| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0414/З |
| Дугаар | 128/ШШ2025/0279 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э** ***** ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дүгээр тушаалын Э** **** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э** ***** ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Э** ***** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын манай компанид холбогдох хэсгийг эс зөвшөөрч Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээх зүйлийн 40.3-т заасныг тус тус удирдлага болгон тус шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2015 оны А-27 дугаар тушаалаар Налайх дүүрэг, 1 дүгээр хорооны нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагаан уулын өвөр нэртэй газарт 3 га газрыг 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар болж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/114 тоот гэрчилгээг авсан юм.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж ирсэн бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасан журмын дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан. Газар ашиглах эрх сунгах тухай хүсэлт гаргасны дараа 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Э** ***** ХХК-ний байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийн талаар Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн С.Б******* нь дүгнэлт гаргахдаа манай компанийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй, тогтоосон газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, Байгалийн унаган төрхийг хадгалах, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцдог гэж дүгнэсэн байдаг.
Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргад Э** ***** ХХК-ийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэхээр саналаа хүргүүлсэн, түүнчлэн тус хамгаалалтын захиргаанаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид манай компанийн гаргасан газар ашиглах эрхийг сунгах тухай хүсэлтийг дэмжиж байгааг тус тус хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гараагүй, мөн манай газар ашиглах эрхийг сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэж бидэнд хариу өгөөгүй юм.
Гэтэл сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалаар манай компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба уг тушаал гарсныг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүлээж авснаар мэдсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Учир нь дээрх 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хамгаалалтын захиргааны гаргасан Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай гурвалсан гэрээг дүгнэж, дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтээр манай компанийг ашиглалтын газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар дурдсан. Гэтэл тухайн дүгнэлт гараад 1 жил гаруйн хугацаа болж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн манай компани Улсын тусгай хамгаалалтын газарт газар ашиглах тухай гэрээ байгуулагдсан цагаас эхлэн тус гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг Газрын албанаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу тогтмол төлж ирсэн бөгөөд энэ талаар мөн дээрх дүгнэлтэд тодорхой дурддаг. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хэрэгжүүлэх арга хэмжээнд жил бүр 1,000,000 төгрөг зарцуулах гэж заасны дагуу төлбөрийг тухай бүрд нь тогтмол төлсөөр ирсэн бөгөөд энэ талаар мөн гэрээ дүгнэсэн актад тодорхой тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэх, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан тухайн газраа ашиглаагүй гэх хуулийн үндэслэлүүд тогтоогдоогүй байхад манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг сайд гаргасан нь үндэслэлгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал гаргаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасан хуулийн үндэслэл бүрдсэн эсэхийг бүрэн шалгаж, тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасанд гомдолтой байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 сарын 1-ний өдрийн ******* дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манайх үйл ажиллагаа хоёр төрлөөр явуулдаг байсан. Байгаль орчны яамнаас манай газрыг цуцалсан явдлыг бид гайхсан учир нь төлбөр төлөөгүй. Хүмүүсийг хоморголон цуцалж байхад манайх хамрагдчихсан байх гэж боддог. Манайх жил болгон сарын эхэнд бүтэн жилийн хугацаатайгаар төлбөр төлдөг байсан. 2020 оны эхэнд ковид-19 /цар тахал/ гарсан учраас бичиг баримтыг цаасаар авахгүй и-монголиа цахим сайтаар авдаг байсан. Манайх цахимаар явуулж Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалтын газар дэмжиж дэмжих бичгээ өгсөн байсан. Явц явагдаж байна гэсэн төлөв гарсан байсан. Бидний зүгээс хүлээж байхад цуцлагдсан гэсэн төлөвт орсон байсан учраас гомдол гаргаж эхэлсэн. Горхи Тэрэлж тусгай хамгаалалтын газар манайхыг отоглож байсан гэдгийг мэддэг мөн нэмж 10 га газрыг хамгаалж өгөөч гэж байсан. Манайх Бүгд найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалтайгаар томоохон байгаль хамгаалалтын төслийг хэрэгжүүлэх гээд эхний ажлыг хийгээд явж байхад танайх энэ төслөө хий нэмж 10 га газарт хэрэгжүүл гэж хэлээд зардал гаргаад явж байхад гэнэт манайхыг газар дээрээ юу ч хийдэггүй болгосон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Э** ***** ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эвт эрхэс ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний А/222 дугаар тушаалаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагаан уулын өвөр гэх газарт 3 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон байна. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 22/361 дугаар бүхий албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус хамгаалалтын захиргаанаас Хавсралтад дурдсан 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэнэ үү гэсэн агуулга бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосон талаар баримтыг ******* дугаар албан бичгээр ирүүлсний дагуу маргаан бүхий актыг гаргасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж заасан байдаг. Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн газрын төлбөр төлөлтийн байдлын судалгаанаас үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны хагас жилийн байдлаар 1,531,836 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Энэ нь газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй болохыг илэрхийлж байгаа учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаар бүхий албан бичгээр газрын үзлэг хийсэн баримтыг ирүүлсэн бөгөөд тус үзлэгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй болоод 7 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоог хүртэл газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь батлагддаг.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар 3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас гаргасан саналыг үндэслэж маргаан бүхий акт гарсан. Үүнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 531,836 (таван зуун гучин нэгэн мянга найман зуун гучин зургаа) төгрөгийн үлдэгдэлтэй баримт хэрэгт авагдсан. Мөн майхан барьсан гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар 7 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн ямар хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байна. Үйл ажиллагаа явуулсан баримт байхгүй. Үүнтэй холбоотой Дээд шүүхийн тайлбар байдаг тайлбарт барилга байгууламж, зам харгуй гэдгийн нарийвчлан тусгасан байдаг. Үүнтэй холбоотой тайлбар байхгүй. Майхан кемп гэж байгаль очинд хор хохирол учруулахгүй гэж тайлбарлаж байгаа ч үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх боломж нээлттэй байсан хэдий ч гаргаж өгөөгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрх дууссан байгаа. Зөвшөөрлийн тухай хуульд хугацаа дусахаас 30 хоногийн өмнө сунгуулах эрх аж ахуйн нэгжид нээлттэй байдаг. Хэрэгт авагдсан баримтад 2020 онд гаргаж өгсөн хүсэлт ямар нэгэн баримт байхгүй. 2021 онд тусгай хамгаалалтын газарт болон хамгаалалтын захиргаанд өгсөг хоёр хүсэлт хэрэгт авагдсан байдаг. Энэ хүсэлт нь ерөнхий үнэлгээг хийх, хугацаа сунгуулахтай холбоотой хүсэлт байдаг. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дусахаас 30 хоногийн өмнө хүсэлт өгөх ёстой байсан. Шүүхээс шаардахад 2020 оны хүсэлтүүд байхгүй байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э** ***** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр буюу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлөөгүй болон газраа зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгчид анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-222 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болох Налайх дүүрэг, Баянцагааны өвөрт байрлах 3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурван талт гэрээний 2.5-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн актаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрөө төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй байна.
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурван талт гэрээний 2.5-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байх ба үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш газрын төлбөр төлөх үүргийг хүлээхээргүй байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойших төлбөрөө төлөөгүй нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусаж, улмаар газар ашиглах эрх сунгагдах эсэх нь тодорхойгүй байсантай холбоотой байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Г авсан гэрчийн мэдүүлэгт ... Газар ашиглагч өөрөө нэхэмжлэх үүсгэх боломжгүй, газрын албаны мэргэжилтэн үүсгэнэ. Газар ашиглах эрх нь дуусгавар болсон тохиолдолд нэхэмжлэх үүсгэх боломжгүй. Газар ашиглах эрх олгосон байгууллага нь хугацаа сунгасан тохиолдолд болно ... гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэхээргүй байна.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэж гаргасан нь үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Горхи-Тэрэлжийн БЦГ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Э** ***** ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт гэсэн нэршилтэй 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хүснэгтийн Гурвалсан гэрээг дүгнэсэн актын Хэрэгжилт гэсэн хэсэгт Тогтоосон газартаа аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхэлдэг, Гурвалсан гэрээг батлуулж мөрдөж ажиллаж байсан, 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн тооцоогүй, Байгалийн унаган төрхийг хадгалах, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон зэрэг байдлаар бичигдсэн байна.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* болон мөн өдрийн ******* тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг дэмжиж байгааг болон байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус уламжилсан байна.
- Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд манай компани нь уг газар дээр байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр иргэдийг гольф тоглуулах, морь унуулах, бүжгийн тэмцээн зохион байгуулах, хийн дасгал хийлгэх, майхантай гэр бүлээрээ амрахаар ирсэн хүмүүсээс төлбөр авч амруулан 00 буюу ариун цэврийн өрөөгөө ашиглуулдаг байсан ба манай компани уг газар дээрээ хашаа, байшин зориуд бариагүй, цаашид ч барихгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх бөгөөд газар ашиглагчийн аялал жуулчлалын зориулалтаар хэрхэн, ямар байдлаар ашиглах хэлбэрийг барилга барих зэрэг хэвшиж тогтсон, уламжлалт байдлаар хязгаарлах боломжгүй.
Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудад үндэслэн шүүх дүгнэхэд, нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж утсаар тайлбарласан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн энэхүү тайлбарыг шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэл үйлдэн баримтжуулсан ба хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан баримтлан тус баримтлан нэхэмжлэгч Э** ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалын Э** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э** ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ