2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04101

 

  

  

 

           2025             05             14

   192/ШШ2025/04101

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******************************** тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын Д /РД:***********************/,

Хариуцагч: ************************************ тоот хаягт оршин суух Б овогт М-ын С /РД:***************************/,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Л,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч М.С-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие болон хариуцагч М.С- бид харилцан тохиролцож 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан хүү тооцохгүйгээр 26 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, мөнгө хүлээн авсан актыг хариуцагч бичгээр үйлдсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийхгүй, удаа дараа утсаар залгасан боловч утсаа авахгүй, санаатай зайлсхийж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд М.С-оос гэрээний үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөг, мөн гэрээний 3.7-д зааснаар алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 20 сая төгрөгийг бэлнээр авч мөнгө хүлээн авсан актыг хариуцагч бичгээр үйлдсэн гэх боловч кассын зарлагын ордер гэсэн баримтад нягтлан бодогч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь зээлдүүлсэн гэх мөнгө нь иргэний мөнгөн хөрөнгө бус байгууллагын мөнгөн хөрөнгө болох нь нотлогдож байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь иргэн Г.Д- бус хуулийн этгээд байхаар байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаас харахад 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ тооцоо нийлж 20,000,000 төгрөгийн өртэй гарсан талаар дурдсан нь иргэн М.С- 20 сая төгрөгийн өртэй, уг өр төлбөр гарахаас өмнө ямар нэгэн төлбөр тооцоотой байсан, уг өрийн үлдэгдлийг нэхэмжлэхээр болсон, нэхэмжлэхдээ ямар нэгэн алданги тооцох талаар харилцан тохиролцоогүй, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөр төлбөр тооцооны харилцаа дууссан гэж ойлгогдохоор байна. Тооцоогоо нийлж акт үйлдэж хэлцэл хийсэн гэх тэрхүү хугацаанд иргэн М.С-, Г.Д- нар зээлийн гэрээ байгуулж, тооцоо нийлсэн өдрөөс хойш 26 хоногийн хугацаа тооцсон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн зээлийн гэрээний агуулга, зарчимд огт нийцээгүй, уг гэрээг гэрчилсэн гэх нотариатын үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн зээлийн гэрээний ерөнхий агуулга, зарчим бол мөнгө буюу эд хөрөнгө зээлдүүлэгчийн өмчлөлөөс зээлдэгчийн өмчлөлд шилжсэн байхыг шаарддага бөгөөд дээрх харилцаанд зээлдэгч М.С-ын өмчлөлд хэдий хугацаанд 20 сая төгрөг хэрхэн шилжсэн нь тодорхой бус, тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгийг зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлсэн гэх нөхцөл байдал хуульд огт нийцээгүй. Өмчлөлд нь шилжүүлээгүй, мөн тооцоо нийлсэн хэлцлийн мөнгө юм уу эсвэл зээлийн мөнгө эсэх тодорхой бус 20 сая төгрөгөөс алданги нэхэмжлэх хуулийн үндэслэл үгүй болно. Миний бие нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө хүлээн аваагүй зөвхөн мөнгө авчирч нотариатын дэргэд үзүүлээд уг мөнгийг буцаагаад нэхэмжлэгч өөрөө авсан, 20 хоног өнгөрсний дараа мөнгө гэж нэхээд viber /вайбэр/-аар байнга залгаад, бичээд өдөр бүр шахаж шаардаж ажил хийлгэхгүй байсан. Тэгээд арга буюу өгнө гэж бичсэн болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, Кассын зарлагын ордер /хх 4/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 5/, Мөнгө хүлээн авсан акт /хх 6/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 7-8/, итгэмжлэл /хх 16/, Зураг /хх 20-21/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 25/, Зураг /хх 38-39/, Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай /хх 42/,     

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 17/, итгэмжлэл /хх 18/, Тайлбар /хх 63/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.С-аас гэрчийн мэдүүлэг авсан /хх 41/, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Г.Д-ийн 90022003 дугаар дээрх viber /вайбэр/-аас хариуцагч М.С-ын 88113444 дугаар дээрх viber /вайбэр/ руу 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд харилцсан мэссэнжэр зурваст үзлэг хийсэн /хх 50-62/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

                              

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч М.С-од холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч М.С-оос 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги төлбөрт 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулах,

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Кассын зарлагын ордер баримтаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь иргэн Г.Д- бус хуулийн этгээд байна.

3.2. 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээн аваагүй.  

3.3. Хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, мөн тооцоо нийлсэн хэлцлийн мөнгө юм уу эсвэл зээлийн мөнгө эсэх тодорхой бус 20,000,000 төгрөгөөс алданги нэхэмжлэх хуулийн үндэслэлгүй.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Хэрэгт нэхэмжлэгч Г.Д- болон хариуцагч М.С- нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1698 дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч М.С- нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг 26 хоногийн хугацаатай буюу 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, хүүгүй зээлжээ. Зээлийг бэлэнээр, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөх, хугацааны эцэст зээлдүүлэгчийн Хаан банкны 5006466560 /Г.Д-/ тоот данс руу шилжүүлэхээр, мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1698 дугаар Зээлийн гэрээний зүйл нь 20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Хавтаст хэргийн 4 дүгээр талд Кассын зарлагын ордер гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр М.С- /мөнгө хүлээн авсан/, гүйлгээний утга 2024.08.31 хүртэл олгох зээл 20,000,000 төгрөг. Ерөнхий /ахлах/ нягтлан бодогч гэж гарын үсэг, хүлээн авсан гэж гарын үсэг тус тус зурсан байна.  

Хавтаст хэргийн 5 дугаар талд Тооцооны үлдэгдэлийн баталгаа №20240806 гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, Нэхэмжлэгч байгууллагын нэр: Г.Д-, төлөгч байгууллагын нэр: М.С-, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны өгч авалцсан зүйлээ хөтлөгдөж буй бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд М.С- 20,000,000 өртэй гарсныг харилцан батлав. Нэхэмжлэгч Г.Д-, төлөгч М.С- гэж гарын үсэг зурсан байна.    

Хавтаст хэргийн 6 дугаар талд Мөнгө хүлээн авсан акт гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, иргэн М.С- миний бие 2024.08.06-ны өдөр 20 сая төгрөгийг Г.Д-ээс хүлээн авсан. Зээлсэн 20 сая төгрөгөө 2024.08.31-ний өдрийн дотор эргүүлэн төлнө. Хүлээлгэн авсан М.С-, хүлээлгэн өгсөн Г.Д- гэж гарын үсэг зурсан байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудыг гэрч Ш.Сүнжидмаагийн “Хавтаст хэрэгт авагдсан 20, 21 дүгээр талд авагдсан фото зурагтай танилцаад өөрийн ажлын өрөө мөн” гэх мэдүүлэг, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний 3.4-д зааснаар бэлнээр 20,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч М.С- шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.   

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 20,000,000 төгрөгийг хариуцагч М.С-оос шаардах эрхтэй байна.

4.3. Талууд зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцсэн байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ. 

Иймд хариуцагчаас алданги төлбөрт 10,00,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ гэж үзлээ.   

 

5. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С-оос нийт 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож шийдвэрлэв.  

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С-оос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН