2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03696

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           05              05                                           192/ШШ2025/03696       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Ганцэцэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Ард Аюуш 6-103 тоотод оршин суух, Норов ургийн овогтой Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 280 тоотод оршин суух, Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 14,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.

Хариуцагч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Л.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Хариуцагч Ш.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 50 минутын орчимд “Тоёота марк-2” маркийн, 09-53 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа “Тоёота акуа” маркийн 20-61 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ш.Бгийн эрүүл мэндэд 5 нугламын баруун талын нумын хугарал, баруун шилбэний цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан.

Уг ослын улмаас нэхэмжлэгч Ш.Б удаан хугацааны турш ажил хөдөлмөр эрхэлж чадахааргүй болсон. Мөн гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь байнгын эмнэлэгийн хяналтад орсон, эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон юм.

Иймд хариуцагч Л.Бгаас осол болсон 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарыг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 11,200,000 төгрөг, ирээдүйд эмнэлэгт үзүүлэх зардал 3,000,000 төгрөг, нийт 14,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь 1 сарын цалинд 1,600,000 төгрөг авдаг байсан бөгөөд 1 сарын 1,600,000 төгрөгийг 7 сараар тооцож 11,200,000 төгрөгийн тооцооллыг гаргасан. Нэхэмжлэгч нь хүнд гэмтэлтэй учир цаашид зайлшгүй эмчилгээ, сувилгаа хийлгэх ёстой,  эмчилгээний зардалд ойролцоогоор 3,000,000 төгрөг зарцуулах тооцооллыг гаргасан гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зам тээврийн осол миний буруугаас шалтгаалан гарсан, гэм буруугийн талаар маргахгүй байна. Мөн нэхэмжлэгч Ш.Бг 1,600,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан болон 7 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаар маргахгүй. Харин би өөрөө нялх хүүхдүүдтэй, төлбөрийн чадваргүй учир нэхэмжилж буй мөнгийг өгөх боломжгүй. Мөн эрүүгийн шүүхээс авах ёстой ял шийтгэлээ авсан, одоо өөр өр төлбөргүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх2/, “Сод номхон далай” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №01 тоот тушаал /хх3/, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх4-6/, Хаан банкны дансны хуулга /хх7-25/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/шцт/594 тоот шийтгэл тогтоол /хх26-31/, “Сод номхон далай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №56 тоот тодорхойлолт /хх43/, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр /хх44/, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас /хх64-65/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх66-70/, 

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй. 

 

5. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/381 тоот албан бичиг, хавсралт /хх71-73/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/шцт/594 тоот шийтгэх тогтоолоор Л.Бг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Ш.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутайг тогтоож, хуульд заасан холбогдох ял шийтгэлийг ногдуулжээ.

 

2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Л.Б холбогдуулж гэм хорын хохиролд буюу ажилгүй байсан хугацааны цалин 11,200,000 төгрөг, гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг, нийт 14,200,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. 

 

3. Тэрээр дээрх шаардлагын үндэслэлээ “...гэмтлийн улмаас ажил хийж чадаагүй, ажилгүй байсан 7 сарын хугацааны цалинг нэг сарын 1,600,000 төгрөгөөр тооцон нэхэмжилнэ, ...хүндэвтэр гэмтэлтэй учир цаашид зайлшгүй эмчилгээ, сувилгаа хийлгэх ёстой, ...эмчилгээний зардалд ойролцоогоор 3,000,000 төгрөг зарцуулах тооцоо гарсан”  гэсэн агуулгаар тайлбарласан. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

5. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

6. Хариуцагчийн зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон зам тээврийн осол түүний буруутай үйлдлээс гарсан болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тал дээр маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн шалтгаанаа “...өгөх ёстой төлбөрийг төлсөн, ...төлбөрийн чадваргүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. 

 

7. Нэгэнт хариуцагчийн буруугаас шалтгаалж дээр дурдсан зам тээврийн осол гарсан учир нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх хуулийн дагуу үүсжээ. 

 

8. Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

8.1. 11,200,000 төгрөгийн шаардлага:

 

8.1.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч буюу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг шаардах эрхтэй буюу өмнө авч байсан цалин хөлс болон нийгмийн даатгалын сангаас авсан хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

 

8.1.2. Мөн аливаа этгээд хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа бол хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр баталгаажих учиртай. 

 

8.1.3. Гэхдээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Бг 1,600,000 төгрөгийн үндсэн цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байсан болон 7 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаар маргаагүй. Иймд хариуцагч 11,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

8.2. 3,000,000 төгрөгийн шаардлага:

 

8.2.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

8.2.2. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Хоёр.

 

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 194,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Бгаас 11,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 194,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ

 

     ШҮҮГЧИД                                                        Б.ГАНЦЭЦЭГ

                          

                                                                                                                 А.САРАНТУЯ