2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03803

 

 

 

 

                                     

 

 

 

     2025           05              06                                           192/ШШ2025/03803

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч А.Зүмбэрэл, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байранд оршин байх, Төрийн албаны зөвлөл

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 1 тоотод оршин суух хаягтай, Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 18,545,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Хариуцагч Д.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М

Иргэдийн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Д.Г холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

Д.Г нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Иргэн З.Л нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу:

1/ Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0754 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын 2016 оны Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, З.Лг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/20 дугаар тушаалаар 9,106,920 төгрөгийг З.Лд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

2/ Иргэн З.Лд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил албан тушаалдаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар томилогдсон бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эгүүлэн ажил, албан тушаалдаа томилогдсон өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалаа тооцож гаргуулахаар дахин шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00727 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар хөрөнгө гаргах тухай” А/711 дүгээр захирамжийг үндэслэн 9,438,710 төгрөгийг З.Лд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон. Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нийт 18,545,630 төгрөгийг олгосон байна.

Д.Гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 18,545,630 төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Д.Гоор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г миний бие нэхэмжлэгч “Монгол Улсын Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргалаа. Үүнд:

1/ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.

Д.Г миний бие Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь баримтаар нотлогдсон Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лг ажлаас нь өөрчилж, албан тушаалыг нь бууруулсан.

Ажил олгогчийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажилтанг ажлаас чөлөөлсөн /бууруулсан/-ийг хууль зүйн хувьд алдаатай байсныг захиргааны хэргийн шүүх тогтоож, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон нь хуулийн дээрх хэсэгт дурдсан “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй” үйлдлээр гэм хор учруулсан үйлдэл биш гэж гэж үзэж байна. Учир нь гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус /тодруулбал хуулиар хориглосон/ байх нөхцөл шаардагдана. Хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргахыг захирамж гаргах ёсгүй байхад гаргасан үйлдлээс ялгаатай.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 754 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар тогтоолд хариуцагч Д.Г намайг Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лг ажлаас нь өөрчилж, албан тушаалыг нь бууруулсан нь хуулиар хориглосон, анхнаасаа гаргах ёсгүй захирамжийг гаргасан гэж үзээгүй байдаг.

2/ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, уг хэсгийн 75.2.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэжээ.

З.Лг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас өөрчилсөн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамж гарснаас хойш хуулийн дээрх хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа өнгөрөөд удсан.

Ийм байхад Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Д.Г надад холбогдуулан хохирол хэмээн 18,545,630 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3/ Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн.

Ийм байхад Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг 2016 онд болсон үйл баримтад холбогдуулан буцаан хэрэглэж, Д.Г миний эрх зүйн байдлыг дордуулсан “Монгол Улсын Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.

4/ Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 157 дугаар захирамжаар Д.Г намайг Ховд аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн тул Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 727 дугаар шийдвэр надтай хамааралгүй, уг шийдвэрт тусгагдсан төлбөрийг миний бие хариуцах эрх зүйн үндэслэлгүй.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Д.Г надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх4/, итгэмжлэл /1 хавтас, хх5, 109, 2 хавтас, хх26/, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоол /1 хавтас,хх6/, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамж /1 хавтас, хх7/, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар захирамж, хавсралт /1 хавтас, хх8-9/, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаар шийдвэр /1 хавтас, хх10-14/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/ма2017/0754 дугаар магадлал /1 хавтас, хх15-25/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар тогтоол /1 хавтас, хх26-29/, Төлбөрийн хүснэгт /1 хавтас, хх31/, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/шш2018/00727 дугаар шийдвэр /1 хавтас, хх32-34/, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/262 тоот албан бичиг /1 хавтас, хх37-38/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №4/2272 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх55-61/, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №4/946 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх62-71/.

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №4/1428 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх115-121/, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №х/853 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх123-124/, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №5/379 тоот хариу албан бичиг, хавсралт /1 хавтас, хх125-227/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Ховд аймгийн Засаг дарга Д.Г 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар “...хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр З.Лг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

 

2. З.Л нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулж Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд  эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагуудыг гарган Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

 

3. Шүүхээс нэхэмжлэлийг хянаад Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, З.Лг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,036,720 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан З.Лд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

4. Мөн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00727 дугаар шийдвэрээр З.Лгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хянаад хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,275,355 төгрөгийг гаргуулж, холбогдох хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

 

5. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах 1,755,081,473 төгрөгийг холбогдох этгээдүүдэд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасны дагуу З.Лд 9,106,920 төгрөг,

Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/711 тоот “Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар хөрөнгө гаргах тухай” захирамжийн дагуу 9,438,710 төгрөг, нийт 18,545,630 төгрөгийг З.Лд олгосон байна.

 

Хоёр.

 

1. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл хариуцагч Д.Г холбогдуулж 18,545,630 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...Д.Гийн хууль шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг түүнээс нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба гэм буруу, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.

 

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээдэд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ. 

 

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулж үзвэл төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээхээр байна. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

7. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар тогтоолд “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ‘Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно’, 23.1.1-д ‘албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн’ гэж заасан, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах эрх зүйн харилцааг үндэслэл болгосон атлаа түүнийг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж дүгнэснээс үзвэл хариуцагч Д.Гийг гэм буруутай нь тогтоогдсон, хариуцагчийн “...гэм буруугүй” гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

8. Харин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

8.1. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасныг дээр дурдсан. Гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан.

 

8.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан “...шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан” хугацаа нь эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогдоно. Эрх бүхий этгээд эрхийн зөрчлийн тухай хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн болон мэдэх ёстой байсан үеэс тоолдог.

 

8.3. З.Лд захиргааны болон иргэний 2 шүүхийн шийдвэрийн дагуу нийт 18,545,630 /9,106,920+9,438,710/ төгрөг олгохоор болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалын дагуу Хууль зүйн дотоод хэргийн яам 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уг мөнгийг төлснөөр эхний шүүхийн шийдвэр дагуу төлөгдөх ёстой мөнгөн төлбөр буюу гэм хорыг арилгасан гэж үзнэ. Тиймээс энэ үеэс буюу албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн үеэс гэм хорыг шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох журам үйлчилнэ.

 

8.4. Хууль зүйн дотоод хэргийн яам 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 9,106,920 төгрөгийг төлснөөр гэм хорыг арилгасан, энэ үеэс ажилтны учруулсан хохирлыг төлж эрх зөрчигдсөн байхад нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хугацааг хэтрүүлсэн байна. Хэрэгт цугларсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн баримт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9,106,920 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

8.5. Харин Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/711 тоот “Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар хөрөнгө гаргах тухай” захирамжийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр З.Лд олгосон 9,438,710 төгрөгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.Гоос 165,969 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Гоос 9,438,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,106,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Гоос 165,969 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ

 

                           ШҮҮГЧ                                                            А.ЗҮМБЭРЭЛ

 

                                                                                                            А.ЭНХЖАРГА