Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

     2018          01           23                                         81

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Очирсүрэн

хохирогч Б.Т.р,

шүүгдэгч Г.Г.га, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бөө овогт Г.гийн Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 1129 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөө овогт Г.гын Г.га, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Г.га нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талд иргэн Б.Т.рийн толгойн тус газар нь цохиж унагаан, толгой тус газар нь 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “гавлын дагз, баруун чамархай, зүүн зулайн ясны цөмөрсөн ил хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Г.га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.Т.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 28-нд ажлын газрын хүний хүүхдийн үсний найр болсон. Үсний найрнаас гараад бааранд ороход Д.Ц-А.ш, Д.Уу.р нар бааранд байсан. Д.Ц-А.ш намайг дуудахаар нь очсон чинь мөнгө байна уу пиво аваад өгөөч, цалин буухаар өгье гэж хэлсэн. Би мөнгө байхгүй та нар өөрсдөө авч уу гэж хэлэхэд Г.Г.га, Д.Ц-А.ш, Д.Уу.р нар гараад явсан. Тэгсэн Уу.р орж ирээд Батка ах таныг дуудаж байна гэхээр нь эхлээд дуудахад  нь би гараагүй, дахиад дуудахад нь хамт гарсан. Ц-А.ш цаана цохиж байсан. Г.га зүүн талд зогсож байснаас шууд араас цохисон. Тэгээд дээрээс цохисон хэн яаж цохисныг санахгүй байна. Тэгээд босоод зугтсан чинь Уу.р араас татаж миний футболкийг урсан. Би зугтаад ТҮЦ-ний доор орсон байсан чинь хэдэн унадаг дугуй унасан хүүхдүүд ирээд “ахаа байж бай цагдаа дуудсан” гээд цагдаа ирсэн. Би ухаан алдсан байсан. Эмчилгээний зардал 2,778,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Т.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...ажлаа тараад 21 цагийн үед ажлын газрын Б.ал гэдэг хүний хүүхдийнх нь үсний найранд очоод...23 цагийн үед найрнаас ажлынхантайгаа гарсан. Манай ажлынх нь нэг газар оръё гээд 21 дүгээр хорооллын тэр хавьд ирээд О.иг, Лхэаяа, Ар.маа, Д.орж, Ё..энэ, А.рал нарын хамт бааранд орсон. Бааранд ороход...манай нутгийн хүмүүс болох Д.Уу.р, Д.Ц-А.ш, Г.Г.га нар байсан бөгөөд би ороод Д.Уу.р, Д.Ц-А.ш хоёртой гар бариад мэнд мэдсэн. Г.Г.гыг бол сайн мэдэхгүй учир мэндлээгүй. ...Тэгээд ажлынхантайгаа нэг ширээнд суугаад пиво уугаад сууж байтал Д.Ц-А.ш ширээн дээрээ дуудаад пиво амсуулаад намайг “мөнгө байна уу, 31-нд цалин бууна пиво аваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгө байхгүй, өөрсдөө аваад уу” гэж хэлээд буцаад ширээн дээрээ ирсэн. Удалгүй тэр 3 баарнаас гараад явсан,... 10 орчим минутын дараа Д.Уу.р орж ирээд таныг Улка ах дуудаж байна гэхээр нь би Улка энд ирчихсэн юм уу гээд Д.Уу.рийг дагаад гадагш гарахад, баарны урд талд Д.Ц-А.ш ганцаараа, Г.Г.га хажуухан талд нь зогсож байсан. Тэгээд би Д.Ц-А.шаас “Улка хаана байгаа юм” гэхэд араас Г.Г.га толгой руу 1 удаа цохиход нь би сөхрөөд унасан. Тэгээд би босох гэхэд босч чадахгүй гар мэдээгүй болчихсон доошоо хараад хэвтэж байхад дээрээс толгой руу 4-5 удаа цохиод, шилэн хүзүү гар руу мөн цохиод байсан. Тэгэхэд Д.Уу.р хажууд зогсож байсан, намайг Г.Г.га нь цохисон... Г.Г.га ...намайг араас цохиж унагаагаад унасан хойно толгой дээрээс цохисон. Тэгэхэд Д.Уу.р бол хажууд зогсож байсан. Д.Ц-А.ш цаахан талд зогсож байсан. Тэгээд л намайг арай гэж босоод зугтах гэхэд Д.Уу.р миний өмсөж байсан цагаан өнгийн подволкийг татаад ураад аваад үлдчихсэн. ...Одоо миний бие жаахан тааруу байгаа. Удаан суухаар хүзүүгээр чилж өвдөнө. Үе үе толгой өвдөж халуур ч байгаа. Мөн одоо эмчилгээний зардалд гарсан 3.100.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн одоо өдрийн 70.000 төгрөгний үнэтэй эм хэрэглэж байгаа. Энэ бүх эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16),

“...надад нийт 3.113.024 төгрөгний хохирол учраад байна уг хохирлыг Г.Г.га барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 19),

2. Гэрч Д.Уу.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...манай хамаатны ах болох Д.Ц-А.ш ах залгаад...Нарантуул худалдааны төв дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очиход Нарантуул худалдааны төв дээр Д.Ц-А.ш ахтай уулзахад Г.Г.гатай хамт явж байсан. ...Бид гурав хоорондоо ярьж байгаад Г.Г.гийн “iphoe-4” маркийн гар утсыг ...40.000 төгрөгөөр барьцаалаад... хүний нэг нэг шил пиво авч уугаад тэндээсээ манай нийтийн байранд 3-лаа шууд ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд...дахин бааранд орох гээд гарсан ба бааранд орохоосоо өмнө Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво авч ууж дуусгаад дэлгүүр дахин орж 0.5 литрийн архи авч мөн хувааж уусан. Тэгээд бид гурав хамтдаа “Хишиг-Од” гэх нэртэй бааранд орж хүний гурав гурван шил пиво авч суусан. Ингээд сууж байтал манай нутгийн Б.Т.р гэх залуу ажлын хүмүүстэйгээ хамт орж ирээд ширээнд сууж байгаа харагдсан. Б.Т.р баарны ширээнд суусаныхаа дараа бид гурвыг хараад босч ирээд бидэнтэй мэндэлээд буцаад өөрийнхөө ширээнд суусан. Бид гурав авсан юм аа уучихаад, баарны үүдэнд тамхи татаад зогсож байтал Д.Ц-А.ш ах Б.Т.рийг дуудаад ир гэж хэлэхээр нь бааранд орж Б.Т.р ахад Д.Ц-А.ш ах дуудаж байна гэж хэлчихээд баарнаас гараад иртэл Д.Ц-А.ш ах “яав хэлсэн юм уу” гэхээр нь хэлсэн гэж хэлтэл...тэрээр ороод “Улка” дуудаж байна гэж дахин хэл” гэхээр нь Б.Т.р ахад мөн хэлсэн. Тэгээд бид гурав Б.Т.рийг баарнаас гарч ирэхийг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь харьцгаая гээд автобусны буудал руу алхаж байгаад буудал дээр очоод эргээд харахад Г.Г.га автобусны буудал дээр хамт ирээгүй байсан. Тэгсэн Д.Ц-А.ш ах намайг яваад Г.Г.гыг дуудаад ир гэхээр нь би буцаад зам хөндлөн гараад баарны үүдэнд ирэхэд Б.Т.р ах баарнаас гараад ирчихсэн Г.Г.гатай хамт зогсож байсан. Тэгсэн Б.Т.р ах Г.Г.гад хандаж чи яагаад ахыгаа танихгүй байгаа юм гэж хэлсэн, тэгсэн Г.Г.га би таныг танихгүй ш дээ гэхэд Б.Т.р яахаарай чи намайг таньдаггүй юм. Хоёулаа ийшээ гараад тулчих уу гэсэн, тэгтэл Г.Г.га Б.Т.р ахыг барьж аваад арагш нь хавирч унагаасан. Б.Т.рийг газарт унасны дараа тонгойж байгаад толгой руу нь гараараа дээрээс нь нилээн олон удаа цохисон. Тэгсэн Б.Т.р босож ирсэн ба зүүн талын шанааг нь дагаад цус гар байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31),

3. Гэрч Ё.М.-Э.ний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө манай ажлын газрынх нь нийлээд....Хишигт-Од гэх бааранд суусан. ...Б.Т.рийн нутгийн залуучууд гээд 2-3 залуу тааралдсан. ...удалгүй нөгөө найз гэх залуучууд Б.Т.ртэй уулзаж юм ярьж байгаад явсан. Тэгээд дахиад хүрч ирээд Б.Т.рийг дагуулаад гарсан. ...Б.Т.р орж ирэхгүй болохоор нь гайхаад араас нь гарсан тэгсэн манай найзыг нөгөө нутгын нэг залуу нь зодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

4. Гэрч Б.Ба.агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн дүү Түвшинжаргалын гэрт байхад 00 цагийн үед...миний гар утас руу танихгүй дугаараас залгаад танай хүү Б.Т.р Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд бусдад зодуулсан байдалтай яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэгдлээ гэж хэлэхээр нь Гэмтлийн эмнэлэгт...очиход миний хүү...яаралтай тусламжийн машинаар ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн. ...Гэмтлийн эмнэлэгт ирэхдээ манай хүүхдийн ухаан санаа орон гаран байсан ба би хэнд зодуулсан юм болсон талаар асуухад тухайн үед манай хүүхэд зодсон залуучуудын нэрийг хэлсэн тэгэхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Г.Г.га нар зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7129 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Толгойд мэс заслын боолт хийсэн. Хамар, зүүн хацарт зулгаралттай. Уг зулгаралтуудад эмийн бодис түрхсэн. Баруун сарвууны ард эрхий талд 3,5 см, хүзүүний ар доод хэсэгт 2,.5 см мэс заслын оёдол бүхий шархтай.

ГССҮТ-ийн 05796 тоот өвчний түүхэнд:...КТГ-д: Дагзны зүүн хэсэгт дотогш 0,5 см, мөн баруун чамархайн ар хэсэгт дотогш 0,8 см гүн цөмөрсөн хугарлуудтай. Хугарлын харалдаа тархины эдэд 1х1 см цус хуралттай. Зүүн зулайн ар хэсэгт дотогш 0,8 см гүн цөмөрсөн хугаралттай. Хугарлын харалдаа 1х1 см цус хуралттай... ДҮГНЭЛТ:

1. Б.Т.рийн биед гавлын дагз, баруун чамархай, зүүн зулайн ясны цөмөрсөн ил хугарал, хүзүүний ар хэсэгт баруун сарвууны няцарсан шарх, хамар, зүүн хацрын зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),

6. Шүүгдэгч Г.Г.гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр...13 цаг өнгөрч байхад...манай хамаатан Д.Ц-А.ш залгаад...бид хоёр Хархорин зах дээр уулзаад тэндээсээ Нарантуул зах руу хамт явсан. Ингээд Нарантуул зах дээр явж байхад Д.Уу.р араас ирсэн. Тэгээд бид гурав зах дээр мотоциколоо үзчихээд...15 цагийн орчим Драгон дээр ирэхэд Увс явдаг шуудангийн машин явчихсан байсан. Тэгэхээр нь бид 3 хамтдаа Хархорин зах руу явж миний I phone-4 маркийн гар утсыг 40.000 төгрөгийн барьцаанд тавьж Мишээл пабад орж хүний хоёр хоёр пиво авч уугаад тэндээсээ Д.Уу.рийн гэрт ирсэн. Д.Уу.рийн гэрт ирээд нэг шил 0.5 граммын хэмжээтэй архи хувааж ууж дуусгаад караоке орж дуулангаа пиво ууъя гэж ярилцаад бид гурав Д.Уу.рийн гэрээс гараад Хишиг-Од үйлчилгээний төв орохоор явсан. Бааранд орохоосоо өмнө бид гурав хамтдаа 2.5 литрийн хэмжээтэй “Боргио” пиво авч уучихаад бааранд орж хүний гурав гурван шил пиво авч уусан. Бааранд байхад гаднаас манай нутгийн сумын иргэн Б.Т.р 4-5 залуучуудтай орж ирж...байгаа харагдсан. ...Д.Ц-А.ш, Д.Уу.р бид 3 пиво ууж дуусаад баарнаас гэр рүүгээ харих гээд гарсан. Тэгж байтал Б.Т.р баарнаас ганцаараа гарч ирснээ намайг тамхи татаад зогсож байхад Б.Т.р надад хандаж чи яагаад надтай мэндлэхгүй байгаан гэхээр нь яахаараа би тантай ер нь мэндлэх ёстой юм бэ би таныг танихгүй ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Б.Т.р надад хандаж би чамайг сайн танина ш дээ, танай ааваар толгойгоо бариулж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр би сайн танихгүй байгаагаа хэлэхэд Б.Т.р надад хандаж чи ямар том болчихсон юм бэ гэсэн, тэгээд Б.Т.р надад хоёулаа зодолдъё үзэх юм уу гэж хэлээд миний баруун гарын бугуйнаас бариад авсан. Тэгээд цаашаа эргээд явж байхад араас нь хавсарсан. Тэгсэн Б.Т.р урагшаа саваад унасан. Дараа нь би нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг өшиглөөд байж байхад Б.Т.ртэй хамт байсан найз нь араас нь өшиглөхөөр нь би барьж авах гэтэл зугтаасан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-53),

7. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 05796 дугаар өвчний түүх (хавтаст хэргийн 89-97)

- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 88, 110-122), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 133),

 - шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 134), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 61, 63, 66, 71, 73-77, 79-80) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Г.Г.гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Г.га нь ....... 2017 оны 5 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Т.рийг шууд санаатай үйлдлээр толгойн тус газар нь цохиж унагаан, толгой тус газар нь 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “гавлын дагз, баруун чамархай, зүүн зулайн ясны цөмөрсөн ил хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь

- Хохирогч Б.Т.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Д.Ц-А.шаас “Улка хаана байгаа юм” гэхэд араас Г.Г.га толгой руу 1 удаа цохиход нь би сөхрөөд унасан. Тэгээд би босох гэхэд босч чадахгүй гар мэдээгүй болчихсон доошоо хараад хэвтэж байхад дээрээс толгой руу 4-5 удаа цохиод, шилэн хүзүү гар руу мөн цохиод байсан. намайг Г.Г.га нь цохисон... Тэгэхэд Д.Уу.р бол хажууд зогсож байсан. Д.Ц-А.ш цаахан талд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16),

- Гэрч Д.Уу.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг буцаад очиход... Б.Т.р ах баарнаас гараад ирчихсэн Г.Г.гатай хамт зогсож байсан. Тэгсэн Б.Т.р ах Г.Г.гад хандаж чи яагаад ахыгаа танихгүй байгаа юм гэж хэлсэн, тэгсэн Г.Г.га би таныг танихгүй ш дээ гэсэн, тэгсэн Б.Т.р яахаарай чи намайг таньдаггүй юм. Хоёулаа ийшээ гараад тулчих уу гэсэн, тэгтэл Г.Г.га барьж аваад арагш нь хавирч унагаасан. Б.Т.рийг газарт унасны дараа тонгойж байгаад толгой руу нь гараараа дээрээс нь нилээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-31),

- Гэрч Ё.М.-Э.ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Т.р орж ирэхгүй болохоор нь гайхаад араас нь гарсан тэгсэн манай найзыг нөгөө нутгын гээд нэг залуу нь зодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч Б.Батрагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэмтлийн эмнэлэгт ирэхдээ манай хүүхдийн ухаан санаа орон гаран байсан ба би хэнд зодуулсан юм болсон талаар асуухад “тухайн үед манай хүүхэд зодсон залуучуудын нэрийг хэлсэн” тэгэхэд Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Г.Г.га нар зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7129 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 33),

- Шүүгдэгч Г.Г.гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Т.р баарнаас ганцаараа гарч ирсэн намайг тамхи татаад зогсож байхад Б.Т.р надад хандаж чи яагаад надтай мэндлэхгүй байгаан гэхээр нь яахаараа би тантай ер нь мэндлэх ёстой юм бэ би таныг танихгүй ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Б.Т.р надад хандаж би чамайг сайн танина ш дээ, танай ааваар толгойгоо бариулж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр би сайн танихгүй байгаагаа хэлэхэд Б.Т.р надад хандаж чи ямар том болчихсон юм бэ гэсэн тэгээд Б.Т.р надад хоёулаа зодолдоё үзэх юм уу гэж хэлээд миний баруун гарын бугуйнаас бариад авсан. Тэгээд цаашаа эргээд явж байхад араас нь хавсарсан. Тэгсэн Б.Т.р урагшаа саваад унасан. Дараа нь би нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг өшиглөөд байж байхад Б.Т.ртэй хамт байсан найз нь араас нь өшиглөхөөр нь би барьж авах гэтэл зугтаасан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-53),

- хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 89-97) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г.га нь хохирогч Б.Т.рийг толгой хэсэгт цохисон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Г.Г.гын цохилтоос болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Г.гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Г.Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Г.га нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэрээр бага насны 3 сартай хүүхэдтэй ам бүл 5 лаа амьдардаг. Мөн хохирол төлөгдөж эхэлсэн зэрэг болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл хэсэгт заасан 2 жил 1 сарын хорих ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Г.гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г.га нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас Г.Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд ял шийтгэгдэж байгаагүйг болон гэм буруугийн талаар мэтгэлцээгүй зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 3 жилийн хорих ял болгон өөрчилж бусад дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Хохирогч Б.Т.р нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын зардалд нийт 1.748.024 төгрөгийг нэхэмжилснээс (хавтаст хэргийн 88, 110-122) шүүгдэгч Г.Г.га нь 500.000 төгрөгийн хохирол, гэм хорыг (хавтаст хэргийн 133) төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй тул, хохирлоос үлдэх 1.248.024 төгрөгийг Иргэний хуульд зааснаар шүүгдэгчээс 12 (арван хоёр) сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэм хор бүрэн барагдаагүй байгааг харгалзан хохирогч нь өөрт учирсан гэм хорын зардлаа холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн 2017 2601 1129 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.