2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02009

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           03              18                                           192/ШШ2025/02009       

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 11/1 дүгээр барилга, 6 дугаар давхарт оршин байх, ББ /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 6 дугаар байр, 42 тоотод оршин суух, Э.Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: 21,908,362.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 

Зээлдэгч Э.Д нь 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №08000901995 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд 80-16 УНЛ улсын дугаартай, Лексус Ис 250 /Lexus IS 250/ маркийн автомашиныг барьцаалж тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 38,500,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч Э.Д байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй ч зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Тус ББСБ-ын зүгээс зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир автомашиныг хураан авч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь биелүүлээгүй. Иймд Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан боловч барьцааг худалдсан дүн зээлийн гэрээний дүнг хааж хүрэхгүй байгаа тул ББСБ нь зээлийн гэрээний үлдэгдэл дүнг нэхэмжлэх үндэслэл болж байна.

Иймд зээлдэгч Э.Дас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 17,348,022.01 төгрөг, зээлийн хүүнд 1,682,217.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,878,122.97 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 2,191,000 төгрөг, нийт 24,099,362.48 төгрөгийг нэхэмжилж анх шүүхэд хандсан. Гэвч холбогдох баримтаа өгөөгүй учир өмгөөлөгчийн зардал 2,191,000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Өөрийн шаардлагыг 21,908,362.48 төгрөг болгон багасгаж байна. Иймд гэрээний үүрэгт 21,908,362.48 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байсан боловч бодит эзэмшил нь хариуцагчид байсан. Бид тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сард хурааж аваад 11 дүгээр сард нь бусдад худалдсан болно гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох автомашиныг хариуцагчаас хураан авч, бусдад худалдан борлуулснаар зээлийн гэрээ дуусгавар болсон. Үүнээс хойш хариуцагч зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй.

Зээлийн гэрээний зөрүү төлбөрийн талаар нэхэмжлэгч талаас шаардаагүй,  зөвхөн зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Анх гэрээний дагуу тохиролцон төлбөрийг хуваарийн дагуу төлсөн нийт 5 сарын мөнгө болон худалдан борлуулагдсан автомашины мөнгөн дүнгээр зээлийн гэрээний  үүрэг биелэгдэж дууссан.

Хариуцагч Э.Д нь зээлийн төлбөрт нийт 5 сарын хугацаанд 8,898,098 төгрөг төлсөн. Хариуцагчийн зээлийн гэрээний төлбөрт төлсөн илүү төлөлтийн мөнгө үндсэн зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаж тооцогдох ёстой. Хариуцагчийн нийт төлөх ёстой сар бүрийн төлбөрөөс илүү гарсан төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс нийт 3,194,660 төгрөг хасагдах ёстой байсан.

Хариуцагч Э.Д зүгээс өөрийн төлсөн зээлийн төлбөр болон авто машины борлуулсан мөнгийг нийлүүлэхэд нийтдээ 38,898,000 төгрөг төлөгдсөн.   Нэхэмжлэгч тал гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан учраас түүнээс хойш зээлийн гэрээний хүүгийн төлбөр бодогдохгүй гэж үзэж байна.

Гэхдээ хариуцагч нь анх авсан зээлээс төлсөн төлбөрөө хасаад тооцоход үлдэх 30,300,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтийн зөрчил гарч эхэлснээс одоог хүртэл нийт 10 сарын хугацааны хүүнд 9,090,000 төгрөг /1 сарын 3 хувийн хүү/-ийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, хуулийн этгээдийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 6-8/, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ” /хх9-10, 23, 24/, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ” /хх11-12/, 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, хавсралт /хх 13-17/, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт /хх 18-20/, гэрээний үүрэг гүйцэтгэх тухай шаардлага /хх21-22/, автомашины техникийн үнэлгээний тайлан /26-29/, нэхэмжлэх /хх30/, өргөдөл /хх31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх34/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх51/, дансны хуулга.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Д болон ББ-иуд №08000901995 тоот “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч ББ нь 38,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Э.Д уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. 

 

2. Мөн өдрөө дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №08000901995 тоот “Барьцааны гэрээ”-г талууд байгуулжээ. 

 

3. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч ББ нь хариуцагч Э.Дд холбогдуулж үндсэн зээлийн төлбөрт 17,348,022.01 төгрөг, зээлийн хүү 1,682,217.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,878,122.97 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,191,000 төгрөг, нийт 24,099,362.48 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчийн зардал 2,191,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба өөрийн шаардлагыг 21,908,362.48 төгрөг болгон багасгасан.

 

5. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлийг “...зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир барьцааны зүйл болох автомашиныг худалдан авч бусдад худалдан борлуулсан, ...барьцааг худалдан борлуулсан үнийн дүн зээлийн төлбөрийг бүрэн төлж хүрэлцэхгүй байгаа учир үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

6. Хариуцагч Э.Д өөрийн татгалзлыг “...барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч худалдан борлуулснаар хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дууссан, ...гэхдээ 9,090,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзахгүй” гэж тайлбарлав. 

 

7. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №08000901995 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу  талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа  үүссэн байна. 

 

8. Харин нэхэмжлэгч ББ нь хариуцагч Э.Дтай дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “барьцааны” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг зээл төлөх хугацаанд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн, барьцааны зүйлийг зээлдэгч нь өөрөө ашиглахаар тохирсон байдлаас үзэхэд талуудын хооронд барьцааны бус Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагджээ. 

 

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

11. Хариуцагч Э.Д зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал 80-16 УНЛ улсын дугаартай автомашиныг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусдад худалдан борлуулсан ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

12. Дээрх үйл баримтыг зээлийн төлбөрийн баталгаа болох фидуцийн зүйлээр үндсэн үүргийг хангагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д тус тус зааснаар 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №08000901995 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч буюу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болжээ.

 

13. Иймд хариуцагч Э.Дас үндсэн зээлийн төлбөрт 17,348,022.01 төгрөг, зээлийн хүү 1,682,217.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,878,122.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. 

 

14. Гэхдээ хариуцагчийн “...9,090,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой” гэсэн тайлбарыг үндэслэн уг мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ гэж шүүхээс үзэв.   

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Дас 160,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ-д олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Дас 9,090,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,818,362.48 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Дас 160,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГА