| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/07766/И |
| Дугаар | 192/ШШ2025/01959 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01959
|
|
|
|
2025 03 17 192/ШШ2025/01959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 16А, Засгийн 9 дүгээр байранд оршин байх, ЖЖ
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 08-02 тоотод оршин байх, “Ж
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршил таун 107 дугаар байр, 6 тоот хаягт бүртгэлтэй, Бүгд Найрамдах Солонгос улс, Пажу хот, Кимчон дүүрэг, 935-5 тоотод оршин суух,М
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршил таун 107 дугаар байр, 6 тоотод оршин суух, Г
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шархадны гудамж, 59б байр, 35 тоотод оршин суухС
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 332 дугаар байр, 706 тоотод оршин суух, П
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 3 дугаар байр, 23 тоотод оршин суух, Х
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж, 43 дугаар байр, 40 тоотод оршин суух, Ө
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 17 дугаар байр, 2 тоотод оршин суух, Ө
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 36 дугаар байр, 14 тоотод оршин суух, Б
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 401,163,858.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт “...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж зохицуулсан. Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дах заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ЖЖ болон түүнийг төлөөлөн захирал М, хамтран үүрэг гүйцэтгэгч Г нар нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” (Цаашид “Сан” гэх)-аас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 88/2018/3-126 тоот зээлийн, 88/2018/Б-126 тоот барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Хатаасан мах” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1/ ММММ үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.
Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татсан болно.
Иймд ЖДҮХСан болон ЖЖ нарын хооронд байгуулсан 88/2018/3-126 тоот зээлийн гэрээний үүрэгт ЖЖ-иас 401,163,858,37 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 264,914,503.97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,501,067.94 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 133,707,786.46 төгрөг, нотариатын зардал 40,500.00 төгрөг, зээлийн гэрээний 1.5, 1.9.4, 9.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.
3ээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний барьцаалбар хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч нараас шүүхэд дараах агуулга бүхий тайлбарыг гаргасан. Үүнд: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ЖЖ нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 88/2018/3-126 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг Хатаасан мах бэлтгэх төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг авсан ба зээлийн эргэн төлөлт 2018, 2019 онуудад хэвийн төлөгдөж байсан.
2020 оны эхний улирлаас нийтийг хамарсан Ковид -19 халдварт цар тахал гарч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдал шилжсэнтэй холбоотой манай хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаа болон тэдгээртэй хамааралтай байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон болно.
Үүнийг Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2,6 дахь хэсэг, МҮХАҮТ -ын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дахь заалт, МҮХАҮТ-ын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1-т заасны дагуу ЖЖ-д 2023-12-12 өдөр № 02/433 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-н гэрчилгээ олгогдсон.
Мөн 2021 онд бидний бизнесийн үйл ажиллагаа улам хүндэрч, бизнесээ явуулж чадахгүй мөн үүсгэн байгуулагч, захирал болох Мгийн эхнэр хүнд өвчнөөр өвдөж Солонгос улсад эмчийн хяналтад байнгын эмчилгээ хийлгэн, Мгийн асрамжид байна. ЖЖ нь өөрийн үйл ажиллагаа доголдсон талаараа Жижиг дунд үйлдвэрийн газарт хандан зээлийн гэрээний хугацааг сунгах, мөн хөл хорио, ковидын улмаас болж компани үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа болон зээлийн гэрээний алданги төлөхөөс чөлөөлж өгөхийг удаа дараа албан бичиг илгээж байсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн зээл 264,914,503.97 төгрөг, зээлийн хүү 2,501,067.64 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах ба тайлбарт дурдагдсан нөхцөл байдлыг харгалзан зээлийн алданги болох 133,707,786.46 төгрөг төлөх төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, 2018 оны 7 дугаар сарын 30-ы өдрийн №88/2018/З-126 тоот, №88/2018/Б-126 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хавсралтууд /хх5-22/, итгэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх23-43/, ЖЖ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрэм /хх44-49/, зээл төлөлтийн хуулга /хх15-16/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын гэрчилгээ /хх54/, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №49 тоот “Агентлаг байгуулах тухай” МУЗГ-ын тогтоол /хх53/.
4. Хариуцагч нараас дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх66-70, 95-97, 99, 101, 103-04/, ЖЖ-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №21/А-5 дугаар Жижиг дунд үйлдвэрийн газарт гаргасан хүсэлт /хх106-107/, ЖЖ-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №24-3 дугаар Жижиг дунд үйлдвэрийн газарт гаргасан хүсэлт /хх108/, Ггийн Жижиг дунд үйлдвэрийн газарт гаргасан хүсэлт /хх109/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02/433 тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ /хх110/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон ЖЖ, Г нар 88/2018/З-126 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Хатаасан мах”-ны төслийн зориулалтаар ЖЖ, Г нарт зээлэхээр, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
2. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд ММММ үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, 88/2018/Б-126 тоот барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ.
3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна.
Хоёр.
1. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч ЖЖ, М, Г, Б.ББББ нарт холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ Зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэлд 264,914,503.97 төгрөг, зээлийн хүү 2,501,067.94 төгрөг, алданги 133,707,786.46 төгрөг, нотариатын зардал 40,500 төгрөг, нийт 401,163,858.37 төгрөг гаргуулах;
2/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах.
2. Хариуцагч талаас зээлийг хүлээн авсан болон үндсэн зээл, хүүгийн тооцоолол, нотариатын зардлын талаар маргаагүй. Харин алдангийг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргажээ.
Гурав.
1.1. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
1.2. Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.
1.3. Дээр дурдсанчлан хариуцагч ЖЖ болон Г нарын зүгээс зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан болон үндсэн зээлийн тооцооллын талаар маргаагүй. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог учир нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 264,914,503.97 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
2. Зээлийн хүү:
2.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн байна.
2.2. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 88/2018/3-126 тоот зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 3 хувиар, хугацааг 60 сар байхаар тус тус тохирсон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагч талаас зээлийн хүү 2,501,067.94 төгрөгийг шаардах эрхтэй.
3. Алданги:
3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
3.2. Хариуцагч тал алдангийг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
3.3. Гэрээний хариуцлага болох алдангийн хэмжээг үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан багасгах боломжийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зохицуулжээ.
3.4. Хэрэгт хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02/433 тоот Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээг баримтаар гаргаж өгсөн. Уг гэрчилгээнд “...‘Ж’ ХХК-ийн авсан зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор нийслэл хотыг нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь ЖЖ-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, давах туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж ...гэрчилгээг олгож байна” гэж дурдагджээ.
3.5. Иймд гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу, үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 3/1 хувиар буюу 44,569,262 төгрөгөөр багасган тогтоох боломжтой гэж шүүхээс үзлээ.
4. Нотариатын зардал:
4.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
4.2. Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь буюу нотариатын зардал гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул энэ талаарх шаардлага хангагдана.
5. Барьцаа хөрөнгө:
5.1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
5.2. Гэрээний талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
Дөрөв.
1. Үүрэг гүйцэтгүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно. Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж ЖЖ болон Г нар хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээнд гарын үсэг зурсан учир тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.
2. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЖЖ болон Г нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
Тав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЖЖ болон Г нараас 2,163,769 төгрөгийг, хариуцагч М, БББ нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ЖЖ болон Г нараас 356,594,5596.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох МММММ үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЖЖ болон Г нараас 2,163,769 төгрөгийг, хариуцагч М, ББББ нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГА