| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/01177/И |
| Дугаар | 192/ШШ2025/04011 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04011
|
|
|
|
2025 05 13 192/ШШ2025/04011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 19 дүгээр гудамж, 439 тоотод оршин суух, Б
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, Шүрт хотхон, 809 дүгээр байр, 36 тоотод оршин суух, А
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, Шүрт хотхон, 809 дүгээр байр, 36 тоотод оршин суух, Т
Нэхэмжлэлийн шаардлага: 40,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д
Хариуцагч Д.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
П.Б миний бие 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд иргэн Д.А “Тоёота Сай” /Toyota Sai/ маркийн автомашиныг Япон улсаас захиж авах хүсэлтэй байна, мөнгө зээлүүлж туслаач гэсний дагуу автомашин худалдан авахтай холбоотой мөнгийг доорх хүснэгтэд дурдсанаар тухай бүрд шилжүүлэн зээлдүүлсэн. Тухайн үед Д.А нь Хан-уул дүүрэг, Титан төв дэх манай павилионы худалдагчаар ажиллаж байсан.
Автомашин худалдан авахтай холбогдон зээлүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт:
| Огноо | Хэнд | Мөнгөн дүн | Аль банкны данс руу | Гүйлгээний утга | Зориулалт | |||||
| 2023.04.18 | Д.Ат | 1,900,000 | Хаан банк | 9139 | автомашин захиалах зардал | |||||
| 2023.04.21 | Д.Ат | 11,500,000 | Хаан банк 83 | 9139 | автомашин захиалах зардал | |||||
| 2023.04.21 | Д.Ат | 3,000,000 | Хаан банк 53 | 9139 | автомашин захиалах зардал | |||||
| 2023.04.22 | Д.Ат | 2,000,000 | Хаан банк 83 | 9139 | автомашин захиалах зардал | |||||
| 2024.4 сар | Хүргэн Э.Б | 2,100,000 | Д.А ажлын данснаас авч, өөрийн хүргэн Э.Б руу шилжүүлсэн | автомашин захиалах зардал | ||||||
| 2032.07.18 | Таймэн ложистик СервисэсХХК | 3,130,000 | Голомт банк | 91399988 | Хүргэн Э.Б Т автомашины зардалд гэж авсан | |||||
| 2023.07.19 | хүргэн Э.Б | 6,500,000 | Голомт
| 91399988 | Хүргэн Э.Б тээвэр, гааль, автомашины зардалд | |||||
| 2023.07.20 | хүргэн Э.Б | 100,000 | Голомт 418 | 91399988 | Хүргэн Э.Б үлдэгдэл тооцоонд 100,000 дутсан гэх | |||||
|
|
| 30,230,000 |
|
|
| |||||
| Хариуцагч Э.Т зээлүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт: |
| |||||||||
| 2023.10.16 | Э.Т | 10,000,000 | Д.А хамт бэлэн мөнгөөр аваачиж өгсөн | 8 | Шинэ бизнес эхлэхэд нь зориулж зээлүүлсэн. |
| ||||
П.Б би Хаан банкны 55 тоот өөрийн данснаас хариуцагч Д.А Хаан банкны 53 тоот данс руу, Д.А охин Та нөхөр Батн Голомт банк 128 тоот дансанд автомашин авахтай холбоотой бүх мөнгийг тухай бүр шилжүүлсэн. Автомашин захиалах явцыг Д.А нь өөрийн охин Э.Тын нөхөр Э.Бг оролцуулан хийсэн бөгөөд энэ бүх мөнгө Тоёота Сай маркийн 2094 УЕО улсын дугаартай автомашиныг худалдан авахад зориулагдсан.
Мөн Д.А охин Э.Т нь “...2023 оны 10 дугаар сард Хан-уул дүүрэг, Голден Будда төвд байрлах Ренеселл /Renecell/ сүлжээний бүтээгдэхүүн борлуулдаг газрын захирал нь гадаад явах болоод түрээсэлж буй талбайгаа Э.Т шилжүүлж байгаа гэж хэлсэн. Сүлжээний шинэ бизнес эхлүүлээд мөнгөний хэрэгцээ байна. Та 10,000,000 төгрөг зээлээч” гэхээр нь 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Хаан банкнаас би өөрийн 5025 тоот данснаасаа 10,000,000 төгрөгийг аван Тамирын ээж Д.Атэй хамт Зайсан дахь Голден Будда төвд байрлах ажил дээр нь өдөр аваачиж бэлнээр өгсөн. Тамир надаас авсан мөнгөө тэр даруйд нь ээжтэйгээ хамт Голден будда төвд байрлах Хаан банкны салбар руу данс руугаа хийнэ гэж орсон юмаа. Би хийсэн байх гэж бодож байна. Тэгэхээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойших Э.Тын Хаан банкны дансны хуулгаар харагдах байхаа.
Зээлсэн мөнгөө Э.Т сарын дараа өгнө гэхээр нь шинэ ажил эхлүүлээд багагүй бэрхшээлтэй тулгарах байх, ирэх оны цагаан сарын дараа буюу 2024 оны 3 сард авахаар тохиролцсон. Зээлдэгч мөнгөө тухайн хугацаандаа өгөхгүй байсан, иймд тул миний төрсөн дүү П.Батцэцэг түүнтэй уулзахдаа шаардахад “...чамаас мөнгө зээлээгүй, чамтай ярих зүйл байхгүй” гэсэн хариулт өгсөн.
Би 2024 оны 11 дүгээр сард гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орохоор төлөвлөгдөж байхдаа Э.Тын 97 тоот дугаар руу залган мөнгөө авах тухай болон 1 сая төгрөгийг ч гэсэн яаралтай шилжүүлээд өгнө үү гэтэл утсаа таслан, дахин холбогдох гэтэл дуудаад авахгүй байсан. Зурвас илгээсэн ч хариу өгөөгүй. Миний бие түүнд итгээд ямар ч барьцаагүй, туслах гэсэн сэтгэл, цэвэр итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой байна.
Иймд Д.Ат Тоёота Сай маркийн автомашин худалдан авахтай холбоотой зээлүүлсэн 30,230,000 төгрөг, түүний охин Э.Т зээлүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.А “...надад цалин хөлс өгсөн, буцалтгүй тусламж, бэлэг гэж мөнгө өгсөн” гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Учир нэхэмжлэгч нь Д.Ат 20,460,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэж, 45,430,000 төгрөгийг цалин хөлс гэж өгсөн, харин нэхэмжилж буй 30,230,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн болохоос бэлэг, буцалтгүй тусламж, цалин хөлсөнд огт хамааралгүй болно гэжээ.
2. Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б нь Д.А, Э.Т нарт холбогдуулан 40,230,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1/ Хариуцагч Д.Аээс 30,230,000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагын тухайд П.Б болон Д.А бид хэн хэнийгээ 2016 оноос хойш таньж мэддэг байсан бөгөөд 2022 оноос хойш дотно харилцаа үүсгэж 2024 оныг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан.
П.Баттулгыг надад түшиг тулгуур болоод цаашид хамт амьдраад явах хэмжээний ноён нуруутай хүн юм болов уу гэж итгэж найдсаны үндсэн дээр би өөрийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагаа, өрхийн амьжиргааны эх үүсвэрээ хүртэл түүнтэй нэгтгэж Хан-Уул дүүрэгт байрлах “Титан худалдааны төв”-д түрээсэлдэг байсан өөрийн павилонд өөрийн болон түүний барааг тавьж зарж борлуулдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа “тухайн үед Д.А нь Хан-Уул дүүрэг Титан төв дэх манай павилоны худалдагчаар ажиллаж байсан. Түүнд тоёота сай маркийн автомашиныг Япон улсаас захиж авах хүсэлтэй байна мөнгө зээлүүлж туслаач гэсний дагуу түүнд зээлдүүлсэн” гэх мэтээр ор үндэслэлгүй зүйл хэлсэн байна.
Гэтэл бодит байдал дээр зээлдүүлсэн гэх 30,230,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч уг мөнгийг Иргэний хуулийн 281 зүйлд заасан “Зээлийн гэрээ”-ний дагуу шилжүүлсэн зүйл огтоос байхгүй бөгөөд намайг автомашин захиалах гэж байгаа талаар сонсоод “хоёулаа хамт амьдарч байгаа юм чинь би захиалах мөнгийг нь өгье чамд би машин авч өгмөөр байна” гэж хэлээд 2023 оны 4 сараас 2023 оны 7 cap хүртэлх хугацаанд 30,230,000 төгрөгийг шилжүүлснээр “Тоёото сай” маркийн 2094 УЕО маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирсэн болно.
Би анхнаасаа дээрх мөнгийг П.Бас зээлээч тодорхой хугацааны дараа буцааж өгье гэх байдлаар гуйсан зүйл огт байхгүй бөгөөд П.Б хамт амьдрах хугацаанд чи нэг машинтай болох хэрэгтэй би чамд авч өгнө гэж удаа дараа хэлдэг байсан учраас нэлээн бодож үзсэний үндсэн дээр тухайн автомашиныг худалдан авсан байдаг.
2/ Мөн Д.А би ганц охинтой бөгөөд түүнийг Э.Т гэдэг. Э.Т өөрийн амьдралаа биднээс хамааралгүйгээр хувиараа хөдөлмөр эрхлэн авч явдаг бөгөөд 2023 оны 10 сард Хан-Уул дүүрэг, Голден будда төвд лангуу түрээслэх үед П.Б нь надтай хамт ирж үзээд чиний охиныг дэмжье түүнд туслах хэрэгтэй гэж хэлээд өөрөө түүнд 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд ах нь дүүдээ бэлэглэж байгаа шүү, буцааж авахгүй гэж хэлээд өгч байсан. Хэдийгээр миний охин Э.Тын хувьд түүнээс огт мөнгө гуйгаагүй боловч тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан тул баярлалаа гэж хэлээд авсан үйл баримт болж байсан.
Мөн Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Наадамчдын замд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай “Титан центр” гэх төвийн 2 давхрын №06 тоот 46.4 м2 талбай буюу павилоныг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд би түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд П.Б болон түүний дүү нар удаа дараа намайг дарамт шахалтад оруулж мөнгөний оронд түрээсийн эрхээ бидэнд шилжүүлж өг гэсээр би аргагүйн эрхэнд тухайн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх хүрээнд тус лангууг П.Б нэр дээр шилжүүлэн өгсөн.
Бидний хоорондын харилцаа дуусгавар болсон шалтгаан гэвэл П.Б нь маш их хардаж сэрддэг, энэ нь даамжирч агсам тавьж гар хүрч эхэлсэн бөгөөд түүнээс гадна түүний ах дүү нар нь байнга амьдралд оролцож П.Б өмнөөс мөнгө нэхэн дарамталж, ажлын байр болон орон гэртээ байхад удаа дараа ирж лангуугаа өг гэж шахаж шаардсанаар би түүнийг өгөөд бүх асуудалд цэг тавиад дуусгахыг зорьсон боловч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч нар нэхэмжлэгчээс 40,230,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт дээр маргахгүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар буцаан төлөх нөхцөл бүхий зээлийн зориулалтаар хүлээн аваагүй, цалин, бэлэг, буцалтгүй тусламжийн зориулалтаар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бэлэглэлийн журмаар тухайн эд хөрөнгийг хүлээн авсан боловч эцэст нь нэхэмжлэгч болон түүний ах дүү нарын дарамт шахалт хэрээс хэтэрч нэхэмжлэгч нь “Титан төв”-ийн павилон түрээслэх гэрээг маань өөртөө шилжүүлэн авч үлдсэн тул хариуцагч Д.А, Э.Т бид нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2023 оны 10 сард Хан-Уул дүүрэг, Голден будда төвд лангуу түрээслэх үед П.Б нь надад “шинэ ажлыг нь дэмжье” гэж хэлээд 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Тэрээ “ах нь дүүдээ бэлэглэж байгаа шүү, буцааж авахгүй” гэж хэлээд өгч байсан. Түүнээс биш уг мөнгийг зээлж авсан асуудал байхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх5-6/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх7-13/, Хаан банкны дансны хуулга /хх14-17/, зураг /хх30/, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №ЗГ/202351192430 тоот “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх89-91/, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БГХ/202351192430 тоот “Барьцааны гэрээ”-ний хуулбар /хх92-94/, Хаан банкны дансны хуулга /хх95-97/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх98-99/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх100-101/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх103-180/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх181/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хаан банкны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №29/3484 тоот хариу албан бичиг, хавсралт дансны хуулга /хх52-62/, Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №28 тоот хариу албан бичиг, хавсралт /хх63-64/, Хаан банкны 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №29/5755 тоот хариу албан бичиг, хавсралт дансны хуулга /хх182-185/, Д.Агиймааг гэрчээр асуусан.
6. Хариуцагч нараас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
7. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Титан центр барилгын материалын худалдааны төвийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №25/14 тоот хариу албан бичиг, хавсралт /хх65-74/, Э.Бг гэрчээр асуусан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Аээс 30,230,000 төгрөг, Э.Таас 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд хандсан.
2. 30,230,000 төгрөгийн шаардлага:
2.1. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...30,230,000 төгрөгийг хэрэгтэй үед нь туслах зорилгоор түр зээлсэн, одоо мөнгөө буцааж авна” гэж тайлбарласан.
2.2. Хариуцагч Д.А нь нэхэмжлэлд дурдсан 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч П.Бас нийт 30,230,000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан хүлээн авсан талаар маргаагүй.
2.3. Харин өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа хариуцагч Д.А “...П.Б бид хоёр ойр дотнын харилцаатай байсан, ...нэхэмжлээд буй мөнгө нь П.Бас надад өгсөн цалин хөлс, мөн хувийн хэрэгцээнд зориулж өгсөн бэлэг, түүнээс биш зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө биш...” гэсэн агуулгаар тайлбарлав.
2.4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хүлээнэ.
2.5. Энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дансны хуулга гаргаж өгсөн. Уг хуулганаас үзэхэд 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Д.А данс руу 45,430,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Д.А данс руу 20,460,000 төгрөгийг шилжүүлжээ /хх 108-180, 108, 143/.
2.6. Дээрх гүйлгээнүүдийн утгыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримт, гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...би Д.Ат 20,460,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэж, 45,430,000 төгрөгийг цалин хөлс гэж өгсөн, харин нэхэмжилж буй 30,230,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн болохоос бэлэг, буцалтгүй тусламж, цалин хөлсөнд огт хамааралгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
2.7. Тодруулбал, нэхэмжлэгч мөнгийг зээлдүүлээгүй, харин буцаан авахгүйгээр, туслах журмаар өгсөн гэх хариуцагчийн тайлбар бэлэглэлийн гэрээний агуулгатай байх боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч хариуцагчаас өгсөн мөнгөө буцаан шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж, нэхэмжлэгчийг хариуцагчид дээрх мөнгийг буюу 30,230,000 төгрөгийг хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. 10,000,000 төгрөгийн шаардлага:
3.1. Хариуцагч Э.Т өөрийн татгалзлаа “...10,000,000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ уг мөнгийг П.Б нь миний эхлүүлж байсан бизнест зориулж надад бэлэглэсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.
3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
3.3. Харин дээрх 10,000,000 төгрөг нь зээлийн гэрээний зүйл байсан буюу хариуцагч Э.Т энэ мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар шаардлагыг хангах боломжгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 484,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 309,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Аээс 30,230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Э.Т болон 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 309,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГА
|
|