| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03712/И |
| Дугаар | 192/ШШ2025/04422 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04422
2025 05 22 192/ШШ2025/04422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********************* тоотод оршин суух, Д овогтой Б- /РД:*************/
Хариуцагч: *********************** тоот хаягт байрлах, Б ХХК /РД:**************/,
Хариуцагч: Х************************ тоотод оршин байрлах А ХХК /рд: *****************/
Нэхэмжлэлийн шаардлага: Цонхны гадна талд байршуулсан хаяг буулгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У,
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,
Хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч А.Ө
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б ХХК, А ХХК нарт холбогдох цонхны гадна талд байршуулсан хаяг буулгахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Б- нь Б ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 210 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулсан. Уг захиалгын гэрээний дагуу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 001098303 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар Нийслэлийн ************* дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол /17032/, **** гудамж **** байр *** дугаар давхар **** тоот хаягт байршилтай 58.04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.Б- юм. Уг үл хөдлөх хөрөнгийн цонхны гадна талд “F ” Chinese food гэсэн хаяг байршуулсан нь Д.Б-гийн өмчлөх эрхэд халдаж байна. Үйлчилгээний талбайд өөртөө үйлчлэх гэрэл зургийн студи болох “Lucerna self” photo studio-г ажиллуулдаг бөгөөд өөрийн үйл ажиллагааны ашиг орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг таниулах зорилгоор Lucerna self” photo studio хаягийг барилгын цонхны гадна талд байршуулахад бэлэн болсон. Гэтэл цонхны гадна хаяг байршуулснаар өөрийн хаягийг байршуулах боломжгүй болсон мөн өдрийн турш нарны тусгалыг хааж байгаа нь өмчлөгч Д.Б-гийн өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Иймд “F ” Chinese food гэсэн хаягийг буулгахыг А ХХК, Б ХХК нарт даалгах өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б ХХК-иас хариу тайлбартаа: Иргэн Д.Б-гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол /17032/ Чингисийн өргөн чөлөө гудамж 35/5 байрны 2 давхар 205 тоот хаягт байршилтай 58.04 м.кв худалдаа үйлчилгээний талбайн гадна шилэн фасаданд иргэн Д.Б-гийн зөвшөөрлийг авалгүй “F ” Chinese food гэсэн хаяг тогтоохдоо одоо 205 тоотод үйл ажиллагаа эрхэлж буй “Lucerna self” photo studio гэх гэрэл зургийн студийн нарны тусгалд саад учруулан гадна хаягаа тогтоосон гэсэн байна. Уг худалдааны төвийн гадна шилэн фасад нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд Б ХХК нь менежментийг хариуцдаг болно. Д.Б- нь гомдол гаргасны дагуу бид Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай уулзаж ярилцан 3 тал ямар нэгэн асуудал, санал гомдолгүй болж 2024 оны 6 дугаар сарын 05-нд дээрх хаягийг дээшлүүлж “Lucerna self” photo studio гэх гэрэл зургийн студийн нарны тусгалд саад учруулахгүйгээр асуудлыг шийдсэн болно. Ер нь бол мэргэжлийн хяналт шалгалтын дагуу манайх хаягийг дээшлүүлсэн. Тухайн үед Хан-Уул дүүргээс ирж хүмүүс үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч А ХХК-иас хариу тайлбартаа: Тус иргэний хэрэгт хариуцагч нь Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК, А ХХК нар Д.Б- гэдэг хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчөөд байгаа нь тодорхойгүй. Д.Б-гийн өмчлөлийн 205 тоот объектод шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлийн зургийг харвал ямар нэг байдлаар А ХХК-ийн энэ рестораны хаяг нарны тусгал хаасан, өмчлөх эрхэд халдсан гэх зүйл бол харагддаггүй. Өмчлөх эрхэд нь халдсан гэж байвал тэр хаяг Д.Б- гэдэг хүний өмчлөлийн зүйлийн хүрээ хязгаарт нь нэвтэрчихсэн орчихсон байх ёстой. Гэтэл энэ хаяг бол 205 тоот дугаартай объект дотор байршаагүй. Энэ барилгын фасад дээр байршиж, нийтийн эзэмшлийн талбай дээр байршиж байгаа. Мөн цонхны гадна талд байгаа хаяг нарны гэрэл үзэх боломжийг нь хаасан зүйл байхгүй. Цонхных нь байршлаас бүүр дээшээ байршчихсан. Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэдэг зүйл яриад байдаг. Нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл дээр нь хаяг байршуулаагүй, нийтийн эзэмшлийн талбай гадна фасад дээр хаяг байршуулсан байхад яагаад Д.Б- гэдэг хүнээс зөвшөөрөл авах ёстой юм. Тухайн объектын орон сууцын менежментийг хэрэгжүүлж байгаа компани, СӨХ-нд хандаж зөвшөөрөл авах ёстой гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3, 185/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4З, 178/, Зураг /хх 5-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 7/, Нийслэлийн хяналт шалгалтын газарт Гомдол гаргах тухай /хх 167/, Нийслэлийн хяналт шалгалтын газарт /хх 168/, Тайлбар гаргах тухай /хх 176, 184/, Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ /хх 179-183/,
5. Хариуцагч Б ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 18/, Итгэмжлэл /хх 19/, Тайлбар хүргүүлэх тухай /хх 29/, Зураг /хх 30-31/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 32/,
6. Хариуцагч А ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 34/, Тусгай зөвшөөрөл /хх 35/, Итгэмжлэл /хх 36, 41-42, 156/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 39-40/, Хариу тайлбар гаргах тухай /хх 46/,
7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагч А ХХК-ийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/13566 тоот албан бичиг, хавсралт /хх 53-72/, Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 06/2212 тоот албан бичиг, хавсралт /хх 73-133/, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 138-144/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206104091 дугаарт бүртгэлтэй, *********** дүүрэг, **** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***** гудамж, **** байр, ** давхар *** тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдаж, цонхны гадна талд байршуулсан хаягийг буулгахыг хариуцагч нарт даалгах.
3. Хариуцагч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд:
Нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй гэж цонхны гадна талд нийтийн өмчлөлийн талбайд хаягийг байршуулсан гэж үгүйсгэсэн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 001098303 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206104091 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол /17032/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35/5 байр, 2 давхар 205 тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгч Д.Б-гийн өмчлөлд бүртгэгджээ.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.
Маргааны зүйл болж буй “F ” Chinese food /Ф Х Ч Ф / гэсэн хаягийг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол /17032/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35/5 байр, 2 давхар 205 тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын гадна талын хананд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн цонхны дээд хэсэгт байршуулсан болох нь зохигчдын тайлбараар, мөн шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-т Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно гэж, мөн хуулийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна гэж заасан ба 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж зааснаас үзэхэд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол /17032/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35/5 байр, 2 давхар 205 тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилгын гадна хана нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.
Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хэрэглэхдээ шаардлага гаргаж байгаа утгууд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл хууль ёсоор ашиглах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлохоос гадна нөгөө талаас эрх зөрчсөн, таслан зогсоолгохуйц үйлдэл бий эсэхийг тогтоох ёстой. Учир нь тус зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа эзэмшигч зөрчлийг арилгуулах, саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “F ” Chinese food /Ф Х Ч Ф / гэсэн хаяг нь өмчлөгч Д.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол /17032/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35/5 байр, 2 давхар 205 тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонх болон үзэгдэх орчныг халхласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Учир F ” Chinese food /Ф Х Ч Ф / гэсэн хаягийг тухайн байршилд байршуулсан нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 9/10 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт Гадна зар сурталчилгаанд тавих шаардлагын 2.4-т “Барилгын хана, фасад дээвэрт байрлуулах гадна хаягийн байгууламж нь тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх орчныг халхлахгүй байна” гэж заасныг зөрчөөгүй.
Хэрэгт авагдсан баримтаас тухайн хаягийг өөр байрлалд байршуулах гарцаагүй шаардлага үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн үйлдэл байгаа гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэж F ” Chinese food /Ф Х Ч Ф / гэсэн хаягийг буулгахыг шаардах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хариуцагч Б ХХК, А ХХК нарт холбогдуулан гаргасан F ” Chinese food /Ф Х Ч Ф / гэсэн хаягийг буулгахыг даалгах тухай Д.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *********** дүүрэг, **** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***** гудамж, **** байр, ** давхар *** тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонхны гадна талд байршуулсан хаягийг буулгахыг хариуцагч Б ХХК, А ХХК нарт даалгах тухай Д.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН