй Лидэр” гэх ховор ургамлыг ногооны талбайдаа байгалийн үрээр нь тарьж, тарималжуулсан ургамлаа хураан авсан, уг хураан авсан 261,8 кг ургамлаа эмийн түүхий эд болгохоор тээвэрлэсэн  үйлдлийн улмаас байгаль орчинд болон байгалийн нөөц баялагт, тодруулбал ургамлын аймагт /ургамлын амьдрах орчин, уур амьсгалд/ хохирол учраагүй байна.  

Иймд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Б.Зг цагаатгасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Мөнхсайханы бичсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1234 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Мөнхсайханы 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ