| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0317/З |
| Дугаар | 128/ШШ2025/0255 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0255
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Б.С******* нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолын Б.С******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.С******* миний нэхэмжлэлтэй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжийг эргэж харахаар ярилцаж байгаа тул миний зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа багасгаж байна. Үүнтэй холбогдуулж Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татахгүй байхыг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.С******* нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолын Б.С******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Б.С******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.С******* нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолын Б.С******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ