Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01319

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01319

 

 

 

Д.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэртэй

Д.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Г, Ц.Э, Л.Э, У.Солонго, Ц.Э, Ц.Г, Б.И, М ХХК-д холбогдох

19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Р.Г, У.Солонго, Ц.Э, Л.Элбэгдаваа болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч Ц.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрмээ шинэчлэн батлаж, улсын бүртгэлд бүртгүүлж 12 хувьцаа эзэмшигчтэй болсон. Д.Д нь М ХХК-ны 7.27 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2010 оны 11-р сарын 23-ны өдөр 19.98 хувийн хувьцааг 180 000 ам.доллараар худалдан авахаа компанид мэдэгдсэн. Улмаар 2013 оны 1-р сард 19.98 хувийн хувьцааны үнэ 180 000 ам.долларын ханшийн зөрүү 30 000 000 төгрөгийг төлж, 2013 оны 2-р сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж М ХХК-ийн 27.25 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Тухайн үед 19.98 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахад хувьцаа эзэмшигч нар ямар нэг маргаан гаргаагүй. Хэрэг авагдсан нотлох баримтаар энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол магадлал байдаг боловч 19.98 хувийн хувьцааг Д.Д эзэмших эрхтэй холбоотой биш. Өнөөдрийн байдлаар 19.98 хувийн хувьцаа Д.Дын нэр дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. М ХХК нь Компанийн тухай хуульд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар 7-8 жил маргасан, 19.98 хувийн хувьцаатай холбоотой хувьцаа эзэмшигч нарын хууль ёсны шийдвэр байдаггүй. Гэтэл М ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 4-р сарын 21-ний өдрийн 1/4-1 дугаартай тогтоол гаргаж, Д.Дын эзэмшдэг 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч нарт хувь тэнцүүлэн хувааж, 180 000 ам.долларыг Д.Дд олгохоор шийдвэрлэсэн байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд Р.Г, У.Солонго, Ц.Э нарын гишүүд байгаа гэх боловч компанийн дүрэмд тусгагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ тогтоол нь мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, компанийн дүрэмд заагдаагүй юм. Тиймээс Д.Дыг 19,98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, М ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г, Ц.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1261 тоот шийдвэрээр М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааг хүчингүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 655 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 тоот тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэрээр М ХХК-ийн 19.98%-ийн хувьцааг Д.Дын өмчлөл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555-р тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр Э ХХК-иас М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулж Ц.Эад, Ц.Эаас 250 000 ам долларыг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Э миний нэр дээр олгохоор шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Д.Дын М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.И шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Дын нэхэмжлэлтэй М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны талаар Ц.Э нь 19.98 хувийн хувьцааг хууль бусаар худалдсан маргааныг шүүх шийдсэн. Шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Хууль бусаар хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй худалдсан 19.98 хувийн хувьцааг М ХХК-ийн 11 хувьцаа эзэмшигч ижил тэнцүү авах ёстой байхад Д.Д нь ганцаараа авна гэж байгаа нь буруу. Би шүүх хуралд биечлэн оролцохгүй. Р.Г, Л.Элбэгдаваа, Ц.Э, У.Солонго нарын тайлбарыг дэмжинэ гэжээ.

Хариуцагч Р.Г, У.Солонго, Ц.Э, Л.Элбэгдаваа болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. М ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж 1999 онд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дагуу 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Ц.Э нь Спейшл холдинг лимитед ХХК-д хууль бусаар шилжүүлсэн. Уг хууль бус үйлдлийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэж Ц.Эаас 250 000 ам.долларыг гаргуулж Спейшл холдинг лимитед ХХК-д, уг компаниас М ХХК-ийн 19.98 кувийн хувьцааг гаргуулж Ц.Эад олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/01501 дүгээр тогтоолоор М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Д.Д нь 19.98 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон. Тиймээс Д.Дыг М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж үзэх үндэслэлгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйчийн 5.3 дахь хэсгийг зөрчсөн ба уг ажиллагааг хүчингүй болгосон хуулийн шүүхийн шийдвэр буюу Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр магадлал тогтоол мөн адил хуулийн хүчин төгөлдөр байгаа ба нэхэмжлэгч нь нэгэнт дүгнэгдсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй тул М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох тайлбарыг шүүх хуралдаанд гаргах болно. Д.Д нь өмнө нь энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаатай холбоотой маргаан 2011 оноос хойш үргэлжилж байна. Уг маргаан нь Ц.Эаас 250 000 ам.долларыг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үүссэн. Энэ ажиллагааны хүрээнд 19.98 хувьцааг Д.Дын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд өөрчлөлт орсон. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор 19.98 хувьцааг Д.Дд шилжүүлэх нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Д.Дын хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй тул өмчлөгч гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсноор ажиллагааг зөвтгүүлж хийлгэх ёстой. Шийдвэр гүйцэтгэх газраас 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэж шилжүүлсэн. Гэтэл Дээд шүүхээс 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг Шийдвэр гүйцэтгэх газар зөрчсөн гэж дүгнэсэн. Ингээд Шийдвэр гүйцэтгэх газраас 2019, 2020 онуудад М ХХК-д 19.98 хувьцаатай холбоотой асуудлыг хүчингүй болгох талаар хариу ирүүл гэх мэдэгдлүүдийг өгсөн. М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс албан шаардлага хүргүүлж 2020 оны 3 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулсан. Энэ хурлаар дүрмээ шинэчлэн батлан дахин хувьцааг хувааж гаргасан шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Дээрх хурлаар 19,98 хувийн хувьцааны талаар шийдвэрлэсэн гэдгийг хэлмээр байна. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нарын саналыг авч хувьцааг хуваах асуудлыг шийдвэрлэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувь хариуцагч нар хариуцахгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. М ХХК нь нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигч мөн эсэхийг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасныг баримтлан Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн Д.Дын нэхэмжлэл, хариуцагч Ц.Г, Р.Г, Ц.Э, Б.И, Л.Элбэгдаваа, Ц.Э, У.Солонго нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс М ХХК-ийн ТУЗ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэж компанийн хууль болон компанийн дүрмээ зөрчсөн гэж дүгнэсэн. М ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн дүрмийг шинэчлэн батлахдаа 19.98 хувийн хувьцаанаас худалдан авах санал гаргасан, ТУЗ-ын 1/4-1 тоот тогтоолд дурдсан нэр бүхий 18 хувьцаа эзэмшигчдэд ногдох хэсгийг хувааж шийдвэрлэж №2 дугаар тогтоол гарсан. Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоол мөн Улсын Дээд шүүхийн 1501 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2/6931 тоот мэдэгдэл, зэрэгт үндэслэн М ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1/4-1 тоот тогтоолыг гаргасан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт үндэслэн гарсан ТУЗ-ын тогтоол нь Компанийн тухай хуулийг зөрчөөгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу юм. Нэхэмжлэгч Д.Д нь М ХХК-ийн 1/4-1 тоот тогтоолын үндэслэл болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын №1, №2 дугаар тогтоолуудыг мөн адил хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 183/Ш32020/06580 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Хүчингүй болгуулахаар маргаж буй ТУЗ-ын 1/4-1 тоот тогтоолын үндэслэлд заасан тогтоолуудыг хүчин төгөлдөр эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад 1/4-1 тоот тогтоолын хүчинтэй эсэхийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлд шууд хамаарах тул ТУЗ-ын 1/4-1 тоот тогтоолыг хүчин болгох шаардлагыг хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгуулахтай холбоотой хэргийг 19.98 хувийн хувьцаатай хамааралгүй гэж дүгнэж, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан тогтоол болон төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан тогтоолын аль аль нь маргаан бүхий 19.98 хувийн хувьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тул хоорондоо шууд хамааралтай тогтоолууд, нэг үйл баримтууд юм. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг зөвлөл нь, компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрийг компанийн гүйцэтгэх захирал нь хариуцаж шийдвэрт холбогдох үр дагаврыг нь хариуцан арилгах ёстой. Тиймээс төлөөлөн удирдах зөвлөлийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл хариуцахаас биш нэхэмжлэлд дурдсан иргэд, компанийн гүйцэтгэх захирал хариуцах хуулийн үндэслэлгүй. Анхан шатны шүүх 1525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 2 дахь заалтаар Д.Дын нэхэмжлэлээс М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ М ХХК- г дурдаагүй байна. Энэ нь компанид холбогдох хэсгийг шүүх хангасан мэтээр харагдах тул уг заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Д.Дын нэхэмжлэлээс төлөөлөн удирдах зөвлөлийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Р.Г, Ц.Э, Л.Э, У.Солонго, Ц.Э, Ц.Г, Б.И, М ХХК-д холбогдуулан 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар дараах хүчин төгөлдөр шийдвэрүүд авагдсан байна.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэрээр Б.Норолхоосүрэн, Д.Д нар нь М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр Ц.Э болон Э ХХК-ийн хооронд хийгдсэн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, Э/Спейшл корпораци/ ХХК-иас М ХХК-ийн 19.98 хувьцааг гаргуулан Ц.Эад, Ц.Эаас 250 000 ам.доллар гаргуулан Э ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх 21-23, 121-122, 161-163/

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгосон боловч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 310 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна./хх 164-170/

Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг хянан хэлэлцэж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1261 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор 675 дугаартай шийдвэр, 1731 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд худалдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгожээ./хх 171-182/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1701 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01501 дүгээр тогтоолоор 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон байна. /хх 203-232/

Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дд шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Д.Дыг хувьцааны эзэмшигчээр тогтоох, нэхэмжлэлийн энэ шаардлагаа тус компанийн хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01501 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1, 2 дугаар тогтоолыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1 тоот тогтоол гаргаж М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаанаас өөрийн хувьд ногдох хэсгийг худалдан авах хүсэлт гаргасан 18 хувьцаа эзэмшигчид хувааж, хувьцааны үнийг төлөх хүртэл компанийн данснаас 180 000 ам.долларыг гаргаж хувьцаа эзэмшигч Д.Дын дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дд үүрэг болгосон, худалдан авах санал гаргасан хувьцаа эзэмшигчдэд авлагын тооцоо үүсгэн шилжүүлэхийг ерөнхий нягтлан бодогч Г.Болормаад үүрэг болгосон байна. /2-хх 9-10/

Анхан шатны шүүх М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг зөрчиж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэж Компанийн хууль, компанийн дүрмээ тус тус зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Э /Спейшл корпораци/ ХХК-иас М ХХК-ийн 19.98 хувьцааг гаргуулж Ц.Эад, Ц.Эаас 250 000 ам.доллар гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалаар Д.Дд холбогдох М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч нар өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Р.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. /хх114-120, 151-160, 192-202/ Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалттай нийцжээ.

Б.И нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 145 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0291 тоот магадлалаар шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. /хх126-150/

Иймд анхан шатны шүүх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгож, М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн Д.Дын нэхэмжлэл, хариуцагч Ц.Г, Р.Г, Ц.Э, Б.И, Л.Элбэгдаваа, Ц.Э, У.Солонго нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн М ХХК-ийн хувьцааг хуваах тухай 01 тоот тогтоол, М ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа, энэ нь М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаатай хамааралгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Энэ талаар давж заалдсан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО